Аймгийн Засаг даргын 2017 оны А/278 тоот захирамж

 

АРХАНГАЙ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2017 оны 06 сарын 28-ны өдөр, дугаар А/278, Эрдэнэбулган сум


ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь заалт, "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. "Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ыг нэгдүгээр, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааг тайлагнах хугацааг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. 

2. "Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж, явцыг тухай бүр тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /Б.Цэрэннадмид/-д үүрэг болгосугай. 

3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/567 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай. 

 

ЗАСАГ ДАРГА                                                         Ц.МӨНХНАСАН

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмаар хөгжлийн бодлогын баримт бичиг (цаашид "бодлогын баримт бичиг" гэх), Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр (цаашид "хууль тогтоомж, тогтоол шийдвэр" гэх)-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг тайлагнах, үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.


ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛТ

2.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт түүний явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнд хүрч буй эсэхийг шинжлэн тогтоох, сайжруулах.

2.2. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж төлөвлөлт, гүйцэтгэл, дунд болон урт хугацааны үр дүн, үр нөлөөг сайжруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх.

2.3. Үйл ажиллагааны гүйцэтгэлийн явцад гарч буй ололт амжилт, зөрчил дутагдлыг илрүүлэх, түүнийг засах арга замыг тодорхойлох.

2.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, дүгнэлтэд үндэслэн аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас гаргах шийдвэр, бодлого, санал, зөвлөмж боловсруулахад дэмжлэг үзүүлэх.


ГУРАВ. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

3.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “Хяналт-шинжилгээ” гэж байгууллагын үйл ажиллагаа болон бодлогын зорилт, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцыг урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу хянах, мэдээлэх тасралтгүй үйл ажиллагаа;

3.1.2. “үнэлгээ" гэж байгууллагын үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийн зорилго, зорилтын хэрэгжилтийг төлөвлөсөн зорилтот түвшинд хүрсэн эсэхэд дүн шинжилгээ хийж өгсөн үнэлэлтийг;

3.1.3. “үр дүнд суурилсан явцын үнэлгээ" гэж хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн зорилтот түвшинд хүрч байгаа эсэхэд үнэлгээ хийх, хүрээгүй бол шалтгаан нөхцөлийг тодорхойлж, үр дүнг сайжруулах дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;

3.1.4. "үр дүнд суурилсан эцсийн үнэлгээ" гэж бодлогын баримт бичиг хэрэгжиж дууссаны дараа хэрэгжилтийг үнэлж, үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлон цаашид тухайн чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх, эсхүл зогсоох талаар дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;

3.1.5. "хөндлөнгийн үнэлгээ" гэж бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн мэргэжлийн байгууллага, судлаач, үнэлгээчдийн хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээг;

3.1.6. "хэрэглэгчийн үнэлгээ" гэж захиргааны байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн дүнг;

3.1.7. "шалгуур үзүүлэлт" гэж бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үе шат бүрд бий болох өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон чанарын болон тоон үзүүлэлтийг;

3.1.8. "суурь үзүүлэлт" гэж үйл ажиллагаа болон бодлогын баримт бичиг, хэрэгжиж эхлэх үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг;

3.1.9. "зорилтот түвшин" гэж тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг;

3.1.10. “агентлаг” гэж “аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолд заасан байгууллагууд болон аймгийн Нийтийн номын сан, Музей, Хөгжимт драмын театр, Ойн анги зэрэг байгууллагуудыг ойлгоно.


ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ

4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд дараах зарчмыг баримтална:

4.1.1. шударга, хараат бус байх;

4.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх;

4.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;

4.1.4. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц байх;

4.1.5. хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;

4.1.6. хяналт-шинжилгээ үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;

4.1.7. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх.


ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ

5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээнд дараах бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, байгууллагын үйл ажиллагаа багтана:

5.1.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:

5.1.1.1. Монгол Улсын хууль;

5.1.1.2. Улсын Их Хурлын тогтоол;

5.1.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;

5.1.1.4. Ерөнхийлөгчийн зарлиг;

5.1.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;

5.1.1.6. Засгийн газрын тогтоол;

5.1.1.7. Ерөнхий сайдын захирамж;

5.1.1.8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;

5.1.1.9. Засгийн газрын албан даалгавар;

5.1.1.10. Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн тогтоол;

5.1.1.11. Аймаг, сумын Засаг даргын шийдвэр.

5.1.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:

5.1.2.1. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030;

5.1.2.2. Төрөөс баримтлах бодлого;

5.1.2.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;

5.1.2.4. Бүсчилсэн хөгжлийн бодлого;

5.1.2.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;

5.1.2.6. Үндэсний хөтөлбөр;

5.1.2.7. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

5.1.2.8. Аймаг хөгжүүлэх хэтийн зорилт;

5.1.2.9. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;

5.1.2.10. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

5.1.2.11. Аймгийн дэд хөтөлбөр;

5.1.2.12. Сум хөгжүүлэх хэтийн зорилт;

5.1.2.13. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;

5.1.2.14. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

5.1.2.15. гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр.

5.1.3. Байгууллагын үйл ажиллагааны тайланд дараах тайлан хамаарна:

5.1.3.1. Энэхүү журмын 5.1.1, 5.1.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

5.1.3.2. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;

5.1.3.3. Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлт;

5.1.3.4. ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

5.1.3.5. шилэн дансны хөтлөлт;

5.1.3.6. Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;

5.1.3.7. Аймгийн Засаг даргаас агентлагийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт;

5.1.3.8. Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний биелэлт;

5.1.3.9. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан;

5.1.3.10. Явцын үнэлгээ;

5.1.3.11. хэрэглэгчийн үнэлгээний тайлан;

5.1.3.12. Төсвийн хэмнэлт, үр ашигтай ажиллах талаар зохион байгуулсан ажил, арга хэмжээний тайлан.


ЗУРГАА. ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭР, БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, МЭДЭЭЛЭХ ТАЙЛАГНАХ

6.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичиг, байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, тайланг нэгтгэх, мэдээлэх үүргийг аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүд хүлээнэ.

6.2. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газар нь хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичиг, байгууллагын үйл ажиллагаатай нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актын хэрэгжилтийг зохион байгуулах бөгөөд хэрэгжилтийн явц, үр дүнд дотоодын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж захирамжийн 2-р хавсралтад заасан хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт тайлагнана.

6.3. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж аймгийн Засаг даргын Тамгын газраас хүргүүлсэн зөвлөмж, чиглэлийн дагуу “Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө” гарган ажиллах бөгөөд биелэлтийг хагас, бүтэн жилээр аймгийн Засаг даргын Тамгын газарт тайлагнана.

6.4. Цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй болсон, дахин шийдвэр гарсан зэрэг тохиолдолд уг шийдвэр, заалтыг хүчингүй болгох саналыг тухайн онд тайлангийн хамт аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлж болно.

6.5. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газар нь бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг энэ журмын 1-р, Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 2-р, улс, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 3-р, үндэсний хөтөлбөр, аймгийн дэд хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг 4-р, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн тогтоол, аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын хэрэгжилтийг 5-р, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийг 6-р, ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг 7-р хавсралтын дагуу тус тус тайлагнана.

6.6. Агентлагийн жилийн үйл ажиллагааг энэхүү журмын 8-р, сумын үйл ажиллагааг 9-р хавсралтад заасан үзүүлэлтүүдийн дунджаар дүгнэнэ.


ДОЛОО. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ТӨРӨЛ АРГА ЗҮЙ

7.1. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хариуцан гүйцэтгэнэ.

7.2. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газар нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтантай байна.

7.3. Агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны тайланг харьяа хэлтсийн мэргэжилтнүүд хүлээн авч анхан шатны мониторинг хийж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ирүүлэх бөгөөд тус хэлтэс нэгтгэн, эцсийн үнэлгээг хийж, дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

7.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ энэхүү журмыг мөрдлөг болгохын зэрэгцээ бусад хууль тогтоомж, Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 89-р тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг үндэс болгон.

7.5. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно.

7.5.1. "үр дүнтэй" - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

7.5.2. "тодорхой үр дүнд хүрсэн" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);

7.5.3. "эрчимжүүлэх шаардлагатай" - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь (31-59 хүртэл хувь);

7.5.4. "үр дүнгүй" - зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь (0-30 хүртэл хувь);

7.5.5. "үнэлэх боломжгүй" - зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.

7.6. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

7.6.1. "бүрэн хэрэгжсэн" - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

7.6.2. "хэрэгжих шатанд" - тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);

7.6.3. "хэрэгжилт хангалтгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);

7.6.4. "хэрэгжээгүй" - тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);

7.6.5. "хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй".

7.7. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.

7.8. Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилтын биелэлт, байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсвийн хэмнэлт, үр ашигтай ажиллах талаар зохион байгуулсан ажил, арга хэмжээг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалыг баримтална.


НАЙМ. БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

8.1. Бодлогын баримт бичигт үнэлгээ хийхдээ хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг хүрсэн түвшинтэй нь харьцуулан үнэлнэ.

8.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хугацааны эхний хагаст шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшний 30 хүртэл хувийг хангаагүй, жилийн эцсийн үнэлгээгээр санхүүгийн эх үүсвэргүй нь тогтоогдсон, үр дүнгүй, үнэлэх боломжгүй гэж үзсэн зорилт, арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг тухайн бодлогын баримт бичгийг баталсан эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлнэ.

8.3. Шаардлагатай тохиолдолд харьяалах дээд шатны байгууллага нь бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайланг хэлэлцэн түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авна.

8.4. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газар нь энэхүү журмын 5.1.2-т заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг журмын 1, 2, 3, 4 дүгээр хавсралтын дагуу гаргаж, захирамжийн 2-р хавсралтад заасан хугацаанд холбогдох хэлтэст хүргүүлнэ.


ЕС. ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

9.1. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газар нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авч, хэрэлжилтийг салбар чиглэлээр ангилан энэхүү журмын 5-р хавсралтын дагуу гаргаж, захирамжийн 2-р хавсралтад заасан хугацаанд Аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

9.2. Хэд хэдэн агентлаг, сумдад өгсөн үүргийн хэрэгжилтийг шийдвэрийн эхэнд нь бичигдсэн агентлагийн дарга, сумын Засаг дарга, ажлын хэсгийн ахлагч нэгтгэн мэдээлнэ.

9.3. Төрийн өмчит хуулийн этгээд хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тэдгээрт нийцүүлэн гаргасан шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд хэрэгжилтэд нь холбогдох хэлтэс хяналт тавьж ажиллана.

9.4. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн аймгийн нэгдсэн дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна.

9.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн явцад хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

9.6. Шаардлагатай гэж үзвэл аймгийн Засаг даргын Тамгын газар хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, тайлан, мэдээллийг хэлэлцэн тэдгээрийн мөрөөр холбогдох арга хэмжээг авна.


АРАВ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ

10.1. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны тайлан нь дараах хавсралттай байх бөгөөд захирамжийн 2-р хавсралтад заасан хугацаанд аймгийн ЗДТГ-т хүргүүлнэ.

10.1.1. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;

10.1.2. Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлт;

10.1.3. Байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан;

10.1.4. Шилэн дансны хөтлөлт;

10.1.5. Засгийн газрын гишүүнээс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт /зөвхөн агентлагт хамаарна./;

10.1.6. Аймгийн Засаг даргаас агентлагийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт;

10.1.7. Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний биелэлт;

10.1.8. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан;

10.1.9. Явцын үнэлгээ;

10.1.10. Хэрэглэгчийн үнэлгээний тайлан;

10.1.11. Төсвийн хэмнэлт, үр ашигтай ажиллах талаар зохион байгуулсан ажил, арга хэмжээний тайлан.

10.2. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь агентлагаас ирүүлсэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг нэгтгэж аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаагаар тооцон, тухайн байгууллагын онцлогийг харгалзан боловсруулж, аймгийн Засаг даргаар батлуулна.

10.3. Сумын Засаг даргын Тамгын газар нь сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг сум, орон нутгийн онцлогийг харгалзан, сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаагаар тооцон боловсруулж аймгийн Засаг даргаар батлуулна.

10.4. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ.

10.5. Хэрэглэгчийн үнэлгээг хийх хөндлөнгийн байгууллагыг судалгааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын дундаас ажлын туршлага, хүний нөөцийн хүчин чадал зэргийг харгалзан сонгон шалгаруулна. Хөндлөнгийн байгууллагыг сонгох үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулах бөгөөд хэрэглэгчийн үнэлгээг тухайн байгууллагын жилийн эцсийн үйл ажиллагаанд хийлгэнэ.

10.6. Хэрэглэгчийн үнэлгээг гаргахдаа тухайн агентлаг, сумын Засаг даргын Тамгын газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хөндлөнгийн байгууллагаар тухайн аймаг, сумын насанд хүрсэн иргэдийн 5 хүртэлх хувийг хамруулан явуулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргана.

10.7. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийг энэхүү журмын 6 дугаар хавсралтын дагуу гаргаж, захирамжийн 2-р хавсралтад заасан хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

10.8. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газар нь байгууллагын ил тод байдлын үнэлгээг энэхүү журмын 7 дугаар хавсралтын дагуу гаргаж захирамжийн 2-р хавсралтад заасан хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

10.9. Аймгийн Засаг даргын Тамгын газар шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ажлын хэсэг байгуулан агентлаг, орон нутагт газар дээр нь ажилласны үндсэн дээр тухайн агентлагийн дарга, сумын Засаг дарга болон агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын жилийн үйл ажиллагааны нэгдсэн үнэлгээг гаргана.

10.10. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны явцын үнэлгээ хийх журмыг аймгийн Засаг даргын захирамжаар батлуулна.


АРВАН НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

11.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн жилийн ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан тав хүртлэх агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрыг “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар, агентлагийн дарга, сумын Засаг даргыг 1 сарын цалинтай тэнцэх мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулна.

11.2. Өргөмжлөл, мөнгөн шагналыг аймгийн Засаг даргын нөөц санд жил бүр тусгах бөгөөд 1 сарын цалинтай тэнцэх мөнгөн шагналыг тухайн агентлаг, сумын Засаг даргын Тамгын газар хариуцна.

11.3. Аймгийн Засаг даргын Тамгын газраас хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг хэрэгжүүлэх зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

11.3.1. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын тэргүүний арга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болгох, гарсан алдаа, дутагдлыг засах;

11.3.2. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;

11.3.3. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах;

11.4. Хяналт шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.


АРВАН ХОЁР. ХАРИУЦЛАГА

12.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан агентлагийн дарга, сумын Засаг даргыг Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу албан тушаал бууруулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгох.

12.2. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ:

12.2.1. Худал зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;

12.2.2. Өгсөн үүрэг чиглэл, зөвлөмжийг биелүүлээгүй;

12.2.3. Тайлангийн хугацаа хоцроосон буюу тайлан ирүүлээгүй;

---o0o---