Байгууллагын зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй

Байгууллагын зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлуулах

Байгууллагын зохион байгуулалтын нэгж байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж чиг үүргийн дагуу хагас жилээр төлөвлөгөө боловсруулж, тухайн оны 01, 07 дугаар сарын 05-ны дотор төсвийн шууд захирагчаар батлуулан хэрэгжүүлнэ.

Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох

Байгууллагын, зохион байгуулалтын нэгжийн болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлтийг стратеги төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөний хавсралт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, статистикийн мэдээ, салбарын болон орон нутгийн мэдээлэлд үндэслэн дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

Стратеги төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөний хавсралт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ижил нэршилтэй, ижил утгатай, бие биеэ агуулсан утгатай зорилтуудыг нэгтгэж, нэг гүйцэтгэлийн зорилт болгон тодорхойлох;

Стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилтын хүрээнд хүлээгдэж байгаа өөрчлөлтийг илэрхийлсэн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох бөгөөд гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ нь хоорондоо нягт уялдсан байх;

Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчин, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, аливаа байгууллагын үйл ажиллагаанд бий болох үр дүн, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтийг бодитойгоор тодорхойлох;

Шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшин нь тухайн жилдээ хэрэгжих боломжтой, тоон ба чанарын утгаар илэрхийлэгдэх, хэмжигдэхүйц байх;

Гүйцэтгэлийн зорилт тус бүрийн хүрээнд 1-ээс доошгүй тооны үр дүнг тодорхойлж, тухайн үр дүн бүрт 2-оос доошгүй үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;

Гүйцэтгэлийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ бүрт 1-ээс доошгүй шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;

Байгууллагын гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг хагас, бүтэн жилээр тодорхойлох;

Зохион байгуулалтын нэгжийн болон ТЖАХ-ийн гүйцэтгэлийн зорилтын шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг хагас, бүтэн жилээр, арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг улирлаар тодорхойлох;

Гүйцэтгэлийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ болон арга хэмжээг хэрэгжүүлэх ажил үйлчилгээг ялгаж тодорхойлох;

Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээнд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг тодорхойлохдоо дараах зарчмыг баримтална:

- Суурь түвшнээс хүрэх түвшин тодорхой байгаа үед өөрчлөлтийг гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний онцлогоос шалтгаалан улирал бүрээр нарийвчлан тооцно. / Тодорхой арга хэлбэр, дэс дараалал, журам, заавар, аргачлалын дагуу /

- Суурь түвшнээс хүрэх түвшинг тодорхой бус үед ижил төстэй гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний сүүлийн 3 жилийн дундаж, өнгөрсөн жилийн гүйцэтгэлийн мэдээлэлд үндэслэн улирлаар өөрчлөлтийг тооцно.

Гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг арга хэмжээ тус бүрээр нарийвчлан тусгасан байна. Санхүүжилтийн эх үүсвэргүй зорилт, арга хэмжээг / зардал нь төсөвт тусгагдаагүй / гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй. Байгууллагын дотоод нөөц бололцоог ашиглан хэрэгжүүлж болохуйц зорилт, арга хэмжээг энд хэлээгүйг анхаарна уу.

Зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн зорилтын төрлийг тодорхойлох

Зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн зорилтыг тодорхойлохдоо дараах аргачлалыг баримтална.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт гэж нэгжийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтууд болон бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудад багтсан төрийн үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход чиглэсэн зорилтыг хэлнэ.

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт гэж нэгжийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах дунд болон богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтуудыг хасч тооцсон зорилтыг хэлнэ.

Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт гэж нэгжийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль тогтоомж, тогтоол шийдвэрээр олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтуудаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтууд болон бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хасч тооцсон зорилтыг хэлнэ.

Байгууллагын болон зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн зорилт хоорондын уялдааг хангах

Байгууллагын гүйцэтгэлийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулалтын нэгжүүд гүйцэтгэлийн зорилтыг төлөвлөгөөнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалын дагуу томьёолох бөгөөд тухайн зорилтуудыг хэрэгжүүлснээр байгууллагын гүйцэтгэлийн зорилт биелэх боломжтой эсэхийг доорх аргачлалаар шалгаж үзнэ үү.

Зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүдийн хүрэх түвшний нийлбэр нь байгууллагын гүйцэтгэлийн зорилтын шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг өөртөө агуулах, эсхүл тэнцэж байвал нэгжүүдийн гүйцэтгэлийн зорилтуудыг хэрэгжүүлснээр байгууллагын гүйцэтгэлийн зорилт биелнэ гэж үзэж болно. Харин эсрэг тохиолдолд төлөвлөлт буруу байна гэсэн үг. Энэ үед байгууллагын болон нэгжийн гүйцэтгэлийн зорилт хоорондын уялдааг дахин нягталж, төлөвлөлтөө засах хэрэгтэй.

Төсвийн Шууд захирагч Зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянаж, гарын үсэг зуран баталгаажуулахдаа энэхүү аргачлалыг хэрэглэнэ.

Зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангах

Төлөвлөгөөнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалын дагуу зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээнүүдийг төлөвлөсний дараа тухайн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр нэгжийн гүйцэтгэлийн зорилт биелэх боломжтой эсэхийг доорх аргачлалаар шалгаж үзнэ үү.

Нэгжийн гүйцэтгэлийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн шалгуур үзүүлэлтүүдийн хүрэх түвшний нийлбэр нь нэгжийн гүйцэтгэлийн зорилтын шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг өөртөө агуулах, эсхүл тэнцэж байвал уг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн зорилт биелнэ гэж үзэж болно. Харин эсрэг тохиолдолд төлөвлөлт буруу байна гэсэн үг. Энэ үед нэгжийн гүйцэтгэлийн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүд хоорондын уялдааг дахин нягталж, төлөвлөлтөө засах хэрэгтэй.