ҮАБЗ-ийн 2013 оны 01/01 дүгээр зөвлөмж

 

МОНГОЛ УЛСЫН
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН
ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨМЖ

2013 оны 01 сарын 08-ны өдөр, дугаар 01/01, Улаанбаатар хот


ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
НЭГДМЭЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.1-д "төрийн гадаад бодлого нэгдмэл байх, гадаад харилцаанд үндэсний ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг тууштай хэрэгжүүлнэ", 3.3.3.5-д "төв, орон нутгийн бүх түвшинд үндэсний нийтлэг ашиг сонирхол, төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг дээдэлнэ" гэж тус тус заасныг үндэслэн төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ЗӨВЛӨМЖ БОЛГОХ нь:

Нэг. Төв, орон нутгийн албан тушаалтнууд гадаадын албаны болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй ямар ч уялдаа зохицуулалтгүйгээр ажил төрлийн уулзалт хийж, элдэв холбоо тогтоож байгаа нь төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг болон төрийн нууцыг алдагдуулж, улмаар үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах эрсдэл дагуулж байна.

Хоёр. Төв, орон нутгийн албан тушаалтнууд дараах арга хэмжээ явуулахыг хориглоно:

1. Дээд шатны байгууллага, албан тушаалтны удирдамжгүйгээр гадаадад айлчлах, албан хэргээр зорчих, олон улсын арга хэмжээнд оролцох албан ёсны яриа хэлэлцээ явуулах;

2. Дээд шатны байгууллага, албан тушаалтны зохих чиглэлгүйгээр гадаадын албаны болон аж ахуйн төлөөлөлтэй уулзах;

3. Гадаад харилцаа хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөлгүйгээр яам, агентлагийн түвшинд байгууллага хоорондын болон аймаг, нийслэлийн түвшинд орон нутгийн хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах;

4. Үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхол болон улс, байгууллага хоорондын харилцаанд хор хохирол учруулахуйц зүйл ярих.

Гурав. Улсын Их Хурлын гишүүн, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга:

1. Гадаадад айлчлах, албан хэргээр зорчих, олон улсын арга хэмжээнд оролцох албан ёсны яриа хэлэлцээр явуулахдаа:

а) Гадаад харилцаа хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн удирдамж боловсруулж, дээд шатны байгууллага, албан тушаалтнаар батлуулна;

б) Уулзалтын явцад заавал ярианы тэмдэглэл хөтөлнө;

в) Гадаадаас буцаж ирээд ажлын 7 хоногийн дотор илтгэх хуудас бичиж ярианы тэмдэглэлийн хамт дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулж, хувийг нь гадаад харилцаа хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад өгнө.

2. Гадаадын албаны болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзахдаа:

а) Гадаад харилцаа хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас ярианы сэдэв гаргуулж, дээд шатны албан тушаалтнаас чиглэл авна;

б) Уулзалтын үеэр хөтөлсөн ярианы тэмдэглэлийг ажлын 3 хоногийн дотор албажуулан дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулж, хувийг нь гадаад харилцаа хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад өгнө.

3. Доод шатны байгууллага болон сум, дүүргийн түвшинд хэрэгжүүлэх гадаад айлчлал, арга хэмжээ, уулзалт, байгуулах баримт бичгийн талаар удирдамж, чиглэл өгч, илтгэх хуудас, ярианы тэмдэглэлийг нь аван дүгнэж байна.

Дөрөв. Гадаад харилцаа хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:

1. Улсын Их Хурлын гишүүн, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг даргын илтгэх хуудас, ярианы тэмдэглэлд дүгнэлт хийнэ;

2. Төр, засгийн шугамаар хэрэгжүүлэх гадаад үйл ажиллагааг мэдээлэл, судалгаа, арга зүйн зөвлөмжөөр хангаж, үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 162 дугаар тогтоолын дагуу гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах арга хэмжээ авна;

3. Энэхүү зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг тухайн албан тушаалтны удирдах дээд шатны байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

Тав. Дээд шатны байгууллага, албан тушаалтан зөрчил гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна.