ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ
НЭГ. ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ
1.1. “Бодлогын баримт бичиг болон хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ”-г хэрэгжүүлэх зорилгоор тухайн албан хаагч гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлохдоо дараах арга зүйг мөрдлөг болгоно. Үүнд:
1.1.1. Албан тушаалын зорилго, зорилтод үндэслэн албан хаагчийн гүйцэтгэлийн зорилтыг томьёолох;
1.1.2. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан ижил нэршилтэй, ижил утгатай, бие биеэ агуулсан утгатай зорилт, арга хэмжээг нэгтгэж, нэг арга хэмжээ болгон тодорхойлох;
1.1.3. Гүйцэтгэлийн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангах;
1.1.4. Байгууллагын гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг бусад нэгж, эсхүл өөрийн нэгжийн албан хаагчтай хамтран хэрэгжүүлэхгүй тохиолдолд тухайн албан хаагч уг арга хэмжээ, түүний шалгуур үзүүлэлтийг өөрчлөхгүйгээр гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах;
1.1.5. Байгууллагын гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг бусад нэгж, эсхүл өөрийн нэгжийн албан хаагчтай хамтран хэрэгжүүлэх болсон тохиолдолд тухайн албан хаагч арга хэмжээ, түүний шалгуур үзүүлэлтийг дангаараа хэрэгжүүлж болохуйц байдлаар нарийвчлан тодорхойлж, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах;
1.1.6. 3-аас 12 сарын хугацаанд үргэлжлэх багц ажлыг 1 арга хэмжээ болгон томьёолох;
1.1.7. Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжихүйц, ач холбогдолтой, цаг хугацаатай байхаар тодорхойлох;
1.1.8. Арга хэмжээний гол үр дүнг харуулсан 1 - 2 шалгуур үзүүлэлт сонгох, шаардлагатай тохиолдолд чанарын шалгуур үзүүлэлт ашиглах боломжтой ч аль болох үр дүнд суурилсан шалгуур үзүүлэлт сонгох;
1.1.9. Арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг хагас, бүтэн жилээр тодорхойлох;
1.2. “Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллах” зорилт нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлэхэд чиглэнэ. Албан хаагч энэхүү зорилтын хүрээнд 2 арга хэмжээ төлөвлөж, хэрэгжилтийг ханган ажиллана.
Арга хэмжээ №1.2.1. ТАХ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулах, төлөвлөгөөний биелэлт, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, шаардлагатай бусад тоо баримт, мэдээллийг тогтоосон хугацаанд нь гаргаж, холбогдох нэгж, албан тушаалтанд хүргүүлэх;
Арга хэмжээ №1.2.2. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх.
ХОЁР. МЭДЛЭГ ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ
2.1. “Төрийн албаны тухай хууль, салбарын хууль, дагалдан гарсан хууль тогтоомжид заасан мэдлэг чадварыг эзэмших, тасралтгүй хөгжүүлэх” зорилт нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл “Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага”, салбарын хууль тогтоомжид заасан мэдлэг, ур чадвар, арга зүйг үе шаттайгаар эзэмшиж, хариуцсан ажлаа мэргэжлийн түвшинд үр бүтээлтэй хийж гүйцэтгэхэд чиглэнэ. Албан хаагч энэхүү зорилтын хүрээнд 2-оос багагүй арга хэмжээ төлөвлөж, хэрэгжилтийг ханган ажиллана.
Арга хэмжээ №2.1.1. Шинээр мэргэжил эзэмших, боловсролын зэргээ ахиулах, томоохон судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих бол 1 арга хэмжээ,
Арга хэмжээ №2.1.2. Төрийн албаны тухай хуулийн 29.1-т заасан богино болон дунд хугацааны сургалтад хамрагдахаар / төрийн албаны сургалтын байгууллага / болсон тохиолдолд 1 арга хэмжээ,
Арга хэмжээ №2.1.3. Албан тушаалын онцлогоос хамаарсан гадаад хэл, мэдээллийн технологийн болон салбарын хууль тогтоомжид заасан зайлшгүй шаардлагатай ур чадварыг мэргэжлийн сургалтын байгууллагаар дамжуулж, эсхүл бие даан суралцаж эзэмших тохиолдолд 1 арга хэмжээг тус тус төлөвлөж болно.