Олон улсын гэрээний тухай / Шинэчилсэн найруулга /

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, Улаанбаатар хот


ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, соёрхон батлах, батлах, хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох, тайлбар хийх, гэрээг биелүүлэх, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээний үйлчлэлийг дуусгавар болгох, нийтлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.


2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1. Олон улсын гэрээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.


3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “Монгол Улсын олон улсын гэрээ” гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог;

3.1.2. “бүрэн эрхийн итгэмжлэл” гэж Монгол Улсыг төлөөлж олон улсын гэрээнд гарын үсэг зурах зэрэг Монгол Улс олон улсын гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлийг илэрхийлэх болон гэрээтэй холбоотой бусад үйлдлийг гүйцэтгэх эрхийг эрх бүхий байгууллагаас тодорхой албан тушаалтанд олгосныг нотолж байгаа баримт бичгийг;

3.1.3. “батламж жуух бичиг” гэж олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал соёрхон баталж хууль гаргасныг нотолж байгаа баримт бичгийг;

3.1.4. “олон улсын гэрээ байгуулах” гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай харилцан тохиролцсон болон тухайн олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурах, гэрээг бүрдүүлэгч баримт бичгийг солилцох, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох, эдгээртэй адилтгах бусад аргаар тухайн олон улсын гэрээг заавал биелүүлэхээ олон улсын хэмжээнд зөвшөөрсөн үйлдлийг;

3.1.5. “гэрээнд нэгдэн орох” гэж хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээг Монгол Улс тухайн гэрээгээр хүлээн зөвшөөрсөн арга, энэ хуульд заасны дагуу заавал биелүүлэхээ олон улсын хэмжээнд зөвшөөрсөн үйлдлийг;

3.1.6. “олон улсын байгууллага” гэж улс болон Засгийн газар хоорондын түвшинд байгуулагдсан олон улсын байгууллага, тэдгээртэй адилтгах зохион байгуулалтын бусад нэгдлийг;

3.1.7. “тайлбар” гэж олон улсын гэрээ байгуулахдаа тухайн гэрээний тодорхой заалтыг Монгол Улсын хувьд хэрэгжүүлэхэд хуулийн үйлчлэлийг нь хасах, эсхүл өөрчлөх зорилгоор энэ хуульд заасны дагуу гаргасан мэдэгдлийг;

3.1.8. “гарын үсэг зурах” гэж энэ хуульд заасны дагуу эрх олгогдсон албан тушаалтан Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж олон улсын гэрээнд гарын үсэг зурах үйлдлийг хэлэх бөгөөд гарын үсгийн эрх зүйн чадамж, үр дагавар нь Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц, энэ хууль, тухайн олон улсын гэрээгээр тодорхойлогдохыг;

3.1.9. “үзэглэх” гэж олон улсын гэрээний төслийг гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай эцэслэн тохиролцсоныг нотлох зорилгоор эрх олгогдсон албан тушаалтан өөрийн эцэг /эх/-ийн болон нэрийн эхний үсгээр олон улсын гэрээний төслийн хуудас бүрд хийсэн тэмдэглэгээг;

3.1.10. “гэрээний баталсан буюу жинхэлсэн эх бичвэр” гэж Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 9, 10 дугаар зүйлд заасны дагуу талууд олон талт олон улсын гэрээний төслийг эцэслэн тохиролцож, баталгаажуулсан гэрээний эх бичвэрийг;

3.1.11. “олон улсын гэрээг хүчин төгөлдөр болгоход тавигдах дотоодын шаардлагыг хангах” гэж энэ хуульд заасны дагуу тухайн олон улсын гэрээг соёрхон батлах, батлах үйлдлийг.

3.2.Энэ хуульд заасан олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн, гэрээг хариуцан байгуулж байгаа, байгуулсан, гэрээг хэрэгжүүлэх, гэрээний хэрэгжилтийн тайланг боловсруулах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага байхгүй бол тухайн чиг үүргийг хүлээсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл төрийн бусад байгууллагыг төрийн захиргааны төв байгууллагатай адилтгаж ойлгоно.


4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1. Улс болон Засгийн газар хоорондын олон улсын гэрээний хувьд тэдгээрийн төрөл, нэрнээс үл хамааран энэ хууль үйлчилнэ.

4.2. Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас гадаад улсын адил байгууллага, эсхүл олон улсын байгууллагатай байгуулах байгууллага хоорондын гэрээнд энэ хууль үйлчлэхгүй.

4.3. Энэ зүйлийн 4.2-т заасан гэрээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох бол тухайн гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр байгуулна.

4.4. Энэ зүйлийн 4.2-т заасан байгууллага хоорондын гэрээ байгуулах журмыг Засгийн газар батална.

4.5. Монгол Улсын Засгийн газраас гадаадын хуулийн этгээд, иргэнтэй байгуулах, олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулагдах бизнесийн хэлцэл, гэрээнд энэ хууль үйлчлэхгүй.


5 дугаар зүйл. Олон улсын гэрээ байгуулах зарчим

5.1. Олон улсын гэрээг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, тухайн гэрээний үндэслэл, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчимд нийцүүлэн байгуулна.


6 дугаар зүйл. Олон улсын гэрээ байгуулах түвшин, эрх бүхий этгээд

6.1. Монгол Улсын олон улсын гэрээг Монгол Улсын нэрийн өмнөөс улс хоорондын болон Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газар хоорондын түвшинд байгуулна.

6.2. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Монгол Улсын нэрийн өмнөөс улс хоорондын олон улсын гэрээ байгуулах эрхтэй.

6.3. Монгол Улсын Засгийн газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газар хоорондын олон улсын гэрээ байгуулах эрхтэй.

6.4. Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлаар энэ хуульд заасны дагуу Засгийн газраас олон улсын гэрээ байгуулах эрх авсны үндсэн дээр Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газар хоорондын олон улсын гэрээ байгуулж болно.


7 дугаар зүйл. Олон улсын гэрээ үйлдэх хэл, орчуулга

7.1. Хоёр талт олон улсын гэрээг монгол хэлээр болон гэрээний нөгөө талын албан ёсны, эсхүл тухайн талын сонгон авсан хэлээр үйлдэнэ.

7.2. Олон улсын гэрээг ойлгох, тайлбарлах болон бусад шалтгааны улмаас зөвхөн хоёр талын хэлээр олон улсын гэрээг үйлдэх нь учир дутагдалтай гэж үзвэл гэрээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны аль нэг хэлээр, эсхүл олон улсын гэрээний нөгөө талтай тохиролцсон өөр хэлээр үйлдэж болно.

7.3. Олон улсын гэрээний нөгөө талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр хоёр талт олон улсын гэрээг зөвхөн нэг хэл буюу гадаад улсын хэлээр үйлдэж болно.

7.4. Энэ зүйлийн 7.5-д зааснаас бусад тохиолдолд энэ зүйлийн 7.3-т заасан олон улсын гэрээг уг олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага монгол хэлнээ орчуулж, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн орчуулгыг хянан баталгаажуулна. 

7.5. Энэ зүйлийн 7.3-т заасан олон улсын гэрээ нь гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээл, тусламжийн гэрээ бол тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн гэрээг орчуулах, орчуулгыг хянан баталгаажуулна.

7.6. Олон талт олон улсын гэрээний хувьд уг гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээг монгол хэлнээ орчуулж, гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэх асуудлын хүрээнд тухайн орчуулгыг хянан баталгаажуулна. 

7.7. Хоёр болон олон талт олон улсын гэрээг монгол хэлээр үйлдсэн бол энэ зүйлийн 7.4-7.6-д заасан орчуулга, түүнийг хянан баталгаажуулах шаардлагагүй.

7.8. Олон улсын гэрээний орчуулгыг иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

7.9. Олон улсын гэрээний орчуулга хийх, хянан баталгаажуулах журам, үйлчилгээний хөлсийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.


8 дугаар зүйл. Заавал соёрхон батлах олон улсын гэрээ

8.1. Улсын Их Хурал дараахь олон улсын гэрээг заавал соёрхон батална:

8.1.1. Монгол Улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэр, улсын хил болон хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээ;

8.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи олон улсын гэрээ; 

8.1.3. Монгол Улсын хуульд зааснаас өөр журам тогтоож байгаа, эсхүл тухайн гэрээг байгуулснаар, нэгдсэнээр, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай олон улсын гэрээ;

8.1.4. эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэхтэй холбогдсон олон улсын гэрээ;

8.1.5. чөлөөт худалдаа, давхар татвар, хөрөнгө оруулалттай холбогдсон олон улсын гэрээ;

8.1.6. батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны олон улсын ерөнхий гэрээ.

8.2. Заавал соёрхон батлах зохицуулалт бүхий олон талт олон улсын гэрээ болон заавал соёрхон батлуулахаар тохиролцсон хоёр талт олон улсын гэрээг соёрхон батална.

8.3. Дараахь олон улсын гэрээг соёрхон батлах шаардлагагүй ба Засгийн газар байгуулж болно:

8.3.1. гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас олгох тусламжийн хүрээнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт бүхий олон улсын гэрээ;

/Энэ заалтад 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.3.2. Иргэд харилцан зорчих визийн нөхцөл, хураамжаас хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт бүхий олон улсын гэрээ.

/Энэ заалтад 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


ХОЁРДУГААР БҮЛЭГ. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ САНАЛ,
ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ

9 дүгээр зүйл. Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах санал

9.1. Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах саналыг тухайн гэрээний эцэслэн тохиролцсон, эсхүл үзэглэсэн төсөл, эсхүл баталсан буюу жинхэлсэн эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол түүний орчуулгын хамт уг олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

9.2. Энэ хуулийн 8.1.3-т заасан заавал соёрхон батлах хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах саналыг гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

9.3. Хоёр болон олон талт олон улсын гэрээний монголын талын төслийг уг гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан, шаардлагатай бол холбогдох бусад байгууллагатай хамтран боловсруулж, олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж, олон улсын гэрээний төслийг эцэслэн тохиролцоно.

9.4. Засгийн газар заавал соёрхон батлах хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний эцэслэн тохиролцсон, эсхүл үзэглэсэн төсөл, эсхүл баталсан буюу жинхэлсэн эх бичвэрийг хэлэлцэн дэмжсэн бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой холбогдох журмын дагуу урьдчилан зөвшилцөнө.

9.5. Олон талт олон улсын гэрээ байгуулснаар тухайн олон улсын гэрээг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагыг тодорхойлох шаардлагатай бол энэ талаархи саналыг энэ зүйлийн 9.1-д заасан саналын хамт хэлэлцүүлнэ.

9.6. Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан байгуулах энэ хуулийн 8.1.2-т заасан хоёр талт олон улсын гэрээний саналыг тухайн гэрээний төсөл, гэрээний орчуулга, соёрхон батлах тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлалын төслийн хамт Хууль тогтоомжийн тухай хуулийн 20.8, 20.9-д заасан зөвшөөрлийг авсны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./


10 дугаар зүйл. Олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал

10.1. Хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг тухайн олон талт олон улсын гэрээний эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол түүний орчуулгын хамт энэ хуулийн 9.1-д заасан журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

10.2. Энэ хуулийн 8.1.3-т заасан заавал соёрхон батлах олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг энэ хуулийн 9.2-т заасан журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

10.3. Засгийн газар заавал соёрхон батлах олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон талт олон улсын гэрээг дэмжсэн бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой холбогдох журмын дагуу урьдчилан зөвшилцөнө.

10.4. Заавал соёрхон батлах олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй бол тухайн олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, энэ зүйлийн 10.1-д заасны дагуу тухайн хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг хэлэлцүүлэхдээ хамт хэлэлцүүлнэ. 

10.5. Соёрхон батлах шаардлагагүй олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй бол тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, энэ зүйлийн 10.1-д заасны дагуу тухайн хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг хэлэлцүүлэхдээ хамт хэлэлцүүлнэ. 

10.6. Хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг энэ зүйлийн 10.1-д заасны дагуу хэлэлцүүлэхдээ тухайн олон талт олон улсын гэрээнд тайлбар хийх, тухайн олон талт олон улсын гэрээг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагыг тодорхойлох шаардлагатай бол энэ талаархи саналыг хамт хэлэлцүүлнэ.


ГУРАВДУГААР БҮЛЭГ. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ,
ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ШИЙДВЭР ГАРГАХ

11 дүгээр зүйл. Олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, гэрээнд гарын үсэг зурах шийдвэр гаргах

11.1. Заавал соёрхон батлах олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээнд гарын үсэг зурах шийдвэрийг Засгийн газар энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөж гаргана.

11.2. Заавал соёрхон батлах шаардлагагүй олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээнд гарын үсэг зурах шийдвэрийг Засгийн газар гаргана.

11.3. Олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх эрхийг урьдчилан авах шаардлагатай эсэх асуудлыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

11.4. Энэ зүйлийн 11.3-т заасны дагуу олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх эрхийг урьдчилан авах шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол хэлэлцээ хийх эрх авах саналыг олон улсын гэрээний монголын талын төслийн хамт энэ хуульд заасан журмын дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, эсхүл Засгийн газраар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.


12 дугаар зүйл. Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах шийдвэр гаргах

12.1. Засгийн газар соёрхон батлах шаардлагагүй хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах санал, тухайн олон улсын гэрээний эцэслэн тохиролцсон, эсхүл үзэглэсэн төсөл, эсхүл баталсан буюу жинхэлсэн эх бичвэрийг холбогдох журмын дагуу хэлэлцэн дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

12.1.1. олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг бүхэлд нь зөвшөөрч, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтанд олгох;

12.1.2. баталсан буюу жинхэлсэн эх бичвэрээс бусад олон улсын гэрээний төсөлтэй холбогдуулан зарчмын шинжтэй тодорхой засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлийг тухайн асуудлыг хэлэлцүүлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгөх;

12.1.3. олон улсын гэрээ байгуулахыг эс зөвшөөрөх.

12.2. Засгийн газраас урьдчилан зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн заавал соёрхон батлах хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний эцэслэн тохиролцсон, эсхүл үзэглэсэн төсөл, эсхүл баталсан буюу жинхэлсэн эх бичвэрийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлнэ.

12.3. Энэ зүйлийн 12.1.2-т заасан Засгийн газрын шийдвэр, энэ зүйлийн 12.2-т заасны дагуу гаргасан Байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу энэ хуулийн 9.3-т заасан байгууллага олон улсын гэрээний төсөлд засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнг олон улсын гэрээний шинэчилсэн төслийн хамт холбогдох журмын дагуу Засгийн газраар хэлэлцүүлэх, эсхүл Улсын Их Хуралд зөвшилцөхөөр дахин хүргүүлнэ.


13 дугаар зүйл. Олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох, олон улсын гэрээнд гарын үсэг зурах шийдвэр гаргах

13.1. Засгийн газар соёрхон батлах шаардлагагүй хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, гэрээ, энэ хуулийн 10.5-д заасан тохиолдолд тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

13.1.1. олон талт олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, тухайн олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтанд олгох; 

13.1.2. олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй бол тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолыг батлах;

13.1.3. олон талт олон улсын гэрээнд нэгдэн орохыг эс зөвшөөрөх.

13.2. Засгийн газраас энэ хуулийн 10.3-т заасны дагуу зөвшилцөхөөр ирүүлсэн заавал соёрхон батлах хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ, энэ хуулийн 10.4-т заасан тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 281 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлнэ.


14 дүгээр зүйл. Бүрэн эрхийн итгэмжлэл олгох

14.1. Хоёр болон олон талт олон улсын гэрээг байгуулах, олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайдын захирамжаар хоёр болон олон талт олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтанд олгоно.

14.2. Энэ зүйлийн 14.1-д заасан Ерөнхий сайдын захирамжийг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ зүйлийн 14.3.1-14.3.3-т зааснаас бусад албан тушаалтанд олон улсын гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийн итгэмжлэл олгоно.

14.3. Дараахь албан тушаалтан бүрэн эрхийн итгэмжлэлгүйгээр олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхтэй:

14.3.1. Монгол Улсын Ерөнхийлөгч;

14.3.2. Монгол Улсын Ерөнхий сайд;

14.3.3. гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн.

14.4. Энэ зүйлийн 14.3.1-14.3.3-т заасан албан тушаалтан энэ зүйлийн 14.1-д заасан санал, дүгнэлт, шийдвэрийг үндэслэн олон улсын гэрээнд гарын үсэг зурах үүрэгтэй.

14.5. Энэ зүйлийн 14.1-14.4-т заасан шаардлага нь олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах харилцаанд нэгэн адил үйлчилнэ.

14.6. Энэ хуульд заасны дагуу авсан зохих эрх, бүрэн эрхийн итгэмжлэлийн үндсэн дээр гадаад улс болон олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн тухайн улс болон хавсран суугаа улстай, эсхүл тухайн байгууллагын хүрээнд олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээний төслийг эцэслэн тохиролцох, үзэглэх, батлах буюу жинхлэх эрхтэй.

14.7. Олон талт олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, гэрээний төслийг эцэслэн тохиролцох, эх бичвэрийг батлах, эсхүл жинхлэх, гарын үсэг зурах, олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудал хэлэлцэх асуудалд нь орсон олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох төлөөлөгч энэ хуульд заасан журмын дагуу зохих эрхээ авах, бүрэн эрхийн итгэмжлэл гаргуулах үүрэгтэй.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ, БАТЛАХ

15 дугаар зүйл. Олон улсын гэрээг соёрхон батлах, батлах санал

15.1. Энэ хуулийн 14.1-д заасны дагуу эрх олгогдсон албан тушаалтан олон улсын гэрээнд гарын үсэг зурсны дараа хоёр болон олон талт олон улсын гэрээг соёрхон батлах, эсхүл батлах саналыг тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, эсхүл батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийн хамт энэ хуулийн 9, 10 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хурал, Засгийн газраар хэлэлцүүлнэ.

15.2. Энэ зүйлийн 15.1-д заасан шаардлага гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай олон улсын гэрээнд үйлчлэхгүй.

15.3. Олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх журмыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулна.

15.4. Энэ хуулийн 9.6-д заасан тохиолдолд энэ зүйлийн 15.1-д заасан Засгийн газраар хэлэлцүүлэхтэй холбоотой зохицуулалт хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./


16 дугаар зүйл. Олон улсын гэрээг соёрхон батлах

16.1. Засгийн газар гарын үсэг зурсан заавал соёрхон батлах хоёр талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлал, тухайн гэрээний эх бичвэрийн хуулбар, шаардлагатай бол тухайн олон улсын гэрээний энэ хуулийн 7.4, 7.5-д заасны дагуу хянан баталгаажуулсан монгол хэл дээрх орчуулга болон холбогдох бусад баримт бичгийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

16.2. Засгийн газар гарын үсэг зурсан заавал соёрхон батлах олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлал, тухайн олон улсын гэрээний эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар, тухайн олон улсын гэрээний энэ хуулийн 7.6-д заасны дагуу хянан баталгаажуулсан монгол хэл дээрх орчуулга болон холбогдох бусад баримт бичгийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

16.3. Улсын Их Хурал энэ зүйлийн 16.1, 16.2-т заасны дагуу өргөн мэдүүлсэн олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн бол тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хууль, дэмжээгүй бол хуулийн төслийг Засгийн газарт буцаах тухай тогтоол гаргана.

16.4. Улсын Их Хурал олон талт олон улсын гэрээг соёрхон батлахдаа тайлбар хийхээр шийдвэрлэсэн бол тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуульд энэ тухай тусгай заалт оруулна.

16.5. Улсын Их Хурал олон улсын гэрээг соёрхон батлахдаа тухайн олон улсын гэрээг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагыг тогтоосон бол уг олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуульд энэ тухай тусгай заалт оруулна.

16.6. Хууль тогтоомжид өөрчлөлт орсны улмаас энэ зүйлийн 16.5-д заасан гэрээг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага өөрчлөгдсөн бол энэ өөрчлөлтийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дипломат шугамаар холбогдох олон улсын байгууллага, олон улсын гэрээний нөгөө, эсхүл бусад талд мэдэгдэнэ.

16.7. Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслөөр Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцүүлэг зохион байгуулахгүй.


17 дугаар зүйл. Олон улсын гэрээг батлах

17.1. Засгийн газар заавал соёрхон батлах шаардлагатай, эсхүл гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох олон улсын гэрээнээс бусад гарын үсэг зурсан хоёр талт олон улсын гэрээ, тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг холбогдох журмын дагуу хэлэлцэн дэмжсэн бол тухайн хоёр талт олон улсын гэрээг батлах тухай тогтоол, дэмжээгүй бол хуралдааны тэмдэглэл гаргана.

17.2. Энэ зүйлийн 17.1-д заасан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох олон улсын гэрээ гэдэгт гэрээний талууд түүнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох зохицуулалтыг агуулсан олон улсын гэрээг ойлгоно.

17.3. Засгийн газар гарын үсэг зурсан олон талт олон улсын гэрээ, тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, энэ хуулийн 13.1.2-т заасан гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон талт олон улсын гэрээ, тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, олон улсын гэрээнд тайлбар хийх талаархи саналыг хэлэлцэн дэмжсэн бол тухайн олон талт олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоол, дэмжээгүй бол хуралдааны тэмдэглэл гаргана.

17.4. Засгийн газар олон улсын гэрээг батлахдаа тайлбар хийхээр шийдвэрлэсэн бол тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолд энэ тухай тусгай заалт оруулна.

17.5. Засгийн газар олон талт олон улсын гэрээг батлахдаа тухайн олон улсын гэрээг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагыг тогтоосон бол тухайн олон улсын гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолд энэ тухай тусгай заалт оруулна.

17.6. Хууль тогтоомжид өөрчлөлт орсны улмаас энэ зүйлийн 17.5-д заасан гэрээг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага өөрчлөгдсөн бол энэ өөрчлөлтийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дипломат шугамаар холбогдох олон улсын байгууллага, олон улсын гэрээний нөгөө, эсхүл бусад талд мэдэгдэнэ.


18 дугаар зүйл. Хуулийн зохицуулалтыг хэрэглэх

18.1. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан олон улсын гэрээ байгуулах, олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг хэлэлцүүлэх, Улсын Их Хуралтай зөвшилцөх, олон улсын гэрээг соёрхон батлуулахад энэ хуулийн 9-17 дугаар зүйлд заасан зохицуулалт болон холбогдох бусад хууль тогтоомжийн зохицуулалтыг мөрдлөг болгоно.


19 дүгээр зүйл. Батламж жуух бичгийг харилцан солилцох, хадгалуулах

19.1. Олон улсын гэрээг соёрхон баталсан тухай Монгол Улсын хуулийг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээг соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг олон улсын эрх зүйн тогтсон томьёоллын дагуу хоёр хувь үйлдэнэ.

19.2. Батламж жуух бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж, төрийн тамга дарна.

19.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батламж жуух бичгийг хоёр талт олон улсын гэрээний нөгөө талтай харилцан солилцох, олон талт олон улсын гэрээний эх хадгалагч улс, эсхүл олон улсын байгууллагад хүргүүлж, хадгалуулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.


20 дугаар зүйл. Олон улсын гэрээг баталсан баримт бичгийг харилцан солилцох, хадгалуулах

20.1. Хоёр талт олон улсын гэрээг баталсан Засгийн газрын тогтоолыг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээг баталсан тухай ноот бичиг, эсхүл харилцан тохиролцсон бусад баримт бичгийг олон улсын гэрээний нөгөө талтай харилцан солилцоно.

20.2. Олон талт олон улсын гэрээг баталсан Засгийн газрын тогтоолыг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээг баталсан тухай баримт бичгийг олон улсын эрх зүйн тогтсон томьёоллын дагуу хоёр хувь үйлдэнэ.

20.3. Олон талт олон улсын гэрээг Засгийн газар баталсан тухай баримт бичигт гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тамга дарна.

20.4. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон талт олон улсын гэрээг Засгийн газар баталсан тухай баримт бичгийг тухайн олон улсын гэрээний эх хадгалагч улс, эсхүл олон улсын байгууллагад хүргүүлж, хадгалуулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.


21 дүгээр зүйл. Тайлбар хийх, эсэргүүцэх, эгүүлэн авах

21.1. Улсын Их Хурал, Засгийн газар олон талт олон улсын гэрээг соёрхон батлах, батлахдаа тайлбар хийсэн бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээг соёрхон баталсан Монгол Улсын хууль, баталсан Засгийн газрын тогтоолыг орчуулж тухайн олон улсын гэрээний зохицуулалтын дагуу холбогдох улс, эсхүл олон улсын байгууллагад хүргүүлэх арга хэмжээ авна.

21.2. Энэ зүйлийн 21.1-д заасны дагуу үйлдсэн тайлбарыг тухайн олон улсын гэрээг соёрхон баталсан тухай Батламж жуух бичиг, эсхүл баталсан тухай баримт бичигтэй хамт хүргүүлнэ.

21.3. Олон талт олон улсын гэрээнд тайлбар хийх саналыг боловсруулахдаа тухайн олон улсын гэрээгээр тайлбар хийх боломжтой эсэх, тайлбар хийх боломжит хүрээ, тухайн олон улсын гэрээний бусад талын, эсхүл олон улсын байгууллагын зөвшөөрөл шаардлагатай эсэх зэрэг зохицуулалтыг харгалзана.

21.4. Олон талт олон улсын гэрээнд хийсэн гэрээний бусад талын тайлбарыг зөвшөөрөх эсэх асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага судлан, шаардлагатай бол энэ тухай тодорхой санал боловсруулан холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

21.5. Олон талт олон улсын гэрээнд хийсэн тайлбарыг эгүүлэн авах саналыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр холбогдох журмын дагуу Улсын Их Хурал, эсхүл Засгийн газраар шийдвэрлүүлнэ.

21.6. Соёрхон баталсан олон талт олон улсын гэрээнд хийсэн тайлбарыг эгүүлэн авах шийдвэрийг Улсын Их Хурал, баталсан олон талт олон улсын гэрээнд хийсэн тайлбарыг эгүүлэн авах шийдвэрийг Засгийн газар гаргана.


22 дугаар зүйл. Эх хадгалагчийн үүрэг гүйцэтгэх

22.1. Олон улсын гэрээний эх хадгалагчийн үүргийг Монгол Улс хүлээсэн бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ үүргийг тухайн олон улсын гэрээний зохицуулалт, олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмын дагуу биелүүлнэ.


23 дугаар зүйл. Олон улсын гэрээг бүртгүүлэх

23.1. Улсын Их Хурал, Засгийн газар олон улсын гэрээг соёрхон батлах, батлахдаа тухайн олон улсын гэрээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газар болон олон улсын бусад байгууллагад бүртгүүлэхээр шийдвэрлэсэн, тухайн олон улсын гэрээгээр бүртгүүлэх шаардлага тогтоосон, эсхүл олон улсын гэрээний нөгөө талтай харилцан тохиролцсон бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох журмын дагуу бүртгүүлнэ. 

23.2. Олон улсын гэрээг бүртгүүлэх саналыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр тухайн олон улсын гэрээг соёрхон батлах, батлах саналтай хамт хэлэлцүүлнэ.


ТАВДУГААР БҮЛЭГ. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ,
БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ

24 дүгээр зүйл. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелэлтэд хяналт тавих

24.1. Олон улсын гэрээ Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр болсон хугацааг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон нийтэд албан ёсны цахим хуудсаараа мэдээлэх үүрэгтэй.

24.2. Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн олон улсын гэрээгээр салбар хоорондын харилцааг зохицуулсан бол холбогдох байгууллагатай хамтран биелүүлнэ.

24.3. Монгол Улсын олон улсын гэрээний үүргийн биелэлтэд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах талаар зөвлөмж, чиглэл өгч, шаардлагатай бол энэ тухай санал боловсруулж Улсын Их Хурал, эсхүл Засгийн газарт танилцуулна.

24.4. Засгийн газар Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг зохион байгуулна.

24.5. Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг гэрээний нөгөө тал, эсхүл бусад тал хэрхэн биелүүлж байгаа, монголын талын эрхийг хэрхэн хангаж байгаад тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

24.6. Олон улсын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа бол олон улсын гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талд тавих, шаардлагатай бол тухайн олон улсын гэрээний үйлчлэлийг дуусгавар болгох, цуцлах, гарах, эсхүл үйлчлэлийг түр зогсоох саналыг Улсын Их Хурал, эсхүл Засгийн газраар хэлэлцүүлнэ. 

24.7. Монгол Улсын олон улсын гэрээний дагуу төлөх татвар, хандив, тэдгээртэй адилтгах санхүүгийн үүргийг биелүүлэх зардлыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт суулган, тухай бүр заагдсан хугацаанд төлнө.


25 дугаар зүйл. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан

25.1. Монгол Улс олон улсын гэрээний дагуу тухайн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан гаргах үүрэг хүлээсэн бол тайланг уг олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн олон улсын гэрээгээр салбар хоорондын харилцааг зохицуулсан бол холбогдох төрийн байгууллагатай хамтран боловсруулна.

25.2. Тайлан боловсруулах үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага тайланг түүнд тавигдах шаардлагад нийцүүлэн хугацаанд нь боловсруулж, шаардлагатай хэлээр орчуулах үүрэгтэй.

25.3. Энэ зүйлийн 25.1, 25.2-т заасны дагуу боловсруулсан тайланг төрийн захиргааны төв байгууллага гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

25.4. Засгийн газар олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэн гаргасан шийдвэрийг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тайланг тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлнэ.

25.5. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг Засгийн газраас томилогдсон эрх бүхий төлөөлөгчид тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу хэлэлцүүлж хамгаална.

25.6. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг хэлэлцсэний үндсэн дээр өгсөн зөвлөмжийг энэ зүйлийн 25.1-д заасан төрийн захиргааны төв байгууллага орчуулах, хэрэгжилтийг хангах үүрэгтэй.

25.7. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг түүнд тавигдах шаардлагад нийцүүлэн боловсруулах, шаардлагатай хэлнээ орчуулах, хүргүүлэх, хамгаалах, зөвлөмжийг орчуулах, хэрэгжүүлэх зардлыг энэ зүйлийн 25.1-д заасан байгууллага өөрийн төсөвтөө тусган санхүүжүүлнэ.

25.8. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан, зөвлөмжийн орчуулгыг гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

25.9. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах ажлыг хариуцах үндсэн болон хамтрах үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагын хуваарийг энэ зүйлийн 25.1-д заасан төрийн захиргааны төв байгууллагын саналын үндсэн дээр Засгийн газраар батлуулж, шаардлагатай үед шинэчилж байна.


ЗУРГАДУГААР БҮЛЭГ. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ,
ҮЙЛЧЛЭЛИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ, ГЭРЭЭГ ЦУЦЛАХ, ГЭРЭЭНЭЭС ГАРАХ,
ГЭРЭЭНИЙ ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮР ЗОГСООХ

26 дугаар зүйл. Олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

26.1. Хоёр талт болон олон талт олон улсын гэрээнд тухайн гэрээний зохицуулалт болон гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлт оруулна.

26.2. Олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичгийн төрөл, нэрийг тухайн олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний зохицуулалт болон гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхойлно.

26.3. Соёрхон баталсан олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг Улсын Их Хурал, баталсан олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг Засгийн газар гаргана.

26.4. Энэ зүйлийн 26.3-т заасан шаардлага Улсын Их Хурал соёрхон баталсан олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, эсхүл нэмэлт олон улсын гэрээ нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан заавал соёрхон батлах олон улсын гэрээний төрөлд хамаарахгүй, үндсэн олон улсын гэрээний гол нөхцөлийг хөндөөгүй техникийн шинжтэй бол Засгийн газар тухайн олон улсын гэрээг баталж болно.

26.5. Энэ зүйлийн 26.4-т заасан олон улсын гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, эсхүл нэмэлт олон улсын гэрээ нь үндсэн олон улсын гэрээний гол нөхцөлийг хөндөөгүй техникийн шинжтэй эсэхийг гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

26.6. Энэ хуулийн 9-20 дугаар зүйлд заасан зохицуулалт нь олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад үйлчилнэ.


27 дугаар зүйл. Олон улсын гэрээний үйлчлэлийн хугацаа

27.1. Олон улсын гэрээний хүчинтэй буюу үйлчлэлийн хугацаа тухайн олон улсын гэрээгээр тодорхойлогдоно.

27.2. Олон улсын гэрээний хүчинтэй хугацааг сунгах саналыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай урьдчилан тохиролцсоны дараа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр холбогдох журмын дагуу Улсын Их Хурал, эсхүл Засгийн газраар хэлэлцүүлнэ.


28 дугаар зүйл. Олон улсын гэрээний үйлчлэлийг дуусгавар болгох

28.1. Олон улсын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө тухайн олон улсын гэрээний зохицуулалтын дагуу, эсхүл олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай тохиролцсоны үндсэн дээр дуусгавар болгоно.

28.2. Олон улсын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг соёрхон баталсан олон улсын гэрээний хувьд Улсын Их Хурал, баталсан олон улсын гэрээний хувьд Засгийн газар гаргана.

28.3. Олон улсын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох саналыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай урьдчилан тохиролцсоны дараа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн холбогдох журмын дагуу Улсын Их Хурал, эсхүл Засгийн газраар хэлэлцүүлнэ.


29 дүгээр зүйл. Олон улсын гэрээг цуцлах, олон улсын гэрээнээс гарах, гэрээний үйлчлэлийг түр зогсоох

29.1. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад тал үл биелүүлсэн, эсхүл удаа дараа зөрчсөн тохиолдолд болон тухайн олон улсын гэрээний зохицуулалтын дагуу олон улсын гэрээг цуцлах, олон талт олон улсын гэрээнээс гарах, түүний үйлчлэлийг түр зогсоох саналыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж болно.

29.2. Соёрхон баталсан олон улсын гэрээг цуцлах, олон талт олон улсын гэрээнээс гарах, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох эсэх асуудлыг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал, бусад олон улсын гэрээний хувьд Засгийн газар энэ зүйлийн 29.1-д заасан саналыг үндэслэн шийдвэрлэнэ.

29.3. Олон улсын гэрээний үйлчлэлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, олон улсын гэрээг цуцлах, олон талт олон улсын гэрээнээс гарах, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох шийдвэр гаргасан бол Улсын Их Хурал хууль, Засгийн газар тогтоол батална.


ДОЛДУГААР БҮЛЭГ. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ НИЙТЛЭХ,
ХАДГАЛАХ, БҮРТГЭЛ ХӨТЛӨХ

30 дугаар зүйл. Олон улсын гэрээг нийтлэх

30.1. Улсын Их Хурал соёрхон баталсан олон улсын гэрээг тухайн олон улсын гэрээг соёрхон баталсан хуулийн хамт “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.2. Засгийн газар баталсан олон улсын гэрээг тухайн олон улсын гэрээг баталсан тогтоолын хамт Засгийн газрын тогтоолыг нийтлэх журмын дагуу нийтэлнэ.

30.3. Энэ хуулийн 17.2-т заасан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон олон улсын гэрээг гарын үсэг зурсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэн, энэ зүйлийн 30.2-т заасан журмын дагуу нийтлүүлнэ.

30.4. Энэ зүйлийн 30.2, 30.3-т заасан нийтлэх олон улсын гэрээг тухайн олон талт олон улсын гэрээний хянан баталгаажуулсан орчуулга, эсхүл түүний гарын үсэг зурсан эх бичвэрийн хуулбар, эсхүл хоёр талт олон улсын гэрээний гарын үсэг зурсан эх бичвэрийн хуулбар гэж ойлгоно.

Тайлбар: Олон талт олон улсын гэрээний хянан баталгаажуулсан орчуулга, эсхүл түүний гарын үсэг зурсан эх бичвэрийн хуулбар, эсхүл хоёр талт олон улсын гэрээний гарын үсэг зурсан эх бичвэрийн хуулбар нь хэвлэлийн шаардлага хангахгүй бол тэдгээрийн гарын үсэг зураагүй эх бичвэрийг нийтэлж болно.

30.5. Соёрхон баталсан олон улсын гэрээг нийтлэх зардлыг Улсын Их Хурлын Тамгын газрын, Засгийн газар баталсан олон улсын гэрээ болон энэ хуулийн 17.2-т заасан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох олон улсын гэрээг нийтлэх зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсвөөс санхүүжүүлнэ.

30.6. Монгол Улсын олон улсын гэрээг Хууль тогтоомжийн тухай хуулийн 44.2-т заасан хууль тогтоомжийн санд оруулж, эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулна.

30.7. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жил байгуулсан Монгол Улсын нийт нутаг дэвсгэр, хүн амд үйлчлэх ач холбогдолтой гэж үзсэн Монгол Улсын олон улсын гэрээг эмхэтгэл хэлбэрээр дараа жилийн 06 дугаар сарын 01-ний дотор нийтэлж болно.


31 дүгээр зүйл. Олон улсын гэрээг хадгалах

31.1. Олон улсын гэрээний эх бичвэрийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хадгална.

31.2. Хоёр талт болон олон талт олон улсын гэрээг хариуцан байгуулсан төрийн захиргааны төв байгууллага гэрээнд гарын үсэг зурсан, соёрхон баталсан, эсхүл баталсан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн олон улсын гэрээний эх бичвэрийг дараахь баримт бичиг, материалын хамт гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх үүрэгтэй:

31.2.1. олон улсын гэрээний монголын талын болон нөгөө талын анхны төсөл, эцэслэн тохиролцсон, эсхүл үзэглэсэн төсөл, эсхүл баталсан буюу жинхэлсэн эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар;

31.2.2. олон улсын гэрээ байгуулах асуудлаар хийсэн хэлэлцээ, ярианы тэмдэглэл;

31.2.3. олон улсын гэрээ байгуулах асуудлаар харилцсан баримт бичиг, завсрын шийдвэр; 

31.2.4. олон улсын гэрээний нөгөө болон бусад талын бүрэн эрхийн итгэмжлэл; 

31.2.5. олон улсын гэрээнд гарын үсэг зурсан тэмдэглэл, олон улсын гэрээг соёрхон баталсан тухай хууль, баталсан Засгийн газрын тогтоолын хуулбар;

31.2.6. олон улсын гэрээнд гарын үсэг зурах үеийн гэрэл зураг, түүний хувь; 

31.2.7. тухайн олон улсын гэрээнд холбогдолтой бусад баримт бичиг.

31.3. Энэ зүйлийн 31.2-т заасны дагуу шилжүүлсэн олон улсын гэрээний эх бичвэр, баримт бичиг, материалын бүрдүүлбэрийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан дараахь баримт бичгийг хавсарган холбогдох журмын дагуу гадаад харилцааны архивт шилжүүлнэ:

31.3.1. тухайн олон улсын гэрээг соёрхон баталсан Батламж жуух бичиг, эсхүл баталсан тухай баримт бичиг;

31.3.2. Батламж жуух бичиг, эсхүл баталсан тухай баримт бичгийг харилцан солилцсон, хадгалуулсан тухай тэмдэглэл;

31.3.3. тухайн олон улсын гэрээг соёрхон баталсан, баталсан талаар олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай харилцан солилцсон, эсхүл холбогдох байгууллагад мэдэгдсэн ноот бичиг;

31.3.4. тухайн олон улсын гэрээний хянан баталгаажуулсан монгол хэл дээрх орчуулга;

31.3.5. тухайн олон улсын гэрээнд холбогдолтой бусад баримт бичиг.


32 дугаар зүйл. Олон улсын гэрээний бүртгэл хөтлөх

32.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын хоёр талт болон олон талт олон улсын гэрээний бүртгэл хөтөлнө.

32.2. Олон улсын гэрээний бүртгэл дараахь мэдээллийг агуулсан байна:

32.2.1. олон улсын гэрээний нэр; 

32.2.2. олон улсын гэрээнд гарын үсэг зурсан өдөр, газар;

32.2.3. олон улсын гэрээг соёрхон баталсан, баталсан өдөр;

32.2.4. Батламж жуух бичиг, олон улсын гэрээг баталсан тухай баримт бичгийг харилцан солилцсон, хадгалуулахаар гардуулж өгсөн өдөр;

32.2.5. олон улсын гэрээ талуудын хувьд болон Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр болсон өдөр;

32.2.6. олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, олон улсын гэрээний үйлчлэлийг дуусгавар болгосон, олон улсын гэрээг цуцалсан, олон улсын гэрээнээс гарсан, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох шийдвэр гарсан өдөр, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр; 

32.2.7. олон улсын гэрээнд хийсэн тайлбар, илэрхийлсэн эсэргүүцэл, тайлбарыг эгүүлэн авах шийдвэр гарсан өдөр, тэдгээрийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа.

32.3. Олон улсын гэрээний бүртгэлийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага албан ёсны цахим хуудсандаа байршуулна.


НАЙМДУГААР БҮЛЭГ. БУСАД ЗҮЙЛ

33 дугаар зүйл. Олон улсын гэрээг шүүх хэрэглэх, тайлбарлах

33.1. Монгол Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн Монгол Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ.

33.2. Монгол Улсын дээд шүүх шаардлагатай бол Монгол Улсын олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргана.

33.3.Гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар зөвлөмж өгч болно.


34 дүгээр зүйл. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль шинээр батлах

34.1. Олон улсын гэрээ байгуулснаар, түүнд нэгдэн орсноор, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хүчин төгөлдөр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай бол тухайн олон улсын гэрээг соёрхон батлах, батлах саналыг өргөн мэдүүлэхдээ тухайн хуулийн төслийг хамт өргөн мэдүүлнэ.

34.2. Энэ зүйлийн 34.1-д заасан хуулийн төслийг тухайн олон улсын гэрээг хариуцан байгуулж байгаа төрийн захиргааны төв байгууллага холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу боловсруулах үүрэгтэй.

34.3. Энэ зүйлийн 34.1-д заасан шаардлагыг хангаагүй бол тухайн олон улсын гэрээг соёрхон батлах, батлах саналыг өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэхийг хориглоно.

34.4. Олон улсын гэрээ байгуулснаар, олон улсын гэрээнд нэгдсэнээр, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хүчин төгөлдөр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай эсэхийг гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тодорхойлно.


35 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчиж байгуулсан олон улсын гэрээ

35.1. Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан олон улсын гэрээний тухай хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулсан бол тухайн олон улсын гэрээг дараахь байгууллага авч хэлэлцэж хүчингүй болгож болно:

35.1.1. Соёрхон баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал;

35.1.2. Монгол Улсын Засгийн газрын байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал.

35.2. Энэ зүйлийн 35.1-д заасан хүчингүй болгох тухай шийдвэрийг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмын дагуу холбогдох тал, эсхүл олон улсын байгууллагад уламжилж шийдвэрлүүлнэ.

35.3. Энэ зүйлийн 35.1-д заасан зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


36 дугаар зүйл. Олон улсын гэрээтэй холбоотой зардал, ёслол

36.1. Олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, томилолтоор ажиллах, төлөөлөгчид хүлээн авах, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах, олон улсын гэрээ байгуулах, олон улсын гэрээнд нэгдэн орохтой холбоотой судалгаа хийх, хэрэгжилтийн тайлан хамгаалах, олон улсын гэрээг орчуулах, орчуулгыг хянан баталгаажуулах, олон улсын гэрээний тусгай хэвлэмэл хуудас, хавтас, үдээс, лац захиалах зардлыг тухайн олон улсын гэрээг хариуцан байгуулж байгаа төрийн захиргааны төв байгууллага санхүүжүүлнэ.

36.2. Олон улсын гэрээнд гарын үсэг зурах хугацаа, газар болон ёслолын бусад ажиллагааг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.


37 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

37.1. Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД