Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, Улаанбаатар хот


НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ


НЭГДYГЭЭР БYЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.


2 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж

2.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үндэсний их баяр, наадмын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.


3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг;

3.1.2. “нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг.


ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮД,
ТЭДГЭЭРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ

4 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын өдөр

4.1. Нийтээр тэмдэглэх баярын өдөр:

4.1.1. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;

/Энэ заалтад 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.1.2. /Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.1.3. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;

/Энэ заалтад 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.1.4. Шинэ жил: 1 дүгээр сарын 1;

4.1.5. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;

4.1.6. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.

 4.1.7. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.1.8. Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.

/Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.1.9. Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.

/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.1.10. Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./


5 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр

5.1. Дор дурдсан тэмдэглэлт өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ:

5.1.1. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;

5.1.2. Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18;

/Энэ заалтад 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.1.3. Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;

5.1.4. Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;

5.1.5. Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;

5.1.6. Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;

5.1.7. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;

5.1.8. Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;

5.1.9. Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;

5.1.10. Монгол Улсын Нийслэлийн өдөр: 10 дугаар сарын 29;

5.1.11. Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10;

/Энэ заалтад 2004 оны 12 дугаар 9-ний өдөр өөрчлөлт орсон/

5.1.12. Эх орончдын өдөр: гуравдугаар сарын 1;

/Энэ заалтыг 2004 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.13. Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20;

/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.1.14. /Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.1.15. Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10.

/Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.16. Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.

/Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/,             

5.2. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтооно.


6 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх

6.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулж болно. Төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.2. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг зардал багатай, хуульд өөрөөр заагаагүй бол нэг өдрөөс илүүгүй хугацаагаар тэмдэглэнэ.

6.3. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн үеэр улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх уралдаан, тэмцээний бай, шагнал нь Yндэсний их баяр наадмын бай шагналаас илүүгүй байна.


7 дугаар зүйл. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

7.1. Засгийн газар энэ хуулийн 5.2-т заасан баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам баталж, төсөвт тусгагдсан зардлын гүйцэтгэлд хяналт тавина.

7.2. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд зааснаас бусад орон нутгийн хэмжээнд тэмдэглэх тэмдэглэлт өдрийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам, зардлыг батална.

7.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөвт зардлыг хэтрүүлэхгүйгээр баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулна.


ГУРАВДУГААР БҮЛЭГ. БУСАД ЗҮЙЛ

8 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

8.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

8.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              С.ТӨМӨР-ОЧИР