УИХ-ын 2011 оны 10 дугаар тогтоол

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 02 сарын 10-ны өдөр, дугаар 10, Улаанбаатар хот


МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, цэргийн номлол батлах, нийтлэх тухай” Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                             Д.ДЭМБЭРЭЛ

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал


XXI зуун гарсаар дэлхий дахинд даяаршил улам бүр тэлж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи үсрэнгүй хөгжин, улс төр, эдийн засгийн интеграц өргөжиж, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч байна. Олон улсын харилцаа өнгөрсөн зууны сүүлийн хагасын хоёр туйлт үеийнхээс эрс өөрчлөгдлөө. Хөгжлийн шинэ томоохон төвүүд тодорч, олон улсын харилцаанд тэдгээрийн үзүүлэх нөлөө өсөх хандлагатай байна.

Нөгөөтэйгүүр, улс орнуудын хөгжлийн хурд, түвшин улам бүр ялгарч, буурай, эмзэг эдийн засагтай улсуудад ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна. Зарим улс, бүс нутагт цөмийн зэвсэгтэй болох оролдлого үргэлжилж, хурцадмал байдал намжихгүй байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол хийгээд олон улсын терроризм, хүний болон хар тамхины наймаа, гоц халдварт өвчний тархалт зэрэг аюул, сорилт нэмэгдэх болов.

Монгол Улс ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засаг бүхий улс болж хөгжихийн хамт гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийн тоо үлэмж нэмэгдэв.

Монгол Улс нөөц баялгаа ашиглан эдийн засгийн чадавхийг өсгөх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааг дээшлүүлэх эрчимтэй хөгжлийн замд орж байна.

Дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол Улсын оруулж ирсэн хувь нэмрийг улам өсгөх, үндэсний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлж, түүний үр өгөөжийг улам нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1. Монгол Улсын гадаад бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхойлон заасан үндэсний ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд тус улсын гадаад, дотоод нөхцөл байдал нь гадаад бодлогын зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно.

2. Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн.

3. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн.

4. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна.

5. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгална. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.

6. Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ, түүнчлэн хоёр талын харилцааны үндсэн баримт бичгүүдэд заасан бусад зарчмыг удирдлага болгоно.

7. Дэлхий, бүс нутагт нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ.

8. Олон улсын харилцааны хөгжил, дэлхийн болон бүс нутгийн улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад бодлогын чиглэл, зорилтыг уян хатан тогтооно.

9. Монгол Улсын гадаад бодлого нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн гадаад бодлого, гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого гэсэн харилцан уялдаа бүхий үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Улс төрийн гадаад харилцааны бодлого тодорхойлогч шинжтэй байна.


ХОЁР. УЛС ТӨРИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

10. Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус улсын аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад оршино.

11. Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална.

12. Монгол Улс олон улсын эрх зүйг хүндэтгэн сахиж, гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.

13. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна. Тухайлбал:

- Ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох;

- Цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, НҮБ-ын болон олон улсын бусад энхийг дэмжих, сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцох;

- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг багасгах, байгаль орчныг доройтлоос хамгаалах, гоц халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг дэмжин оролцох.

14. Монгол Улс улс төрийн гадаад харилцааны бодлого хэрэгжүүлэхдээ дараахь чиглэлийг баримтална:

14.1. ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах;

14.2. АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;

14.3. Азийн бусад улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцох;

14.4. Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд болон олон улсын санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэх, дэлхийн засаглал дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллах;

14.5. Хөгжиж байгаа улсуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Нэгдсэн Үндэстний Байгууллага, "77"-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон талын хүрээнд хамтран ажиллах.

15. Улс төрийн гадаад харилцааны бодлогын чиглэлүүдийг харгалзан тус улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын байршлыг тогтоож, гадаад бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг сайжруулна.

16. Хөгжлийн эрэлт хэрэгцээ, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн гадаад бодлогын судалгаа, шинжилгээ, гадаад харилцааны мэргэшсэн хүний нөөцийн бэлтгэл, сургалтын тогтолцоо бүрдүүлнэ.

17. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газарт дипломат алба, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, технологийн талаар өндөр мэдлэг, боловсролтой, мэргэшсэн ажилтанг оролцуулан томилж, сэлгэн ажиллуулах бодлого баримтална.


ГУРАВ. ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

18. Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд гадаад харилцааны үр нөлөөг нэмэгдүүлэх нь эдийн засгийн гадаад харилцааны бодлогын зорилго мөн.

19. Эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхдээ эрх тэгш, харилцан ашигтай байх зэрэг нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг чанд мөрдөнө. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын заалтыг үндэс болгон эдийн засгийн аюулгүй байдлыг бүх талаар хангахыг эрмэлзэж, аль нэг улсаас хэт хараат байдалд орохоос сэрэмжилнэ.

20. Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс, хамтарсан буюу гадаадын дагнасан хөрөнгө оруулалттай аж ахуйн томоохон нэгж байгуулах, концесс олгох, дэд бүтэц шинээр бий болгох зэрэг эдийн засгийн хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх төсөл, арга хэмжээг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгод нийцүүлэн хэрэгжүүлнэ.

21. Эдийн засгийн гадаад харилцааны бодлогыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ. Үүнд:

21.1. Эдийн засгийн салбаруудад тэргүүний технологи, менежмент нэвтрүүлж, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын жишиг, түвшинд ойртуулан нийцүүлэх замаар өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, экспортын хэмжээг өсгөхийг дэмжих;

21.2. Уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх, түүнчлэн мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

21.3. Түлш, эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд дөхөм үзүүлэх;

21.4. Олон улс, бүс нутгийн эдийн засгийн интеграц болон дэд бүтцийн сүлжээнд нэгдэхийг эрмэлзэх, далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх зам, тээврийн таатай нөхцөл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

21.5. Монгол орны байгаль, түүх, соёлын өв санд түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, үйлчилгээг нь олон улсын түвшинд хүргэх, олон улсын сүлжээнд хамрагдах, соёлын бүтээгдэхүүнийг гадаадад борлуулахад дэмжлэг үзүүлэх;

21.6. Гадаад худалдааг эдийн засгийн өсөлт, хүн амын эрэлт хэрэгцээг хангахад чиглүүлж, үр ашгийг нь дээшлүүлэх, гадаад худалдааны тааламжтай нөхцлүүдийг олох замаар өөрийн бараа, үйлчилгээний зах зээлийг тэлэх нөхцөл бүрдүүлэх;

21.7. Бизнесийн таатай орчин бүрдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний аж ахуйн нэгж гадаадад хөрөнгө оруулах, дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлд нэвтрэх нөхцөл бүрдүүлэхийг эрмэлзэх;

21.8. "Ногоон", "Цэнхэр" эдийн засгийг хөгжүүлэх, уул уурхайн нөөц баялгийг ашиглах явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахад дэмжлэг үзүүлэх;

21.9. Экологийн аюулгүй байдлыг хангах, тэнцвэрийг хадгалах, байгаль орчныг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх чиглэлээр хоёр талын болон олон талын хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагаас буцалтгүй тусламж авах талаар идэвхтэй ажиллах;

21.10. Далайд гарцгүй хөгжиж байгаа улсуудын эрх ашгийг Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамгаалах ажилд ахиц гаргах, их далайн нөөцөөс ашиглах боломжийг эрэлхийлэх.


ДӨРӨВ. ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНОЛОГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

22. Орчин үеийн шинжлэх ухаан-технологийн үндэсний чадавхийг сайжруулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад дөхөм үзүүлэх нь шинжлэх ухаан-технологийн гадаад харилцааны бодлогын зорилго мөн.

23. Шинжлэх ухаан-технологийн гадаад харилцааны бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:

23.1. Эрдэс болон хөдөө аж ахуйн түүхий эдийг гүнзгий боловсруулах, дэвшилтэт арга технологийг сонгон нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

23.2. Эдийн засаг, нийгмийн салбарт инновац нэвтрүүлэх, цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус тус дэмжлэг үзүүлэх;

23.3. Мэдээллийн технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт, орчин үеийн ололтыг нэвтрүүлэх, шинжлэх ухаан-технологийн үндэсний мэдээллийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

23.4. Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлээр туршилт, сорилт явуулах бааз суурийг бэхжүүлэх, мэргэшсэн судлаач бэлтгэхэд гадаадын тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэхийг эрмэлзэх;

23.5. Олон улсад Монгол судлал өргөжин хөгжихийг дэмжиж, гадаадад Монгол судлалын төв байгуулахад туслалцаа үзүүлэх;

23.6. Шинжлэх ухаан-технологи, оюуны өмчийн салбарт хоёр талын болон олон талын үндсэн дээр хамтын ажиллагаа хөгжүүлэх.


ТАВ. СОЁЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

24. Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлогын зорилго нь үндэсний соёл иргэншил, өвөрмөц өв уламжлалаа дэлхийн соёлын нийтлэг ололттой хослуулан хөгжүүлэх, түүх, соёлын үнэт зүйлээ хамгаалах, сэргээх, түүхэн шалтгаанаар гадаадад гарсан эд өлгийн зүйлийг сурвалжлан олоход чиглэсэн хамтын ажиллагаа хөгжүүлэх, нийгэм, хүмүүнлэгийн салбарын шууд харилцаанд тус дөхөм үзүүлэх явдал мөн.

25. Соёл, хүмүүнлэгийн салбарын гадаад бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:

25.1. Түүх, соёлын дурсгалт болон үнэт зүйл, байгалийн өвийг хамгаалах, сэргээх талаар гадаад улс, ЮНЕСКО, олон улсын холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллаж, дэлхийн соёлын болон байгалийн өв сангийн бүртгэлд өөрийн биет, биет бус өвийг хамруулахыг зорих;

25.2. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг олон улсын жишиг, шаардлагад ойртуулан сайжруулах, энэ талаар ахиц дэвшилд хүрсэн улсуудын туршлагыг судалж хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлэх;

25.3. Үндэсний хөгжилд нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг хөгжингүй улсуудад бэлтгэх, гадаадын өндөр мэргэшлийн багш, эрдэмтдийг ирүүлж ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, сургууль, судалгааны байгууллага байгуулах зэрэг боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

25.4. Боловсрол, соёл, урлаг, спорт, олон нийт, мэдээллийн олон улсын байгууллагатай идэвхтэй харилцах, шаардлагатай гэрээнд нэгдэн орох, ижил төрлийн байгууллагуудын хооронд шууд харилцаа, солилцоо хөгжүүлэх, соёл, урлаг, спортын олон улсын арга хэмжээнд оролцох, ийм төрлийн арга хэмжээг эх орондоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

25.5. Бусад улс дахь монгол туургатнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хэл, соёл, уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх.


ЗУРГАА. ГАДААДАД БАЙГАА ИРГЭДИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГО

26. Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлогын зорилго нь хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, эрх ашгийг хамгаалахад оршино.

27. Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

27.1. Монгол Улсаас гадаад улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар өөрийн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний хүрээнд хамгаалах;

27.2. Монгол Улсаас гадаад улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар өөрийн суугаа болон хавсран суугаа улсад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа иргэдийнхээ бүртгэл, судалгааг хөтөлж, тэдэнд шаардлагатай үед туслалцаа, дэмжлэг үзүүлэх;

27.3. Иргэд гадаадад зорчих эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ тэд эх орондоо эргэн ирж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх;

27.4. Гадаадад гэрээгээр ажиллаж байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр тухайн улстай хамтран ажиллах;

27.5. Гадаадад байгаа иргэн гэнэтийн осол, халдлага, аюул, албадлагад өртөх, хүнд өвчин тусах, нас барах зэрэг тохиолдолд Монгол Улсаас тухайн улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар бололцоотой туслалцаа, дэмжлэг шуурхай үзүүлэх;

27.6. Гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг ноцтой гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлэх, ийм төрлийн хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах чиглэлээр тухайн улсын болон олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллах;

27.7. Гадаадад байгаа иргэддээ тэдний хууль ёсны эрх, эрх чөлөө, үүрэг, хариуцлагын талаархи болон шаардлагатай бусад мэдээлэл, зөвлөлгөө өгч байх;

27.8. Гадаадад буй иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж ажиллах.


ДОЛОО. ГАДААД СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БОДЛОГО

28. Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого нь Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, тэдэнд улс орныхоо талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, найрсгаар хандан талархагчдын хүрээг өргөтгөх, иргэд хоорондын харилцаа, харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэхэд оршино.

29. Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:

29.1. Монгол Улсын түүх, соёлын уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт амжилтыг гадаадад сурталчлах үйл ажиллагааг идэвхжүүлэх, гадаад сурталчилгааны бүтэц бий болгохыг дэмжих;

29.2. Монголын түүх, байгаль, зан заншил, ахуй амьдрал, хөгжил дэвшлийг харуулсан сурталчилгааны ном, товхимол, нэвтрүүлэг, кино, цомог зэргийг бэлтгэн бусад улс түмэнд түгээх, сурталчлах;

29.3. Хоёр талын харилцааны хүрээнд гадаадад Монгол Улсыг сурталчилсан өдрүүд зохион байгуулах, үзэсгэлэн, яармаг гаргах, кино, урлагийн тоглолт үзүүлэх, уулзалт, ярилцлага зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

29.4. Гадаад сурталчилгааг сайжруулахын тулд бусад улс, олон улсын байгууллагын нэр хүндтэй хүмүүс, улс төр, нийгэм, соёлын зүтгэлтэн, сэтгүүлч болон хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах;

29.5. Монгол Улсын талаар гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээ, мэдээллийг судалж байх;

29.6. Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаар олон нийт, хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг бодит мэдээллээр хангах, тэдний хүч бололцоог бусад улстай харилцаа, хамтын ажиллагаа хэвийн хөгжүүлэхэд чиглүүлэх;

29.7. Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогыг хэрэгжүүлэхэд ардын болон соёлын дипломатын арга хэлбэрийг хэрэглэх;

29.8. Энх тайван, найрамдлын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих.

 

------ оОо ------