Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, Улаанбаатар хот


МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ


НЭГДYГЭЭР БYЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын яам /цаашид яам гэх/-ны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.


2 дугаар зүйл. Яамны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

2.1. Яамны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


3 дугаар зүйл. Яам, түүний чиг үүрэг

3.1. Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн.

3.2. Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яам ажиллана.

3.3. Яам нь Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.4. Ерөнхий чиг үүргийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны нийт салбарын нийтлэг, чиглэлийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой салбарын асуудлаар энэ хуулийн 3.3.-т заасан чиг үүргийг тус тус хэрэгжүүлнэ.

3.5. Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө.


4 дүгээр зүйл. Яамны үйл ажиллагааны зарчим

4.1. Яамны үйл ажиллагааны үндсэн зарчим нь ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн.

4.2. Яам нь төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай, соёлч байдлыг хангах, мэргэшсэн байх, ил тод нээлттэй байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх, яамд нь бие биенийхээ дотоод хэрэгт үл оролцон харилцан хүндэтгэх зарчмыг баримтлан ажиллана.


5 дугаар зүйл. Яамыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах

5.1. Засгийн газрын үйл ажиллагааны ерөнхий чиг үүрэг болон салбарын чиг үүргийг зохистой хуваарилах үндсэн дээр яамыг Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана.


6 дугаар зүйл. Яамны тамга, тэмдэг, бэлгэдэл

6.1. Яам тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

6.2. Энэ хуулийн 6.1-д заасан тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх журмыг Засгийн газар тогтооно.

6.3. Яам эрхэлсэн ажлын онцлог, түүхэн уламжлалыг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болно.

6.4. Яамны бэлгэдлийн загвар, тодорхойлолт, хэрэглэх журмыг Засгийн газар тогтооно.


ХОЁРДУГААР БҮЛЭГ. ЯАМНЫ ЭРХЛЭХ АСУУДАЛ

7 дугаар зүйл. Яамны нийтлэг эрхлэх асуудал

7.1. Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь нийтлэг ажил эрхэлнэ:

7.1.1. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

7.1.2. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийн төсөл боловсруулах;

7.1.3. салбарын хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулах, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

7.1.4. төсвийн ерөнхийлөн захирагчаас яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага, холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийн явц, үр дүнд хяналт тавих, дүгнэх;

7.1.5. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг сурталчлах, хуулийг хэрэглэж байгаа практикийг судалж нэгтгэн, боловсронгуй болгох санал боловсруулж холбогдох байгууллагад оруулах;

7.1.6. аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

7.1.7. Засгийн газрын агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын хоорондын болон эдгээр байгууллага, аймаг, нийслэлийн захиргааны холбогдох байгууллагын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах;

7.1.8. төрийн албан хаагчдын хэрэгцээг тодорхойлох, тэднийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангахтай холбогдсон бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

7.1.9. хүний эрхийг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх арга хэмжээ авах;

7.1.10. Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, тэдгээрт хууль тогтоомжийг нийцүүлж, биелэлтийг хангуулах;

7.1.11. салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах тооцоо, судалгаа, мэдээ материалыг бусад яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага, аж ахуйн нэгжээс гаргуулж авах;

7.1.12. тухайн салбарын ажиллагсдыг урамшуулах, төрийн дээд шагналаар шагнуулах, цол олгуулах саналыг хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу холбогдох байгуулагад өргөн мэдүүлэх;

7.1.13. хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/

7.1.14. хууль тогтоомжид заасан бусад нийтлэг эрхлэх асуудал.

/Энэ заалтын дугаарт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2. Яамны эрхлэх тодорхой асуудлыг хуулиар тогтооно.


ГУРАВДУГААР БҮЛЭГ. ЯАМНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ

8 дугаар зүйл. Монгол Улсын сайд

8.1. Яамыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд /цаашид “сайд” гэх/ тэргүүлнэ.

8.2. Сайд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тэргүүлж буй яамныхаа аппаратад түшиглэж эрхлэх асуудлын хүрээнийхээ чиглэлээр зөвлөгөө, туслалцаа авч яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.3. Сайдын өөрийн ажлын хэсэг /зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан/ нь сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлж, шуурхай ажлыг нь гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8.4. Энэ хуулийн 8.3-т заасан ажилтан ажлаа сайдын өмнө хариуцаж, төрийн албан хаагчийн хувьд яамны аппаратад харъяалагдана.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8.5. Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/


9 дүгээр зүйл. Төрийн нарийн бичгийн дарга

9.1. Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.2. Төрийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3. Төрийн нарийн бичгийн дарга яамны аппаратын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, удирдана.

9.4. Төрийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн сайдын тушаал, үүрэг даалгаврыг удирдлага болгоно.

9.5. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын ажлын үр дүнг сайдын өмнө хариуцна.

9.6. Төрийн нарийн бичгийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.6.1. яамны аппаратын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, яамны хэмжээнд мөрдөх дүрэм, заавар, журмыг хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалд нийцүүлэн баталж, мөрдүүлэх;

9.6.2. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, сайдын тушаал, Засгийн газрын хуралдаан, Ерөнхий сайд, сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих;

9.6.3. яамны төсвийн ерөнхий менежерийн хувьд сайдтай үр дүнгийн гэрээ байгуулж, гүйцэтгэлийг дүгнүүлэх;

9.6.4. сайдаас эрхлэх асуудлынхаа хүрээний агентлаг, бусад этгээдтэй үр дүнгийн гэрээ байгуулахад нь болон салбарын бодлого зохицуулалт, хэрэгжилтийг хянах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

9.6.5. сайдын даалгаснаар эрхлэх асуудлынх нь хүрээний агентлаг, бусад байгууллагын удирдлагатай харилцах;

9.6.6. бүрэн эрхийнхээ асуудлаар холбогдох байгууллагатай шууд харилцах;

9.6.7. яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд заасан хүрээнд хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх;

9.6.8. батлагдсан төсөв, орон тооны дээд хязгаартаа багтаан яамны төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах;

9.6.9. хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах;

9.6.10. ажилтныг ажлын үр дүнгээр нь шагнаж урамшуулах;

9.6.11. ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах;

9.6.12. зохих журмын дагуу яамны нэр дээр банкинд харилцах данс нээх;

9.6.13. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр олгосон болон сайдаас шилжүүлсэн бусад бүрэн эрх.

9.7. Сайдын түр эзгүйд түүний даалгаснаар байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн бичигт хариу өгч, гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.

9.8. Төрийн нарийн бичгийн дарга энэ хуулийн 9.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн яамны хэмжээнд мөрдөх тушаал гаргаж, биелэлтийг хангуулна.

9.9. Төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаал нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалыг зөрчсөн нь тогтоогдсон бол түүнийг уг албан тушаалтан өөрөө, хэрэв уг албан тушаалтан хууль тогтоомжид заасан хугацаанд шийдвэрлээгүй бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол сайд тус тус хүчингүй болгоно. Тухайн тушаалтай холбоотой маргаан гарсан тохиолдолд иргэн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болно.

9.10. Төрийн нарийн бичгийн даргад зөвлөх үүрэг бүхий яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нараас бүрдсэн зөвлөл байгуулан ажиллуулж болно. Зөвлөлийн ажиллах журмыг Төрийн нарийн бичгийн дарга батална.

9.11. Төрийн нарийн бичгийн даргыг түр эзгүйд албан үүргийг нь түр орлон гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн сайд гаргана.


10 дугаар зүйл. Яамны зохион байгуулалтын бүтэц

10.1. Яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газар батална.

10.2. Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратегийг  Төрийн нарийн бичгийн дарга батална.

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.3. Тухайн яамны чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 10.1-д заасан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./


11 дүгээр зүйл. Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага

11.1. Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргыг Төрийн албаны төв байгууллага нэр дэвшүүлж, Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.2. Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нь дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

11.2.1. нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үр дүнг Төрийн нарийн бичгийн даргын өмнө хариуцах;

11.2.2. сайд, Төрийн нарийн бичгийн даргыг мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах;

11.2.3. Төрийн нарийн бичгийн даргын эрх олгосноор нэгжийнхээ ажилтантай үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнэх;

11.2.4. энэ хуулийн 9.6.1-д заасан дүрэм, заавар, журмыг нэгжийнхээ хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

11.2.5. нэгжийнхээ ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоосон журмын дагуу үнэлж дүгнэн, саналын хамт Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж шийдвэрлүүлэх;

11.2.6. яамны хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу бусад байгууллагатай харилцах.


12 дугаар зүйл. Яамны ажлын зохион байгуулалт

12.1. Яам нь чиг үүрэг, эрхэм зорилго, стратегийн зорилтоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллана.

12.2. Яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь сайдаас яамны төсвийн ерөнхий менежертэй байгуулах үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна.

12.3. Яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний төслийг боловсруулах, батлах, биелэлтийг нь дүгнэх журмыг хуулиар тогтооно.

12.4. Яамны хэмжээнд Төрийн нарийн бичгийн даргын хууль тогтоомжид нийцүүлж баталсан хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөнө.

12.5. Яамны хөдөлмөрийн дотоод журамд дараахь асуудлыг тусгана:

12.5.1. албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах;

12.5.2. захиргаа, ажилтны эрх, үүрэг;

12.5.3. яамны ажлыг төлөвлөх, тайлагнах;

12.5.4. яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтны үйл ажиллагааны үр дүнг тооцож дүгнэх, арга хэлбэр;

12.5.5. ажлын цагийн горим;

12.5.6. ажил хүлээлцэх;

12.5.7. дотоодын хяналт шалгалт хийх;

12.5.8. шагнал урамшуулал олгох;

12.5.9. сахилгын шийтгэл ногдуулах;

12.5.10. дотоод журамд тусгахаар хууль тогтоомжид заасан бусад зүйл.

12.6. Төрийн нарийн бичгийн дарга болон энэ хуулийн 11.2-т заасан албан тушаалтан яамны эрхлэх асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Засгийн газар, сайдын бодлогыг баримтална.


13 дугаар зүйл. Ажлын нөхцөл

13.1. Яам нь ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулан баталж, түүнд тусгасан арга хэмжээг үйл ажиллагааныхаа хэтийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.


14 дүгээр зүйл. Яамны төсөв

14.1. Яам нь төсөвтэй байна.

14.2. Яамны төсвийн төслийг боловсруулах, батлах, захиран зарцуулах, тайлагнах журмыг хуулиар тогтооно.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ЯАМНААС УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕРӨНХИЙЛӨГЧ,
БУСАД БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАХ

15 дугаар зүйл. Сайдаас Улсын Их Хуралтай харилцахад дэмжлэг үзүүлэх

15.1. Яам нь сайдаас Улсын Их Хуралтай харилцахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр дараахь үйл ажиллагаа явуулна:

15.1.1. Улсын Их Хурал, түүний Байнгын хороог сайдын эрхлэх асуудлын хүрээний талаархи шаардлагатай мэдээллээр хангах;

15.1.2. Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх бүх шатанд тайлбар, зөвлөгөө, лавлагаа өгөх;

15.1.3. Улсын Их Хурлын удирдлага, Байнгын хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүнээс шаардсан мэдээллийг гаргаж өгөх;

15.1.4. сайдаас Улсын Их Хурлын чуулганд хийх мэдээллийн болон Улсын Их Хурлын гишүүнээс тавьсан асуулт, асуулгын хариултын төслийг бэлтгэх.

15.2. Хуульд өөрөөр заагаагүй бол яамнаас Улсын Их Хурлын гишүүнтэй сайдаараа дамжуулан, Улсын Их Хурлын Тамгын газартай шууд харилцана.

15.3. Улсын Их Хурлын гишүүн нь Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд яамтай харилцана.


16 дугаар зүйл. Сайдаас Ерөнхийлөгчтэй харилцахад дэмжлэг үзүүлэх

16.1. Яам нь сайдаас Ерөнхийлөгчтэй харилцахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр дараахь үйл ажиллагаа явуулна:

16.1.1. Ерөнхийлөгчийг сайдын эрхлэх асуудлын хүрээний талаархи шаардлагатай мэдээллээр хангах;

16.1.2. Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох шийдвэрийн биелэлтийг хангах;

16.1.3. сайдын эрхлэх асуудлын хүрээний чиглэлээр Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;

16.1.4. хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх зарлиг, бусад бичиг баримтын төсөл боловсруулах.

16.2. Хуульд өөрөөр заагаагүй бол яамнаас Ерөнхийлөгчтэй харилцахдаа сайдаараа дамжуулан, түүний ажлын албатай шууд харилцана. Ерөнхийлөгч яамтай сайдаар, түүний ажлын алба нь энэ хуулийн 3.5-д заасан албан тушаалтнаар дамжуулан харилцана.


17 дугаар зүйл. Сайдаас Засгийн газартай харилцахад дэмжлэг үзүүлэх

17.1. Яамнаас Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнтэй харилцахдаа сайдаараа дамжуулан харилцана. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүн яамтай шууд харилцана.

17.2. Яам нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийн талаар ажлын албаар нь дамжуулан Засгийн газарт тогтоосон журмын дагуу мэдээлнэ.


18 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагатай харилцах

18.1. Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагатай аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар дамжуулан харилцана. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь яамтай сайдаар дамжуулан харилцана.

18.2. Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагаас тавьсан санал, хүсэлтийг хянан шийдвэрлэнэ.


19 дүгээр зүйл. Нутгийн захиргааны байгууллагатай харилцах

19.1. Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн захиргааны байгууллагатай аймаг, нийслэлийн Засаг даргаар дамжуулан харилцана. Нутгийн захиргааны байгууллага нь яамтай сайдаар дамжуулан харилцана.

19.2. Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа байдалтай орон нутагт танилцаж, биелэлтийг хангуулна.

19.3. Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргаас сайдад хандаж тавьсан санал, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.


20 дугаар зүйл. Яам хоорондын хамтын ажиллагаа

20.1. Яамд нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ шаардлагатай асуудлаар хамтарч ажиллана. Хамтран ажиллах асуудлын хүрээ нь хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын үүрэг даалгавраар болон холбогдох яамдын удирдлагын түвшинд харилцан тохиролцсоноор тодорхойлогдоно.

20.2. Удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар яамд хоорондоо шууд харилцаж ажиллана.

20.3. Яамд нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ харилцан мэдээлэл солилцож, шаардлагатай асуудлаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллана.


21 дүгээр зүйл. Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагтай харилцах

21.1. Яам сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагад хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын бодлого, шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа болон үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, биелэлтийг нь хангуулах арга хэмжээ авч, тэдгээрт туслалцаа үзүүлнэ.

21.2. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах агентлагтай харилцахдаа Ерөнхий сайд даалгасан бол энэ хуулийн 21.1-д заасан үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэрэгжүүлнэ.

21.3. Агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага нь сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого боловсруулах удирдамжаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ өгөхөд шаардлагатай тооцоо, судалгаа, мэдээ тайлан зэрэг мэдээллийг тогтоосон журмын дагуу гаргаж өгнө.


22 дугаар зүйл. Бусад байгууллага, иргэдтэй харилцах

22.1. Яам нь Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокурорын болон Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллагатай, эдгээр байгууллага нь яамтай сайдаар дамжуулан харилцана.

22.2. Яам нь сайдынхаа эрхлэх асуудлын хүрээний бус агентлагтай шууд харилцана.

22.3. Яам нь гадаад улсын болон олон улсын байгууллагатай сайдын өгсөн чиглэл, удирдамж, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар харилцана.

22.4. Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагатай хуульд заасан журмаар харилцана.

22.5. Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээний тодорхой чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагад нийтлэг зорилтыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

22.6. Яам нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон нийтлэг асуудлаар тэдгээрийн улсын чанартай холбоо, нийгэмлэг зэрэг нэгдлээр нь дамжуулан тодорхой асуудлаар шууд харилцана.

22.7. Яам нь иргэдээс сайдын эрхлэх хүрээний асуудлаар гаргасан санал, өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хүлээн авч хянан шийдвэрлэнэ. Яам нь сайдаас иргэдийг хүлээн авч уулзах ажлыг сард 2-оос доошгүй удаа зохион байгуулна.


ТАВДУГААР БҮЛЭГ. БУСАД ЗҮЙЛ

23 дугаар зүйл. Яамны хэвлэл

23.1. Яам нь сайдын тушаал, яамны бодлого, үйл ажиллагааны талаар нийтэд албан ёсоор мэдээлж байх зорилгоор эмхтгэл гаргаж болно.


24 дүгээр зүйл. Яамны гадаад харилцаа

24.1. Яам нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын ижил төрлийн яам, бусад байгууллага, олон улсын байгууллагатай харилцаа тогтоож хамтран ажиллана.

24.2. Төрийн нарийн бичгийн даргын гадаад улсын ижил төрлийн яам, бусад байгууллага, олон улсын байгууллагад туршлага судлах, мэргэжлийн сургалт, хурал, зөвлөлгөөнд оролцох /цаашид “албан томилолт” гэх/ асуудлыг сайд шийдвэрлэнэ.

24.3. Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга болон ажилтны албан томилолтын асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлэнэ.

24.4. Гадаад улсын болон олон улсын байгууллагаас мэргэжилтэн, зочин, төлөөлөгч урих асуудлыг сайд шийдвэрлэнэ.


25 дугаар зүйл. Яаманд хориглох зүйл

25.1. Яаманд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

25.1.1. жагсаал, цуглаан хийх, ажил хаялт, өлсгөлөн, суулт зарлах зэрэг улс төрийн болон шашны үйл ажиллагаа явуулах;

25.1.2. хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр орлого олох;

25.1.3. Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрт зааснаас бусад тохиолдолд яамны байранд бусад байгууллагыг байрлуулах;

25.1.4. хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.


26 дугаар зүйл. Яамны шагнал

26.1. Яам нь дараахь шагналтай байж болно:

26.1.1. яамны хүндэт дэвтэрт бичиж, дурсгалын гэрчилгээ олгох;

26.1.2. яамны жуух бичиг.

26.2. Яамнаас олгох шагналын нийтлэг загвар, дагалдах мөнгөн шагналын хэмжээг Засгийн газар тогтооно.

26.3. Яамны шагнал олгох, шагналын сан бүрдүүлэх, зарцуулах журмыг сайд тогтооно.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР