Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлуулах

Төрийн жинхэнэ албан хаагчийн (цаашид “Албан хаагч” гэх) төлөвлөгөө нь нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна. Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн байгууллагын нэгжийн төлөвлөгөө болно.

Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох

Байгууллагын, зохион байгуулалтын нэгжийн болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлтийг стратеги төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөний хавсралт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, статистикийн мэдээ, салбарын болон орон нутгийн мэдээлэлд үндэслэн дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

Стратеги төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөний хавсралт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ижил нэршилтэй, ижил утгатай, бие биеэ агуулсан утгатай зорилтуудыг нэгтгэж, нэг гүйцэтгэлийн зорилт болгон тодорхойлох;

Стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилтын хүрээнд хүлээгдэж байгаа өөрчлөлтийг илэрхийлсэн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох бөгөөд гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ нь хоорондоо нягт уялдсан байх;

Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчин, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, аливаа байгууллагын үйл ажиллагаанд бий болох үр дүн, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтийг бодитойгоор тодорхойлох;

Шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшин нь тухайн жилдээ хэрэгжих боломжтой, тоон ба чанарын утгаар илэрхийлэгдэх, хэмжигдэхүйц байх;

Гүйцэтгэлийн зорилт тус бүрийн хүрээнд 1-ээс доошгүй тооны үр дүнг тодорхойлж, тухайн үр дүн бүрт 2-оос доошгүй үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;

Гүйцэтгэлийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ бүрт 1-ээс доошгүй шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;

Байгууллагын гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг хагас, бүтэн жилээр тодорхойлох;

Зохион байгуулалтын нэгжийн болон ТЖАХ-ийн гүйцэтгэлийн зорилтын шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг хагас, бүтэн жилээр, арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг улирлаар тодорхойлох;

Гүйцэтгэлийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ болон арга хэмжээг хэрэгжүүлэх ажил үйлчилгээг ялгаж тодорхойлох;

Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээнд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг тодорхойлохдоо дараах зарчмыг баримтална:

- Суурь түвшнээс хүрэх түвшин тодорхой байгаа үед өөрчлөлтийг гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний онцлогоос шалтгаалан улирал бүрээр нарийвчлан тооцно. / Тодорхой арга хэлбэр, дэс дараалал, журам, заавар, аргачлалын дагуу /

- Суурь түвшнээс хүрэх түвшинг тодорхой бус үед ижил төстэй гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний сүүлийн 3 жилийн дундаж, өнгөрсөн жилийн гүйцэтгэлийн мэдээлэлд үндэслэн улирлаар өөрчлөлтийг тооцно.

Гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг арга хэмжээ тус бүрээр нарийвчлан тусгасан байна. Санхүүжилтийн эх үүсвэргүй зорилт, арга хэмжээг / зардал нь төсөвт тусгагдаагүй / гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй. Байгууллагын дотоод нөөц бололцоог ашиглан хэрэгжүүлж болохуйц зорилт, арга хэмжээг энд хэлээгүйг анхаарна уу.

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн зорилтын төрлийг тодорхойлох

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн зорилтыг тодорхойлохдоо дараах аргачлалыг баримтална.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт гэж харьяалах нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан, албан тушаалын чиг үүрэгт хамаарах төрийн үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход чиглэсэн зорилтыг хэлнэ.

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт гэж харьяалах нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан, албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэгт хамаарах бодлогын баримт бичгийн зорилтыг хэлнэ.

Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт гэж харьяалах нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан, албан тушаалын чиг үүрэгт хамаарах хууль тогтоомжоор тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтыг хэлнэ.

Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт гэж Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилтыг хэлнэ.

Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт гэж төрийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, хандлагыг сайжруулах зорилтыг хэлнэ.

Зохион байгуулалтын нэгжийн болон албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт хоорондын уялдааг хангах

Нэгжийн гүйцэтгэлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагч нар гүйцэтгэлийн зорилтыг төлөвлөгөөнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалын дагуу томьёолох бөгөөд тухайн зорилтуудыг хэрэгжүүлснээр нэгжийн гүйцэтгэлийн зорилт биелэх боломжтой эсэхийг доорх аргачлалаар шалгаж үзнэ үү.

Албан хаагчдын гүйцэтгэлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүдийн хүрэх түвшний нийлбэр нь нэгжийн гүйцэтгэлийн зорилтын шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг өөртөө агуулах, эсхүл тэнцэж байвал албан хаагчдын гүйцэтгэлийн зорилтуудыг хэрэгжүүлснээр нэгжийн гүйцэтгэлийн зорилт биелнэ гэж үзэж болно. Харин эсрэг тохиолдолд төлөвлөлт буруу байна гэсэн үг. Энэ үед нэгжийн болон албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт хоорондын уялдааг дахин нягталж, төлөвлөлтөө засах хэрэгтэй.

Нэгжийн дарга Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянаж, гарын үсэг зуран баталгаажуулахдаа энэхүү аргачлалыг ашиглана.

Албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт болон хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангах

Төлөвлөгөөнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалын дагуу албан хаагч нь гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээнүүдээ төлөвлөсний дараа тухайн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт биелэх боломжтой эсэхийг доорх аргачлалаар шалгаж үзнэ үү.

Албан хаагчийн гүйцэтгэлийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн шалгуур үзүүлэлтүүдийн хүрэх түвшний нийлбэр нь албан хаагчийн гүйцэтгэлийн зорилтын шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг өөртөө агуулах, эсхүл тэнцэж байвал уг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт биелнэ гэж үзэж болно. Харин эсрэг тохиолдолд төлөвлөлт буруу байна гэсэн үг. Энэ үед албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүд хоорондын уялдааг дахин нягталж, төлөвлөлтөө засах хэрэгтэй.

Арга хэмжээ болон арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө хоорондын уялдаа

Арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулахдаа холбогдох журам, заавар, аргачлалд нийцүүлэн 1-12 сард ижилхэн ачаалалттай байхаар хувааж төлөвлөнө. Төлөвлөсөн ажил нь логик дэс дараалалтай, ойлгомжтой, энгийн үг хэллэгээр бичигдсэн байна.

Арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон сарын ажлын төлөвлөгөө хоорондын уялдаа

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний тухайн сард хийх ажил, үйлчилгээнүүдийн нийлбэр нь Албан хаагчийн сарын ажлын төлөвлөгөө болно.