Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоол
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 05 сарын 11-ний өдөр, дугаар 169, Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01/01 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тогтоолын 1 дэх хэсэгт заасан журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан “Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах тухай” Засгийн газрын 2010 оны 162 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Н.БАТБАЯР
Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журмын зорилго нь төр, засгийн байгууллагуудыг гадаад бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн зөвлөгөө, заавраар түргэн шуурхай хангаж төв, орон нутгийн бүх түвшинд үндэсний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад оршино.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГО,
БАЙР СУУРИЙГ БАРИМТЛАН АЖИЛЛАХ ТУХАЙ
2.1. Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцааны тодорхой асуудлаарх байр суурийг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлаарх байр суурийг эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, шаардлагатай бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах бөгөөд холбогдох байгууллагад тухай бүр хүргүүлнэ.
2.2. Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар гадаадын албаны болон аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзахдаа Монгол Улсын гадаад бодлогын байр суурийн хүрээнд ярилцана. Энэ тухай холбогдох удирдамж, илтгэх хуудас, ярианы тэмдэглэлд тусгасан байна.
2.3. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гадаад харилцааны асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцааны тодорхой асуудлаар мэдэгдэл хийнэ.
2.4. Олон болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаарх байр суурийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд, тухайн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн болон Элчин сайд илэрхийлнэ.
2.5. Энэ журмын 2.3-т дурдсан мэдэгдэл, 2.4-т дурдсан байр суурийг Монгол Улсын албан ёсны байр суурь гэж үзнэ.
2.6. Энэ журмын 2.3-т заасан албан тушаалтны даалгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж болно.
2.7. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хэвлэлийн төлөөлөгч албан ёсны байр суурийн талаар тайлбар өгнө.
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ГАДААД АРГА ХЭМЖЭЭНИЙ
ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ АЖИЛЛАХ ТУХАЙ
3.1. Дээд, өндөр түвшинд тухайн онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний төлөвлөгөөг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж зөвлөмж гаргуулна.
3.2. Засгийн газрын гишүүний тухайн оны гадаад айлчлалын хуваарийг гадаад харилцаа болон эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хамтран холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулна.
3.3. Төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага тухайн оны гадаад арга хэмжээний төлөвлөгөөг гадаад харилцаа болон эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүргүүлнэ.
3.4. Энэ журмын 3.3-т заасан төлөвлөгөөнд арга хэмжээ тус бүрийн зорилго, агуулгыг тусгасан байна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ГАДААД АЙЛЧЛАЛ, АРГА ХЭМЖЭЭ,
ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНД ОРОЛЦОХ ТУХАЙ
4.1. Энэ журмын 2.2-т заасан албан тушаалтан гадаадад айлчлах, албан хэргээр зорчих, олон улсын арга хэмжээнд оролцох, албан ёсны яриа хэлэлцээ явуулахдаа удирдамжийн төсөл боловсруулж, гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж санал авна.
4.2. Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдаар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар гадаадад айлчлах, албан хэргээр зорчих, олон улсын арга хэмжээнд оролцох, албан ёсны яриа хэлэлцээ явуулах удирдамжаа батлуулна.
4.3. Энэ журмын 2.2-т заасан албан тушаалтан гадаадын албаны болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзахдаа гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас, шаардлагатай бол төсөв, санхүү болон эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас ярианы сэдэвтээ санал авч, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас чиглэл авна.
4.4. Засгийн газрын гишүүн тухайн салбартаа дэлхийд болон бүс нутагтаа нэр хүндтэй гадаадын аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзаж болно.
4.5. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасан албан тушаалтны хэрэгжүүлэх гадаад айлчлал, арга хэмжээ, уулзалтын талаар судалгаа, арга зүйн зөвлөмжөөр хангаж, удирдамж, ярианы сэдэвт тусгах саналаа хүргүүлнэ.
4.6. Сум, дүүрэг, агентлагийн түвшинд хэрэгжүүлэх гадаад айлчлал, арга хэмжээ, уулзалтын талаар харьяалах нутгийн захиргааны дээд шатны байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагын удирдлага чиглэл өгч, илтгэх хуудас, ярианы тэмдэглэлийг нь аван дүгнэж байна.
4.7. Монгол Улс болон Засгийн газрыг төлөөлөн олон улсын хуралд оролцох төлөөлөгчид эрхийн үнэмлэх авах хүсэлтээ гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө мэдүүлнэ.
4.8. Монгол Улс болон Засгийн газрыг төлөөлөн олон улсын хуралд оролцох төлөөлөгчид гэж энэ журмын 2.2-т заасан албан тушаалтныг ойлгоно.
4.9. Энэ журмын 2.2-т заасан албан тушаалтан хувийн хэргээр гадаадад зорчихдоо албан ёсны уулзалт, яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, ёслолын арга хэмжээнд оролцохыг хориглоно.
ТАВДУГААР БҮЛЭГ. ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО,
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДМЭЛ БАЙДАЛД
ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ
5.1. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний илтгэх хуудсыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад зохих журмын дагуу хүргүүлнэ.
5.2. Энэ журмын 2.2-т заасан албан тушаалтан гадаадад айлчилсан, албан хэргээр зорчсон, олон улсын арга хэмжээнд оролцсон, албан ёсны яриа хэлэлцээ явуулсан тухай дүнг буцаж ирснээс хойш ажлын 7 өдрийн дотор дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулж, батлагдсан удирдамж, дэлгэрэнгүй илтгэх хуудсын хувийг гадаад харилцаа болон эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.3. Энэ журмын 2.2-т заасан албан тушаалтан гадаадын албаны болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзахдаа ярианы тэмдэглэл хөтөлж, ярианы тэмдэглэлийг дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулж, хувийг гадаад харилцаа болон эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.4. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасан албан тушаалтны илтгэх хуудас, ярианы тэмдэглэлд дүгнэлт хийж, харьяалах төрийн захиргааны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хүргүүлнэ.
5.5. Төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага гадаад хамтын ажиллагааны тухай мэдээллийг хагас жил тутам, тайланг гадаад арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн хамт дараа оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор гадаад харилцаа болон эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.6. Гадаад харилцаа болон эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хамтран төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын гадаад хамтын ажиллагааны жилийн тайланг нэгтгэн Монгол Улсын гадаад харилцааны нэгдсэн тайлан гаргаж, дараа оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор Засгийн газарт санал, дүгнэлтийн хамт танилцуулна.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО,
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЯЛДААГ ДЭМЖИХ ТУХАЙ
6.1. Албан ажлын шугамаар ирсэн гадаадын албаны төлөөлөгчдийг холбогдох төрийн байгууллагын төлөөлөл хүлээн авч, бусад байгууллагуудтай хийх уулзалтуудыг зохион байгуулах, оролцох, уулзалтын сэдвийн талаар урьдчилан мэдэгдэх, ярианы тэмдэглэл хөтлөх зэргээр нэгдсэн удирдлагаар хангаж, албан уулзалтуудыг үр дүнтэй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
6.2. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага өөрийн шугамаар болсон уулзалтын тэмдэглэлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлнэ.
6.3. Гадаад бодлого, үйл ажиллагааны талаарх албан ёсны мэдээллийг Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын мэдээлэл, гадаад сурталчилгаа хариуцсан нэгж олон нийтэд түгээнэ.
6.4. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын гадаад харилцааны асуудал эрхэлсэн албан тушаалтныг жил бүр гадаад бодлого, үйл ажиллагаа, дэг жаягийн талаар сургалтад хамруулна.
6.5. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсаас гадаад оронд суугаа болон гадаад орноос Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газраас ирүүлсэн шаардлагатай мэдээллийг холбогдох төрийн байгууллагад цаг алдалгүй хүргүүлж байна.
ДОЛООДУГААР БҮЛЭГ. БУСАД
7.1. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар болон төр, засгийн байгууллагуудын хоорондын харилцааны нэгдсэн зохицуулалтыг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хангана.
7.2. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага хоорондын харилцаа холбоо түргэн шуурхай байх зарчимд тулгуурлана.
------ оОо ------