БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ

Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахад тавигдах шаардлага


Төлөвлөгөөг боловсруулахдаа стратеги төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичигтэй уялдуулан, зорилт, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, тухайн жилийн хүрэх түвшин, гүйцэтгэл, үр дүнг тооцсон байна.

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аргачлал, загварт хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

"Бодлогын зорилго” гэж улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангасан, хүрч болохуйц эерэг өөрчлөлтийг;

“Бодлогын зорилт” гэж бодлогын зорилгод нийцсэн, улс, салбар, салбар хооронд болон бүс орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангасан үйл ажиллагааны бүрдлийг;

“Үйл ажиллагаа” гэж бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн оновчтой, хэмжигдэхүйц, тодорхой хугацаанд хүрч болохуйц арга хэмжээг;

“Шалгуур үзүүлэлт” гэж бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үе шат бүрт бий болох өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон чанарын болон тоон үзүүлэлтийг;

“Суурь түвшин” гэж үйл ажиллагаа болон бодлогын баримт бичиг, хэрэгжиж эхлэх үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг; 

“Зорилтот түвшин” гэж тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг.


НИЙТЛЭГ ШААРДЛАГА

- Зорилт нь үр дүнд суурилсан, бодитой, биелэгдэхүйц байх

- Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь зорилтдоо чиглэсэн байх

- Арга хэмжээг хэрэгжүүлэх нөөц, төсөв, санхүүгийн эх үүсвэр тодорхой байх

- Шалгуур үзүүлэлт нь тодорхой, хэмжигдэхүйц / SMART / байх

- Судалгаа, шинжилгээнд суурилсан байх

- Мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангасан байх

- Тоон мэдээлэл нь чанарын үзүүлэлтээр баталгаажсан байх

- Төрийн үйлчилгээг чанартай, хурдан шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн байх

- Хууль тогтоомжид нийцсэн байх


ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтээр төлөвлөсөн үйл ажиллагаанд цаг хугацааны явцад гарч буй аливаа өөрчлөлт, ахиц дэвшлийг хэмждэг. Хүссэн зорилгодоо хүрэхийн тулд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр нөлөөг харуулахын тулд янз бүрийн үзүүлэлтүүдийг ашиглана. Иймд хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог үр дүнтэй, найдвартай байлгах үүднээс зохистой үзүүлэлтүүдийг тодорхойлох нь чухал юм. Оролцогч талуудын зөвшилцлийн үр дүнд шалгуур үзүүлэлтийг сонгох ёстой. Шалгуур үзүүлэлт нь хүссэн үр дүнтэй аль болохоор ижил төстэй байх ёстой. Шалгуур үзүүлэлт нь зорилтот түвшний тусгал байх хэрэгтэй. Амжилт эсвэл ахисан түвшинг үнэлэх үүднээс шалгуур үзүүлэлт нь зорилтот түвшинг тусгахаас гадна бодлогын үр дүнтэй байдлыг мэдээлж, сайжруулах арга замыг санал болгох ач холбогдолтой юм. Үүнээс гадна үзүүлэлт нь SMART эсвэл CREAM байх хэрэгтэй.

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ШИНЖҮҮД


СУУРЬ ТҮВШИН

Суурь түвшин нь зорилт, арга хэмжээ эхлэх үеийн, эсвэл эхлэхээс дөнгөж өмнөх үеийн байдлын талаарх тоон болон чанарын мэдээлэл юм. Ирээдүйн гүйцэтгэлийг хэмжих эхлэлийн цэг, эсвэл чиглүүлэгчээр суурь түвшинг хэрэглэдэг. Суурь түвшин нь шалгуур үзүүлэлтийн анхны маш чухал хэмжигдэхүүн юм.

Шалгуур үзүүлэлт тус бүрийн суурь түвшний мэдээллийг бүрдүүлэхэд асуух шаардлагатай 8 үндсэн асуулт байдаг.

1. Мэдээллийн эх сурвалж юу вэ?
2. Мэдээллийг цуглуулах ямар аргууд байна вэ?
3. Мэдээллийг хэн цуглуулах вэ?
4. Мэдээллийг хэр тогтмол цуглуулах вэ?
5. Мэдээллийг цуглуулахад ямар зардал гарах вэ?
6. Мэдээлэлд хэн дүн шинжилгээ хийх вэ?
7. Мэдээллийг хэн тайлагнах вэ?
8. Мэдээллийг хэн хэрэглэх вэ?

Сонгосон шалгуур үзүүлэлтүүд болон тэдгээрийг хянахад ашиглаж буй мэдээлэл цуглуулах стратеги нь бодит байдалд мэдээллийн ямар систем ашиглаж байгаа, одоогийн байдлаар ямар мэдээлэл гаргах боломжтой, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх цар хүрээ, хэр гүнзгий түвшинд хийх чадавхи зэрэгт үндэслэсэн байх хэрэгтэй.


ЗОРИЛТОТ ТҮВШИН

Шалгуур үзүүлэлтүүдийн суурь түвшний мэдээлэл цуглуулсны дараах алхам бол үр дүнд хүрэх үүднээс тодорхой цаг хугацаанд ямар ахиц өөрчлөлтөд хүрч болох буюу үр дүнгийн зорилтот түвшинг тогтоох асуудал юм. Бодлого, зорилт, арга хэмжээний хүлээгдэж байгаа үр дүнг тогтооход гүйцэтгэлийн тодорхой зорилтот түвшинг тогтоох шаардлагатай болдог. Зорилтот түвшинг тогтоох нь гүйцэтгэлийн тогтолцоог бүрдүүлэх сүүлчийн алхам юм. Энэ нь үр дүн, шалгуур үзүүлэлт, суурь түвшинд үндэслэнэ.

Зорилтот түвшин гэдэг нь “... хүрэх буюу хийх гэж буй зүйлийн тоо, хугацаа, байрлалыг илэрхийлсэн тодорхой зорилт юм.” Үндсэндээ, зорилтот түвшин нь нийгэм, эдийн засгийн, эсвэл байгууллагын тухайн цаг хугацаанд хүрэхийг хүсч байгаа шалгуур үзүүлэлтийн тоогоор илэрхийлэгдсэн түвшин юм.

Суурь түвшин буюу эхлэлийн цэгийн талаар тодорхой ойлголт шаардлагатай. Жишээ нь: сүүлийн 3 жилийн гүйцэтгэлийн дундаж, өнгөрсөн жилийн гүйцэтгэл, дундаж чиг хандлага, сүүлийн 6 сарын холбогдох мэдээлэл гэх мэт. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэлийн шинэ зорилтот түвшинг төлөвлөхөд өмнөх гүйцэтгэлийг анхаарч үзнэ.

Байгууллагын гүйцэтгэлийн ирээдүйн зорилтот түвшинг төлөвлөхдөө сүүлийн хэдэн жилийн хугацаанд ямар гүйцэтгэлтэй байсныг сайтар ажиглах хэрэгтэй.

Зорилтот түвшинд хүртэлх нийт хугацаанд хамрагдах өнөөгийн хүчин чадал, төсөв, боловсон хүчин, санхүүжилтийн нөөц, хөрөнгө болон адилтгах зүйлс зэрэг хүлээгдэж буй санхүүжилт, нөөцийн түвшин байна. 

Шалгуур үзүүлэлт бүр тодорхой цаг хугацааны явцад нэг л зорилтот түвшинтэй байна.

Зорилтот түвшин нь үр дүн байх бөгөөд урт хугацааны зорилтод хүрэх явцын дундах алхам юм.