Орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний журмыг хэрхэн боловсруулах вэ?

ОРОН НУТГИЙН ОНЦЛОГТ НИЙЦСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ (АРГАЧЛАЛ)
/ журмын төсөл /

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэ журмаар хөгжлийн бодлогын баримт бичиг (цаашид “бодлогын баримт бичиг” гэх), Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр (цаашид “хууль тогтоомж, тогтоол, шийдвэр” гэх)-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, сумдын (цаашид “захиргааны байгууллага” гэх)-ын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.
1.3. Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг сайжруулах асуудлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс зохион байгуулна.


ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛТ

2.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр нь хүлээж буй үр дүнд хүрч хэрэгжиж байгаа эсэхийг тогтоох;
2.2. Хэлтэс, агентлаг, байгууллага, сумдын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх;
2.3. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд гарч буй ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, зөрчил дутагдлыг засч залруулах;
2.4. Шийдвэр гаргах үйл ажиллагааг бодит байдал, нотлох баримтад тулгуурласан байхад чиглүүлэх болон бодлогын хувилбар, санал, дүгнэлт, зөвлөмжөөр хангах.


ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ, ХАМРАХ ХҮРЭЭ

3.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд дараах зарчмыг баримтална:

3.1.1. Шударга, хараат бус байх;
3.1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх;
3.1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
3.1.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц байх;
3.1.5. Хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;
3.1.6. Хяналт-шинжилгээ үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;
3.1.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх.

3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээнд дараах бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа багтана:

3.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:

3.2.1.1. Монгол Улсын хууль;
3.2.1.2. Улсын Их Хурлын тогтоол;
3.2.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;
3.2.1.4. Ерөнхийлөгчийн зарлиг;
3.2.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;
3.2.1.6. Засгийн газрын тогтоол;
3.2.1.7. Ерөнхий сайдын захирамж;
3.2.1.8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;
3.2.1.9. Засгийн газрын албан даалгавар;
3.2.1.10. Аймаг, сумын ИТХ, ИТХТ-ийн тогтоол, тэмдэглэл;
3.2.1.11. Аймаг, сумын Засаг даргын захирамж;
3.2.1.12. Аймгийн Засаг даргын албан даалгавар, Засаг даргын зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар.

3.2.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:

3.2.2.1. Алсын хараа - 2050;
3.2.2.2. Хөгжлийн зорилтот хөтөлбөр;
3.2.2.3. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл;
3.2.2.4. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;
3.2.2.5. Төрөөс баримтлах бодлого; 
3.2.2.6. Үндэсний хөтөлбөр;
3.2.2.7. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө;
3.2.2.8. Аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл;
3.2.2.9. Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;
3.2.2.10. Дэд хөтөлбөр, тусгайлан гаргасан бодлого, хөтөлбөр;
3.2.2.11. Аймаг, сумын хөгжлийн жилийн төлөвлөгөө;
3.2.2.12. Төсөл, хөтөлбөр.

3.2.3. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд:

3.2.3.1. Энэхүү журмын 3.2.1, 3.2.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.2.3.2. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт;
3.2.3.3. Стратеги төлөвлөгөө;
3.2.3.4. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө;
3.2.3.5. Шилэн дансны хөтлөлт;
3.2.3.6. Ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.2.3.7. Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ;
3.2.3.8. Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан гэрээ;
3.2.3.9. ТАХ-ийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр;
3.2.3.10. Хэрэглэгчийн үнэлгээ;
3.2.3.11. Хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмж;
3.2.3.12. Урианы жилийн ажлын төлөвлөгөө (Төв аймаг).


ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1. Бүх шатны захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байна.
4.2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг аймгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих, мэдээлэх үүргийг хариуцна.
4.3. Захиргаа, хүний нөөц, дотоод ажил хариуцсан нэгж бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Төрийн албан хаагч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй. Бодлогын баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах шатанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан, нэгжээс төлөөлөл оруулан хамтран ажиллана.
4.4. Тухайн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж байгууллагын чиг үүрэг, бүтэц, орон тооны хязгаарт нийцсэн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц бүрэлдэхүүнтэй байна.
4.5. Төрийн албан хаагч бүр бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв /нотлогдохуйц/, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.


ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ

5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараахь эрхтэй байна:

5.1.1. Байгууллагын дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах;
5.1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээлэл, баримт, материалыг холбогдох нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;
5.1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд гаргах;
5.1.4. Хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх.

5.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараахь үүрэгтэй байна:

5.2.1. Хууль тогтоомж, төрийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;
5.2.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад олж авсан баримт, мэдээллийн нууцыг чанд хадгалж зөвхөн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах;
5.2.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг хууль тогтоомж, баримт нотолгоонд үндэслэн гаргах;
5.2.4. Тайлан дахь хүрсэн түвшний талаарх мэдээллийн үнэн, зөв эсэхийг нягтлан шалгах.


ЗУРГАА. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ТӨРӨЛ, АРГА ЗҮЙ

6.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөлт, төрөл:
6.1.1. Захиргааны байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг батална. Энэхүү төлөвлөгөө нь тухайн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн төлөвлөгөө байж болно. Төлөвлөгөөнд зорилго, зорилт, хамрагдах байгууллага, нэгж, хэрэгжүүлэх хугацаа, зардал, хамтран оролцох байгууллага зэргийг тусгана.
6.1.2. Захиргааны байгууллага нь үнэлгээний зорилгоос хамааруулан үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөнд ямар төрлийн үнэлгээ хийх талаар нарийвчлан тусгана.
6.1.3. Хөндлөнгийн үнэлгээг явцын болон эцсийн үнэлгээний аль ч шатанд хийж болох бөгөөд иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

6.2. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг тайлагнах арга зүй:
6.2.1. Нийтлэг шаардлага:
Гүйцэтгэлийн тайлан иж бүрэн, алдаа мадаггүй, бодитой, итгэл үнэмшил төрүүлэхүйц, аль болох товч, тодорхой байх ёстой.

Иж бүрэн байх гэдэг нь бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тайланд тусгагдсан асуудлуудыг зохих ёсоор нь зөв ойлгох болон тайланд тавигдах шаардлагад нийцүүлэн хэрэгцээтэй бүхий л мэдээллийг тайланд тусгасан, хавсаргасан байхыг хэлнэ.
Алдаа мадаггүй байх гэдэг нь гүйцэтгэлийн тайланд тусгагдсан зүйл үнэн бодитой, зөв зүйтэй илэрхийлэгдсэн байхыг хэлнэ. Гүйцэтгэлийн тайланд нэг л алдаа мадаг илэрвэл тэр нь бүхий л тайлангийн үнэн бодитой эсэхэд эргэлзэхэд хүргэж, хэрэглэгчдийн анхаарлыг тайлангийн гол агуулгаас хөндийрүүлж болзошгүй юм. Түүнчлэн, алдаа мадагтай тайлан нь уг тайланг гаргасан байгууллагад итгэх итгэлийг сулруулж, тайлангийн үр нөлөөг бууруулах эрсдэлтэй.
Бодитой байх гэдэг нь тайлангийн илэрхийлэл бүхэлдээ агуулга, өнгө аясын хувьд тэнцвэрт харьцааг барьсан байхыг хэлнэ. Тайланд тусгагдсан зүйлийг уншсан хүн өөрийн эрхгүй үнэмших байдлаар ямар нэгэн урьдчилсан байр суурьгүйгээр илэрхийлж чадвал тайланд итгэх итгэл мэдэгдэхүйц дээшилнэ.
Итгэл үнэмшил төрүүлэхүйц байх гэдэг нь гүйцэтгэлийн үр дүн зорилтуудад хариулт болж чадахуйц байх, үр дүнг үнэмшилтэй илэрхийлсэн байх буюу баримтаас урган гарсан байхыг хэлнэ. Ингэж бэлтгэгдсэн тайлан эрх бүхий албан тушаалтнуудын анхаарлыг гол асуудлуудад нь хандуулж, засаж залруулах, арга хэмжээг идэвхижүүлэхэд дөхөм болно.
Тодорхой байх гэдэг нь гүйцэтгэлийн тайланг уншиж, ойлгоход хялбар байхыг хэлнэ. Тайлан нь тухайн сэдвийн боломжоос хамааран аль болох тодорхой бөгөөд энгийн үг хэллэгээр бичигдсэн байх ёстой. Амар хялбар байдлаар илэрхийлэхийн тулд утга санааг шулуухан илтгэсэн, техникийн бус үг хэллэг ашиглах нь чухал. Товчилсон үгийг аль бол бага хэрэглэх нь зүйтэй.
Товч байх гэдэг нь тайлан хэлэх гэсэн зүйлээ бусдад хүргэхээс илүү урт байх ёсгүй гэсэн үг. Хэт их дэлгэрэнгүй мэдээлэл оруулах нь тайлангийн ач холбогдлыг бууруулах, хэлэх гэсэн гол санааг далдлах, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх эрсдэлтэй. Мөн шаардлагагүй бол нэг зүйлийг дахин давтахаас сэргийлэх хэрэгтэй.

6.2.2. Тусгай шаардлага:
Нэг зүйл, заалт, бодлогын зорилт, арга хэмжээний гүйцэтгэлийг 2000 тэмдэгтэд багтааж тайлагнана. Тайлагнахдаа дараах асуудлыг заавал тусгасан байна.

- Тухайн ажлын гүйцэтгэл нь төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэх
- Төлөвлөсөн үр дүнд хүрээгүй бол түүний шалтгаан, нөхцлийг тодорхой дурдах

Гүйцэтгэлийн тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцдаг байна.

6.3. Бодлогын зорилт, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй:
6.3.1. Бодлогын баримт бичигт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг дараахь аргачлалын дагуу хувиар илэрхийлэн үнэлнэ:

6.3.2. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хүрсэн түвшинг тоо болон чанараар илэрхийлэх боломжгүй үед хэрэгжилтийн хувийг тодорхойлоход дараахь аргачлалаар тооцно:

6.3.2.1. Зорилт, арга хэмжээний хүрэх түвшинд бүрэн хүрээгүй боловч зохион байгуулалтын арга хэмжээ бүрэн авагдсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч эхэлж байгаа бол 90.0 хувь;
6.3.2.2. Тавьсан зорилт, арга хэмжээнд хүрэх зорилгоор өөрсдөөс хамаарах шийдвэрийг гаргасан, санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн, дээд шатны байгууллагад өргөн барьсан буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа бол 70.0 хувь;
6.3.2.3. Тухайн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн бол 50.0 хувь;
6.3.2.4. Тухайн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дуусаад боловсруулалтын шатанд байгаа бол 30 хувь;
6.3.2.5. Тухайн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа хийх, асуудал тодорхойлох зэрэг бэлтгэл хангахтай холбогдсон үйл ажиллагааг авч эхэлж байгаа эсвэл хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол биелэлтийг “0” хувь.

6.3.3. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг энэ журмын 6.3.1, 6.3.2-т заасан аргачлалын дагуу тооцож, зорилт, арга хэмжээний дундаж үнэлгээгээр бодлогын зорилго, зорилтын хэрэгжилтийг дараахь ангилалд шилжүүлэн тооцно:

6.3.3.1. “үр дүнтэй” - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь;
6.3.3.2. “тодорхой үр дүнд хүрсэн” - зорилт нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70-99 хүртэл хувь;
6.3.3.3. “эрчимжүүлэх шаардлагатай” - зорилт нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, зорилтод чиглэсэн арга хэмжээг сайжруулах шаардлагатай бол 31-69 хүртэл хувь;
6.3.3.4. “үр дүнгүй” - зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0-30 хүртэл хувь.

6.3.4. Энэ журмын 6.3.1, 6.3.2, 6.3.3-т заасны дагуу үнэлэх боломжгүй зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг Монгол Улсын сайдын тушаалаар баталсан “Салбарын онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал”-ын дагуу үнэлж болно.

6.4. Бодлогын зорилт, арга хэмжээний төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт, хэрэгжилтийн харилцан хамаарлын үнэлэх арга зүй:
Нэг зорилт, арга хэмжээний хувьд:
6.4.1. "Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль"-ийн 5 дугаар зүйл (Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчим)-д нийцүүлэн төлөвлөөгүй бол сул төлөвлөлт гэж үзэн хэрэгжилтийн үнэлгээг 20 хувиар бууруулна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчим
1. үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;
2. дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх;
3. нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх;
4. тогтвортой, тасралтгүй, залгамж чанартай байх;
5. тэнцвэртэй байх;
6. нөөц, эх үүсвэрт үндэслэсэн байх;
7. ил тод, нээлттэй байх;
8. судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
9. зорилго, зорилт хэмжигдэхүйц байх;
10. шалгуур үзүүлэлт нь зорилготой нийцэж байх;
11. төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байх;
12. төлөвлөлтийн дээрээс доош, доороос дээш чиглэх тэнцвэрийг хангах;
13. бүх талын оролцоог хангасан байх;
14. төр-хувийн хэвшлийн түншлэлийг зохистойгоор хангах;
15. оролцогчдын хариуцлагын зарчим.

6.4.2. Тайланд тавигдах шаардлагад нийцүүлэн тайлагнаагүй бол тайлангийн чанар муу гэж үзэн хэрэгжилтийн үнэлгээг 20 хувиар бууруулна.
6.4.3. Дээрх хоёр алдаа нэг зорилт, арга хэмжээний төлөвлөлт, тайлагналт дээр зэрэг гарсан бол хэрэгжилтийн үнэлгээг 40 хувиар бууруулахгүй, 20 хувиар бууруулна.
6.4.4. Засгийн газрын 2020 оны 217, 218 дугаар тогтоолоор баталсан журмууд, ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 тоот тушаалаар баталсан аргачлалын дагуу байгууллага, нэгж, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлээгүй бол хэрэгжилтийн үнэлгээг 20 хувиар бууруулна.
6.4.5. Бодлогын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгаагүй бол хэрэгжилтийн үнэлгээг ... хувиар бууруулна.
6.4.6. Тухайн бодлогын зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг шууд уялдаатай хөгжлийн үзүүлэлтийн өөрчлөлттэй харьцуулан 20 хувиар өсгөж, бууруулж болно.
6.4.7. Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас хэрэгжүүлэх боломжгүй болсон бол хэрэгжилтийг үнэлэхгүй байж болно.

Нэг бодлогын баримт бичгийн хувьд:
6.4.8. Баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнахдаа хугацаа хоцроосон бол тухайн байгууллагын жилийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг 2 хувиар бууруулна.
6.4.9. Баримт бичгийн хэрэгжилтийг Засаг даргын зөвлөл, агентлагийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй бол тухайн байгууллагын жилийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг 2 хувиар бууруулна.
6.4.10. Баримт бичгийн хэрэгжилтийн тайланд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй бол тухайн байгууллагын жилийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг 2 хувиар бууруулна.
6.4.11. Тухайн баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээг шууд уялдаатай хөгжлийн үзүүлэлтүүдийн өөрчлөлттэй харьцуулан 10 хүртэлх хувиар өсгөж, бууруулж болно. 

а. Албан ёсны болон захиргааны статистик мэдээллийн өөрчлөлт;
б. Орон нутгийн болон сумын хөгжлийн индексийн өөрчлөлт;
в. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт.

6.5. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийг үнэлэх арга зүй:
6.5.1. “Бүрэн хэрэгжсэн” - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);
6.5.2. “Хэрэгжих шатанд” - тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, санхүүгийн асуудлыг шийдсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);
6.5.3. “Хэрэгжилт хангалтгүй” - тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил болон боловсруулалт хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, санхүүгийн асуудал шийдэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);
6.5.4. “Хэрэгжээгүй” - тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо судалгаа, бэлтгэл ажил хийгдэж боловсруулалтын шатанд байгаа болон тухайн зорилтыг хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);
6.5.5. “Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй”.

6.6. Зөвлөмж боловсруулах, зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авах:
Зөвлөмж нь илрүүлсэн зөрчил дутагдлыг засаж залруулах буюу үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах талаар холбогдох албан тушаалтнууд юу хийх ёстойг тодорхойлж өгнө. Байгууллагын өдөр тутмын дотоод ажилтай холбоотой аар саар зүйлийг зөвлөмж болгохоос зайлсхийж, бодлогын шинж чанартай, ирээдүйд үр өгөөжөө өгөх, өргөн хүрээтэй, томоохон чухал асуудлыг хөндсөн зөвлөмж өгч байх нь зүйтэй. Авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь ХШҮ-ний дүнгээс тодорхой харагдаж байвал тэдгээрийг зөвлөмж болгож болно.
Зөвлөмжийг хэрхэн илэрхийлэхээс түүний хэрэгжих магадлал нилээд хэмжээгээр хамаарна. Зөвлөмж нь үр нөлөөтэй байхын тулд үйл ажиллагаанд чиглэсэн, үндэслэл сайтай, тухайн байгууллагыг арга хэмжээ авч хэрэгжүүлэх сонирхол төрүүлэхүйц байх шаардлагатай. Зөвлөмж дараахь шинж чанарыг агуулна.

Оновчтой чиглэгдсэн: Зөвлөмж өгөхдөө түүнийг хэрэгжүүлэх эрх мэдэл бүхий этгээдэд нь хандаж өгнө.
Ойлгомжтой илэрхийлэгдсэн: Зөвлөмж гэдэг нь шууд ойлгогдохуйц байхын хамт тодорхой хаяглагдсан байх нь зүйтэй. Үүний тулд "... зөвлөж байна", "зөвлөмж болгож байна" гэсэн үг хэллэг хэрэглэж болно.
Тодорхой: Чухам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөмжид тодорхой зааж өгсөн байна.
Хүлээн зөвшөөрөхүйц: Зөвлөмж нь нотлох баримтад үндэслэсэн, түүнээс урган гарсан бөгөөд хүлээн зөвшөөрөхүйц байх учиртай.
Ач холбогдолтой: Зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авснаар байгууллагын үйл ажиллагаа сайжирч, холбогдох бодлогын баримт бичиг үр дүнтэй хэрэгжиж, хууль тогтоомж чанд мөрдөгдөнө гэдгийг ХШҮ-ний дүн, зөвлөмжид тодорхой илтгэн харуулах нь чухал.
Өнгө аяс, агуулгын хувьд эерэг: Зөвлөмжийг эерэг, ажил хэрэгч байдлаар илэрхийлэх нь сөрөг, шүүмжлэгчийн байр сууринаас хандсанаас илүү үр дүнд хүрэх магадлалтай. Мөн тулгаж шаардсан байдлаар илэрхийлбэл зөвлөмж бус, үүрэг даалгавар болж хувирна гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс "нэн даруй", "хойшлуулшгүй", "аль болох түргэн" г.м шахаж шавдуулсан үг хэллэг хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
Үр нөлөөтэй: Зөвлөмж нь зөрчил дутагдлын цаад учир шалтгааныг хөндсөн, хэрэгжих боломжтой, өртөг зардлын хувьд үр ашигтай байх хэрэгтэй.

6.7. Бодлогын баримт бичгийн зорилго, зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа зорилт, арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно.
6.8. Аймгийн Засаг даргын Тамгын газрын нэгж, алба, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, сумдын Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзах жинд шилжүүлнэ. Ерөнхий үнэлгээг тодорхойлохдоо жинд шилжүүлсэн дүнгүүдийн нийлбэрийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ;
6.9. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.
6.10. Захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлэхдээ бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг үнэлэх аргачлал, хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмж, байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг үнэлэх аргачлалыг тус тус баримтална.


ДОЛОО. БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

7.1. Бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааны зорилго нь баримт бичгийн төлөвлөлт, биелэлтэд чанарын үнэлгээ хийх, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шийдвэр нь үр дүнтэй байсан эсэхэд чанарын үнэлгээ хийх, үр нөлөөг үнэлэхэд оршино.
7.2. Бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд дараахь үе шатаар цогц хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ:

а. Мэдээллийг цуглуулах, ангилах, нэгтгэх;
б. Зорилтын биелэлтийн дүнг үнэлэх;
в. Биелэлтийн түвшинг үнэлэх;
г. Биелэлтийн үр нөлөөг үнэлэх;
д. Гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөллийг үнэлэх;
е. Төлөвлөлт, хэрэгжилтийн харилцан хамаарлыг үнэлэх;
ё. Бодлогын баримт бичгийн төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах тодорхой санал боловсруулах.

а. Мэдээлэл цуглуулах, ангилах, нэгтгэхэд дараах хүчин зүйлсийг харгалзаж, үнэлгээнд тооцно.

Тайлан илгээх үе шатанд: (Хэлтэс, агентлаг, харьяа байгууллага, сумын ЗДТГ-ын хувьд)
а.1. Дээд шатны байгууллагад тайлан хүргүүлэх хугацаанаас 10 хоногийн өмнө гүйцэтгэлийн мэдээлэл, нотлох баримтуудыг холбогдох нэгж, албан тушаалтнуудаас гаргуулан авч, нягтлан шалгасан эсэх;
а.2. Тайланд тавигдах шаардлагад нийцүүлэн хэрэгжилтийн тайлан боловсруулсан эсэх (нотлох баримтыг хавсаргасан эсэх);
а.3. Тайланг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хурлын протоколын хуулбарын хамт дээд шатны байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлсэн эсэх.

Тайлан хүлээн авах, ангилах, нэгтгэх үе шатанд: (Аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн хувьд)
а.4. Тогтоосон хугацаанд тайлан ирүүлсэн талаар тэмдэглэл хөтлөх;
а.5. Мэдээллийн найдвартай, баталгаатай, цаг үеэ олсон эсэхийг нягтлан шалгах;
а.6. Тайланд тавигдах шаардлагад нийцүүлэн ХШҮ-ний тайлан боловсруулах.

б.в. Зорилтын биелэлтийн дүн, арга хэмжээний биелэлтийн түвшинг энэ журмын 6.3.1, 6.3.2, 6.3.3, 6.3.4 дэх заалтуудыг баримтлан үнэлнэ.
г. Биелэлтийн үр нөлөөг үнэлэхдээ албан ёсны болон захиргааны статистик мэдээлэл, орон нутгийн болон сумын хөгжлийн индексийн өөрчлөлт, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт, холбогдох судалгааны үр дүнтэй харьцуулан шинжилнэ.
д. Гадаад орчин (улс төр, эдийн засаг, нийгэм соёл, технологи, хууль эрх зүй, байгаль орчин), дотоод орчин (салбар болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, соёл, нөөц /хүн, санхүү, техник, мэдээлэл/)-оос нөлөөлж буй хүчин зүйлсүүдийг тодорхойлно.
е. Төлөвлөлт, хэрэгжилтийн харилцан хамаарлыг үнэлэхдээ дараах хүчин зүйлсийг харгалзаж үзнэ. Үүнд:

е.1. Төлөвлөлтийн чанар: Бодлогын зорилт, арга хэмжээг төлөвлөхдөө "Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль"-ийн 5 дугаар зүйл (Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчим)-ийг баримталсан байдал.
е.2. Төлөвлөлт, хэрэгжилтийн харилцан хамаарал: Бодлогын зорилт, арга хэмжээг Засгийн газрын 2020 оны 217, 218 дугаар тогтоолоор баталсан журмууд, ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 тоот тушаалаар баталсан "Аргачлал, загвар"-ын дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлсэн байдал.

e.2.1. Бодлогын зорилт, арга хэмжээг бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхгүй тохиолдолд тухайн байгууллага уг арга хэмжээ, түүний шалгуур үзүүлэлтийг өөрчлөхгүйгээр байгууллага, нэгж, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан эсэх;
e.2.2. Бодлогын зорилт, арга хэмжээг бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх болсон тохиолдолд тухайн байгууллага уг арга хэмжээ, түүний шалгуур үзүүлэлтийг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд нарийвчлан тодорхойлж, байгууллага, нэгж, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан эсэх.

е.3. Төлөвлөлт, төсөвлөлтийн нэгдмэл байдал: Бодлогын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгасан байдал.

ё. Баримт бичгийн төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах тодорхой санал боловсруулах ажлын хүрээнд хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмж боловсруулж, зөвлөмжийн мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллана. Зөвлөмжийн биелэлтийг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд ХШҮДАХ-т хүргүүлнэ.

7.3. Захиргааны байгууллага нь бодлогын баримт бичигт тодорхойлсон төлөвлөгөөний дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Бодлогын баримт бичигт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу энэ журмын 6.3, 6.4-т заасан аргачлалаар үнэлнэ.
7.4. Шаардлагатай тохиолдолд харьяалах дээд шатны байгууллага нь бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайланг хэлэлцэн түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авна.
7.5. Энэ журмын 3.2-т заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн тайланг мөн журмын 2-3 дугаар хавсралтын дагуу гаргаж, журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлнэ.


НАЙМ. ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

8.1. Захиргааны байгууллага нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авч, хэрэгжилтийг салбар, чиглэлээр ангилан энэ журмын 5 дугаар хавсралтын дагуу гаргаж, тайланг энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд харьяалах дээд шатны байгууллагад хүргүүлнэ.
8.2. Захиргааны байгууллагад өгсөн үүргийн хэрэгжилтийг шийдвэрийн эхэнд нь бичигдсэн аймгийн ЗДТГ-ын нэгж, агентлагийн дарга, сумын Засаг дарга, ажлын хэсгийн дарга (ахлагч) нэгтгэн мэдээлнэ.
8.3. Улсын төсөвт байгууллага болон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тэдгээрт нийцүүлэн гаргасан шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд хэрэгжилтэд нь холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хяналт тавьж тайлагнана.
8.4. Аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцад хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ хийж, дүнг Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулан холбогдох тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
8.5. Захиргааны байгууллага бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон сүүлийн 3 жил тасарсан болон тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн заалтыг хүчингүй болгох, хяналтаас хасах тухай саналыг жилийн эцсийн тайлангийн хамт дээд шатны байгууллагад хүргүүлнэ.
8.6. Шаардлагатай гэж үзвэл дээд шатны байгууллага нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайлан, мэдээллийг хэлэлцэн тэдгээрийн мөрөөр холбогдох арга хэмжээг авна.
8.7. Захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийг агуулга, чиглэлээр нь багцлан хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэн холбогдох арга хэмжээ авна.


ЕС. ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

9.1. Аймгийн ЗДТГ-ын бодлогын хэлтэс, Цэргийн штаб, алба, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, харьяа байгууллага нь тухайн жилийн үйл ажиллагааны тайланг гаргаж, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст нэгтгүүлэн мөн журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст хүргүүлнэ. Тайлан нь дараахь хавсралттай байна:

9.1.1. Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, алба, штаб:

9.1.1.1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт;
9.1.1.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;
9.1.1.3. Аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт;
9.1.1.4. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;
9.1.1.5. Аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт;
9.1.1.6. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт;
9.1.1.7. Аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоолын хэрэгжилт;
9.1.1.8. Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт;
9.1.1.9. Засгийн газрын гишүүний аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
9.1.1.10. Урианы жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт (Төв аймаг);
9.1.1.11. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлт (Салбарын хүрээнд);
9.1.1.12. Хариутай албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлт;
9.1.1.13. Тайлан, мэдээг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлсэн байдал.

9.1.2. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага:

9.1.2.1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт;
9.1.2.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;
9.1.2.3. Аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт;
9.1.2.4. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;
9.1.2.5. Аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт;
9.1.2.6. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт;
9.1.2.7. Аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоолын хэрэгжилт;
9.1.2.8. Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт;
9.1.2.9. Засгийн газрын гишүүний аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
9.1.2.10. Урианы жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт (Төв аймаг);
9.1.2.11. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлт (Салбарын хүрээнд);
9.1.2.12. Стратеги төлөвлөгөөний биелэлт;
9.1.2.13. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт;
9.1.2.14. ТАХ-ийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт;
9.1.2.15. Хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийн биелэлт;
9.1.2.16. Шилэн дансны хөтлөлт;
9.1.2.17. Байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан;
9.1.2.18. Хариутай албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлт;
9.1.2.19. Тайлан, мэдээг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлсэн байдал.

9.1.3. Сумын Засаг даргын Тамгын газар:

9.1.3.1. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт;
9.1.3.2. Сумын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт;
9.1.3.3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт (тухайн суманд хамааралтай);
9.1.3.4. Аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоолын хэрэгжилт (тухайн суманд хамааралтай);
9.1.3.5. Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт (тухайн суманд хамааралтай);
9.1.3.6. Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
9.1.3.7. Урианы жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт (Төв аймаг);
9.1.3.8. Сумын хөгжлийн үзүүлэлт (Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүрээнд);
9.1.3.9. Хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийн биелэлт;
9.1.3.10. ТАХ-ийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт;
9.1.3.11. Шилэн дансны хөтлөлт;
9.1.3.12. Байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан;
9.1.3.13. Хариутай албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлт;
9.1.3.14. Тайлан, мэдээг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлсэн байдал.

9.2. Аймгийн ЗДТГ нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, улсын төсөвт байгууллага, сумын Засаг даргын Тамгын газар, сумын төсөвт байгууллагын үйл ажиллагаанд хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх (Засаг даргын нэрэмжит үзлэг) удирдамжийг аймгийн Засаг даргаар батлуулна.
9.3. Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээг Санхүүгийн хэлтэс, аудитын алба гаргаж аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-т 7 дугаар сарын 1, 12 дугаар сарын 25-ны дотор хүргүүлнэ. Уг үнэлгээ нь байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний нэг үзүүлэлт болно.
9.4. Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг гаргаж журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд ХШҮДАХ-т хүргүүлнэ.
9.5. Урианы жилийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд ХШҮДАХ-т хүргүүлнэ.
9.6. Хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмж нь аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгийн ажлын хэсгийн тэмдэглэлээр өгсөн үүрэг болон гарсан зөрчил, дутагдлыг сайжруулахаар гаргасан төлөвлөгөө байх бөгөөд ХШҮДАХ-т мөн журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ.  
9.7. Төсвийн гүйцэтгэлийг татварын 3 шатны орлогын биелэлт, төсвийн өр, авлагын талаар Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтсийн тайлан мэдээнд тулгуурлан дүгнэлт гаргаж, ХШҮДАХ-т журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд ХШҮДАХ-т хүргүүлнэ.  
9.8. Аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ нь хэлтэс, агентлаг, харьяа байгууллага, сумдын Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээний дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.


АРАВ. АЙМГИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САН

10.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, тайлан илгээх, хүлээн авах, мэдээллийн урсгалыг удирдах, хянах, хадгалах, ашиглах, түгээхэд аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (цаашид ”цахим сан” гэх)-г ашиглана.
10.2. Аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санг ашиглах зааврыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга баталж, захиргааны байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана.
10.3. Хэрэгжилтийн тайланг мэдээллийн цахим санд оруулахдаа тухайн зүйл, заалт, зорилт, арга хэмжээний хэрэгжилт, хүрсэн үр дүнг хоёр мянган тэмдэгтэд багтаах бөгөөд нотлох баримтыг файлаар заавал хавсаргана.
10.4. Мэдээллийн цахим санд мэдээлэл оруулж байгаа төрийн байгууллага, албан хаагч мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хариуцна.

10.5. Аймгийн Засаг даргын Тамгын газар дор дурдсан асуудлыг хариуцна:

10.5.1. Мэдээллийн цахим сан, сүлжээний хэвийн, найдвартай ажиллагаа болон програм хангамж, системийн зохицуулалт, нэвтрэх эрх олгох асуудлыг зохицуулах;
10.5.2. Мэдээллийн цахим санд өөрт олгосон эрхийн дагуу хөтөлбөрийн зорилт, арга хэмжээ бүрийг хэрэгжүүлэх байгууллагатай холбох, тайлагнах хугацааг заах, холбогдох өөрчлөлтийг тухай бүр хийх;
10.5.3. Мэдээллийн цахим санд өөрт оногдсон эрхийн дагуу нэвтэрч, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт болон байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
10.5.4. Мэдээллийн цахим сангийн үйл ажиллагаатай холбоотой сургалт, зааварчилгаа, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулна.

10.6. Захиргааны байгууллага дараахь асуудлыг хариуцна:

10.6.1. Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн болон тухайн асуудал хариуцсан ажилтан цахим санд нэвтэрч, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авч, хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд оруулах;
10.6.2. Бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн мэдээ, тайланг Засаг даргын зөвлөл, агентлагийн даргын хурлаар хэлэлцүүлсний дараа цахим санд оруулан баталгаажуулж, холбогдох байгууллагад албан бичгээр хүргүүлэх;
10.6.3. Холбогдох байгууллагаас өгсөн үнэлгээтэй тухай бүр танилцаж, өгсөн удирдамж, зааврыг мөрдөн ажиллах.

10.7. Мэдээллийн цахим сан нь ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтэд зориулагдсан нээлттэй хэсэгтэй байна.


АРВАН НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

11.1. Жилийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр 90-ээс дээш хамгийн өндөр оноо авсан нэг хэлтэс, таван агентлаг, байгууллага, таван сумыг 800.0 – 3,000.0 мянга хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал олгож болно.
11.2. Сумдын үйл ажиллагааг журмын 4 дүгээр хавсралтын дагуу дараа оны 1 сарын 30-ны дотор, хэлтэс, агентлаг, байгууллагын үйл ажиллагааг журмын 2, 3 дугаар хавсралтын дагуу 7 сарын 1, 12 сарын 30-ны дотор дүгнэж, урамшууллыг жилийн эцсийн үнэлгээг харгалзан олгоно.
11.3. Энэхүү журмын 10.1-д заасан урамшуулалд шаардагдах хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас гарган санхүүжүүлнэ.
11.4. Захиргааны байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дурдсан зөвлөмж, дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

11.4.1. Хэлтэс, агентлаг, сумдын тэргүүний арга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болгох, гарсан алдаа, дутагдлыг засах;
11.4.2. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;
11.4.3. Харьяалах захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах;

11.5. Захиргааны байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээг газар дээр нь хийх, хэрэглэгчийн болон хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, сургалт зохион байгуулах, сургалтын материал, ном, товхимол, гарын авлага хэвлүүлэх, мэдээллийн цахим сангийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зэрэг зардлыг өөрийн байгууллагын төсөвт жил бүр тусган батлуулна.
11.6. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.
11.7. Хэлтэс, агентлаг, байгууллага, сумдыг дараах байдлаар үнэлнэ. Үүнд:

90.00% - аас дээш              “А” - “ҮР ДҮНТЭЙ”
70.00% - 89.99% хүртэл     “В” - “ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН”
51.00% - 69.99% хүртэл     “С” - “ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ”
31.00% - 50.99% хүртэл     “D” - “ҮР ДҮНГҮЙ”
00.00% - 30.99% хүртэл     “F” - “ХАНГАЛТГҮЙ”


АРВАН ХОЁР. ХАРИУЦЛАГА

12.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан сумын холбогдох албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу албан тушаал бууруулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжилна.
12.2. Тухайн жилдээ ажлын үзүүлэлтээр “Эрчимжүүлэх шаардлагатай”, “Үр дүнгүй” үнэлгээ авсан хэлтэс, агентлагийн дарга, сумдын Засаг даргын мэдээллийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
12.3. Дөрвөн улирал дараалан үнэлгээ буурсан, 50%-аас доош үнэлгээ авсан сум, хэлтэс, агентлаг, байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.
12.4. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ:

12.4.1. Энэхүү журмын 3 дахь хэсэгт заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан; 
12.4.2. Ажлын үнэлгээтэй холбогдуулан өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй, гаргасан зөрчил, дутагдлаа дахин давтсан;
12.4.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг сумын Засаг даргын зөвлөл, агентлагийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй;
12.4.4. Биелэлтийг тайлагнахдаа тухайн байгууллагын удирдлага, гарын үсэг зурж, баталгаажуулаагүй;
12.4.5. Тогтоосон хугацаанд үнэлгээ хийж ирүүлээгүй, хугацаа хоцроосон, тайлан бичих, үнэлгээ хийх ажилд хайнга хандсан.

 

-----o0о-----

АЙМГИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САН 

2018 оноос Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 29 байгууллага, 27 сумын Засаг даргын Тамгын газар, 2019 оноос Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 27 байгууллага, 14 сумын Засаг даргын Тамгын газар аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санг ашиглаж байна. Мэдээллийн цахим санг нэвтрүүлснээр дараах үр дүнгүүд гарч байна. Үүнд:

Мэдээлэл цуглуулах, ангилах, нэгтгэх үе шатанд:
- Байгууллагууд хэрэгжилтийн тайлангаа хугацаанд ирүүлдэг болсон;
- Хэрэгжилтийн мэдээллийг цуглуулах, нэгтгэх, боловсруулах шаардлагагүй болсон;
- Нотлох баримтыг хавсаргасан эсэхэд гол анхаарлаа хандуулдаг болсон;
- Мэдээлэлтэй ажиллах хугацаа 5 дахин багассан, дүн шинжилгээ хийх хугацаа ихэссэн;
- Хэрэгжилтийн болон ХШҮ-ний тайлангууд цахим сангаас шууд гардаг;
- Тайлангийн чанар жилээс жилд сайжирч байгаа;
- ЗГХШҮМЦС-тай нягт уялдаж ажилладаг;

Зорилтын биелэлтийн дүн, арга хэмжээний биелэлтийн түвшинг үнэлэх үе шатанд:
- Нэг цонхноос байгууллага тус бүрийн тухайн жилийн хэрэгжилттэй танилцаж, өмнөх жилийн үнэлгээтэй харьцуулж, 1-2 минутанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэлийг үнэлдэг болсон;
- Гүйцэтгэлийн мэдээлэл нь орон нутгийн бүх байгууллага, албан хаагчдад нээлттэй, ил тод болсон;
- ХШҮДАХ-ийн ажлын бүтээмж 2-3 дахин ихэссэн;
- ХШҮДАХ-ийн ажилтнууд тайлан боловсруулахад бус бодлогын зорилт, арга хэмжээ хэрэгжсэн эсэхийг нягтлахад ихэнх хугацаагаа зарцуулдаг боллоо.

2021-2024 онуудад төлөвлөлтийн чанарыг сайжруулах, төсөвлөлтийн уялдааг хангах, гүйцэтгэлийн удирдлагыг төгөлдөржүүлэх, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ХӨГЖЛИЙГ ҮНЭЛЭХ ҮҮ, ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ ҮҮ гэдэгт гол анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөж байна.

Зөвлөмж:
Аймгийн Засаг даргын Тамгын газар гүйцэтгэлийн мэдээллийг цахим хэлбэрээр цуглуулах тогтолцоог сонгосон бол 10 дугаар бүлгийг журамд тусгахыг зөвлөж байна.


АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Засгийн газрын 2018 оны 20 дугаар тогтоолоор баталсан "Орон нутгийн хөгжлийн индекс тооцох аргачлал", Засгийн газрын 2018 оны 55 дугаар тогтоолоор баталсан "Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт", захиргааны болон албан ёсны статистик мэдээлэлд үндэслэн аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэмжих үзүүлэлтийг 3 түвшинд хувааж, оновчтой тодорхойлох хэрэгтэй.

Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт:
     а. Багийн хөгжлийн үзүүлэлт
     б. Сумын хөгжлийн үзүүлэлт
     в. Салбарын хөгжлийн үзүүлэлт
(аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын хувьд)

ЖУРМЫН ХАВСРАЛТУУД

ХАВСРАЛТ №1. ОРОН НУТГИЙН ТҮВШИНД ХИЙГДЭХ ЗАРИМ АЖЛЫН
ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ

Энэ журмын 6.3.1, 6.3.2, 6.3.3, 6.3.4-т заасан аргачлалын дагуу үнэлэх боломжгүй зарим ажлуудын хувьд доорх загварыг ашиглан орон нутгийн онцлогт нийцсэн үнэлгээний аргачлал боловсруулж болно. Тухайлбал, дэд бүтцийн ажлын гүйцэтгэлийг тодорхой үе шатуудад хуваах ... гэх мэт.

Ач холбогдол: Бодлогын зорилт, арга хэмжээний суурь түвшин, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг тодорхойлоогүй, эсхүл хэт ерөнхий тодорхойлсон тохиолдолд тус аргачлалыг ашиглан хүрсэн түвшинг бодитойгоор тодорхойлох боломж бүрдэнэ.


САЙН ТУРШЛАГА №1. ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Сайдын 2017 оны 259 тоот тушаалаар баталсан "Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ын 1 дүгээр хавсралтаар "Салбарын түвшинд хийгдэх зарим ажлын гүйцэтгэлийг үнэлэх аргачлал"-ыг баталсан. "Орон нутгийн түвшинд хийгдэх зарим ажлын гүйцэтгэлийг үнэлэх аргачлал" боловсруулахдаа ЗТХЯ-наас туршлага судлаарай.


ХАВСРАЛТ №2. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН НЭГЖҮҮД, АГЕНТЛАГ, ХАРЬЯА БАЙГУУЛЛАГА,
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТОГТМОЛ ГАРГАХ ТАЙЛАН, МЭДЭЭЛЛИЙН НЭР, ТӨРӨЛ, ХУГАЦАА

Гүйцэтгэлийн мэдээлэл цуглуулах (тогтолцоо) арга хэрэгсэл нь цаасан хэлбэрээр байх уу, цахим хэлбэрээр байх уу гэдгээс шалтгаалж, хяналт-шинжилгээ, үнэлгээний үе шатанд хийгдэх ажлын хугацааг бодитойгоор төлөвлөөрэй.

Шинжилгээ №1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан юу хийдэг вэ? гэсэн судалгааны ажилтай танилцаж, ХШҮ-ний үе шатанд ямар ажлууд хийгддэг, ямар хугацаа зарцуулдаг, ямар бэрхшээлүүд тулгардаг, түүнийг даван туулах арга замуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөж байна.


САЙН ТУРШЛАГА №2. ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Сайдын 2017 оны 259 тоот тушаалаар баталсан "Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ын 3 дугаар хавсралтаар "Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, агентлаг, харьяа байгууллагын тогтмол гаргах тайлан, мэдээллийн нэр, төрөл, хугацаа"-г баталсан. Гүйцэтгэлийн мэдээллийн нэр, төрөл, хугацааг тодорхойлохдоо ЗТХЯ-наас туршлага судлаарай.


ХАВСРАЛТ №3. БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ

Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 2, 3 дугаар хавсралтаар баталсан загварын дагуу бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнах нь зүйтэй. Харин аймаг болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг доорх загварын дагуу тайлагнахыг зөвлөж байна.


ХАВСРАЛТ №4. ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭЛТ

Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 5 дугаар хавсралтаар баталсан загварын дагуу хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах нь зүйтэй. Харин аймгийн ИТХ, ИТХТ-ийн тогтоол, аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын хэрэгжилтийг доорх загварын дагуу тайлагнахыг зөвлөж байна.


ХАВСРАЛТ №5. ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ

Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 4, 9 дүгээр хавсралтаар баталсан загварын дагуу ТАХ-ийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг тайлагнах нь зүйтэй. Харин хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийн биелэлтийг доорх загварын дагуу тайлагнахыг зөвлөж байна.

ХАВСРАЛТ №6. ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН
/ Сумын Засаг даргын Тамгын газар /

Монгол Улсын 330 сумын Засаг даргын Тамгын газрын жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх үзүүлэлтүүдийг судалж, журмаа боловсруулаарай.


ХАВСРАЛТ №6. ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН
/ Сумын баг /

Монгол Улсын 330 сумын зарим багуудын жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх үзүүлэлтүүдийг судалж, журмаа боловсруулаарай.


ХАВСРАЛТ №6. ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН
/ Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллага /

Монгол Улсын 21 аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх үзүүлэлтүүдийг судалж, журмаа боловсруулаарай.


САЙН ТУРШЛАГА №3. ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэхдээ салбарын хөгжлийн үзүүлэлттэй уялдуулсан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас туршлага судалж, журмаа боловсруулахыг зөвлөж байна.


САЙН ТУРШЛАГА №4. ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, сумдын жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэхдээ Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас туршлага судалж, журмаа боловсруулахыг зөвлөж байна. Захиргааны байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөх хууль тогтоомжийн зүйл, заалтуудыг үнэлгээний үзүүлэлттэй уялдуулсан нь шинэлэг бөгөөд үр дүнтэй ажил болжээ.


САЙН ТУРШЛАГА №5. ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төвийн жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэхдээ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас туршлага судалж, журмаа боловсруулахыг зөвлөж байна.