ҮАБЗ-ийн 2014 оны 46/26 дугаар зөвлөмж
МОНГОЛ УЛСЫН
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН
ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨМЖ
2014 оны 09 сарын 22-ны өдөр, дугаар 46/26, Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ
САЙЖРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зорилгын хүрээнд олон улсын гэрээ байгуулах үйл ажиллагааг сайжруулах нь зүйтэй гэж үзэн ЗӨВЛӨМЖ БОЛГОХ нь:
1. Улс хоорондын болон Засгийн газар хоорондын гэрээ байгуулахдаа дараах журмыг чанд баримтлах:
1.1. Гэрээ байгуулахдаа үндэсний язгуур ашиг сонирхолыг үндэс болгох;
1.2. Гэрээг Үндсэн хууль болон бусад хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд нийцүүлэх;
1.3. Гадаад харилцааны сайд Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дугаар хэсгийн 4-т заасны дагуу гэрээ байгуулах чиглэлээр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, гол хариуцлага хүлээх;
1.4. Тодорхой гэрээ байгуулах асуудлаар Гадаад харилцааны яамтай зөвшилцөн төсөл, орчуулгыг нь албан ёсоор хянуулж дүгнэлт гаргуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байх;
1.5. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн 5.10, 5.11-д заасныг баримтлан гэрээний төслийг заавал монгол хэлээр үйлдэх.
2. Байгууллага хоорондын гэрээ байгуулахдаа Гадаад харилцааны яамны санал, дүгнэлтийг авч, байгуулсан гэрээг Гадаад харилцааны яаманд бүртгүүлэх.
3. Гэрээ байгуулахаар яриа хэлэлцээ хийхдээ "Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай" Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дүгээр зөвлөмж болон Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 169 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам"-ыг мөрдлөг болгох.
4. Гадаад харилцааны яам олон улсын гэрээ байгуулах үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авах:
4.1. Улс хоорондын болон Засгийн газар хоорондын гэрээ байгуулах үйл ажиллагааг арга зүйн зөвлөмжөөр хангаж, улсын хэмжээнд уялдуулан зохицуулах;
4.2. Олон улсын гэрээний тухай хуулийг шинэчлэх, байгууллага хоорондын гэрээний зохицуулалтыг хуульчлах, гадаад харилцааны тухай хуулийн төсөл боловсруулах;
4.3. Байгуулах гэрээ бүрээр дүгнэлт гарган орчуулгыг хянан албажуулах;
4.4. Энэхүү зөвлөмжийг төрийн төв болон орон нутгийн байгууллагуудад хүргүүлж мөрдүүлэх.