СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ


НЭГ. ЗОРИЛГО

Энэхүү аргачлал нь Төрийн албаны тухай хуулийн 53-р зүйл, Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоолоор баталсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулах ерөнхий удирдамж болох юм.


ХОЁР. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БҮТЭЦ, АГУУЛГА

Стратеги төлөвлөгөө нь дараах бүтэц, агуулгын хүрээнд боловсруулагдсан байна. Үүнд:

1. Нийтлэг үндэслэл

2. Мандатын шинжилгээ

3. Алсын хараа

4. Эрхэм зорилго

5. Орчны шинжилгээ

6. Стратегийн зорилго

7. Стратегийн зорилгыг хэмжих шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, стратеги

8. Стратегийн зорилго ба салбар, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллагын бүтцийн уялдаа, зураглал

9. Хавсралт


ГУРАВ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Стратегийн төлөвлөгөөг боловсруулах үндэслэл, шалтгааныг тодорхой дурдана. Тухайлбал, тухайн салбар, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллагад өмнө нь хэрэгжсэн стратегийн төлөвлөгөөний биелэлт, анхаарах асуудал, цаашид төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг тусгасан байна.   


ДӨРӨВ. МАНДАТ

Мандат нь салбар болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллагад хуулиар олгосон чиг үүрэг, эрх хэмжээний хүрээгээр тодорхойлогдоно. Энэ нь алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлох ажлын хүрээг тогтоож өгнө. Мандатыг тодорхойлохдоо Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Олон Улсын гэрээ конвенцоор тухайн салбар болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллагад хуулиар олгосон чиг үүргийг хамруулан авч үзэх бөгөөд дараахь гурван алхмын хүрээнд шинжилгээг хийнэ. Үүнд:

1. Хууль тогтоомжоос тухайн салбар, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллагын үйл ажиллагаанд хамаарах чиг үүргийг тодорхойлох;

2. Тухайн чиг үүргүүдийг үйл ажиллагааны чиглэлээр ангилах;

3. Салбар хоорондын болон засаглалын түвшин хоорондын холбогдогч талуудын оролцоог тодорхойлох;

4. Чиг үүргийн хэрэгжилтийн байдлыг тодорхойлох;

МАНДАТЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮСНЭГТ


ТАВ. АЛСЫН ХАРАА

Алсын хараа нь салбар болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллагын ирээдүйн төлөвийг илэрхийлсэн, хөгжлийн чиг баримжааг тодорхойлсон үр дүн юм. Өөрөөр хэлбэл, алсын хараа нь амжилт дэвшилд хөтлөх уриа дуудлага бөгөөд байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ алсын хараанд чиглэнэ. Алсын харааг тодорхойлохдоо хийсвэр, тунхагийн шинжтэй биш, харин ирээдүйд хүрэх үр дүнгээ бодитойгоор илэрхийлнэ.

Алсын харааг томъёолохдоо дараах асуултуудад хариулах байдлаар 10-15 жилийн хугацааг харгалзан тодорхойлно. Үүнд:

1. Салбар болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, байгууллагын ирээдүйн талаарх төсөөлөл

2. Ямар үр дүн, амжилтанд хүрэхийг хүсч байна

3. Салбар болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, байгууллагын ажлын үр дүнг хүлээн талын сэтгэл ханамжийг хэрхэн сайжруулах

Алсын харааг томъёолохдоо товч, тогтооход хялбар, уриалж өдөөсөн, төгс байдлыг дүрслэн илэрхийлнэ.


ЗУРГАА. ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрхэм зорилго нь салбар болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллагын хэмжээнд хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх одоо ба ирээдүйн үйл ажиллагааны талаарх хүсэл эрмэлзэл, үнэт зүйл, хөгжлийн үзэл баримтлал, оршин тогтнох учир шалтгааныг илэрхийлнэ.


ДОЛОО. ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ

Орчны шинжилгээг удирдлагыг стратегийн шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах зорилгоор хийнэ. Салбар болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллага нь бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, хуулиар ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн  зорилтыг хэрэгжүүлэх боломж ямар байгааг гадаад ба дотоод орчны хүчин зүйлийн хүрээнд тулгуурлан бодитойгоор  тодорхойлно.

Гадаад орчны шинжилгээг хийхдээ улс төр, эдийн засаг, нийгэм соёл, технологи, хууль эрх зүй, байгаль орчны зүгээс үзүүлэх нөлөөллийг тодорхойлсноор ямар эерөг боломж, ямар сөрөг нөлөөлөл, эрсдэл байгааг гаргана.

Дотоод орчны шинжилгээг хийхдээ салбар болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, соёл, нөөц (хүн, санхүү, техник, мэдээлэл) хийгээд технологийн үйл явц зэрэг хүчин зүйлсийн хүрээнд давуу ба сул талыг тодорхойлно.

Гадаад ба дотоод орчны зүгээс нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлсны үндсэн дээр орчны шинжилгээний үр дүнг СВОТ (Strengths, Weaknesses, Opportunities, Threats) хүснэгтэд нэгтгэн харуулна.


ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭГТГЭХ СВОТ ХҮСНЭГТ


НАЙМ. СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

Орчны шинжилгээний үр дүнд тулгуурлан стратегийн зорилгыг тодорхойлно. Стратегийн зорилго нь ирээдүйд хүрэх үр дүн юм. Өөрөөр хэлбэл, салбар болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллагын нөхцөл байдлыг тодорхойлсны дараа ирээдүйд хүрэх үр дүнгээ урьдчилан харж хамгийн оновчтой арга замыг зорилго болгон томъёолно.

Бодлогын баримт бичигт тусгагдсан болон хууль эрх зүйгээр салбар болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллагын түвшинд ногдуулсан чиг үүргийн хүрээний зорилтыг хэрэгжүүлэх стратегийн зорилгыг оновчтой тодорхойлох нь гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах суурь болно.


ЕС. СТРАТЕГИЙН ЗОРИЛГО БА САЛБАР, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ,
БАЙГУУЛЛАГЫН БҮТЦИЙН УЯЛДАА, ЗУРАГЛАЛ

Салбарын стратеги төлөвлөгөө нь бодлогын баримт бичигт тусгагдсан салбарын зорилгыг хэрэгжүүлэх үндэсний хэмжээний стратегийг тусгахын зэрэгцээ бүс нутаг, нутаг дэвсгэрийн нэгжийн онцлогийг харгалзан үзэж үйл ажиллагааны уялдааг хангасан байна.

Нутаг дэвсгэрийн нэгжийн стратеги төлөвлөгөө нь салбарын яамдын стратеги төлөвлөгөөнд туссан салбарын бодлоготой уялдуулан өөрийн эрхэм зорилгоо тодорхойлж, үйл ажиллагааны уялдааг хангасан байна.

Яамдын агентлагийн стратеги төлөвлөгөөг бусад салбарын, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагийн стратеги төлөвлөгөөг салбарын болон нутаг дэвсгэрийн нэгжийн стратеги төлөвлөгөөтэй нягт уялдаатай боловсруулж, хэрэгжүүлнэ.

Орчны шинжилгээний үр дүнд тулгуурлан байгууллагын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны уялдааг хангах нэгдсэн архитектур зураглалыг боловсруулж нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангахад ашиглана.


АРАВ. ХАВСРАЛТ

Стратегийн төлөвлөгөө боловсруулах үйл явцын хүрээнд хийсэн мандатын шинжилгээ, дотоод, гадаад орчны шинжилгээний холбогдох материал, өмнөх стратегийн төлөвлөгөөний тайлан, төсвийн төлөвлөгөөг хавсаргана.

Хавсралт файл
Хавсралт №1. Стратеги төлөвлөгөө боловсруулах аргачлал