Үндэсний аюулгүй байдлын тухай

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, Улаанбаатар хот


ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зарчим, үндэсний аюулгүй байдлыг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог тодорхойлж, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг уялдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.


2 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж

2.1. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.


3 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлын тухай ойлголт

3.1. “Үндэсний аюулгүй байдал” гэж /цаашид “үндэсний аюулгүй байдал” гэнэ/ Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ.

3.2. “Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана.

3.3. “Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа” гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ.

3.4. Үндэсний аюулгүй байдал нь дараахь бүрэлдэхүүн хэсэгтэй байна:

3.4.1. Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал;

3.4.2. нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал;

3.4.3. иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал;

3.4.4. эдийн засгийн аюулгүй байдал;

3.4.5. шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал;

3.4.6. мэдээллийн аюулгүй байдал;

3.4.7. монгол соёл иргэншлийн аюулгүй байдал;

3.4.8. хүн ам, удмын сангийн аюулгүй байдал;

3.4.9. экологийн аюулгүй байдал.

3.4.10. хүнсний аюулгүй байдал.

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/


4 дүгээр зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зарчим

4.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дараахь үндсэн зарчмыг баримтална:

4.1.1. улс, үндэснийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх;

4.1.2. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах;

4.1.3. хууль дээдлэх;

4.1.4. нэгдмэл, харилцан уялдуулан зохицуулагдсан байх;

4.1.5. шуурхай, тасралтгүй байх;

4.1.6. бодит мэдээлэлд үндэслэх;

4.1.7. төрийн байгууллага, иргэд харилцан хариуцлага хүлээх;

4.1.8. үндэсний эв нэгдлийг эрхэмлэх;

4.1.9. нээлттэй байх.


5 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

5.1. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлын талаархи төрийн бодлогын нэгдмэл, залгамж чанарын үндэс болно.


ХОЁРДУГААР БҮЛЭГ. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТОГТОЛЦОО

6 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцооны бүтэц

6.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/, Засгийн газар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон холбогдох албан тушаалтнаас бүрдэнэ.

6.2. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн, тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй.

6.3. Улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, Монгол Улсын иргэн үндэсний аюулгүй байдлыг хангах талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно.


7 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага

7.1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд:

7.1.1. Байгаль орчныг хамгаалах алба;

7.1.2. Гаалийн алба;

7.1.3. Дипломат алба;

7.1.4. Гамшгаас хамгаалах алба;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.1.5. Мэргэжлийн хяналтын алба;

7.1.6. Зэвсэгт хүчин, бусад цэрэг;

7.1.7. Татварын алба;

7.1.8. Тусгай алба.

7.1.9. иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхлэх алба;

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.10. иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн алба.

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2. Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах үүрэгтэй.


ГУРАВДУГААР БҮЛЭГ. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХАД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ ОРОЛЦОО

8 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангахад Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрх

8.1. Улсын Их Хурал нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг тодорхойлж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батална.

8.2. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангаж, үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагуудын ажилтай танилцаж, чиглэл өгнө.

8.3. Монгол Улсын Засгийн газар нь үндэсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.


9 дүгээр зүйл. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын оролцоо

9.1. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсэхээс сэрэмжилж, энэ талаар үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй албадад мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулах асуудлаар санал өгнө.


10 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо

10.1. Нутгийн өөрөө удирдах байгууллага төрийн бодлого, хууль тогтоомжид нийцүүлэн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар бодлого боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллана.


11 дүгээр зүйл. Бүх шатны Засаг дарга нарын оролцоо

11.1. Бүх шатны Засаг дарга үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй үйл ажиллагаанаас сэргийлэх, таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцлийг судлан тогтоох, арилгах арга хэмжээ авч, энэ асуудлаар нутаг дэвсгэртээ байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй албадад чиглэл өгч, холбогдох байгууллагад санал, хүсэлт тавина.


12 дугаар зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтны оролцоо

12.1. Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар тогтоосон журмыг сахин биелүүлэх төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хамгаалах, өөрийн хууль ёсны үүрэгт хамаарах мэдээ баримтыг холбогдох дээд байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй.

12.2. Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар Зөвлөлд санал, хүсэлтээ тавих эрхтэй.

12.3. Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлын холбогдолтой асуудлаар шийдвэр гаргах, аливаа хэлбэрээр байр сууриа илэрхийлэхдээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, энэ хуулийг үндэс болгоно.


13 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо

13.1. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэх үүрэгтэй.

13.2. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн байгууллага, албан тушаалтанд санал, хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.


14 дүгээр зүйл. Иргэний оролцоо

14.1. Монгол Улсын иргэн үндэсний язгуур ашиг сонирхлоо дээдэлж, хуулиар тогтоосон үүргээ биелүүлэх, төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.

14.2. Монгол Улсын иргэн үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн зохих байгууллага, албан тушаалтанд санал, гомдлоо тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.


15 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилтэд хяналт тавих

15.1. Улсын Их Хурал нь өөрийн бүтцийн зохих хэлбэрээр дамжуулан энэ хуулийн биелэлтэд хяналт тавина.

15.2. Зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны зохицуулалт, хэрэгжилтэд хяналт тавина.

15.3. Зөвлөлөөс үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж буй талаар Улсын Их Хуралд жилд нэгээс доошгүй удаа мэдээлж байна.

15.4. Засгийн газар нь бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллагаас үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого болон энэ хуулийг биелүүлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд хяналт тавина.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
ЙЛ АЖИЛЛАГААГ УЯЛДУУЛАН ЗОХИЦУУЛАХ

16 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад баримтлах зарчим

16.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад төрийн нэгдмэл бодлогод нийцүүлэх, шуурхай, уян хатан байх, харилцан мэдээлэл солилцох, төрийн нууцыг хамгаалах зарчмыг баримтална.


17 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах

17.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, үйл ажиллагааг төрийн нэгдмэл бодлогод нийцүүлэн уялдуулан зохицуулах чиг үүргийг Зөвлөл хэрэгжүүлнэ.

17.2. Зөвлөл нь энэ хуулийн 17.1-д заасан чиг үүргийн хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.2.1. үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар холбогдох байгууллагад чиглэл өгөх;

17.2.2. шаардлагатай мэдээллийг төрийн байгууллага, албан тушаалтнаар гаргуулан авах.

17.3. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, Зөвлөлийн шийдвэр болон түүний гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар Зөвлөлийн нарийн бичгийн дарга холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина.

17.4. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн байгууллагууд нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж, хамтран ажиллах үүрэгтэй.

17.5. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллана.


18 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар мэдээлэл солилцох, зөвлөлдөх ажлын хэсэг

18.1. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл харилцан солилцох, Зөвлөлөөс гарах шийдвэрийн төсөл боловсруулахад туслах болон гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийг дор дурдсанаар Зөвлөлийн дэргэд байгуулна:

18.1.1. Гадаад бодлогын;

18.1.2. Мэдээллийн аюулгүй байдлын;

18.1.3. Мэргэжлийн хяналтын;

18.1.4. Тусгай албадын;

18.1.5. Цэргийн бодлогын;

18.1.6. Шашны асуудлын;

18.1.7. Эдийн засгийн бодлогын;

18.1.8. Экологийн бодлогын.

18.1.9. хүнсний аюулгүй байдлын.

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

18.2. Ажлын хэсгүүдийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулна. Ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч батална.


ТАВДУГААР БҮЛЭГ. БУСАД ЗҮЙЛ

19 дүгээр зүйл. Олон улсын гэрээ ба үндэсний аюулгүй байдал

19.1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд харш олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулахыг хориглоно.


20 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

20.1. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчигчид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


21 дүгээр зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зардлын санхүүжилт

21.1. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

21.2. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зардлыг орон нутгийн төсөв, төсвийн гадуурх хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                   С.ТӨМӨР-ОЧИР