Төрийн болон албаны нууцын тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, Улаанбаатар хот
ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах үндэсний тогтолцоо, эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж
2.1. Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулийг Монгол Улсын байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн дагаж мөрдөнө.
3.2. Монгол Улсын төрийн болон албаны нууцтай танилцсан гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийг биелүүлэх үүрэг хүлээнэ.
3.3. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улс, олон улсын байгууллагаас шилжүүлэн өгсөн төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг хамгаалахад энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлах зарчим
4.1. Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлахад хуульд нийцсэн, үндэслэлтэй, цаг үеэ олсон байх зарчмыг удирдлага болгоно.
5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1. “төрийн нууц” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг;
5.1.2. “албаны нууц” гэж задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг;
5.1.3. “төрийн болон албаны нууц тээгч” гэж төрийн болон албаны нууцыг бичвэр, тэмдэг, дүрс, дохио, техникийн шийдэл, үйл ажиллагааны хэлбэрээр агуулж байгаа материаллаг зүйлийг;
5.1.4. “мэдээллийг нууцлах” гэж төрийн болон албаны нууцад хамааруулсан мэдээлэлтэй танилцах, эсхүл тараахад хязгаарлалт тогтоох арга хэмжээг;
5.1.5. “нууцын зэрэглэл” гэж төрийн болон албаны нууц мэдээллийн нууцлалын түвшинг илэрхийлэх, нууц тээгч, эсхүл түүний дагалдах баримт бичигт тавьсан тэмдэглэгээг;
5.1.6. “төрийн болон албаны нууцтай танилцах эрх” гэж энэ хуульд заасны дагуу албан тушаалтан, иргэн төрийн болон албаны нууцад хандах, хуулийн этгээд төрийн болон албаны нууцыг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг;
5.1.7. “төрийн болон албаны нууц хамгаалах ажилтан /цаашид “нууц хамгаалах ажилтан” гэх/ гэж төрийн байгууллага, бусад хуулийн этгээдэд төрийн болон албаны нууцын хамгаалалтыг зохион байгуулж хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий нэгжийн ажилтан, эсхүл энэ чиг үүргийг хэрэгжүүлэх ажилтныг;
5.1.8. “төрийн болон албаны нууцыг хамгаалах хэрэгсэл” гэж төрийн болон албаны нууцыг хамгаалах зориулалтаар ашиглах техникийн, программ хангамжийн, криптографийн болон бусад хэрэгслийг;
5.1.9. “төрийн болон албаны нууцыг хамгаалах” гэж төрийн болон албаны нууцыг задруулах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хууль зүй, зохион байгуулалт, техник, криптографын болон бусад арга хэмжээний цогцыг;
5.1.10. “төрийн болон албаны нууцыг ил болгох” гэж энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу төрийн болон албаны нууцын хамгаалалт, нууцлах хугацаа, зэрэглэлийг хүчингүй болгохыг;
5.1.11. “төрийн болон албаны нууцыг задруулах” гэж мэдээлэх, дамжуулах, үзүүлэх, хэвлэн нийтлэх болон бусад арга замаар төрийн болон албаны нууцтай танилцах эрхгүй этгээдэд хүрсэн байхыг;
5.1.12. “төрийн болон албаны нууцыг үрэгдүүлэх” гэж тогтоосон дэглэм, журмыг зөрчсөний улмаас байгууллага, албан тушаалтан, иргэний эзэмшил, ашиглалтаас төрийн болон албаны нууц түр, эсхүл бүрмөсөн гарсныг.
6 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг үүрэг
6.1. Төрийн байгууллага, албан тушаалтан нь төрийн болон албаны нууцыг хамгаалах үүрэгтэй.
6.2. Төрийн болон албаны нууцтай танилцсан Монгол Улсын төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, бусад хуулийн этгээд /цаашид “төрийн байгууллага, бусад хуулийн этгээд” гэх/, улс төрийн нам, хөдөлгөөн, төрийн бус байгууллага, албан тушаалтан, албан хаагч, Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тэдгээрийг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
6.3. Төрийн байгууллага нь төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаархи мэдээллийг жил бүрийн 01 дүгээр сард багтаан тагнуулын байгууллагад ирүүлнэ.
6.4. Төрийн болон албаны нууц задарсан, үрэгдсэн байж болзошгүй тухай мэдсэн, түүнчлэн гээгдсэн, алдагдсан нууц тээгчийг олсон аливаа албан тушаалтан, иргэн энэ талаар тагнуулын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
6.5. Төрийн болон албаны нууцыг задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлсэн, нууц хамгаалалтад бодитой хувь нэмэр оруулсан, хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн буюу бусад хэлбэрээр тагнуул, хууль сахиулах байгууллагад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн хуулийн этгээд, иргэнийг урамшуулах журмыг Засгийн газар тогтооно.
7 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцыг өмчлөх, гадаад улс, олон улсын байгууллагад шилжүүлэх
7.1. Гадаад улс, олон улсын байгууллагаас шилжүүлэн өгснөөс бусад төрийн болон албаны нууц нь Монгол Улсын төрийн өмч байна.
7.2. Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд, албан тушаалтан, иргэн хариуцсан, эсхүл өөрт байгаа төрийн болон албаны нууцыг хууль тогтоомжийн дагуу эзэмшиж, ашиглаж хамгаална.
7.3. Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа үндэсний ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой, эсхүл хохирол учруулах мэдээлэл, түүний тээгчийг нууцлах шаардлагатай гэж үзвэл өмчлөгчтэй зөвшилцөн түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр нөхөн төлбөртэй болон төлбөргүйгээр төрийн өмчид авч болно.
7.4. Энэ зүйлийн 7.3-т заасан өмчлөгчид олгох нөхөн төлбөрийн хэмжээний талаар харилцан тохиролцож чадаагүй бол хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэж, баталгаажуулсан үнээр нөхөн төлбөрийг тооцно.
7.5. Энэ зүйлийн 7.3-т заасан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл, түүний тээгчийг төрийн өмчид авах эсэхийг эрх бүхий байгууллагын санал, тагнуулын байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
7.6. “Онц чухал нууц” зэрэглэлээс бусад зэрэглэлийн төрийн нууц, албаны нууцыг гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулсан нууц мэдээллийг харилцан хамгаалах гэрээ, хэлэлцээр, тагнуулын байгууллагын саналыг үндэслэн шилжүүлэн өгч болно.
7.7. Энэ зүйлийн 7.6-д заасан гэрээ, хэлэлцээр байгуулаагүй гадаад улс, олон улсын байгууллагад албаны нууцыг шилжүүлэх зайлшгүй шаардлага гарсан бол тухайн байгууллагын удирдлага зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫГ ХАМГААЛАХ ТАЛААРХИ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ
8 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
8.1. Улсын Их Хурал төрийн болон албаны нууцыг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1. төрийн болон албаны нууцыг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг батлах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;
8.1.2. төрийн болон албаны нууцыг хамгаалахад чиглэсэн хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулах хөрөнгийг улсын төсөвт тусгаж батлах.
9 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх
9.1. Монгол Улсын Ерөнхийлөгч-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд төрийн болон албаны нууцын хамгаалалтад хяналт тавьж, энэ талаар холбогдох төрийн байгууллагын тайлан, мэдээллийг сонсох, Засгийн газарт чиглэл өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
10 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
10.1. Засгийн газар улсын хэмжээнд төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулж дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1. төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, энэ талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, чиглэл өгөх;
10.1.2. төрийн болон албаны нууцыг хамгаалах төрийн бодлого, төсөл, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийг боловсруулж, хэрэгжүүлэх;
10.1.3. төрийн болон албаны нууцтай холбоотой журам, зааврыг батлах;
10.1.4. төрийн болон албаны нууцыг харилцан солилцох, хамгаалах тухай Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулах;
10.1.5. мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах.
11 дүгээр зүйл. Байгууллага, албан тушаалтны бүрэн эрх
11.1. Байгууллага, албан тушаалтан төрийн болон албаны нууцыг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1. эрхэлсэн салбар, харьяа байгууллагын хэмжээнд төрийн болон албаны нууцыг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;
11.1.2. эрхэлсэн салбар, харьяа байгууллагын хэмжээнд байгаа төрийн болон албаны нууцын хамгаалалтад хяналт тавих;
11.1.3. төрийн болон албаны нууцыг хамгаалах арга, хэрэгслийг боловсронгуй болгох, шаардлагатай хөрөнгийг төсөвтөө тусгаж санхүүжүүлэх саналаа эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх;
11.1.4. онцгой нөхцөл байдал үүссэн үед төрийн болон албаны нууцыг хамгаалах төлөвлөгөө боловсруулж батлах, тухайн үед авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах.
12 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын бүрэн эрх
12.1. Тагнуулын байгууллага төрийн болон албаны нууцыг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1. төрийн болон албаны нууц задрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
12.1.2. төрийн болон албаны нууцыг хариуцаж байгаа байгууллага, албан тушаалтан нууцыг ашиглаж, хамгаалж байгаа байдалд хяналт тавих, шалгах;
12.1.3. төрийн болон албаны нууцыг хамгаалах техник, криптографийн хэрэгсэлд туршилт, шинжилгээ хийх, баталгаажуулах ажлыг зохион байгуулах;
12.1.4. байгууллага, албан тушаалтан төрийн болон албаны нууцаа хамгаалах ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
12.1.5. төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах, төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг боловсронгуй болгох саналаа Засгийн газарт оруулах;
12.1.6. мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах асуудлаар санал боловсруулж, Засгийн газарт оруулах;
12.1.7. төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, ашиглах;
12.1.8. төрийн нууцтай танилцах албан тушаалтан, иргэнд аюулгүй байдлын шалгалт явуулах, төрийн болон албаны нууцыг ашиглан үйл ажиллагаа явуулах, ажил гүйцэтгэх хуулийн этгээдийг судалж, шалгах;
12.1.9. төрийн болон албаны нууцыг дамжуулах, илгээх мэдээлэл, шуудан харилцаа холбооны сүлжээ, шифр харилцааг улсын хэмжээнд болон хилийн чанадад зохион байгуулж, хяналт тавих;
12.1.10. төрийн болон албаны нууцыг хамгаалах сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах;
12.1.11. төрийн болон албаны нууцыг харилцан солилцох, хамгаалах асуудлаар байгуулах олон улсын гэрээ, хэлэлцээрийн төсөлд санал, дүгнэлт өгөх.
12.2. Энэ зүйлийн 12.1.7-д заасан мэдээллийн санг байгуулах, ашиглах журмыг Засгийн газар батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦАД
ХАМААРУУЛАХ МЭДЭЭЛЭЛ
13 дугаар зүйл. Төрийн нууцад хамааруулах мэдээлэл
13.1. Төрийн нууцад дараахь мэдээллийг хамааруулна:
13.1.1. төрийн бодлогын хүрээнд:
13.1.1.а. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлал, номлолын нууцалбал зохих хэсэг;
13.1.1.б. Улсын Их Хурлын чуулган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээлэл;
13.1.1.в. аливаа улстай харилцах Монгол Улсын чиг бодлого, байр суурийг нарийвчлан илэрхийлсэн мэдээлэл, гадаад орнуудаас итгэмжлэгдсэн байдлаар авсан мэдээлэл;
13.1.1.г. Засгийн газар, Төв банкнаас гадаад улс, олон улсын байгууллагатай санхүүгийн салбарт хамтран ажиллах болон өр, зээл, тусламжтай холбоотой гэрээ хэлэлцээрийн төсөл, тэдгээрийн боловсруулалтын шатанд хамаарах мэдээлэл;
13.1.1.д. төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал, хоёр болон олон талын яриа, хэлэлцээрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл;
13.1.1.е. энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан асуудлаар гадаад улсын Засгийн газар, байгууллагатай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээр, протокол, тэдгээрийн төсөл, хэрэгжилтийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл;
13.1.1.ё. хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газрын онцгой нөхцөл байдал үүссэн үед ажиллах төлөвлөгөө, ажлын удирдамж;
13.1.1.ж. энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан асуудлаар олон улсын хурал зөвлөгөөн, чуулганд оролцох төлөөлөгчдийн ажлын чиглэл, удирдамж.
13.1.1.з. улсын батлан хамгаалах, эдийн засагт чухал ач холбогдол бүхий үйлдвэр, онц чухал обьектод гарсан гэмт халдлага, осол, сүйрэл, онцгой нөхцөл байдлын үед эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, түүнтэй холбоотой мэдээллийн нууцалбал зохих хэсэг.
13.1.2. эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологийн хүрээнд:
13.1.2.а. эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн нууцалбал зохих хэсэг;
13.1.2.б. улсын эрдэнэсийн сан, мөнгөн тэмдэгтийн нөөцийн тухай болон нөөцийн сангийн байршил, тэдгээрийн хамгаалалтын тухай мэдээлэл;
13.1.2.в. үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой шинжлэх ухаан, технологийн ололт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, судалгааны туршилт, угсралт, төслийн ажил, технологийн тухай мэдээлэл;
13.1.2.г. мөнгөн тэмдэгтийн эх загвар бүтээх, үйлдвэрлэх, устгах, мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлт, солилцоо, гүйлгээнээс гаргах тухай мэдээлэл.
13.1.3. батлан хамгаалах хүрээнд:
13.1.3.а. батлан хамгаалах бодлого, төрийн цэргийн номлолын нууцалбал зохих мэдээлэл;
13.1.3.б. зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч, төрийн цэргийн байгууллагын нэгтгэл, ангийн байлдааны цагийн орон тоо, жинхэнэ нэр, зохион байгуулалт, бүтэц, тэдгээрийн байлдах чадвар, байлдааны бэлэн байдлыг тодорхойлсон нэгдсэн үзүүлэлт, мэдээлэл;
13.1.3.в. төрийн цэргийн байгууллагын стратегийн удирдамж, бэлэн байдлын төлөвлөгөө, тэдгээрийн биелэлт, тооцоо, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, хэрэглэх болон стратегийн төлөвлөлтийн баримт бичиг, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, байлдаанд бэлтгэх, шилжүүлэн байрлуулах төлөвлөгөө, зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах арга ажиллагааны тактикийн тухай мэдээлэл;
13.1.3.г. байлдааны болон хил хамгаалалтын бэлэн байдлын мэдээ, байлдааны тушаал, захирамж, байлдааны ажиллагааны газар, орныг төхөөрөмжлөхтэй холбогдсон мэдээлэл;
13.1.3.д. батлан хамгаалах болон улсын хил хамгаалах зориулалттай болон энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээлэл агуулсан байр зүйн зураг;
13.1.3.е. улсын болон цэргийн дайчилгааны даалгавар, төлөвлөгөө, нөөц, нөхөн хангах тооцоо, төрийн цэргийн байгууллагын байлдааны техник зэвсэглэл, материал, галт хэрэглэлийн хангалт, захиалга, нөөцийн талаархи мэдээлэл;
13.1.3.ё. төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний тоо бүртгэл, бэлтгэл үүрэгтэн, цэрэгт татах болон цэргээс халагдах хүмүүсийн нэгдсэн мэдээлэл, цэргийн мэргэжлийн ангилал, оногдуулан данслагдсан хүн, техникийн нэгдсэн дүн, тооцоо /улсын болон нийслэл, аймгийн хэмжээнд/;
13.1.3.ж. төрийн цэргийн байгууллагын автоматжуулсан болон далдуур /удирдлага холбооны/ удирдлагын системийн бүтэц, зохион байгуулалт, хангалтын тухай мэдээлэл;
13.1.3.з. төрийн цэргийн байгууллагын удирдлагын байрны байршил, мэдээлэл, холбооны сүлжээ, радио долгионы давтамжийн хуваарилалтын тухай мэдээлэл;
13.1.3.и. улсын болон цэргийн дайчилгааны зорилго, цар хүрээ, хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл, багтаамж, арга хэлбэр, улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгавар, төлөвлөгөөний тухай мэдээлэл;
13.1.3.й. улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны арга ажиллагаа, хангалтыг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл;
13.1.3.к. улсын болон батлан хамгаалах нөөцийн бодит хэмжээ, байршил, тайлан, санхүүжилтийн тухай мэдээлэл;
13.1.3.л. улсын болон батлан хамгаалах нөөцийн жилийн болон дунд, урт хугацааны үндсэн чиглэлийн төслийн тооцоо, үндэслэл, түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичиг;
13.1.3.м. улс орныг дайны байдалд шилжүүлэх төлөвлөгөө, дайны болон дайн бүхий байдлын үед төрийн байгууллагын ажиллах төлөвлөгөө, түүнд холбогдох мэдээлэл;
13.1.3.н. онцгой байдлын үеийн арга хэмжээний төлөвлөгөө, холбоо, зарлан мэдээллийн үйл ажиллагааны зохион байгуулалт, энэ зорилгоор дэд бүтцийг ашиглах тухай мэдээлэл, удирдлагын хоргодох байр, төсөв, байршил, хүчин чадлын тухай мэдээлэл.
13.1.4. тагнуул, сөрөх тагнуул, хууль сахиулах ажлын хүрээнд:
13.1.4.а. тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж, тэдгээрийг халхавчлахтай холбоотой мэдээлэл;
13.1.4.б. гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлийн болон тусгай сангийн мэдээлэл;
13.1.4.в. гүйцэтгэх ажлын мэдээллийн болон тусгай техник хэрэгслийн тоо бүртгэлийн сан, түүнд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник технологи, программ хангамж, нууцлах код, түлхүүр, өгөгдөл, нууц тээгчид байгаа мэдээлэл;
13.1.4.г. бие бүрэлдэхүүнийг нь нууцалбал зохих тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын салбар нэгж, тэдгээрийн барилга байгууламж, байршил, тээврийн хэрэгслийн улсын дугаар, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн тухай мэдээлэл;
13.1.4.д. гүйцэтгэх ажлын шугамаар шалгасан болон шалгаж байгаа хэргийн материал, баримт сэлт, мэдээлэл;
13.1.4.е. эрх бүхий байгууллагын удирдлагаас гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гаргасан шийдвэр, заавар, журам, бусад баримт бичиг;
13.1.4.ё. гүйцэтгэх ажилтны үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөө, тайлан, ажлын байрны тодорхойлолтын мэдээлэл;
13.1.4.ж. тагнуул, сөрөх тагнуул, эрх бүхий бусад байгууллагын гүйцэтгэх ажил эрхлэх нэгжийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны тухай мэдээлэл;
13.1.4.з. тагнуулын байгууллагын төсөв, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий бусад байгууллагын гүйцэтгэх ажлын зардал, тэдгээрийн гүйцэтгэлийн тайлангийн мэдээлэл;
13.1.4.и. гүйцэтгэх ажилтан, нууц гүйцэтгэх ажилтны хувийн хэргийн болон тэдний албан ажилтай холбоотой мэдээлэл;
13.1.4.й. тагнуулын байгууллагаас үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд илгээсэн мэдээлэл;
13.1.4.к. гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын тусгай архивын данс, бүртгэл, эд зүйл;
13.1.4.л. гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх төлөвлөгөө, террор, хорлон сүйтгэх ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны төлөвлөгөө, удирдамж, хэрэглэх дохио;
13.1.4.м. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тагнуулын байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа;
13.1.4.н. тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын өөрийн аюулгүй байдлыг хангах ажлын зохион байгуулалт, арга, тактик, хүч, хэрэгсэл, төлөвлөгөөний мэдээлэл;
13.1.4.о. тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажлын зориулалттай зэвсэг, тусгай хэрэгсэл, материал техникийн хангалт, нөөцийн мэдээлэл;
13.1.4.ө. тагнуулын байгууллагаас гадаад улсын тусгай албатай тогтоосон хамтын ажиллагааны тухай мэдээлэл;
13.1.4.п. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх арга хэмжээний явц, уг арга хэмжээгээр хамгаалагдсан этгээдийн нууцалбал зохих мэдээлэл.
/Энэ дэд заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.5. мэдээллийн аюулгүй байдлын болон бусад хүрээнд:
13.1.5.а. төрийн тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээний бүтэц, зохион байгуулалт, программ хангамж, мэдээлэл нууцлагч техник хэрэгсэл, тэдгээрийн ажиллагааны зарчим, радио долгионы давтамжийн хуваарилалтын мэдээлэл;
13.1.5.б. төрийн мэдээллийн сүлжээний удирдлагын төвийн тусгай зориулалтын техник, программ хангамж;
13.1.5.в. төрийн шифр харилцааны бодлого, төрийн тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны болон шифрийн криптографын боловсруулалт, сан, нөөц, шифрийн арга ажиллагаа, аргачлал, тэдгээрийг ашиглах заавар, код, түлхүүр, түүнтэй холбоотой мэдээлэл;
13.1.5.г. төрийн шифр мэдээ, шифрийн харилцааны дүрэм, заавар, шифрийн материалын бүртгэл;
13.1.5.д. төрийн нууц тээгчийг хүлээлцсэн, шилжүүлсэн, шалгасан тухай мэдээлэл;
13.1.5.е. төрийн нууцад хамаарах мэдээлэл, нууц тээгчийг ашиглан бэлтгэсэн ном, сурах бичиг, бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, тайлан, илтгэл, мэдээлэл, дүгнэлт, хурал, зөвлөгөөн, лекц, гүйцэтгэх ажлын сургалтын хөтөлбөр, хичээлийн тэмдэглэл;
13.1.5.ё. энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан асуудлыг шалгасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны нууцалбал зохих баримт бичиг, мэдээлэл;
13.1.5.ж. хуулиар төрийн тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэглэлээр хамгаалуулж байгаа албан тушаалтны эрүүл мэндийн байдлын тухай мэдээлэл;
13.1.5.з. улсын онц чухал болон тусгай обьектын байршил, олгосон газрын нэр, зураг, хамгаалалтын зохион байгуулалт, хүч хэрэгслийн тухай мэдээлэл;
13.1.5.и. цэвэр ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн байршлын зураг;
13.1.5.й. энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээ, баримт бичиг, эд зүйлийг битүүмжлэн хүргэх төрийн тусгай болон дипломат шуудан, битүүмжлэхээс хэрэглэгчид хүртэл үйл ажиллагаа;
13.1.5.к. энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан асуудал хэлэлцсэн хаалттай хуралдааны тэмдэглэл, баримт бичиг;
13.1.5.л. хуулиар төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон хурал, чуулган, арга хэмжээ, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалтын зохион байгуулалт, хүч, хэрэгслийн болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийн тухай мэдээлэл;
/Энэ дэд заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13.1.5.м. улсын онц чухал болон тусгай обьект, үйл ажиллагааг халхлах журам.
13.2. Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь энэ зүйлийн 13.1-д заасан жагсаалтын хүрээнд салбар, байгууллагын хэмжээнд нууцлах төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, тагнуулын байгууллагын саналыг авч Засгийн газраар батлуулна.
13.3. Салбарын болон байгууллагын хэмжээнд нууцлах мэдээллийн жагсаалтад тухайн мэдээллийг нууцлах хугацаа, нууцын зэрэглэлийг тусгасан байна.
14 дүгээр зүйл. Албаны нууцад хамаарах мэдээлэл
14.1. Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.
14.2. Энэ зүйлийн 14.1-д заасан жагсаалтыг батлахад тагнуулын байгууллагын саналыг авна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХ БОЛОН ИЛ БОЛГОХ
15 дугаар зүйл. Мэдээллийг нууцлах
15.1. Мэдээллийг нууцлах арга хэмжээг тэдгээрийг төрийн болон албаны нууцад хамааруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн холбогдох байгууллага, албан тушаалтан авч хэрэгжүүлнэ.
15.2. Мэдээллийг энэ хуульд заасан нууцын зэрэглэл болон бусад тэмдэглэгээг тавьж бэхжүүлэх замаар нууцална.
15.3. Обьект, тодорхой үйл ажиллагааг нууцлахдаа тэдгээрийг халхлах арга хэмжээг Засгийн газрын баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.
15.4. Байгууллага, албан тушаалтны боловсруулсан, эсхүл хүлээн авсан мэдээлэл нь энэ хуулийн 13.2, 14.1-д заасан жагсаалтад ороогүй боловч нууцлах шаардлагатай тохиолдолд тухайн байгууллага, албан тушаалтан нууцлах арга хэмжээ авч, нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад оруулах саналаа нэн даруй удирдлагадаа танилцуулна.
15.5. Энэ зүйлийн 15.4-т заасан саналыг хүлээн авсан албан тушаалтан тухайн мэдээлэлд шинжилгээ хийж, жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл нууцлахаас татгалзах эсэхийг Засгийн газрын баталсан журмын дагуу шийдвэрлэнэ.
16 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийн зэрэглэл, түүний шалгуур
16.1. Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхол, байгууллага, иргэнд учруулах аюул, занал, хохирлын хэмжээнээс хамаарч төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл дараахь зэрэглэлтэй байна:
16.1.1. онц чухал нууц;
16.1.2. маш нууц;
16.1.3. нууц.
16.2. Төрийн нууцад хамаарах мэдээлэл “онц чухал нууц”, “маш нууц”, албаны нууцад хамаарах мэдээлэл “нууц” зэрэглэлтэй байна.
16.3. Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэлд энэ хуульд зааснаас өөр нууцын зэрэглэл хэрэглэхийг хориглоно.
16.4. Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул, занал учруулах, үндэсний ашиг сонирхолд онц хүнд үр дагавар бий болгох, хүний амь биед аюул учруулах мэдээллийг “онц чухал нууц” зэрэглэлд хамааруулна.
16.5. Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний ашиг сонирхолд хүнд үр дагавар бий болгох, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулах мэдээллийг “маш нууц” зэрэглэлд хамааруулна.
16.6. Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн ашиг сонирхол, үйл ажиллагаанд хохирол учруулах, эсхүл төрийн нууцад хамаарах мэдээллийг задруулах нөхцөл бий болгох мэдээллийг “нууц” зэрэглэлд хамааруулна.
16.7. Төрийн болон албаны нууцын зэрэглэлийг тогтоох журмыг Засгийн газар батална.
17 дугаар зүйл. Мэдээллийг нууцлах хугацаа
17.1. Энэ зүйлийн 17.4, 17.5-д зааснаас бусад төрийн болон албаны нууцыг дараахь хугацаагаар нууцална:
17.1.1. “онц чухал нууц” зэрэглэлд хамаарах мэдээлэл - 30 жил;
17.1.2. “маш нууц” зэрэглэлд хамаарах мэдээлэл - 20 жил;
17.1.3. “нууц” зэрэглэлд хамаарах мэдээлэл - 10 жил.
17.2. Мэдээллийг нууцлах хугацаа нь түүнд нууцын зэрэглэлийн дардас, бусад тэмдэглэгээ тавьж бэхжүүлсэн өдрөөс эхлэн тооцогдоно.
17.3. Төрийн нууцын зэрэглэлийг өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчилсөн зэрэглэлийн хугацаагаар тооцно.
17.4. Тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын нууц гүйцэтгэх ажилтан, эдгээр байгууллагатай нууцаар хамтран ажиллаж байсан болон нууцаар хамтран ажиллаж байгаа хүн, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтад авсан хүний талаар нууцалбал зохих мэдээллийг байнга нууцална.
17.5. Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэлд хугацаа тогтоох боломжгүй бөгөөд тодорхой үйлдэл хийснээр, эсхүл үйл явдал болсноор ил болох бол тухайн нөхцөлийн дагуу нууцлах хугацааг тооцно.
17.6. Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлын үүднээс цаашид үргэлжлүүлэн нууцлах шаардлагатай тохиолдолд тухайн нууцыг хариуцсан байгууллага, албан тушаалтан нь тагнуулын байгууллагын саналыг үндэслэн энэ зүйлийн 17.1-д заасан хугацаагаар нууцална.
17.7. Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийн нууцлах хугацаа дууссан боловч тухайн мэдээллийг ил болгох эсэхийг шийдвэрлэх хүртэл мэдээллийг нууцална.
17.8. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улс, олон улсын байгууллагын нууц мэдээлэлд энэ хуульд заасан хугацааг мөрдөнө.
18 дугаар зүйл. Төрийн болон албаны нууц тээгчид тавигдах тэмдэглэгээ
18.1. Мэдээллийг нууцлах арга хэмжээг зохих баримт бичиг, бусад нууц тээгчид дараахь тэмдэглэгээ тавьж бэхжүүлэх замаар хэрэгжүүлнэ:
18.1.1. нууцын зэрэглэл;
18.1.2. бүртгэлийн дугаар;
18.1.3. мэдээллийг нууцалсан огноо, нууцлах хугацаа;
18.1.4. мэдээллийг нууцалсан албан тушаалтны албан тушаал, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг.
18.2. Нууцын зэрэглэлийн дардсыг баримт бичигт хуудас бүрийн баруун дээд өнцөгт дарж тэмдэглэх ба хуудас бүр дугаарлагдсан байна. Хэрэв баримт бичиг хэд хэдэн хувиас бүрдсэн бол хувь тус бүрийн эхний хуудсанд өөрийн дугаарыг баримт бичгийн нийт хуудасны тооны хамт заасан байна.
18.3. Энэ хуулийн 17.1-д заасан өөр өөр нууцын зэрэглэлтэй мэдээллийг агуулсан баримт бичиг, бусад зүйлд хамгийн өндөр нууцын зэрэглэлээр нийтэд нь тэмдэглэгээ хийнэ.
18.4. Төрийн болон албаны нууц тээгчид нууцын зэрэглэлийн дардсыг тавих боломжгүй тохиолдолд түүний дагалдах баримт бичигт, биет зүйлд түүний гадна талд нууцын зэрэглэлийн дардссыг тавьж бэхжүүлнэ.
18.5. Нууцын зэрэглэлийн дардсыг төрийн болон албаны нууцад хамаарахгүй мэдээлэл тээгчид хэрэглэхийг хориглоно.
19 дүгээр зүйл. Төрийн болон албаны нууцыг ил болгох үндэслэл, журам
19.1. Төрийн болон албаны нууцыг дараахь үндэслэлээр ил болгоно:
19.1.1. нууцлах хугацаа дуусгавар болсон;
19.1.2. нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн болон албаны нууцад хамааруулсан тодорхой мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон;
19.1.3. тухайн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаарахгүй болгосон хууль батлагдаж хүчин төгөлдөр болсон;
19.1.4. мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан нь тогтоогдсон.
19.2. Төрийн болон албаны нууцыг энэ зүйлийн 19.6-д заасан журмын дагуу ил болгоно.
19.3. Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
19.4. Энэ хуульд заасны дагуу мэдээллийг нууцлах хугацааг сунгаагүй бол тогтоосон хугацаа дуусмагц мэдээллийг нууцалсан, эсхүл хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтан зохих журмын дагуу ил болгоно.
19.5. Энэ хуульд заасны дагуу ил болсон түүх, эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн болон лавлагааны ач холбогдолгүй мэдээлэл тээгчийг зохих журмын дагуу устгана.
19.6. Төрийн болон албаны нууцыг ил болгох журмыг Засгийн газар батална.
ТАВДУГААР БҮЛЭГ. ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦТАЙ ТАНИЛЦАХ
20 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцтай танилцах нөхцөл
20.1. Энэ хуулийн 21 дүгээр зүйлд зааснаас бусад төрийн нууцтай танилцах ажил, албан тушаалд аюулгүй байдлын шалгалтын дүнг үндэслэн тодорхой зэрэглэлийн нууцтай танилцах эрх олгосон иргэнийг ажиллуулна.
20.2. Хяналт, шалгалтын болон тодорхой ажил, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн нууцтай танилцах иргэн, албан тушаалтанд энэ зүйлийн 20.1-д заасан шаардлага нэгэн адил хамаарна.
20.3. Албаны нууцтай танилцах ажил, албан тушаалд төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрээр тухайн нууцтай танилцах эрх олгогдсон албан тушаалтныг ажиллуулах бөгөөд тэдгээр нь сонгогдсон, эсхүл томилогдсон даруй нууцыг задруулахгүй байх баталгаа гаргана.
20.4. Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлага тухайн байгууллагын хариуцсан төрийн нууцтай танилцах албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын саналыг авч батална.
21 дүгээр зүйл. Төрийн болон албаны нууцтай танилцах тусгай нөхцөл
21.1. Хуулиар хориглоогүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд төрийн болон албаны нууцтай зэрэглэл харгалзахгүй танилцана.
21.2. Хуулиар хориглоогүй бол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлын хүрээнд төрийн болон албаны нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана.
21.3. Төрийн болон албаны нууцад хамаарах асуудлыг хянан шалгах зорилгоор Улсын Их Хурлаас байгуулсан ажлын хэсгийн гишүүн, эсхүл энэ зорилгоор тусгайлан эрх олгогдсон хүн тухайн шалгах асуудлын хүрээнд хуулиар танилцуулахыг хориглосноос бусад төрийн болон албаны нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана.
21.4. Гүйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж болон гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлд холбогдох мэдээлэлтэй зөвхөн шалгаж байгаа асуудлын хүрээнд Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооны дарга, гишүүд танилцах бөгөөд бусад хүн танилцахыг хориглоно.
21.5. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч зөвхөн шалгаж шийдвэрлэх тодорхой хэрэг, маргаанд хамаарах төрийн болон албаны нууцтай хуулиар тогтоосон журмын дагуу танилцана.
21.6. Энэ зүйлийн 21.1-21.5-д заасан албан тушаалтан, Монголбанкны Ерөнхийлөгч, Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллагын дарга, агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга аюулгүй байдлын шалгалтад хамрагдахгүй бөгөөд төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгаа гаргана.
22 дугаар зүйл. Төрийн нууцтай танилцах эрх олгох
22.1. Төрийн нууцтай танилцах эрхийг дараахь шаардлагыг хангасан иргэнд олгоно:
22.1.1. төрийн нууцтай танилцах эрх олгохтой холбоотойгоор аюулгүй байдлын шалгалт явуулахыг өөрөө бичгээр зөвшөөрсөн;
22.1.2. эрх бүхий байгууллагын аюулгүй байдлын шалгалтад хамрагдаж, тэнцсэн;
22.1.3. төрийн нууцыг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргасан.
23 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцтай танилцах эрх
23.1. Төрийн болон албаны нууцтай танилцах эрх нь тухайн танилцах нууцын зэрэглэлээс хамааран түвшинтэй байх бөгөөд түүнийг олгохтой холбоотой харилцааг төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмаар зохицуулна.
24 дүгээр зүйл. Албан тушаалтан, иргэнд төрийн нууцтай танилцах эрх олгохоос татгалзах үндэслэл
24.1. Албан тушаалтан, иргэнд дараахь үндэслэлээр төрийн нууцтай танилцах эрх олгохоос татгалзана:
24.1.1. төрийн нууцтай танилцах шаардлага, нөхцөлийг хангаагүй;
24.1.2. аюулгүй байдлын шалгалтад хамрагдах, төрийн болон албаны нууцыг хамгаалах баталгааг бичгээр гаргаж өгөхөөс татгалзсан;
24.1.3. аюулгүй байдлын шалгалтад өөрийн тухай болон холбогдох бусад мэдээллийг танилцуулаагүй, эсхүл худал мэдээлсэн;
24.1.4. төрийн болон албаны нууцыг хамгаалах журмыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчиж байсан;
24.1.5. гэмт хэрэг санаатай үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн, эсхүл эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа;
24.1.6. Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ гаргасан;
24.1.7. сэтгэцийн өвчин, эмгэгтэй нь тогтоогдсон;
24.1.8. мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаанаас хамааралтай.
25 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцтай танилцах эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
25.1. Гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан, эсхүл төрийн болон албаны нууцыг хамгаалах журам зөрчсөн үйлдэлд шалгагдаж байгаа бол шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болох, эсхүл албаны шалгалтын дүн гарах хүртэл албан тушаалтан, иргэний төрийн болон албаны нууцтай танилцах эрхийг тагнуулын байгууллага түдгэлзүүлж болно.
25.2. Албан тушаалтан, иргэний төрийн болон албаны нууцтай танилцах эрхийг ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн, халагдсан, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал илэрсэн, ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон, төрийн болон албаны нууцыг хамгаалах талаар тогтоосон журам, үүргээ удаа дараа болон ноцтой зөрчсөн тохиолдолд тагнуулын байгууллага хүчингүй болгоно.
26 дугаар зүйл. Аюулгүй байдлын шалгалт явуулах
26.1. Энэ хуулийн 21.6, 26.3-т зааснаас бусад төрийн байгууллага, хуулийн этгээдийн төрийн нууцтай танилцах албан тушаалтан, иргэнд аюулгүй байдлын шалгалтыг тагнуулын байгууллага явуулна.
26.2. Энэ зүйлийн 26.1-д заасан аюулгүй байдлын шалгалт явуулах журмыг тагнуулын байгууллагын дарга батална.
26.3. Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын ажилтны албан тушаалд сонгон шалгаруулах иргэнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу судалж, шалгана.
27 дугаар зүйл. Албан тушаалтан, иргэний үүрэг
27.1. Төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан, иргэн дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
27.1.1. төрийн болон албаны нууцыг хамгаалах хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
27.1.2. танилцсан болон ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн төрийн болон албаны нууцыг хамгаалах, ажиллах хугацаанд, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөний дараа ил болгох хүртэл хугацаанд задруулахгүй байх;
27.1.3. төрийн болон албаны нууцыг задруулах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
27.1.4. нууц задрах, үрэгдэх нөхцөл байдал бий болсон, эсхүл үрэгдсэн, задарсан, нууц хамгаалах журам зөрчигдсөн бол нууц хамгаалах ажилтанд нэн даруй мэдэгдэх;
27.1.5. албаны болон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, өөр ажил, албан тушаалд шилжих тохиолдолд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан төрийн болон албаны нууц тээгчийг зохих ёсоор хүлээлгэн өгөх, албан үүргийн хувьд танилцсан төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргах;
27.1.6. хуульд өөрөөр заагаагүй бол хувийн хэргээр гадаад улсад зорчих тохиолдолд байгууллагадаа урьдчилан бичгээр мэдээлэх.
28 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцыг хамгаалах ажилтны үүрэг
28.1. Төрийн болон албаны нууцыг хамгаалах ажилтан нь энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:
28.1.1. төрийн болон албаны нууцыг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангах, нууц албан хэрэг хөтлөлтийг зохион байгуулж хэрэгжүүлэх;
28.1.2. албан тушаалтан, албан хаагчид төрийн болон албаны нууцыг ашиглах, хамгаалахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
28.1.3. салбар, харьяа байгууллагын хэмжээнд төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, үзлэг, тооллого зохион байгуулах;
28.1.4. төрийн болон албаны нууцтай танилцах эрх олгосон албан тушаалтан, иргэнээс нууц хамгаалах баталгаа гаргуулан авах;
28.1.5. гадаад улсын иргэн, байгууллагатай албан бус харилцаа тогтоосон бол энэ тухай тагнуулын байгууллагад мэдэгдэх;
28.1.6. төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны шилжилт хөдөлгөөний талаар тагнуулын байгууллагад мэдэгдэх;
28.1.7. төрийн болон албаны нууцыг хамгаалах журам зөрчигдсөн тохиолдолд албаны шалгалт явуулж дүнг байгууллагын удирдлагад, шаардлагатай бол тагнуулын байгууллагад танилцуулах, зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэх;
28.1.8. төрийн болон албаны нууц задарсан, үрэгдсэн бол нэн даруй байгууллагын удирдлага болон тагнуулын байгууллагад мэдэгдэх.
29 дүгээр зүйл. Нууц хамгаалах ажилтны хууль зүй, эдийн засгийн баталгаа
29.1. Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь нууц хамгаалах ажилтныг чөлөөлөх, өөр ажил, албан тушаалд шилжүүлэх бол тагнуулын байгууллагын саналыг авсан байна.
29.2. Нууц хамгаалах ажилтанд харьцаж байгаа нууцын зэрэглэл, нууцтай ажилласан хугацааг харгалзан Засгийн газраас тогтоосон журмын дагуу цалингийн нэмэгдэл олгоно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫГ ХАМГААЛАХ
30 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцыг хамгаалах ажлын зохион байгуулалт
30.1. Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл ажиллагааг Засгийн газар уялдуулан зохицуулна.
30.2. Тагнуулын байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд тагнуулын байгууллага улсын хэмжээнд төрийн болон албаны нууцыг хамгаалах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах бүтцийн нэгжтэй байна.
30.3. Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдэд төрийн болон албаны нууцыг хамгаалах ажлыг зохион байгуулах үүрэг, хариуцлагыг тэдгээрийн удирдлага хүлээнэ.
30.4. Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь төрийн болон албаны нууцтай холбоотой ажлын цар хүрээ, ачааллаас хамааран тэдгээрийн удирдлагад шууд захирагдах төрийн болон албаны нууцыг хамгаалах нэгж, эсхүл ажилтантай байна.
30.5. Төрийн болон албаны нууцыг хамгаалах нэгжийн чиг үүрэг, эрх зүйн байдлыг төрийн болон албаны нууцыг хамгаалах тухай нийтлэг журам болон өөрийн онцлогт нийцүүлэн баталсан тухайн байгууллагын дотоод журмаар тогтооно.
30.6. Төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл ажиллагааг энэ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актад заасны дагуу хууль зүй, зохион байгуулалтын, техникийн болон бусад арга хэмжээний тусламжтайгаар хэрэгжүүлнэ.
31 дүгээр зүйл. Төрийн болон албаны нууц, түүний тээгчийг бүтээх, боловсруулах, хадгалах, ашиглах, дамжуулах, бүртгэх, тээвэрлэх, илгээх, устгах
31.1. Төрийн болон албаны нууц, түүний тээгчийг бүтээх, боловсруулах, хадгалах, ашиглах, дамжуулах, шилжүүлэх, тээвэрлэх, илгээх, бүртгэх, устгах, бүрэн бүтэн байдлыг хангах болон тэдгээртэй холбоотой бусад үйл ажиллагааг энэ хууль болон Засгийн газрын баталсан төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журамд заасны дагуу хэрэгжүүлнэ.
31.2. Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд өөрийн үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор энэ зүйлийн 31.1-д заасан нийтлэг журамд нийцүүлэн дотооддоо дагаж мөрдөх төрийн болон албаны нууцыг хамгаалах журам тогтоож болно.
31.3. Төрийн нууцыг хилийн чанад дахь Монгол Улсын байгууллага, албан тушаалтанд илгээх, хүлээн авахад түүнийг биечлэн хүргэх тусгай шуудан зөөгч ашиглаж болно.
31.4. Хилийн чанад дахь Монгол Улсын байгууллага, албан тушаалтанд тусгай шуудан хүргэх, хүлээн авахтай холбогдсон харилцааг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, тагнуулын байгууллагын даргын хамтарсан тушаалаар баталсан тусгай журмаар зохицуулна.
32 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцыг төрийн байгууллага, бусад хуулийн этгээдэд шилжүүлэх
32.1. Төрийн болон албаны нууцыг хариуцсан төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн эрх бүхий удирдлагын шийдвэрээр төрийн болон албаны нууцыг өөр төрийн байгууллага, хуулийн этгээдэд зохих журмын дагуу шилжүүлнэ.
32.2. Энэ зүйлийн 32.1-д заасны дагуу төрийн болон албаны нууцыг шилжүүлэн авах, эсхүл ашиглах төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь энэ хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасан нууцыг хамгаалах нөхцөл, шаардлагыг хангасан байна.
33 дугаар зүйл. Ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор төрийн болон албаны нууцыг шилжүүлэх
33.1. Төрийн болон албаны нууцыг хариуцсан байгууллагын удирдлагын шийдвэрээр ажил гүйцэтгүүлэхтэй холбоотойгоор хуулийн этгээд, иргэнд зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээ, хязгаарын дотор төрийн болон албаны нууцыг хамгаалах тухай нийтлэг журамд заасны дагуу шилжүүлж болно.
33.2. Энэ зүйлийн 33.1-д заасны дагуу нууцыг шилжүүлэн авах хуулийн этгээд нь энэ хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасан нууцыг хамгаалах нөхцөл, шаардлага хангасан, иргэн нь төрийн болон албаны нууцтай танилцах эрх авсан байна.
33.3. Ажил гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэх үед төрийн болон албаны нууцыг хамгаалах үүргээ биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн бол захиалагч уг зөрчлийг арилгах хүртэл хугацаанд төрийн болон албаны нууцыг ашиглах үйл ажиллагааг зогсоох, төрийн болон албаны нууцыг татан авах арга хэмжээ авна.
34 дүгээр зүйл. Төрийн болон албаны нууцын техник, криптографын хамгаалалт
34.1. Төрийн болон албаны нууцыг хамгаалах техник, криптографын арга хэмжээг төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журамд заасны дагуу хэрэгжүүлнэ.
34.2. Төрийн болон албаны нууцыг хамгаалах техник, криптографын хэрэгсэл нь мэдээллийг хамгаалах зохих шаардлага хангасныг баталгаажуулсан байна.
34.3. Төрийн болон албаны нууцыг хамгаалах криптографын хэрэгслийг ашиглах асуудлыг Засгийн газрын баталсан төрийн шифр харилцааны дүрмээр зохицуулна.
35 дугаар зүйл. Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн тохиолдолд төрийн болон албаны нууцыг хамгаалах
35.1. Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан, эсхүл төрийн болон албаны нууцыг ашиглахтай холбоотой ажил дуусгавар болсон бол тухайн байгууллага, хуулийн этгээд өөрт байгаа төрийн болон албаны нууц тээгчийг хамгаалах арга хэмжээг авах үүрэгтэй.
35.2. Энэ зүйлийн 35.1-д заасан тохиолдолд тухайн байгууллага, хуулийн этгээд төрийн болон албаны нууц тээгчийг тогтоосон журмын дагуу устгах, эсхүл дараахь байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авна:
35.2.1. тухайн төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн эрх залгамжлагчид шилжүүлэх;
35.2.2. тухайн нууцыг хариуцсан төрийн байгууллага, бусад хуулийн этгээдэд шилжүүлэх;
35.2.3. үндэсний төв архивт шилжүүлэх.
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
35.3. Энэ зүйлийн 35.2-т заасан төрийн болон албаны нууц тээгчийг устгах, шилжүүлэх арга хэмжээг авахад тагнуулын байгууллага хяналт тавина.
36 дугаар зүйл. Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд төрийн болон албаны нууцыг хамгаалах
36.1. Иргэн, эрүү, захиргааны хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд төрийн болон албаны нууцыг хамгаалах асуудлыг энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
37 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт
37.1. Улс, орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл ажиллагааг зохих төсвийн хөрөнгөөс, бусад байгууллага, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
38 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцын хамгаалалтад тавих хяналт
38.1. Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлага, тэдгээрийн нууц хамгаалах нэгж, ажилтан харьяа салбар, байгууллагын хэмжээнд төрийн болон албаны нууцын хамгаалалтад хяналт тавина.
38.2. Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь тухайн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн төрийн болон албаны нууцын хамгаалалтад хяналт тавих үүрэгтэй.
38.3. Тагнуулын байгууллага улсын хэмжээнд өмчийн хэлбэр, харьяалал харгалзахгүйгээр төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн төрийн болон албаны нууцын хамгаалалтыг хянан шалгаж, зөрчил, дутагдлыг арилгах хугацаатай үүрэг өгч биелэлтийг хангуулна.
38.4. Тагнуулын байгууллагын хяналт, шалгалтын дүнд гаргасан албан шаардлагыг байгууллага, албан тушаалтан заавал биелүүлж, хариу мэдэгдэх үүрэгтэй.
38.5. Энэ зүйлийн 38.3-т заасан хяналт шалгалтыг зохион байгуулж явуулах журмыг Засгийн газар батална.
ДОЛДУГААР БҮЛЭГ. БУСАД ЗҮЙЛ
39 дүгээр зүйл. Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
39.1. Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн, зөрчлийн болон сахилгын хариуцлага хүлээлгэнэ.
39.2. Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тагнуулын байгууллагаас дараахь хариуцлага хүлээлгүүлэхээр харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ:
39.2.1. энэ хуулийн 6.2, 6.3, 15.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
39.2.2. энэ хуулийн 6.2, 6.3, 15.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, мөн 38.4-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, төрийн албанаас халах.
39.3. Харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан нь холбогдох албан тушаалтандаа энэ хуулийн 39.2-т заасан хариуцлага хүлээлгэж, энэ талаар 14 хоногийн дотор тагнуулын байгууллагад хариу мэдэгдэнэ.
39.4. Энэ хуулийн 39.2-т заасныг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол тухайн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг тагнуулын байгууллагаас түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
39.5. Тагнуулын байгууллагаас энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шаардлага, шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, иргэн түүний дагуу холбогдох арга хэмжээг авч, хариу мэдэгдэх үүрэгтэй.
39.6. Энэ хуулийн 39.5-д заасныг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
39.7. Төрийн болон албаны нууцын тухай хууль зөрчигчид торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
40 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
40.1. Энэ хуулийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД