Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлиг

 

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1995 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, дугаар 109, Улаанбаатар хот


ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ
ЁСЛОЛЫН ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ


1. Монгол Улсын Төрийн албан тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ зарлигийг 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                      П.ОЧИРБАТ

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам


1. Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо төрийн захиргааны албан хаагчийн тангараг /цаашид “тангараг” гэх/-ийг ёс төртэйгээр өргөнө.

2. Төрийн захиргааны албан хаагч төрийн захиргааныхаас бусад төрийн албан тушаалд шилжин ажилласны дараа төрийн захиргааны албан тушаалд эргэж томилогдвол тангараг дахин өргөхгүй.

3. Тангараг өргөх ёслолыг энэ журамд өөрөөр заагаагүй бол тухайн албан хаагчийн ажиллах төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

4. Тухайн байгууллагын боловсон хүчний асуудал эрхэлсэн нэгжийн дарга буюу тухайн байгууллагын эрх баригчийн томилсон албан тушаалтан тангараг өргөх газар, хугацаа /өдөр, цаг/-г байгууллагынхаа эрх баригчтай зөвшилцөн тогтоож, тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэлийг хангана.

5. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд төрийн захиргааны албанд анх орж буй ажилтныг шууд захиран удирдах албан тушаалтан заавал оролцох бөгөөд тухайн төрийн захиргааны байгууллагын бусад ажилтнуудыг оролцулна.

6. Тангараг өргөх ёслолын ажиллагааны байрыг ёслол төгөлдөр тусгайлан бэлтгэж Монгол Улсын төрийн сүлд, төрийн далбааг хүндэтгэлтэйгээр байрлуулна.

7. Тангараг өргөх иргэн тогтоосон цагт тусгайлан бэлтгэсэн байранд хүндэтгэлтэйгээр орж Монгол Улсын Төрийн сүлд рүү харан цэх зогсоно.

8. Тангараг өргөх ёслолын ажиллагааг тухайн байгууллагын боловсон хүчний асуудал эрхэлсэн нэгжийн дарга буюу тухайн байгууллагын эрх баригчийн томилсон албан тушаалтан удирдана.Тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж, төрийн захиргааны албан хаагчаар томилогдсон хүмүүсийгтанилцуулан тангаргийн бичгийг тангараг өргөгч бүрд гардуулна.

9. Тангаргийг хамтаар буюу ганцаар өргөж болох бөгөөд хамтаар өргөхөд хамгийн ахмад нь Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг цээжээр дээдлэн дуудаж бусад нь дагалдана.Тангараг өргөж байх үед уг ёслолд оролцогчид босож хүндэтгэнэ.

10. Тангаргийг цээжээр дээдлэн дуудаж дууссаны дараа тангараг өргөгч Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёслож зүүн өвдөг сөхрөн Монгол Улсын төрийн далбаанаас адис авна.

11. Тангараг өргөсөн иргэн нүүрэн талдаа Монгол Улсын төрийн сүлдтэй, түүний дор “Монгол улсын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” гэсэн үгтэй, дотор талдаа Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангаргийн бүрэн бичвэр бүхий тангаргийн бичигт тангараг өргөсөн он, сар, өдөр, газар, овог, нэрээ бичиж гарын үсэг зурна.

12. Тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан төрийн захиргааны албан хаагчид баяр хүргэж тангараг өргөх ёслолын ажиллагааг хаана.

13. Тангаргийн бичгийг тухайн албан хаагчийн хувийн хэрэгт хадгална.

14. Тангараг өргөх ёслолын ажиллагааны талаар тодорхой тэмдэглэл хөтөлнө.

15. Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны гишүүн, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын яамны төрийн нарийн бичгийн даргаар болон эдгээртэй адилтгах албан тушаалд анх томилогдогчдын тангараг өргөх ёслолыг Төрийн захиргааны албаны зөвлөлийн дарга зохион байгуулна.

 

------ оОо ------