Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний загвар
Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах заавар
Албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахад дараах шаардлагууд тавигдана. Үүнд:
1. Зорилт, арга хэмжээг гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалд нийцүүлэн төлөвлөх
2. Төлөвлөгөө боловсруулахад тавигдах нийтлэг болон тусгай шаардлагуудыг хангасан байх
3. Шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлагын дагуу шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшинг нарийвчлан тодорхойлсон байх
4. Шалгуур үзүүлэлт боловсруулахад гаргадаг нийтлэг алдаа дутагдлуудыг гаргахгүй байх
5. Нэгжийн болон албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт хоорондын уялдааг хангах
6. Албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангах
7. Арга хэмжээ болон арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө хоорондын уялдааг хангах
Төлөвлөгөөний агуулга
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө нь дараах 5 үндсэн хэсгээс бүрдэнэ.
-
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ
-
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ
-
Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
-
Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ
Байгууллагын зохион байгуулалтын нэгж болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах дунд болон богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүнг энэ хэсэгт бичнэ.
Бодлогын баримт бичигт тусгагдсан боловч төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээнүүд энэ хэсэгт орохгүй.
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ
Байгууллагын зохион байгуулалтын нэгж болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх болон бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдээс төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүнг энэ хэсэгт бичнэ.
Хэрэв тухайн албан хаагч төрийн үйлчилгээ үзүүлдэггүй бол төлөвлөгөөнд энэ хэсэг орох шаардлагагүй.
Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
Байгууллагын зохион байгуулалтын нэгж болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүнг энэ хэсэгт бичнэ.
Бодлогын баримт бичигт тусгагдсан болон төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээнүүд энэ хэсэгт орохгүй.
Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
Албан хаагч нь хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүнг энэ хэсэгт бичих бөгөөд нэг л гүйцэтгэлийн зорилт дэвшүүлнэ. Уг зорилт нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлэхэд чиглэнэ.
Гүйцэтгэлийн зорилт №4.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллах
Хоорондоо нягт уялдсан, эсхүл нэг субьектээс боловсруулж баталсан эрх зүйн актуудыг / захиргааны хэм хэмжээ тогтоосон / нэгтгэж, зорилтыг хэрэгжүүлэх нэг арга хэмжээ болгон төлөвлөнө.
Арга хэмжээ №4.1.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам, Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмуудыг хэрэгжүүлж ажиллах
Арга хэмжээ №4.1.2. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдлын ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиудыг хэрэгжүүлж ажиллах
..................................................................................... гэх мэт.
Ажил №4.1.1.1. Сарын ажлын сүүлийн өдөр сарын ажлын гүйцэтгэлээ нэгжийн даргад тайлагнах
...................................................................................... гэх мэт.
Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт
Албан хаагч нь мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүнг энэ хэсэгт бичих бөгөөд нэг л гүйцэтгэлийн зорилт дэвшүүлнэ. Уг зорилт нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан төрийн албан тушаалд тавигдах шаардлагуудыг хангахад чиглэнэ.
Гүйцэтгэлийн зорилт №5.1. Төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан хууль тогтоомжид тусгагдсан төрийн албан тушаалд тавигдах шаардлагуудыг хангах ажиллах
Албан хаагч энэхүү зорилтын хүрээнд 2-4 арга хэмжээ төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажиллана.
Арга хэмжээ №5.1.1. Албан хаагч өөрийгөө хөгжүүлэх зорилгоор 1 арга хэмжээ төлөвлөнө.
Арга хэмжээ №5.1.2. Албан хаагч нэгжийн даргатай ярилцсаны үндсэн дээр тодорхой ур чадвараа сайжруулах 1 арга хэмжээ төлөвлөнө.
Арга хэмжээ №5.1.3. Хэрэв албан хаагч их, дээд сургуульд багшилдаг, эсхүл суралцаж байгаа бол 1 арга хэмжээ нэмж төлөвлөж болно. / Жилийн эцсийн үнэлгээнд харгалзаж үзнэ. /
Арга хэмжээ №5.1.4. Хэрэв албан хаагч томоохон судалгааны ажил хийх, эсхүл эрдэм шинжилгээний бүтээл дээр ажиллах бол 1 арга хэмжээ нэмж төлөвлөж болно. Жишээлбэл: Ном бичих, үндэсний хэмжээний судалгаа хийх ... гэх мэт. / Жилийн эцсийн үнэлгээнд харгалзаж үзнэ. /
Албан тушаалын тодорхойлолтод заасан ажлаа гүйцэтгэж байгаа албан хаагч 2 арга хэмжээ төлөвлөнө.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах
Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө, түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг хянаж, 01 дүгээр сарын 10-ны дотор батална.
Зохион байгуулалтын нэгжгүй байгууллагын хувьд албан хаагч төлөвлөгөөгөө төсвийн шууд захирагчаар хянуулж, батлуулна.
Сумын босоо удирдлагатай байгууллагын албан хаагч тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга болон өөрийн харьяалах төсвийн шууд захирагчаар гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулна.
Нэгжийн дарга төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлахаас / хэрэгжилтийн үе шатанд орох / өмнө дараах 4 асуудлыг нягталж шалгах ёстой. Үүнд:
- ТЖАХ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөө нь нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна уу?
- Үр дүнг хэмжиж болохуйц байх үүднээс зорилт, арга хэмжээг оновчтой тодорхойлсон уу?
- Хэрэгжилт хэрхэн явагдах, амжилттай хэрэгжилтийг хангалтгүй хэрэгжилтээс ялгах үндэслэл сайтай, бодитой ажлын төлөвлөгөө байна уу?
- Нөөцийн хуваарилалт нь тодорхойлсон үр дүнд хүрэхэд тавигдах шаардлагыг хангасан байна уу?
Энэхүү үнэлгээний зорилго нь хэрэгжилтийн эхнээс алдаа гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэнэ.