Сангийн сайдын 2016 оны 415 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
САНГИЙН САЙДЫН
ТУШААЛ

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, Улаанбаатар хот


ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 11.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг хэрэгжүүлэн ажиллахыг Төсвийн хөрөнгө оруулалтын газар /А.Мөнхбаясгалан/, Төрийн сангийн газар /С.Наранцогт/-т, хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Ганбат/-т тус тус даалгасугай.

Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

САЙД                                                                                Б.ЧОЙЖИЛСҮРЭН

 

Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн угсралт, их засварын ажил, худалдан авах тоног төхөөрөмж, техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, зураг төсвийн ажил (цаашид "төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ" гэх)-ийг төлөвлөх, санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журам нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хуулийн хүрээнд зохицуулагдана.

1.3. Энэхүү журмыг Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй бүх хөрөнгө оруулалт, "Барих-шилжүүлэх" концессын төслийн эргэн төлөлт, улсын төсвийн бүрэлдэхүүнд ордог Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын хөрөнгөөр хэрэгжүүлэх барилга байгууламж, тоног төхөөрөмж, их засвар, бараа, ажил, үйлчилгээ, ТЭЗҮ, зураг төсвийн ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнахад мөрдлөг болгоно.


ХОЁР. ЖУРМЫН НЭР ТОМЬЁО

2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. "Барилга байгууламж" гэж "Барилгын тухай" хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4.1.1-т зааснаар барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж, магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, зам гүүр, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг;

2.1.2. "Их засвар" гэж барилгын үндсэн хийц, бүтээцийг өөрчлөхгүйгээр барилга байгууламжийг засварлах, түүнд суурилуулсан цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, механик тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг бууруулахгүйгээр ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор элэгдэж хуучирсан, эвдэрсэн тоног төхөөрөмжийг солих зэрэг үйл ажиллагааг;

2.1.3. "Тоног төхөөрөмж" гэж бүх шатны төсөвт хамаарах хуулийн этгээдийн албан хэрэгцээнд ашиглах, тэдгээрийн өмчлөлд шилжих авто тээврийн хэрэгсэл, тавилга, компьютер, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийг;

2.1.4. "ТЭЗҮ, зураг төсөв" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг;


ГУРАВ. ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ

3.1. Төсвийн ерөнхийлөн захирагч /ТЕЗ/, аймаг, нийслэл төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөх, тухайн санхүүгийн жилийн төсөлд тусгахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

- Төрөөс баримталж байгаа Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл барилмтлал-2030, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулах;
- Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтын төслийг ээлж дараалалтай хэрэгжүүлэх;
- Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан "Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам"-д нийцүүлэх;
- Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын олон улсын төслийн Монголын талын хүлээсэн үүргийг ханган биелүүлэх;
- Салбарын хөгжлийн бодлого, салбарын болон бүс нутгийн дунд хугацааны стратеги, мастер төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэх тэргүүлэх ач холбогдолтой хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ байх;
- Шинээр баригдах барилга байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, батлагдсан зураг төсөв, үр ашгийн тооцоо, нийгмийн шинж чанартай барилга байгууламжийн хувьд түүнийг барих зайлшгүй хэрэгцээ, шаардлага, судалгаа, тооцоо, батлагдсан зураг төсвийг үндэслэх;
- Хөгжлийн индекс тооцох аргачлалын дагуу тооцсон үзүүлэлтүүдийг хэрэглэдэг байх;
- Ногоон барилгын шалгуур үзүүлэлтүүдийг тусгаж, тогтвортой, ногоон худалдан авалтын шалгуур, зарчмуудыг баримтлах;
- Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр бүхий орон нутагт хэрэгжүүлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр, арга хэмжээ байх;

3.2. Тухайн санхүүгийн жилд эхлүүлэхээр төлөвлөж буй барилга байгууламж нь 3.1-т заасан зарчмыг баримталсан байхын зэрэгцээ инженер хайгуулын судалгааг хийж, дүгнэлт гаргасан, зураг төслийг экспертизээр батлуулсан, барилга барих газар болон инженерийн шугам, сүлжээний асуудлыг бүрэн шийдсэн, үр ашигтай нь техник, эдийн засгийн үндэслэл, тооцоогоор нотлогдсон зэрэг барилгын ажлыг эхлүүлэх нөхцлийг хангасан, урсгал зардлын урьдчилсан тооцоо хийгдсэн байна.

3.3. Аймаг, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө тухайн салбарын бодлого, чиглэлийн яам, мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг заавал тусгах бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлээг тусгасан байвал зохино.

3.4. Төсвийн хөрөнгөөр хийх их засварын ажлыг төлөвлөхдөө тухайн барилга байгууламжийн ашиглалт, норм, хугацаа, элэгдэлийн байдал, мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, засварын хөрөнгийн төсөв, холбогдох материалыг үндэслэнэ.

3.5. Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн санхүүгийн жилд зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах тэргүүлэх ач холбогдол бүхий төслийн жагсаалтыг тусгайлан гаргаж, төсвиин хөрөнгө оруулалтын төсөл, арга хзмжээтэй хамт ирүүлнэ.

3.6. Төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг нийслэлийн тухайн санхүүгийн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нь тухайн захиалагчийн дунд хугацаанд хэрэгжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр /УХОХ/-тэй харилцан уялдсан байхын зэрэгцээ салбарын гол тэргүүлэх чиглэл, хөрөнгө оруулалтын ач холбогдол, тухайн төслийн хэрэгжилттэй уялдуулан эрэмбэлсэн байна.

3.7. Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн хүрээний мэдэгдлийг үндэслэн аймаг, орон нутгийн хэрэгцээ болон саналыг салбарын бодлоготой уялдуулан, өгөгдсөн санхүүгийн эх үүсвэр, төсвийн хязгаарт багтаан төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төслийг боловсруулна.

3.8. Төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэл нь тухайн жилийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний төслийг Сайдын зөвлөл, ТЕЗ-ын удирдлага, Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын тэргүүлэгчдийнхээ хурлаар хэлэлцэж гаргасан холбогдох шийдвэр, тайлбар, танилцуулгын хамт Сангийн яаманд ирүүлнэ.

3.9. Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн хязгаарт багтсан болон багтаагүй төсвийн хөрөнгө оруулалтын төслийн санал, тооцоог энэхүү журмын нэгдүгээр хавсралтаар батлагдсан, төсвийн төсөл боловсруулах удирдамжид заасан маягтын дагуу гаргаж, холбогдох бусад материалын хамт хуульд заасан хугацаанд Сангийн яаманд ирүүлнэ.

3.10. Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний төслийг батлагдсан маягтын дагуу боловсруулж, холбогдох материал, мэдзэллийг ирүүлээгүй тохиолдолд хөрөнгө оруулалтын төлөвлөлтөнд тусгахгүй байх үндэслэл болно.

3.11. Барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.'

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 24.4 дэх заалт'


ДӨРӨВ. ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ САНХҮҮЖҮҮЛЭХ

4.1. Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хийгдэх төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, худалдан авах тоног төхөөрөмжийн актанд захиалагчийг төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий барилгын хяналтын болон санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан холбогдох албан тушаалтнуудыг томилж, томилсон тухай шийдвэрийг Сангийн яаманд хүргүүлнэ.

4.2. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд зөвхөн уг ажилд захиалагчийн зүгээс хяналт тавьж байгаа болон санхүүжилтийн үйл ажиллагаанд оролцож байгаа албан тушаалтнууд гарын үсэг зурах бөгөөд дээрх үйл ажиллагаанд шууд хамааралгүй этгээдээр гарын үсэг зуруулахгүй байна.

4.3. Захиалагч байгууллага төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын батлан гаргасан норм, норматив, дүрэм болон тухайн барилгын ажлын батлагдсан зураг тесөв, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээр тохирсон барилгын үе шатны ажлын хуваарийг төсөл, арга хэмжээ нэг бүрээр нь тулган шалгаж, баталгаажуулна.

4.4. Захиалагчийн санхүүжилт хүссэн материалыг Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх олгосны дагуу Төсвийн шууд захирагч эсхүл санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжийн даргын гарын үсгээр хянан баталгаажуулж, албан тоотоор Сангийн яам /төсвийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж/-д хүргүүлнэ.

4.5. Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжийн мэргэжилтэн хянаж баталгаажуулсан гарын үсэг бүхий албан тоот, холбогдох материалыг энэхүү журмын хоёр болон гуравдугаар хавсралтаар батлагдсан "Хяналтын хүснэгт"-д тусгагдсан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг дараах материалыг үндэслэн ажлын 2 хоногийн дотор санхүүжүүлнэ. Үүнд:

4.5.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон тухай албан тоот, үнэлгээний дүгнэлт, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл;

4.5.2. Захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээний эх хувь /Сангийн сайдын тушаалаар батлагдсан Тэрээний маягт"-ын дагуу гэрээг байгуулна/;

4.5.3. Худалдан авах ажиллагааны үр дүнгийн биелэлтийг холбогдох цахим систем /tender.gov.mn/-д оруулсныг нотлох мэдээлэл;

4.5.4. Тендерт шалгарч гэрээ байгуулсан этгээдийн барилга угсралт, их засварын ажлын төлөвлөгөө, түүнийг төсөвт өртөгт эзлэх дүнгээр тодорхойлсон барилгын санхүүжилтийн хуваарь /энэ журмын тавдугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргана/;

4.5.5. Гүйцэтгэлийн баталгаа /Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Гүйцэтгэлийн баталгааны маягт"-ын дагуу гаргана/;

4.5.6. Урьдчилгаа төлбөрийн баталгаа /Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Урьдчилгаа төлбөрийн баталгааны маягт"-ын дагуу гаргана/;

4.5.7. Захиалагчийг төлөөлсөн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, тамга, тэмдгээр хянан, баталгаажсан барилгын ажлын гүйцэтгэл /энэ журмын дөрөв, тавдугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргана/;

4.5.8. Барилга, байгууламж, засварын ажил, тоног төхөөрөмжийн гэрэл зураг;

4.5.9. ТЭЗҮ, зураг төсөв, техник, хяналт, зөвлөх үйлчилгээний гэрээ;

4.5.10. Барилга байгууламж, их засварын ажлыг ашмглалтад хүлээн авсан тухай комиссын акт, тоног төхөөрөмж хүлээн авсан акт;

4.5.11. Төсвийн шууд захирагчийн хянан баталгаажуулсан албан тоот.

4.6. Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн "Хяналтын хүснэгт"-д төслийн асуудлыг тусган хянаж байгаа Захиалагч болон Сангийн яамны ажилтан уг хуудсанд тусгагдаагүй асуудлаар хяналтын үйл ажиллагаа явуулах, гүйцэтгэгчээс нэмэлт материал шаардах, түүнчлэн санхүүжилтийн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр саатуулахыг хориглоно.

4.7. "Хяналтын хүснэгт" бүрэн бөглөгдөж, түүнд тусгагдсан бүх асуудал холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцсэнийг тогтоосон тохиолдолд Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжийн дарга санхүүжигдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад гарын үсэг зурж, огноог тэмдэглэн, энэ журмын есдүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргаж, Төрийн сангийн асуудал хариуцсан нэгжид өгнө. Жагсаалтад төсвийн хуулийн хавсралтад тэмдэглэгдсэн хөрөнгө оруулалтын ажлын нэр, дэс дугаар, захиалагч, гүйцэтгэгчийн нэр, захиалагчийн дансны дугаар, санхүүжих мөнгөн дүнг тус тус тэмдэглэсэн байна.

4.8. "Хяналтын хүснэгт" бүрэн бөглөгдөх боломжгүй, санхүүжилтийн материал иж бүрдэл дутуу, шаардлага хангахгүй, тэдгээрт тусгагдсан асуудал холбогдох хууль, тогтоомжид нийцэхгүй бол Сангийн яам захиалагчаас ирүүлсэн материалыг ажлын 2 хоногийн дотор албан бичгээр буцаана.

4.9. Захиалагч байгууллага төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилга, их засварын ажил бүрийг биечлэн хянаж, шалгах үүрэг бүхий хяналтын инженер, хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг ажиллуулах бөгөөд хяналтын инженер, хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлж буй компани нь хяналт хийсэн тухай бүр тэмдэглэл үйлдэж, гүйцэтгэгч байгууллагад өгөгдсөн үүрэг даалгавар, түүний биелэлтийн талаар тэмдэглэж ажлын гүйцэтгэлд хавсаргах бөгөөд барилга ашиглалтад орсоны дараа санхүүжилтийн материалын хамт захиалагчийн архивт хадгалуулна.

4.10. Урьдчилгаа болон гүйцэтгэлийн баталгааний үнэн зөвийг захиалагч холбогдох банкнаас тодруулж шалгах үүрэгтэй бөгөөд баталгаатай холбоотой хариуцлагыг бүрэн хүлээнэ. Баталгааг хуурамчаар үйлдсэн гүйцэтгэгч байгууллагыг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд
хамруулна.

4.11. Захиалагч барилга байгууламж, их засварын ажлын гүйцэтгэлийг ирүүлэхдээ гэрээгээр тохиролцсон барилга угсралт, их засварын ажлын календарчилсан төлөвлөгөө болон ажлын бодит гүйцэтгэлийг мөнгөн дүнгээр илэрхийлсэн байдлаар гаргаж, энэ журмын тавдугаар хавсралтаар батлагдсан маягтын гаргана.

4.12. Төсвийн магадлашгүй ажлын зардлыг зевхөн захиалагч, гүйцэтгэгч байгууллагын хамтран тогтоосон акт, магадлашгүй ажлын төсөв, гүйцэтгэлийг үндэслэн олгоно.

4.13. 3ахиалагч худалдан авсан тоног төхөөрөмжийг хүлээн авахдаа энэ журмын долдугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу акт үйлдэж, тамга, тэмдэгээр баталгаажуулна. Захиалагч шаардлагатай гэж үзвэл тоног төхөөрөмж хүлээн авах комисс ажиллахаас өмнө тоног төхөөрөмжийг ажиллуулж шалгаж хүлээн авна.

4.14. "Хяналтын хүснэгт" нь бүрэн бөглөгдөж, санхүүжигдэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад тусгагдсан ажлын санхүүжилтийг Сангийн яамны Төрийн сангийн асуудал хариуцсан нэгж ажлын 4 хоногт багтаан захиалагчийн төрийн сан дахь хөрөнгө оруулалт, их засварын дансанд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах бүх хариуцлагыг хүлээнэ. Төсвийн орлого бүрдэлтээс хамаарч тогтоосон хугацаанд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нь санхүүжигдэж чадаагүй бол энэ нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.

4.15. Төсвийн орлого бүрдэлт, эх үүсвэр хүрэлцээгүйгээс энэхүү журмын 4.5, 4.14-д заасан хугацаанд санхүүжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан нэгж нь хөрөнгө оруулалтын тесөл, арга хэмжээний санхүүжилтийг хийхдээ зөвхөн тэдгээрийн Сангийн яамны бичиг хэрэгт бүртгэгдсэн огнооны дараалал, Төрийн сангийн асуудал хариуцсан нэгж эрх нээсэн огноог баримтлана.

4.16. 3ахиалагч байгууллага өөрийн дансанд санхүүжилт орсноос хойш ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэгч байгууллагад санхүүжилтийг олгоно. Санхүүжилтийг тогтоосон хугацаанд гүйцэтгэгчид шилжүүлээгүйгээс үүдэн гарах бүх хариуцлагыг захиалагч хариуцна.

4.17. 3ахиалагч шинээр баригдсан барилга байгууламж, их засварыг ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтад хүлээн авна.

4.18. 3ахиалагч барилгын ажлын зардал, ТЭЗҮ, зураг төсвийн үнэ, захиалагчийн хяналтын зардал, нормчлолын сангийн зардал, чанарын баталгаат хугацааны барьцааг тус тусын дансанд холбогдох баримт, материалыг үндэслэн шилжүүлнэ.

4.19. Барилгын чанарын баталгаат хугацаа “Барилгын тухай хууль"-ийн 14 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд баталгаат хугацаанд байгалийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс бусад шалтгаанаас үүдэн барилга байгууламжид эвдрэл, гэмтэл гарвал гүйцэтгэгч байгууллага захиалагчийн шаардлагаар үнэ төлбөргүй засварлана.

4.20. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.

4.21. Барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмжийн зардлыг хооронд нь шилжүүлэх, батлагдсан нэр, байршлыг солих, хүчин чадлыг өөрчлөх, хуулиар батлагдсан төсөвт өртгийг хэтрүүлэн тендер зарлах, гэрээ байгуулах, санхүүжүүлэхийг хориглоно.

4.22. Хөрөнгө оруулалтын ажлын тендер шалгаруулалтын дүнд бий болсон хэмнэлтийг төсвийн ерөнхийлөн захирагч зарцуулах эрхгүй.

4.23. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зохицуулалт хийх нөхцөл шалтгаан үүссэн тохиолдолд санхүүжилтийн дүнд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийг захиалагч болон Сангийн яам төлөвлөгөө батлагдтал түр хугацаагаар зогсоож, шинэчлэгдсэн төлөвлөгөө батлагдсаны дараа шийдвэрлэнэ.

4.24. Сангийн яам төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажил тус бүрийн санхүүжилтийн дүн, явц байдлыг энэ журмын зургаадугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу тогтмол гаргаж, төсвийн ил тод мэдээллийн сайтад байршуулна.

4.25. Аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сангийн асуудал хариуцсан нэгж, мэргэжилтэн нь тухайн орон нутагт төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын санхүүжилтийн талаарх мэдээллийг Засаг даргын Тамгын газрын мэдээллийн хэрэгсэлд шуурхай байрлуулж, нийтэд мэдээлэх ажлыг тогтмол гүйцэтгэх бөгөөд санхүүжилт хийгдсэн тухай бүр мэдээллийг шинэчилж байна.

4.26. Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад батлагдсан, эрх шилжүүлж аймаг, нийслэл, сум, дүүрэг худалдан авах ажиллагааг нь зохион байгуулсан төсвийн хөрөнгө оруулалтын ажлын хувьд тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн хөрөнгө оруулалт, их засварын дансаар дамжиж санхүүжилт нь хийгдэнэ. Төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгаас ирүүлсэн санхүүжилтийн бичиг, баримтыг ажлын 3 хоногийн дотор хянаж, Сангийн яаманд хүргүүлнэ.

4.27. Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн багцад батлагдсан хөрөнгө оруулалтын ажлаас Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага болон орон нутагт эрх шилжин худалдан авах ажиллагааг нь зохион байгуулах ажлын жагсаалтыг тушаалаар баталж, худалдан авах ажиллагааныхаа төлөвлөгөөнд хавсарган төсөв батлагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор Сангийн яаманд хүргүүлсэн байна.


ТАВ. ХЯНАЛТ

5.1. Захиалагч, захиалагчийг төлөөлж хяналт хийж байгаа байгууллага нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилга байгууламж, их засварын ажилд захиалагчийн хяналт тавьж, хэмжилт шалгалтыг барилгын салбарт мөрдөж байгаа хууль болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан норм норматив, дүрэм, журмын дагуу явуулна.

5.2. Захиалагч, захиалагчийг төлөөлж хяналт тавьж байгаа байгууллага барилга байгууламж, их засварын ажлын гүйцэтгэл, чанарт байнгын шууд хяналтыг тавьж, илэрсэн зөрчил, дутагдалыг тухай бүр арилгуулах арга хэмжээ авч ажиллана.

5.3. Сангийн яам төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилтийн зарцуулалтын байдалд хяналт тавьж, шаардлагатай бол барилга байгууламж, их засварын ажилд шалгалт хийж, зөрчил дутагдалыг арилгуулах арга хэмжээ авна. Үүнд хяналт, шалгалтын мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж болно.

5.4. Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг үнэн зөв гаргах, төсвийн хөрөнгийн зарцуулалт, барилгын чанарт тавих хяналтыг Төсвийн ерөнхийлөн захирагч бүрэн хариуцна.

5.5. Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй ажлын санхүүжилт, түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудалд төсвийн эрх захирагч нь тухайн нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагуудыг хөндлөнгийн хяналт тавих боломжоор хангах үүрэгтэй.

5.6. Орон нутагт хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалтын ажилтай холбоотой асуудлаар иргэд гомдол гаргавал нутгийн захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжгүй бол асуудлыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч, хяналт шалгалтын мэргэжлийн байгууллага, Сангийн яаманд цаг алдалгүй тавьж шийдвэрлүүлнэ.


ЗУРГАА. ТАЙЛАГНАХ

6.1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил нь төрийн, эсхүл орон нутгийн өмчид заавал бүртгэгдэх бөгөөд барилга байгууламжийг барьж дуусах хүртэл, худалдан авсан тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авсан эцсийн гүйцэтгэлийн дүнгээр захиалагч байгууллага эргэлтийн бус хөрөнгөөр бүртгэн санхүүгийн тайландаа тусгана. Их засварын зардлыг захиалагч байгууллага нь хөрөнгийн дүн, засварын төрлөөр тодруулга тайланд тусгана.

6.2. Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн багцад батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн мэдээ, ажлын явц, үр дүнгийн тайланг сар бүр энэ журмын зургаадугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргаж, дараа сарын 5-ны дотор Сангийн яаманд хүргүүлнэ.

6.3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад батлагдсан боловч худалдан авах ажиллагаа нь орон нутагт эрх шилжин хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн мэдээ, ажлын явц, үр дүнгийн талаарх тайланг тухайн орон нутгийн захиргааны байгууллага сар бүр энэ журмын зургаадугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргаж, дараа сарын 3-ны дотор тухайн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

6.4. Төсвийн ерөнхийлөн захирагч нь ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээг дараа оны 4 дүгээр сарын 10-ны дотор энэ журмын наймдугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргаж Сангийн яаманд хүргүүлнэ.

6.5. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн барилга байгууламж, төсөл, арга хэмжээний ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, санхүүжилтийн холбогдолтой бүх баримт, материал, комиссын актуудыг асуудал хариуцсан албан тушаалтан Архивын тухай хуулийн дагуу архивлаж хадгална. Архивт өгөөгүй тохиолдолд холбогдох хариуцлагыг тухайн асуудал хариуцсан албан тушаалтны удирдлага хүлээнэ.