Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоол

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр, Дугаар 5, Улаанбаатар хот


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 51.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн албан хаагчид шагнал олгох журам”-ыг 1 дүгээр, ““Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийн төрөл, түүнийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ыг 2 дугаар, “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. (Энэ тогтоолын 3 дугаар хавсралтад Засгийн газрын 2019 оны 395 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. Мөн 1, 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2020 оны 222 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоол, “Засгийн газрын шагналын төрөл батлах тухай” Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаар тогтоол, “Засгийн газрын хүндэт өргөмжлөл, гэрчилгээний тодорхойлолт, дүрэм батлах тухай” Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 51 дүгээр тогтоол, “Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн тухай” Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар тогтоол, “Яам, агентлагаас олгох шагналын тухай” Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын  2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 142 дугаар тогтоол, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолыг  тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                           У.ХҮРЭЛСҮХ

 

САНГИЙН САЙД                                                           Ч.ХҮРЭЛБААТАР

Төрийн албан хаагчид шагнал олгох журам

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Төрийн албан хаагчид Засгийн газар болон төрийн бусад байгууллагаас олгох шагналын төрлийг тогтоох, төрийн албан хаагчийг шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох, шагнал олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Монгол Улсын хөгжил, төрийн алба, хууль ёсыг бэхжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан төрийн албан хаагчаас бусад Монгол Улсын болон гадаад улсын иргэнд энэ журамд заасан шагналыг олгож болно.

1.3. Төрийн албан хаагчид Монгол Улсын цол олгох, төрийн дээд одон, медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэхэд энэ журам хамаарахгүй.

1.4. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Зэвсэгт хүчин, батлан хамгаалах, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан хаагчид олгох шагналын төрлийг тухайн салбарын асуудлыг эрхэлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоож, шагнал олгох журмыг энэ журамд нийцүүлэн баталж мөрдүүлнэ. (Засгийн газрын 2020 оны 222 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

1.5. Шагналыг байгууллагын, Засгийн газрын, төрийн дээд шагнал гэсэн дарааллаар олгоно. Мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл дурсгахаас бусад шагналыг төрийн албан хаагчид давхардуулан олгохгүй бөгөөд тухайн ажилтны ажлын үр дүн өмнөх түвшингээс ахисан, сахилгын болон ёс зүйн зөрчилгүй, энэ журмын  1.2-т заасан болзлыг хангаж, өмнөх шагналаас хойш З-аас доошгүй жил ажиллаж байгаа бол дараагийн шатны шагналыг олгох зарчим баримтална.

1.6. Төрийн албан хаагчид мөнгөн шагнал болон үнэ бүхий зүйл олгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг  тухайн байгууллагын төсөвт тусгана.

1.7. Төрийн албан хаагчид энэ журамд заасан мөнгөн шагналаас бусад шагнал олгоход мөнгө дагалдахгүй.


ХОЁР. ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ

2.1. Монгол Улсын Засгийн газрын шагнал нь Засгийн газрын Жуух бичиг, “Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг гэсэн төрөлтэй байна.

2.2. Төрийн албанд 15-аас доошгүй жил  ажилласан төрийн албан хаагчийг Засгийн газрын Жуух бичгээр, 12-оос доошгүй жил ажилласан албан хаагчийг “Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнана. Төрийн онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн төрийн албан хаагчийг Засгийн газрын шагналаар шагнахад төрийн албанд ажилласан жилийг харгалзахгүй байж болно.

2.3. Засгийн газрын Жуух бичиг нь улаан хүрэн өнгийн, урт нь 30-32 мм, өргөн нь 20-22 мм, зузаан нь 2,5 мм хавтастай, хавтасны нүүрэн талд Монгол Улсын төрийн сүлд, түүний доод хэсэгт “Засгийн газрын жуух бичиг” гэсэн үгийг хэвлэсэн, жуух бичгийн доторх зүүн хуудасны гол хэсэгт соёмбо, жуух бичгийн хувийн дугаар, он, сар, өдөр, баруун хуудсанд тухайн салбарын онцлогийг тусгасан талархлын үг, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг гарын үсэг зурах зайтай байхаар хэвлэсэн байна.

2.4. “Засгийн газрын салбарын тэргүүний  ажилтан” хүндэт тэмдэг нь тухайн салбар, ажил, мэргэжлийн чиглэл, онцлогийг бэлгэдсэн дүрслэлтэй, тэмдгийн оноосон нэрийг бичсэн, дээд хэсэгт соёмбо дүрсэлсэн, урт нь 40-45 мм, өргөн нь 20-22 мм, зузаан нь 2,5 мм-ээс илүүгүй хэмжээтэй байна. Хүндэт тэмдэг нь хувийн дугаартай, шагнал олгосон албан тушаалтны гарын үсэг бүхий үнэмлэхтэй байна. Хүндэт тэмдгийн тухайлсан загварыг холбогдох салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2.5. Засгийн газрын шагналыг Үндэсний их баяр наадам, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан олгоно.


ГУРАВ. ТӨРИЙН БУСАД БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛ

3.1. Төрийн бусад байгууллагын шагнал нь Жуух бичиг, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл гэсэн төрөлтэй байна.

3.2. Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан төрийн албан хаагчийг байгууллагын Жуух бичгээр шагнана. Жуух бичгийн тухайлсан загварыг байгууллагын эрх бүхий этгээд батална.

3.3. Мөнгөн шагналыг төрийн онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар  биелүүлсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн төрийн албан хаагчид олгож болно. Байгууллагын удирдлагын шийдвэрээр тухайн ажилтныг шагнах мөнгөн шагналын хэмжээ нь сарын үндсэн цалинг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байна.

3.4. Төрийн байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагчийг насны ой, тэмдэглэлт бусад үйл явдлыг тохиолдуулан нэг сая хүртэл төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнаж болно. Төрийн албан хаагчийг үнэ бүхий зүйлээр шагнах тэмдэглэлт үйл явдлыг тухайн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд тусгаж мөрдөнө.

3.5. Энэ журмын 3.3, 3.4-т заасан шагналыг төрийн албан хаагчид олгоход төрийн албанд ажилласан жилийг харгалзахгүй. 


ДӨРӨВ. ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ, ТОДОРХОЙЛОХ, ОЛГОХ

4.1. Төрийн албан хаагчийг Засгийн газрын шагналаар шагнуулахаар дараахь журмаар нэр дэвшүүлж, тодорхойлно:

4.1.1. энэ журмын  2.2-т заасан болзлыг хангасан төрийн албан хаагчийг тухайн байгууллагын удирдлага  нэр дэвшүүлж,  хамт олны хурлаар хэлэлцүүлэн, тодорхойлолтыг яам, агентлаг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргаар уламжлан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.

4.1.2. Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Авлигатай тэмцэх газар, Монголбанк болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг төрийн бусад байгууллага Засгийн газрын шагналд төрийн албан хаагчийг нэр дэвшүүлэхэд энэ журмын 4.1.1-т заасныг баримтална.

4.1.3. Засгийн газрын шагналд нэр дэвшигчийг тодорхойлохдоо дор дурдсан материалыг бүрдүүлнэ:

4.1.3.а. холбогдох Засгийн газрын гишүүний баталсан  загварын анкет;

4.1.3.б. байгууллагын хамт олны хурлын тэмдэглэл;

4.1.3.в. ажлын гүйцэтгэлийн үзүүлэлт;

4.1.3.г. урьд шагнагдсан бол энэ тухай тэмдэглэл;

4.1.3.д. онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, нотолгооны  хуулбар;

4.1.3.е. шагнуулах тухай эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий албан бичиг.

4.2. Энэ журмын 3.2-т заасан болзлыг хангасан төрийн албан хаагчийг төрийн байгууллагын Жуух бичгээр шагнуулахаар тухайн байгууллагын удирдлага нэр дэвшүүлж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн, шагнах эрх бүхий этгээдэд тодорхойлолтыг хүргүүлнэ.

4.3. Төрийн байгууллагын Жуух бичгээр шагнуулахаар нэр дэвшигчийг  тодорхойлоход энэ журмын 4.1.3-т заасан материалыг мөн адил бүрдүүлнэ.

4.4. Шагналд нэр дэвшигчийн тодорхойлолтыг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн, шагналд нэр дэвшүүлэх болзлыг хангаагүй албан хаагчийн нэрийг дэвшүүлсэн тохиолдолд шагнал олгох асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд холбогдох материалыг илгээсэн байгууллагад нь буцааж, буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ.

4.5. Төрийн албан хаагчид Засгийн газрын Жуух бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар, “Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийг Засгийн газрын холбогдох гишүүний шийдвэрээр, төрийн бусад байгууллагын шагналыг шагнах эрх бүхий албан тушаалтны тушаал, хамтын удирдлагын  байгууллагын шийдвэрээр тус тус олгоно.


ТАВ. БУСАД

5.1. Төрийн байгууллага Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль болон энэ журамд заасан шагналаар шагнагдсан албан хаагчийн мэдээллийн сантай байна.

5.2. Төрийн албан хаагч Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль болон энэ журамд заасан шагналаар шагнуулсан бол энэ тухай мэдээллийг Төрийн албаны тухай хуулийн 15.1-д заасны дагуу тухайн албан хаагчийн хувийн хэрэгт тэмдэглэж хадгална.

Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам

 

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1.1. Төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 51.1.4-т заасан мөнгөн урамшууллыг олгоход энэ журмыг мөрдөнө.

1.2. Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараахь эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно:

1.2.1. төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид;

1.2.2. төсвийн шууд захирагч нь байгууллагын төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид.

1.3. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн байгууллага жил бүр төсөвтөө тусгана. 


ХОЁР. ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР ТООЦОН ОЛГОХ НИЙТЛЭГ МӨНГӨН УРАМШУУЛАЛ

2.1. Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно.

2.2. Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна.

2.3. Энэхүү журмын  2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана.

2.4. Төрийн жинхэнэ албан хаагчид үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоход Засгийн газраас баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журамд заасан нөхцөл, шалгуурыг баримтална.

2.5. Энэ журмын  2.4-т зааснаас бусад төрийн албан хаагчид үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн биелэлт, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн олгоно.

2.6. Төсвийн шууд захирагч энэ журамд нийцүүлэн улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох нарийвчилсан журмыг баталж болно.

2.7. Хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй бол тухайн төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн  урамшуулал олгохгүй.


ГУРАВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД УЛИРАЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР ОЛГОХ МӨНГӨН УРАМШУУЛАЛ

3.1. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд ажлын үр дүн, гүйцэтгэлийг нь үндэслэн мөнгөн урамшуулал олгоно. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага энэ журмын дагуу мөнгөн урамшуулал олгож болно.

3.2. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг үндэслэн үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгоно. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2019 оны 395 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.3. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшуулал олгохдоо энэ журмын 3.4-т заасан шалгуур үзүүлэлтийг баримтлан ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэж, тухайн жилийн төсөвт уг урамшуулалд зориулан батлагдсан хөрөнгийн дүнд багтаан энэ журмын  3.10, 3.12-т заасан шийдвэрийг үндэслэн олгоно.

3.4. Мөнгөн урамшуулал олгоход дараахь шалгуур үзүүлэлтийг баримтална:

Албан тушаал

Үр дүнгийн үндсэн шалгуур

Үндсэн шалгуурыг тодорхойлох тусгай үзүүлэлт

А. Эрүүл мэндийн ажилтанд тавигдах нийтлэг шалгуур үзүүлэлт

Эрүүл мэндийн ажилтан

Үйлчилгээний чанар

 1. Хүлээлгэж чирэгдүүлэлгүй үйлчилгээ   үзүүлсэн байдал;

 2. Ёс зүй, харьцааны байдал;

 3. Үйлчлүүлэгч, хамт олны сэтгэл ханамжийн байдал.

Ажлын ачаалал, хариуцлага

 1. Ажлын цаг ашиглалт;

 2. Ажлын ачаалал;

 3. Хариуцсан өмч хөрөнгийн ашиглалт;

 4. Албан хэргийн бүртгэл, хөтлөлт, тайланг хугацаанд нь гаргасан байдал.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд оруулсан хувь нэмэр

 1. Эмчилгээ үйлчилгээнд шинэ бүтээл, оновчтой санааг нэвтрүүлэн, эдийн засгийн үр өгөөжийг тооцсон байдал;

 2. Үргүй зардлыг багасгах талаар тодорхой санал санаачилга гарган ажилласан байдал;

 3. Ажлын идэвх, олон нийтийн арга хэмжээнд оролцсон байдал.

Б. Тусгай шалгуур үзүүлэлт

Эмнэлгийн мэргэжилтэн

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар

 1. Эмчилгээ, үйлчилгээний стандартыг мөрдөж байгаа байдал;

 2. Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж байгаа байдал;

 3. Эмчилгээ, үйлчилгээний талаар гаргасан гомдол;

 4. Үйлчлүүлэгчид зөвлөгөө өгсөн байдал;

 5. Үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын гүйцэтгэл, чанар.

Эрүүл мэндийн бусад ажилтан

Хариуцсан ажлын чанар

 1. Стандарт мөрдөж байгаа байдал;

 2. Үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын гүйцэтгэл, чанар;

 3. Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврын биелэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.5. Эрүүл мэндийн ажилтны албан тушаалын тодорхойлолтод тусгасан үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлийг дүгнэх журам, энэ журмын 3.4-т заасан шалгуур үзүүлэлтийг тооцох аргачлалыг эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

3.6. Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг “бүрэн хангалттай”, “хангалттай” гэж үнэлж, улирал бүр дүгнэнэ.

3.7. Ажлын үр дүнгийн үнэлгээнээс хамааран дараахь хувь хэмжээгээр сар бүр мөнгөн урамшуулал тооцно:

Бүх шалгуурын биелэлтийн хувь

Ажлын үр дүнгийн үнэлгээ

Албан тушаалын үндсэн цалингаас урамшил тооцох хувь (сард)

90-100

Бүрэн хангалттай

11-20 хувь

(Засгийн газрын 2019 оны 395 дугаар
тогтоолоор өөрчлөлт орсон)

71-89

хангалттай

10 хувь хүртэл

3.8. Ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлт 71-ээс доош хувьтай байгаа тохиолдолд тухайн албан хаагчид улирлын урамшуулал олгохгүй.

3.9. Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг тухайн ажилтны ажиллаж байгаа тасаг, нэгжийн дарга үнэлж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргана.

3.10. Эрүүл мэндийн байгууллагын тасаг, нэгжийн хамт олны хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшил олгох шийдвэрийг байгууллагын дарга гаргана.

3.11. Мөнгөн урамшууллыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор олгоно.

3.12. Эрүүл мэндийн байгууллагын даргын ажлын үр дүнг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан дүгнэж, шийдвэр гаргана.


ДӨРӨВ. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, ТУСЛАХ БАГШ, АЛБАН ХААГЧИД ОЛГОХ УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГИЙН МӨНГӨН УРАМШУУЛАЛ

4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль,  мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын багш, туслах багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоно.

4.2. Энэ журмын 4.1-д заасан албан хаагч гэдэгт сургалтын байгууллагын төсвөөс цалинждаг орон тооны ажилтан хамаарна.

4.3. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сургалтын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй багш, туслах багш, бусад албан хаагчид олгоно.

4.4. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшийн сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүн боловсруулах, цахим сан бүрдүүлэх, уралдаан тэмцээнд хүүхдүүдийг бэлтгэх, жижүүр багшаар ажиллах, эцэг эх, асран хамгаалагчтай харилцах зэрэг ажлыг,  ерөнхий боловсролын сургуулийн багшийн дэвтэр засах, давтлага өгөх, шалгалт, шүүлэг авах, сургалтын арга зүй, технологи, инновацийг хөгжүүлэх, цахим болон интерактив, нээлттэй контент, хэрэглэгдэхүүн боловсруулах, сурагчдын цахим сан бүрдүүлэх, секц дугуйлан хичээллүүлэх, олимпиад, уралдаан тэмцээнд сурагчдыг бэлтгэх, жижүүр багшаар ажиллах, эцэг эх, асран хамгаалагчтай харилцах зэрэг ажлыг тус тус үнэлж  албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгоно.

4.5. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгоно.

4.6. Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагчид үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгоно.(Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 388 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4.7. Энэ журмын 4.3-т заасан нөхцөлийг хангасан багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг тухайн сургалтын байгууллагын эрхлэгч, захирал гаргана. Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана.