Стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахад тавигдах шаардлага

Нэр томьёоны тодорхойлолт

Засгийн газрын 2019 оны 36, 37, 38 дугаар тогтоолуудаар баталсан "Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам", "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам", "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-ууд болон журмуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аргачлал, загвар, маягтуудад хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

Стратеги төлөвлөгөө гэж алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон баримт бичгийг;

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө гэж стратеги төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичигтэй уялдсан гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, тухайн жилд хүрэх түвшин, гүйцэтгэл, үр дүнг тооцсон баримт бичгийг;

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө гэж байгууллагын болон зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг өөрийн албан тушаалын тодорхойлолттой уялдуулан боловсруулсан гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ, ажил үйлчилгээний төлөвлөгөөг;

Стратегийн зорилт гэж хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд урт, дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн оновчтой, хэмжиж болохуйц, тодорхой хугацаанд хүрч болохуйц эерэг өөрчлөлтийг;

Байгууллагын гүйцэтгэлийн зорилт гэж асуудлыг хэсэгчлэн болон бүрэн шийдвэрлэхэд чиглэсэн аливаа бодлогын хүрээнд дэвшүүлсэн оновчтой, хэмжиж болохуйц, нэг жилийн хугацаанд хүрч болохуйц эерэг өөрчлөлтийг;

Байгууллагын гүйцэтгэлийн зорилт нь стратегийн зорилтод хүрэх явцын дундах алхам юм.

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт гэж албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг илэрхийлэх, түүний эрхлэх ажил үүрэг, байгууллага, зохион байгуулалтын нэгжийн зорилго, гүйцэтгэлийн зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх арга хэмжээг;

Арга хэмжээ гэж стратегийн болон гүйцэтгэлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэлбэр, зохион байгуулалт, дэс дарааллын дагуу хийгдэх төсөв, цаг хугацаа, тоо хэмжээ, шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох ажил үйлчилгээг;

Ажил үйлчилгээ гэж арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой журам, заавар, аргачлалын дагуу богино хугацаанд хийж гүйцэтгэх биеийн болон оюуны үйл ажиллагааг;

Шалгуур үзүүлэлт гэж стратегийн болон гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үе шат бүрт бий болох өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон чанарын болон тоон үзүүлэлтийг;

Суурь түвшин гэж стратегийн болон гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ хэрэгжиж эхлэх үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг;

Хүрэх түвшин гэж тухайн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг;

Мэдлэг, чадвар гэж тухайн төрийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, хандлагыг.

Төлөвлөгөө боловсруулахад тавигдах шаардлага

Стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахад дараах шаардлагууд тавигдана. Үүнд:

НИЙТЛЭГ ШААРДЛАГА

- Дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага болон өөрийн орны хөгжлийн онцлогийг харгалзсан байх

- Нийгэм, эдийн засаг, байгаль орчны тэнцвэрт байдалд суурилан тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн байх

- Төрийн үйлчилгээг чанартай, хурдан шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн байх

- Салбар хоорондын болон бүсчилсэн хөгжлийн уялдааг хангасан байх

- Зорилт нь үр дүнд суурилсан, бодитой, биелэгдэхүйц байх

- Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь зорилтдоо чиглэсэн байх

- Арга хэмжээг хэрэгжүүлэх нөөц, төсөв, санхүүгийн эх үүсвэр тодорхой байх

- Шалгуур үзүүлэлт нь тодорхой, хэмжигдэхүйц / SMART / байх

- Судалгаа, шинжилгээнд суурилсан байх

- Мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангасан байх

- Тоон мэдээлэл нь чанарын үзүүлэлтээр баталгаажсан байх

- Хууль тогтоомжид нийцсэн байх


ТУСГАЙ ШААРДЛАГА

- Стратегийн болон гүйцэтгэлийн зорилтуудад хүрэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт нь логик дэс дараалалтай байх ба ойлгомжтой, энгийн үг хэллэгээр бичигдсэн байна.

- Арга хэмжээ бүрийн хувьд суурь түвшин, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хэрэгжүүлэх нэгж, ажилтан, эхлэх, дуусах хугацаа, шаардлагатай нөөцүүд тодорхой байна.

- Нэг арга хэмжээг 1000 тэмдэгтэд багтааж төлөвлөнө.

Шалгуур үзүүлэлт боловсруулахад гаргадаг нийтлэг алдаанууд

Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнгээс харахад шалгуур үзүүлэлтүүд нь хэмжих боломжгүй, тухайн зорилт, арга хэмжээ биелсэн эсэхийг тодорхойлох боломжгүй хэт ерөнхий, эсхүл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээндээ шалгуур үзүүлэлт нь тохирохгүй байх үзэгдэл түгээмэл байна.

Гүйцэтгэлийн төлөвлөгөөний нэг чухал хэсэг нь хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг хэмжих, тухайн ажлыг хийж хэрэгжүүлснээр анх байснаасаа ахиц өөрчлөлт гарсан эсэхийг, ямар түвшинд хүрснийг тодорхойлох шалгуур үзүүлэлт байдаг. Төлөвлөгөөнд шалгуур үзүүлэлтийг хэдий чинээ тодорхой, хэмжиж болохуйц, бодитой тусгана төдий чинээ хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг нарийн хэмжиж сайн гүйцэтгэлийг урамшуулах, саар гүйцэтгэлд хариуцлага тооцох боломжтой болно.

Шигтгээнд тусгасан шиг байдлаар шалгуур үзүүлэлт, түүний хүрэх түвшинг төлөвлөж байгаа нь зөвхөн энэ байгууллага, ажилтны хувьд биш нийтлэг байгаа дүр зураг юм.

Нийтлэг байдлаар хамгийн олон давтамжтай тусгагдаж байгаа үзүүлэлт:

- Тоон үзүүлэлт нь “нэг”, чанарын үзүүлэлт нь “холбогдох хууль, журамд нийцсэн байна”, хугацааны үзүүлэлт нь “жилдээ, улиралдаа

- Харин хүрэх түвшин, чанарын шалгуур үзүүлэлт баганад “төлөвлөсөн ажлын үйл үгийг өнгөрсөн цагт хувирган бичсэн” байна. Жишээ нь: “Судалгаа хийнэ” гэж төлөвлөөд хүрэх түвшин гэдэгт “судалгаа хийгдсэн байна” гэж бичих жишээтэй.

Ийнхүү шалгуур үзүүлэлт, түүний хүрэх түвшинг бүрхэг, хэт ерөнхий, хэмжих боломжгүй төлөвлөгөөнд тусгаж байгаа нь хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг бодитой, шударга хийх боломжийг олгохгүй байна.

Ажилтнуудад шалгуур үзүүлэлт ямар шаардлага хангасан байх ёстой, хэрхэн тодорхойлох талаар сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгдөггүй нь ийнхүү шалгуур үзүүлэлтийг хэт ерөнхий, оновчгүй тодорхойлоход хүргэж, энэ нь “үнэлгээг субьектив болгоход нөлөөлж байна” гэж төрийн албан хаагчдын ихэнх нь үзэж байна.
 

Шалгуур үзүүлэлт боловсруулахад тавигдах шаардлага

Стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг боловсруулахад дараах шаардлагууд тавигдана. Үүнд:

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

“SMART” нь тодорхой бодлого, зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг боловсруулахад тус болох шалгууруудын багц юм.

Тодорхой: Үр дүнд хүрэхийн төлөө байх / Оновчтой, олон салаа утгагүй байх /

Хэмжигдэхүйц: Хэмжиж болохуйц байх

Хэрэгжихүйц: Биелэх боломжтой байх

Ач холбогдолтой: Тодорхойлсон хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх

Цаг хугацаатай: Тодорхой хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байх


СУУРЬ ТҮВШИН

Суурь түвшин нь зорилт, арга хэмжээ эхлэх үеийн, эсвэл эхлэхээс дөнгөж өмнөх үеийн байдлын талаарх тоон болон чанарын мэдээлэл юм. Ирээдүйн гүйцэтгэлийг хэмжих эхлэлийн цэг, эсвэл чиглүүлэгчээр суурь түвшинг хэрэглэдэг. Суурь түвшин нь шалгуур үзүүлэлтийн анхны маш чухал хэмжигдэхүүн юм.

Шалгуур үзүүлэлт тус бүрийн суурь түвшний мэдээллийг бүрдүүлэхэд асуух шаардлагатай 8 үндсэн асуулт байдаг.

1. Мэдээллийн эх сурвалж юу вэ?
2. Мэдээллийг цуглуулах ямар аргууд байна вэ?
3. Мэдээллийг хэн цуглуулах вэ?
4. Мэдээллийг хэр тогтмол цуглуулах вэ?
5. Мэдээллийг цуглуулахад ямар зардал гарах вэ?
6. Мэдээлэлд хэн дүн шинжилгээ хийх вэ?
7. Мэдээллийг хэн тайлагнах вэ?
8. Мэдээллийг хэн хэрэглэх вэ?

Сонгосон шалгуур үзүүлэлтүүд болон тэдгээрийг хянахад ашиглаж буй мэдээлэл цуглуулах стратеги нь бодит байдалд мэдээллийн ямар систем ашиглаж байгаа, одоогийн байдлаар ямар мэдээлэл гаргах боломжтой, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх цар хүрээ, хэр гүнзгий түвшинд хийх чадавхи зэрэгт үндэслэсэн байх хэрэгтэй.


ХҮРЭХ ТҮВШИН

Шалгуур үзүүлэлтүүдийн суурь түвшний мэдээлэл цуглуулсны дараах алхам бол үр дүнд хүрэх үүднээс тодорхой цаг хугацаанд ямар ахиц өөрчлөлтөд хүрч болох буюу үр дүнгийн хүрэх түвшинг тогтоох асуудал юм. Бодлого, зорилт, арга хэмжээний хүлээгдэж байгаа үр дүнг тогтооход гүйцэтгэлийн тодорхой хүрэх түвшинг тогтоох шаардлагатай болдог. Хүрэх түвшинг тогтоох нь гүйцэтгэлийн тогтолцоог бүрдүүлэх сүүлчийн алхам юм. Энэ нь үр дүн, шалгуур үзүүлэлт, суурь түвшинд үндэслэнэ.

Хүрэх түвшин гэдэг нь “... хүрэх буюу хийх гэж буй зүйлийн тоо, хугацаа, байрлалыг илэрхийлсэн тодорхой зорилт юм.” Үндсэндээ, хүрэх түвшин нь нийгэм, эдийн засгийн, эсвэл байгууллагын тухайн цаг хугацаанд хүрэхийг хүсч байгаа шалгуур үзүүлэлтийн тоогоор илэрхийлэгдсэн түвшин юм.

Шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг сонгоход анхаарах хүчин зүйлс

Нэг дэх хүчин зүйл нь суурь түвшинг анхаарч үзэх явдал юм. Суурь түвшин буюу эхлэлийн цэгийн талаар тодорхой ойлголт шаардлагатай. Жишээ нь, сүүлийн 3 жилийн гүйцэтгэлийн дундаж, өнгөрсөн жилийн гүйцэтгэл, дундаж чиг хандлага, сүүлийн 6 сарын холбогдох мэдээлэл гэх мэт. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэлийн шинэ хүрэх түвшинг төлөвлөхөд өмнөх гүйцэтгэлийг анхаарч үзнэ. Байгууллагын гүйцэтгэлийн ирээдүйн хүрэх түвшинг төлөвлөхдөө сүүлийн хэдэн жилийн хугацаанд ямар гүйцэтгэлтэй байсныг сайтар ажиглах хэрэгтэй.

Хоёр дох хүчин зүйл нь хүрэх түвшинд хүртэлх нийт хугацаанд хамрагдах өнөөгийн хүчин чадал, төсөв, боловсон хүчин, санхүүжилтийн нөөц, хөрөнгө болон адилтгах зүйлс зэрэг хүлээгдэж буй санхүүжилт, нөөцийн түвшин байна. Хүрэх түвшин нь аливаа нөөцийн асуудал, мөн үйл ажиллагаа ба гарцыг бий болгох байгууллагын чадавхийг харгалзсан, хүрч болохуйц байна. Хүлээгдэж буй үр дүн нь урт хугацааны, нарийн түвэгтэй, хүрэхэд хялбар биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

Гурав дахь хүчин зүйл нь шалгуур үзүүлэлт бүр тодорхой цаг хугацааны явцад нэг л хүрэх түвшинтэй байна. Хүрэх түвшин нь үр дүн байх бөгөөд урт хугацааны зорилтод хүрэх явцын дундах алхам юм.