Сангийн сайдын 2012 оны 239 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
САНГИЙН САЙДЫН
ТУШААЛ

2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, дугаар 239, Улаанбаатар хот


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтыг оновчтой болгох, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. ”Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ыг хавсралтаар баталж, 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр тогтоосугай.

2. Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг холбогдох төсвийн эрх захирагч нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 24 дүгээр тушаалаар батлагдсан “Орон нутгийн нөөц санг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлийг тооцох нийтлэг журам”-ыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

 

САЙД                                                   Ч.УЛААН

 

/Сангийн сайдын 2015 оны 165-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав./

Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Урьдчилан төлөвлөх, нарийвчлан тооцож төсөвт тусгах боломжгүй, тухайн төсвийн жилийн дундуур зайлшгүй санхүүжилт гаргах шаардлагатай зарим зардлыг санхүүжүүлэх болон тухайн шатны Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх зориулалт бүхий Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахад энэ журмыг мөрдөнө.


ХОЁР. ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙН ЗОРИУЛАЛТ

2.1. Засаг даргын нөөц хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулна:

2.1.1. Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах;

2.1.2. Үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах;

2.1.3. Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх.

2.2. Засаг даргын нөөц хөрөнгийг орон нутгийн төсөвт нийт дүнгээр тусган тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулна.

2.3. Энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж нийт батлагдсан хөрөнгийн 30-аас доошгүй хувийг Засаг даргын нөөцөд байлгана. 

/Сангийн сайдын 2015 оны 165-р тушаалаар нэмсэн/


ГУРАВ. ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ

3.1. Засаг даргын нөөц хөрөнгийг Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг даргын захирамжаар зарцуулна.

3.2. Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах шийдвэр нь тухайн жилийн орон нутгийн төсөвт батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн нийт хэмжээнээс хэтрэхгүй байна.

3.3. Энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээний санхүүжилтийг эхний ээлжинд Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргана.

3.4. Энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдон Засгийн газрын нөөц сангаас нэмэлт хөрөнгө гаргах зайлшгүй шаардлагатай бол тухайн шатны Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан зардлын тайлан, тооцоо, тайлбар, танилцуулгыг нэмж шаардагдах зардлын саналын хамт Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлнэ.


ДӨРӨВ. ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ,
ГҮЙЦЭТГЭЛИЙГ ТАЙЛАГНАХ

4.1. Засаг даргын нөөц хөрөнгөөс зардал гаргах нөхцөлд хариуцан гүйцэтгэх байгууллага, ажилтан уг арга хэмжээг хэрэгжүүлэх саналын төлөвлөгөө, төсвийн зардлын дэлгэрэнгүй тооцоог тухайн шатны Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

4.2. Тухайн шатны Засаг даргын Тамгын газар төсвийн зардлын тооцоог Санхүү, төсвийн асуудал хариуцсан хэлтэс /тасаг/- ээр хянуулан холбогдох газар, хэлтсээс санал авч, Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр Засаг даргын захирамж гаргуулна.

4.3. Засаг даргын захирамжийг үндэслэн Санхүү, төсвийн асуудал хариуцсан хэлтэс /тасаг/ Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжигдэх арга хэмжээ, төслийн хэрэгжилтийн онцлог, үе шатны ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжилтийг олгоно. Хэрэгжүүлж буй арга хэмжээ, төслийн онцлогоос шалтгаалан эхний ээлжинд зарим бэлтгэл ажил /материал, түүхий эд бэлтгэх гэх мэт/ хийгдэх бол урьдчилгаа олгож болох бөгөөд урьдчилгааны хэмжээ нийт зардлын 30 хувиас хэтрэхгүй.

4.4. Засаг даргын нөөц хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага хэмнэлт гарсан бол уг төсөл, арга хэмжээ хэрэгжиж дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор үлдэгдлийг орон нутгийн төсвийн ерөнхий орлогын дансанд эргүүлэн шилжүүлнэ.

4.5. Тухайн арга хэмжээ, төслийг хариуцан гүйцэтгэж байгаа байгууллага, ажилтан хөрөнгийн зарцуулалтын тайланг уг арга хэмжээг хэрэгжүүлж дууссанаас хойш ажлын 15 хоногийн дотор гаргаж, тухайн шатны Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

4.6. Зардлын тайланг гаргахдаа уг арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсөвтэй зэрэгцүүлэн гаргаж, байгууллагын дарга, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулан холбогдох баримтыг хавсаргана.

4.7. Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, тайлагналтыг тухайн шатны Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч хариуцан гүйцэтгэнэ.


ТАВ. БУСАД ЗҮЙЛ

5.1. Энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь заалтад зааснаас бусад зориулалтаар Засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө оруулалтын зардал гаргах, олгосон хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно.
5.2. Тухайн шатны Засаг даргын Тамгын газрын Санхүү, төсвийн асуудал хариуцсан хэлтэс /тасаг/ Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, эх үүсвэрийн үлдэгдлийн талаарх мэдээллийг Засаг даргын зөвлөлийн хуралд улирал бүр танилцуулж байна.

 

---оОо---