Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний загвар
Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах заавар
Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахад дараах шаардлагууд тавигдана. Үүнд:
1. Зорилт, арга хэмжээг гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалд нийцүүлэн төлөвлөх
2. Төлөвлөгөө боловсруулахад тавигдах нийтлэг болон тусгай шаардлагуудыг хангасан байх
3. Шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлагын дагуу шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшинг нарийвчлан тодорхойлсон байх
4. Шалгуур үзүүлэлт боловсруулахад гаргадаг нийтлэг алдаа дутагдлуудыг гаргахгүй байх
5. Стратегийн зорилт болон байгууллагын гүйцэтгэлийн зорилт хоорондын уялдааг хангах
6. Байгууллагын гүйцэтгэлийн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангах
Төлөвлөгөөний агуулга
Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь дараах 5 үндсэн хэсгээс бүрдэнэ.
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ
Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ / Тусгайлан олгосон чиг үүрэг /
Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ / Нийтлэг чиг үүрэг /
Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хавсралт
Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх сургалтын ... оны төлөвлөгөө
Төрийн албан хаагчийн нийгмийг баталгааг хангах ... оны төлөвлөгөө
Байгууллагын ... оны төсөв
Өмнөх оны төлөвлөгөөнөөс биелээгүй, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ
Стратеги төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөний хавсралтууд болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдээс тухайн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүнгүүдийг энэ хэсэгт бичнэ.
Бодлогын баримт бичигт тусгагдсан боловч төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээнүүд энэ хэсэгт орохгүйг анхаарна уу.
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ
Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх болон бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдээс тухайн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүнгүүдийг энэ хэсэгт бичнэ.
Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээнүүдээс тухайн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүнгүүдийг энэ хэсэгт бичнэ.
Бодлогын баримт бичигт тусгагдсан болон төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээнүүд энэ хэсэгт орохгүйг анхаарна уу.
Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
Төрийн байгууллагад хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүнгүүдийг энэ хэсэгт бичнэ.
Яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хувьд нийтлэг чиг үүргүүд болон стратегийн зорилтуудыг дараах байдлаар тодорхойлох хэрэгтэй.
Нийтлэг чиг үүрэг №1. Төрийн захиргааны удирдлага
Гүйцэтгэлийн зорилт №3.2.1. Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллаар хангах
Гүйцэтгэлийн зорилт №3.2.2. Мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, систем хөгжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах
Нийтлэг чиг үүрэг №2. Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа
Гүйцэтгэлийн зорилт №3.2.3. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах
Гүйцэтгэлийн зорилт №3.2.4. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх
Нийтлэг чиг үүрэг №3. Хууль, эрх зүй
Гүйцэтгэлийн зорилт №3.2.5. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө үзүүлэх
Нийтлэг чиг үүрэг №4. Төсөв, санхүү, эдийн засаг
Гүйцэтгэлийн зорилт №3.2.6. Төсөв, санхүү, эдийн засаг, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах
Нийтлэг чиг үүрэг №5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит
Гүйцэтгэлийн зорилт №3.2.7. Хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах
Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлаг, харьяа байгууллага, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хувьд дээрх нийтлэг чиг үүргүүдийг нэгтгэн 2-3 чиг үүрэг болгох, стратегийн зорилтуудыг нэгтгэн 3-4 зорилт болгож төлөвлөх хэрэгтэй.
Дээрх стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь дараах хууль тогтоомж, тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд:
- Монгол Улсын Засгийн газрын тухай хууль
- Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль
- Төрийн албаны тухай хууль / Шинэчилсэн найруулга /
- Төсвийн тухай хууль
- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль
- Захиргааны ерөнхий хууль
- Авлигын эсрэг хууль
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
- Мэдээллийн ил тод байдлын ба мэдээлэл авах эрхийн тухай хууль
- Шилэн дансны тухай хууль
- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль
- Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам
- Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам
- Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам
- Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам
- Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар
- Байгууллагын архивын ажлын үндсэн заавар ..... гэх мэт.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хавсралт
Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд дараах баримт бичгүүдийг хавсаргана. Үүнд:
- Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх сургалтын ... оны төлөвлөгөө
- Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах ... оны төлөвлөгөө
- Байгууллагын ... оны төсөв
- Өмнөх оны төлөвлөгөөнөөс биелээгүй, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ
Гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах
Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг тухайн байгууллагын захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (байгууллага зохион байгуулалтын нэгжгүй бол ажлын хэсэг байгуулж болно) бусад нэгжүүдийн саналыг авч нэгтгэн боловсруулж, байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, 01 дүгээр сарын 01-ний дотор төсвийн шууд захирагч батална.
Аймаг, нийслэл дэх босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагч төлөвлөгөөг тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн шууд захирагчтай зөвшилцөн 01 дүгээр сарын 01-ний дотор батална.
Төсвийн шууд захирагч байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, Төсвийн ерөнхийлөн захирагч байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянаж гарын үсэг зурахаас / хэрэгжилтийн үе шатанд орох / өмнө дараах 4 асуудлыг нягталж шалгах ёстой. Үүнд:
- Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна уу?
- Үр дүнг хэмжиж болохуйц байх үүднээс зорилт, арга хэмжээг оновчтой тодорхойлсон уу?
- Хэрэгжилт хэрхэн явагдах, амжилттай хэрэгжилтийг хангалтгүй хэрэгжилтээс ялгах үндэслэл сайтай, бодитой ажлын төлөвлөгөө байна уу?
- Нөөцийн хуваарилалт нь тодорхойлсон үр дүнд хүрэхэд тавигдах шаардлагыг хангасан байна уу?
Энэхүү үнэлгээний зорилго нь хэрэгжилтийн эхнээс алдаа гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэнэ.