ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮН, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ
Байгууллагын үнэлгээний багийн үйл ажиллагаа
Байгууллагын үнэлгээний багийг төсвийн шууд захирагчийн тушаалаар байгууллагын нэгжийн удирдах албан тушаалтан болон хүний нөөц хариуцсан албан хаагчийн төлөөллөөс бүрдүүлэн жил бүрийн 6, 12 дугаар сард багтаан байгуулна. Хэрэв тухайн байгууллага зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын үнэлгээний баг шаардлагагүй бөгөөд энэ журамд заасан байгууллагын үнэлгээний багийн хийх ажлыг төсвийн шууд захирагч гүйцэтгэнэ.
Нэгжийн дарга харьяалах нэгжийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний хагас жилийн үнэлгээг 6 дугаар сарын 17-ны дотор, жилийн эцсийн үнэлгээг 12 дугаар сарын 17-ны дотор тус тус хийж, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудсуудыг нэгтгэн үнэлгээний багт хүргүүлнэ.
Нэгжийн даргын албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээг үндэслэн үнэлгээний баг 6, 12 дугаар сарын 20-ны дотор холбогдох хууль тогтоомж болон хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний саналыг эрх бүхий этгээдэд гаргана.
- Тус саналыг харгалзан төсвийн шууд захирагч тушаал гаргаж, холбогдох нэгж, албан тушаалтан хэрэгжилтийг хангуулан ажиллана.
- Албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг эрх бүхий этгээдийн баталсан үнэлгээний хуудсаар баталгаажуулж, албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргана.
Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг үнэлэх
Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг гүйцэтгэлийн түвшинг 0-100 хүртэл хувиар / 60 оноо / болон хугацаандаа гүйцэтгэсэн / 10 оноо / эсэхээс хамааран 0-100 хүртэл хувиар нийт 70 хүртэлх оноогоор үнэлнэ.
Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтийг үнэлэх
Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтийг 0-100 хүртэл хувиар 15 хүртэлх оноогоор үнэлнэ.
Хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээ / Нэгжийн даргын үнэлгээ /
Журмын 4.9.3-т заасны дагуу нэгжийн дарга өөрийн харьяалах нэгжийн албан хаагчийн хандлага, ёс зүй, төлөвлөх, зохион байгуулах, шийдвэр гаргах болон асуудлаа тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шинийг санаачлах, хариуцлага хүлээх чадваруудыг ТЖАХ-ийн хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээний хүснэгт, ажлын цаг ашиглалт, цагийн менежментийг хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийн бүртгэлд үндэслэн тус тус үнэлнэ.
Хууль сахиулах байгууллага (цэрэг, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ ...), дипломат алба, татвар, гааль, нийгмийн даатгал, халамж, дэд бүтцийн байгууллага (агаарын тээвэр, төмөр зам, авто зам, барилга, эрчим хүч ...) гэх мэт мэргэжлийн ур чадвар шаарддаг байгууллагын хувьд албан хаагчийг 3 хүртэлх ур чадварыг нэмж тусган үнэлж болно.
Дундаж онооны бодолт: Нэгжийн даргын 3-р багананд тавьсан үнэлгээг хоёроор үржүүлж харгалзах 4-р багананд бичнэ. 4-р баганын оноонуудыг хооронд нь нэмж нийлбэрийг олно. Дараа нь уг нийлбэрийг хандлага, ёс зүй, ур чадварын үзүүлэлтийн тоонд хувааж дундаж оноог олно.
Хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээ / Хамт олны үнэлгээ /
Журмын 4.9.3-т заасны дагуу нэгжийн дарга албан хаагчийн манлайлал, баг, хамтын ажиллагаа, харилцааны чадваруудыг нэгжийн хамт олноор үнэлүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд үнэлгээг албан хаагчдаас нууцаар авч, нэгтгэн үнэлгээнд тооцно.
Нэгжийн хамт олон маягт №ТАХ_01 дээр албан хаагчийн дээрх чадваруудыг ТЖАХ-ийн хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээний хүснэгтэд үндэслэн үнэлнэ.
Дундаж онооны бодолт: Нэгжийн хамт олны 3-р багананд тавьсан үнэлгээг харгалзах 4-р багананд бичнэ. 4-р баганын оноонуудыг хооронд нь нэмж нийлбэрийг олно. Дараа нь уг нийлбэрийг хандлага, ёс зүй, ур чадварын үзүүлэлтийн тоонд хувааж дундаж оноог олно.
Үнэлгээний хуудаст тавих дундаж оноог бодохдоо хамт олны үнэлгээний үзүүлэлт бүрийн оноог харгалзуулан хооронд нь нэмж нийлбэрийг олно. Дараа нь уг нийлбэрийг нэгжийн хамт олны тоонд хувааж дундаж оноог олно.
Хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээ / Хэрэглэгчийн үнэлгээ /
Журмын 4.9.3-т заасны дагуу нэгжийн дарга төрийн үйлчилгээ үзүүлдэг албан хаагчийг / өдөр бүр иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй харилцдаг / хэрэглэгчээр үнэлүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд үйлчилгээ авсан хэрэглэгчээр үнэлгээ хийлгэнэ. Үйлчилгээ үзүүлсэн хэрэглэгчийн тооноос хамааруулан түүврийн хэмжээг тооцно. Төрийн үйлчилгээ үзүүлдэг албан хаагч эхний жил нэгжийн хамт олноор, дараагийн жил хэрэглэгчээр гэх мэтчилэн ээлжлэн үнэлүүлнэ.
Нэгжийн дарга маягт №ТАХ_02-ийг ашиглан тухайн албан хаагчийг хэрэглэгчдээр үнэлүүлж, тус маягт дээр гарын үсэг зурж баталгаажуулна.
Зааварчилгаа: “Сайн” үнэлгээнд 5 оноо, “Дунд” үнэлгээнд 3 оноо, “Муу” үнэлгээнд 1 оноо тус тус өгнө.
Дундаж онооны бодолт: Хэрэглэгчийн 3-р багананд тавьсан үнэлгээг харгалзах 4-р багананд бичнэ. 4-р баганын оноонуудыг хооронд нь нэмж нийлбэрийг олно. Дараа нь уг нийлбэрийг наймд хувааж дундаж оноог олно.
Үнэлгээний хуудас дээр тавих дундаж оноог бодохдоо хэрэглэгчдийн үнэлгээний үзүүлэлт бүрийн оноог харгалзуулан хооронд нь нэмж нийлбэрийг олно. Дараа нь уг нийлбэрийг судалгаанд хамрагдсан хэрэглэгчийн тоонд хувааж дундаж оноог олно.
Гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээ
Журмын 4.3-т заасны дагуу Нэгжийн дарга албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж “А буюу Маш сайн”, “B буюу Сайн”, “C буюу Хангалттай”, “D буюу Сайжруулах шаардлагатай”, “F буюу Хангалтгүй” гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна. Үнэлгээг онооны харьцаагаар тодорхойлбол:
90 – 100 оноотой бол “А буюу Маш сайн” гэсэн үнэлгээ
80 – 89 оноотой бол “В буюу Сайн” гэсэн үнэлгээ
70 – 79 оноотой бол “С буюу Хангалттай” гэсэн үнэлгээ
60 – 69 оноотой бол “D буюу Сайжруулах шаардлагатай” гэсэн үнэлгээ
59 онооноос доош бол “F буюу Хангалтгүй” гэсэн үнэлгээгээр үнэлнэ.
Гүйцэтгэлийн үнэлгээнд оролцсон албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга дарснаар албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үйл ажиллагаа дуусгавар болно.
----оОо----