Байгууллагын гүйцэтгэлийг тайлагнах, үнэлэх арга зүй
Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах
Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагуудад нийцүүлэн хагас жил, жилийн эцсээр нэгтгэж гаргана.
Байгууллагын гүйцэтгэлийн тайланд тухайн зорилт, арга хэмжээний гүйцэтгэл нь хүрэх түвшинд хүрсэн эсэх, хүрээгүй бол шалтгаан, нөхцлийг тодорхой тусгах бөгөөд мэдээллийн үнэн, зөв байдлыг холбогдох нэгж, албан тушаалтан хариуцна.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгууллагын гүйцэтгэлийн тайланг дээд шатны байгууллагад хугацаа хоцорч хүргүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч байр эзлүүлэхэд харгалзаж үзнэ.
Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх
БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж, албан тушаалтан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу эхний хагас жилд явцын хяналт-шинжилгээ, жилийн эцэст хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
Төлөвлөгөөнд санхүүгийн эх үүсвэргүй тусгасан арга хэмжээний / бодлогын баримт бичигт тусгагдсан боловч төсөвт тусгагдаагүй / биелэлтийг үнэлэхгүй байж болно. Харин байгууллагын дотоод нөөц бололцоог ашиглан хэрэгжүүлж болохуйц арга хэмжээнүүдийн биелэлтийг үнэлнэ.
Байгууллагын гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний хагас жилийн тайланг 07 сарын 10-ны дотор, жилийн эцсийн тайланг 12 сарын 30-ны дотор байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох нэгж, албан тушаалтанд хүргүүлж, биелэлтийг хангуулна.
Төсвийн шууд захирагч тухайн жилийн хүрэх түвшинд хүрч чадаагүй зорилт, арга хэмжээний шалтгаан, нөхцлийг тодорхойлж, эрх бүхий байгууллагаас өгсөн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн цаашид үргэлжлүүлэх шаардлагатай арга хэмжээг дараа жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
Жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг тогтоосон хугацаанд харьяалах дээд шатны байгууллагад хүргүүлнэ.
- Сум, дүүрэг, аймаг, нийслэл дэх агентлаг, орон нутгийн өмчит хуулийн этгээд, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын төсвийн шууд захирагч 01 дүгээр сарын 05-ны дотор аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид;
- Төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газрын төсвийн шууд захирагч 01 дүгээр сарын 05-ны дотор харьяалах төрийн захиргааны төв байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон Засгийн газрын агентлагийн төсвийн захирагчид;
- Засгийн газрын агентлагийн төсвийн шууд захирагч 01 дүгээр сарын 05-ны дотор харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид.