Стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй

Стратеги төлөвлөгөөг боловсруулах, батлах

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам нь тухайн сайдын эрхлэх асуудлын хүрээний стратеги төлөвлөгөөг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн стратеги төлөвлөгөөг Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш хоёр сарын дотор, дөрвөн жилийн хугацаатайгаар боловсруулж, төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

Стратегийн зорилт, арга хэмжээг тодорхойлох

Стратегийн зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлтийг бодлогын баримт бичиг, статистикийн мэдээ, салбарын болон орон нутгийн мэдээлэлд үндэслэн дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

Стратегийн зорилт бүрийг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчинд бий болох үр дүнг бодитойгоор тодорхойлох;

Стратегийн зорилт тус бүрийн хүрээнд 1-5 хүртэлх тооны үр дүнг тодорхойлж, тухайн үр дүн бүрт 2-оос доошгүй үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;

Стратегийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ бүрт 1-ээс доошгүй шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;

Стратегийн зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлт бүрийн хувьд суурь он, суурь түвшин, зорилтот он болон хүрэх түвшин, мэдээллийн эх сурвалжийг тодорхойлсон байх;

Стратегийн зорилт, арга хэмжээнд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн эцсийн хүрэх түвшин нь тодорхой байгаа үед завсрын онуудын хүрэх түвшинг тодорхойлохдоо дараах 3 үе шатыг баримталж тодорхойлно:

- Суурь түвшнээс эцсийн хүрэх түвшин хүртэлх завсрын онуудын жилийн дундаж өөрчлөлтийн хувийг жил бүр жигд өөрчлөлттэй байх нөхцлөөр тооцно.

- Шалгуур үзүүлэлтийн сүүлийн 4-8 жилийн дундаж өөрчлөлтийн хувийг тооцож гаргана. Өмнөх онуудын дундаж өөрчлөлтийн хувийг суурь түвшнээс эцсийн хүрэх түвшин хүртэл тооцсон хувьтай харьцуулна.

- Хүрэх түвшингийн жигд өөрчлөлтийн тооцоонд гадаад, дотоод хүчин зүйл, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн чиг хандлага, төлөвлөсөн томоохон зорилт, арга хэмжээ зэргийг харгалзан засвар өөрчлөлт хийнэ.

Стратегийн зорилт, арга хэмжээнд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн эцсийн хүрэх түвшин нь тодорхой бус үед завсрын онуудын болон эцсийн хүрэх түвшинг тодорхойлохдоо дараах 3 үе шатыг баримталж тодорхойлно:

- Шалгуур үзүүлэлтийн сүүлийн 4-8 жилийн дундаж өөрчлөлтийн хувийг тооцож, түүнд үндэслэн хүрэх түвшинг төсөөлнө. Өмнөх онуудын тоо мэдээлэл хангалтгүй шалгуур үзүүлэлтүүдийн хувьд, тухайн шалгуур үзүүлэлт нь тогтсон норм, нормативтай бол түүнийг үндэслэн, эсхүл тодорхой мэдэгдэж байгаа хугацааны өөрчлөлтийг харгалзаж үзнэ.

- Өмнөх онуудын жилийн дундаж өөрчлөлтийн хувийг 3 хувилбараар (олон жилийн дунджаас доогуур, олон жилийн дундаж орчим, олон жилийн дунджаас дээгүүр) авч, суурь оноос эхлэн жил бүр тогтмол өөрчлөлттэй байх нөхцлөөр хүрэх түвшинг тооцно.

- Стратеги төлөвлөгөөний төсөлд тусгасан стратегийн зорилт, арга хэмжээ, макро эдийн засгийн бодлогын нөлөө, нэмэлт тооцоо, судалгаа зэргийг харгалзан бодит нөхцөлд тохируулан хүрэх түвшний үзүүлэлтэд зохих өөрчлөлт оруулна.

Стратегийн зорилтын төрлийг тодорхойлох

Стратегийн зорилтыг тодорхойлохдоо дараах аргачлалыг баримтална.


Монгол Улсын хөгжлийн салбарын хувьд:

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт гэж хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтууд болон бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудад багтсан төрийн үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход чиглэсэн зорилтыг хэлнэ.

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт гэж Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтуудыг хасч тооцсон зорилтыг хэлнэ.

Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт гэж хууль тогтоомж, тогтоол шийдвэрээр олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтуудаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтууд болон бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хасч тооцсон зорилтыг хэлнэ.


Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд:

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт гэж хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтууд болон бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудад багтсан төрийн үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход чиглэсэн зорилтыг хэлнэ.

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт гэж Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр болон Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтуудыг хасч тооцсон зорилтыг хэлнэ.

Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт гэж хууль тогтоомж, тогтоол шийдвэрээр олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтуудаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтууд болон бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хасч тооцсон зорилтыг хэлнэ.

Стратегийн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангах

Төлөвлөгөөнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлага, стратегийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалын дагуу стратегийн зорилт, арга хэмжээнүүдийг төлөвлөсний дараа тухайн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр стратегийн зорилт биелэх боломжтой эсэхийг энэхүү аргачлалаар шалгаж үзнэ үү.

Стратегийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн шалгуур үзүүлэлтүүдийн хүрэх түвшний нийлбэр нь стратегийн зорилтын шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг өөртөө агуулах, эсхүл тэнцэж байвал уг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр стратегийн зорилт биелнэ гэж үзэж болно. Харин эсрэг тохиолдолд төлөвлөлт буруу байна гэсэн үг. Энэ үед стратегийн зорилт болон арга хэмжээнүүд хоорондын уялдааг дахин нягталж, төлөвлөлтөө засах хэрэгтэй.

Энэхүү аргачлалыг стратеги төлөвлөгөө боловсруулахад хэрэглэхээс гадна дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад бодлого боловсруулагчид хэрэглэж, төлөвлөлтийн чанарыг сайжруулах хэрэгтэй.