Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
НЭГДYГЭЭР БYЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Засгийн газрын агентлаг /цаашид "агентлаг" гэх/-ийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Агентлагийн тухай хууль тогтоомж
2.1. Агентлагийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай , Төрийн албаны тухай, Яамны эрх зүйн байдлын тухай, Төсвийн тухай, Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3 дугаар зүйл. Агентлаг, түүний чиг үүрэг
3.1. Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.
3.2. Засгийн газар нь тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлагтай байж болно.
4 дүгээр зүйл. Агентлагийн үйл ажиллагааны зарчим
4.1. Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана.
5 дугаар зүйл. Агентлаг байгуулах
5.1. Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу тухайн үйл ажиллагааны зохих хүрээ, Ерөнхий сайд, сайд /цаашид “сайд”гэх/-ын саналыг үндэслэн Засгийн газар байгуулна.
5.2. Сайд агентлаг байгуулах тухай саналдаа дараахь үндэслэлийг тусгана:
5.2.1. тухайн агентлаг нь төрөөс зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээг хэрэгжүүлэх үндэслэл;
5.2.2. тухайн агентлагийн үйл ажиллагаа Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжих;
5.2.3. агентлагийн үйл ажиллагаа төрийн захиргааны бусад байгууллагын чиг үүрэг, үйлчилгээтэй давхардахгүй байх.
5.3. Агентлаг байгуулах тухай саналд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:
5.3.1. үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, бүтцийн хөтөлбөрийн төсөл;
5.3.2. жилийн төсөв, санхүүжилтийн эх үүсвэрийн тухай танилцуулга, холбогдох тооцоо, судалгаа.
5.4. Засгийн газар нь агентлаг байгуулах зайлшгүй шаардлагатай эсэх талаар дүгнэлт гаргуулахаар ажлын хэсэг байгуулж болно.
5.5. Засгийн газар тухайн агентлагийг байгуулах шаардлагатай гэж үзвэл төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
5.6. Агентлагийн чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан түүний байршлыг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл. Агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгах
6.1. Агентлагийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулна.
6.2. Агентлагийг дараахь үндэслэлээр татан буулгана:
6.2.1. тухайн агентлагаас хэрэгжүүлж байсан чиг үүрэг, үйлчилгээ нь төрийн чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээнд хамаарахгүй болсон;
6.2.2. хуульд заасан бусад үндэслэл.
6.3. Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар шийдвэрлэнэ.
ХОЁРДУГААР БYЛЭГ. АГЕНТЛАГИЙН ЭРХЛЭХ АСУУДАЛ,
УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ
7 дугаар зүйл. Агентлагийн нийтлэг эрхлэх асуудал
7.1. Агентлаг нь дараахь нийтлэг асуудал эрхэлнэ:
7.1.1. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах;
7.1.2. холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг сурталчлах, тэдгээрийг хэрэглэж байгаа практикийг судалж, боловсронгуй болгох санал боловсруулж сайдад танилцуулах;
7.1.3. төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд өгөх саналыг үндэслэл, тооцоотой боловсруулах;
7.1.4. агентлагийн хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн төслийг хуульд заасан нөхцөл, үндэслэлээр хугацаанд нь боловсруулж, төсвийн ерөнхийлөн захирагчид оруулах;
7.1.5. хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох байгууллагад эрхэлж буй ажлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
7.1.6. салбарынхаа хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
7.1.7. хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх арга хэмжээ авах;
7.1.8. Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг тэдгээрт нийцүүлэх санал боловсруулж сайдад танилцуулах;
7.1.9. хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.10. хууль тогтоомжид заасан бусад нийтлэг эрхлэх асуудал.
7.2. Агентлагийн эрхлэх тодорхой асуудлыг хууль тогтоомж, хуулиар эрх олгосон бол Засгийн газрын шийдвэрээр тогтооно.
8 дугаар зүйл. Агентлагийн удирдлага
8.1. Агентлагийг Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон дарга тэргүүлнэ.
8.2. Агентлагийн дарга агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний үр дүнг сайдын өмнө хариуцан тайлагнана.
8.3. Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.3.1. энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих;
8.3.2. агентлагийг өдөр тутмын удирдлагаар хангах, хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.3.3. агентлагийн төсвийн ерөнхий менежерийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, биелэлтийг хангах;
8.3.4. батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох;
8.3.5. хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;
8.3.6. эрхэлсэн асуудлаараа сайдад мэргэшлийн зөвлөгөө өгч, холбогдох мэдээллээр хангах;
8.3.7. агентлагийн төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах;
8.3.8. тогтоосон журмын дагуу агентлагийн нэр дээр банкинд харилцах данс нээх;
8.3.9. агентлагийг төлөөлж бусад байгууллагатай харилцах;
8.3.10. салбарын мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардагдах тооцоо, судалгаа, мэдээ, материалыг хуульд харшлаагүй бол холбогдох байгууллага, аж ахуйн нэгжээс гаргуулан авах;
8.3.11. хуульд заасны дагуу олгосон болон энэ хуулийн 9.1-д заасны дагуу шилжүүлсэн бусад бүрэн эрх.
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.4. Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.
8.5. Агентлагийн дарга нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдана.
8.6. Агентлагийг гадаад, дотоодод агентлагийн дарга төлөөлнө. Агентлагийн даргын даалгаснаар болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга агентлагийг төлөөлж болно.
9 дүгээр зүйл. Агентлагийн зохион байгуулалтын бүтэц
9.1. Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална.
/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.2. Агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратегийг агентлагийн дарга батална.
/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3. Тухайн агентлагийн чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.4. Агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, үр дүнг агентлагийн даргын өмнө хариуцана.
/Энэ хэсгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10 дугаар зүйл. Агентлагийн ажлын зохион байгуулалт
10.1. Агентлаг нь чиг үүрэг, эрхэм зорилго, стратегийн зорилтоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллана.
10.2. Агентлагийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний бүрэлдэхүүн хэсэг байна.
10.3. Агентлагийн хэмжээнд агентлагийн даргын хууль тогтоомжид нийцүүлэн баталсан хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөнө.
10.4. Хөдөлмөрийн дотоод журамд дараахь үндсэн зүйлийг тусгана:
10.4.1. агентлагийн ажлыг төлөвлөх, тайлагнах журам;
10.4.2. албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах;
10.4.3. захиргаа, албан хаагчийн эрх, үүрэг;
10.4.4. зохион байгуулалтын нэгж, ажилтны үйл ажиллагааны үр дүнг тооцож, дүгнэх арга хэлбэр;
10.4.5. дотоодын хяналт, шалгалт хийх, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;
10.4.6. дотоод журамд тусгахаар хууль тогтоомжид заасан бусад зүйл.
10.5. Хөдөлмөрийн дотоод журмыг ажилтан бүрт танилцуулсан байна.
ГУРАВДУГААР БYЛЭГ. АГЕНТЛАГ НЬ БУСАД БАЙГУУЛЛАГА,
АЛБАН ТУШААЛТАНТАЙ ХАРИЛЦАХ
11 дүгээр зүйл. Агентлаг нь бусад байгууллага, албан тушаалтантай харилцах
11.1. Агентлаг нь эрхэлсэн асуудлаараа Монгол Улсын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын нэгжийн дарга, ажилтантай шууд харилцана.
11.2. Агентлаг нь хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, шүүх, прокурор болон Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллага, тэдгээрийн ажлын алба, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнтэй сайдаар дамжуулан харилцах ба эдгээр байгууллага, албан тушаалтан нь агентлагтай мөн сайдаар дамжуулан харилцана.
11.3. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газартай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар дамжуулан харилцана.
11.4. Агентлаг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яам, агентлагтай хуульд өөрөөр заагаагүй бол шууд харилцана.
11.5. Агентлаг нь эрхлэх асуудлаараа нутгийн өөрөө удирдах байгууллагатай аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар дамжуулан харилцана.
11.6. Агентлаг нь эрхлэх асуудлаараа нутгийн захиргааны байгууллагатай аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаар дамжуулан харилцана.
11.7. Агентлаг нь эрхлэх асуудлаараа энэ зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй шууд харилцана.
ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ. АГЕНТЛАГИЙН САНХҮҮЖИЛТ, ЭД ХӨРӨНГӨ
12 дугаар зүйл. Агентлагийн санхүүжилт
12.1. Агентлагийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.2. Агентлагийн төсвийн төслийг боловсруулах, батлах, захиран зарцуулах, тайлагнах журмыг хуулиар тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.3.
12.4.
12.5.
/12.3-12.5-дахь хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний хуулиар хүчингүй болсонд тооцсон/
13 дугаар зүйл. Агентлагийн эд хөрөнгө
13.1. Агентлаг нь төрөөс өөрт нь олгосон эд хөрөнгөтэй байна.
13.2. Агентлаг нь өөрт нь олгосон эд хөрөнгө болон хуульд заасны дагуу олсон орлогоороо бий болгосон эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна.
ТАВДУГААР БYЛЭГ. БУСАД ЗҮЙЛ
14 дүгээр зүйл. Агентлагийн хэвлэл
14.1. Агентлагийн даргын тушаал, үйл ажиллагааныхаа талаар албан ёсоор нийтэд мэдээлэх зорилгоор агентлаг нь эмхтгэл гаргаж болно.
14.2. Агентлагийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга эрхлэх асуудлаараа албан ёсны мэдээлэл хийхдээ Засгийн газар, Монгол Улсын сайдын бодлогыг баримтална.
15 дугаар зүйл. Агентлагийн гадаад харилцаа
15.1. Агентлаг нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагатай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын сайдын тогтоосон журмыг үндэслэн гэрээ, хэлэлцээр байгуулж хамтран ажиллана.
15.2. Агентлагийн даргыг гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагад туршлага судлах, мэргэжлийн сургалтад явах, хурал, зөвлөлгөөнд оролцох /цаашид албан томилолт” гэх/-ыг Монгол Улсын сайд шийдвэрлэнэ.
15.3. Бүтцийн нэгжийн дарга, ажилтны албан томилолтоор ажиллах асуудлыг агентлагийн дарга шийдвэрлэнэ.
15.4. Агентлагаас гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын байгууллагаас мэргэжилтэн, зочид, төлөөлөгч урих асуудлыг Монгол Улсын сайд шийдвэрлэнэ.
16 дугаар зүйл. Агентлагийн тамга, тэмдэг, бэлгэдэл
16.1. Агентлаг тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
16.2. Энэ хуулийн 16.1-д заасан тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх журмыг Засгийн газар тогтооно.
16.3. Агентлаг нь эрхэлсэн ажлын онцлог, түүхэн уламжлалыг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болно.
16.4. Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн бэлгэдлийн загвар, тодорхойлолт, хэрэглэх журмыг агентлагийн дарга тогтооно.
17 дугаар зүйл. Агентлагийн шагнал
17.1. Агентлаг нь дараахь шагналтай байж болно:
17.1.1. агентлагийн хүндэт дэвтэрт бичиж, дурсгалын гэрчилгээ олгох;
17.1.2. агентлагийн хүндэт өргөмжлөл.
17.2. Энэ хуулийн 17.1-д заасан шагнал олгох нийтлэг журмыг Засгийн газар тогтоож, шагналын тодорхойлолт, загварыг тухайн агентлагийн дарга батална.
18 дугаар зүйл. Агентлагийн үйл ажиллагаанд хориглох зүйл
18.1. Агентлагт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
18.1.1. жагсаал, цуглаан хийх, ажил хаялт, өлсгөлөн, суулт зарлах зэрэг улс төрийн болон шашны үйл ажиллагаа явуулах;
18.1.2. хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр орлого олох үйл ажиллагаа явуулах;
18.1.3. Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрт зааснаас бусад тохиолдолд үндсэн үйл ажиллагаатай нь холбоо бүхий үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг агентлагийн байранд байрлуулах;
18.1.4. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр хориглосон бусад үйл ажиллагаа.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР