Сайдын 2017 оны А/121 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН
САЙДЫН ТУШААЛ

2017 оны 07 сарын 04-ний өдөр, дугаар А/121, Улаанбаатар хот


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг холбогдох байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай. 

4. Журам батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Хөдөлмөрийн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/174, "Аргачлал батлах тухай" Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/21 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

САЙД                                                 Н.НОМТОЙБАЯР

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг зохион байгуулж буй байдал, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үйлчилгээний цар хүрээ, хүртээмж, ажлын үр дүн, байгууллагын үйл ажиллагаанд гарч буй ахиц дэвшил, алдаа, сургамжийг тодорхойлж цаашид үйл ажиллагааг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах, шагнаж урамшуулахад энэхүү журмыг баримтална.


ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ

2.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний дараах байгууллагууд /цаашид харьяа агентлаг, байгууллага гэх/ хамрагдана. Үүнд:

2.1.1.  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг:

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,

- Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар,

- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар;

2.1.2.  Яамны харьяа байгууллага:

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв,

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт,

- БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв.

2.1.3.  Харьяа байгууллага:

- Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв,

- Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор,

- Өнөр бүл хүүхдийн төв,

- Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв,

- Ахмад настны үндэсний төв,

- Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв,

- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд,

- Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд.

2.2. Яамны хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгж харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд, агентлагийн хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгж харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийнэ.

2.3. Яамны хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгж Төсвийн ерөнхийлөн захирагчаас аймгийн Засаг дарга нартай байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний хэрэгжилтэд хяналт тавин ажиллах бөгөөд жилд 2-оос доошгүй аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт, харьяа газар, хэлтсүүдийн үйл ажиллагаанд газар дээр нь очиж хяналт, шинжилгээ, үнэлгээ хийнэ.

2.4. Шаардлагатай тохиолдолд яам болон харьяа агентлагийн хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгж харьяа байгууллага, газар, хэлтсүүдийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн дагуу хяналт, шинжилгээ, үнэлгээ хийнэ.

2.5. Төсөв захирагчаас холбогдох байгууллагуудтай байгуулсан "Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ"-ний хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгж хяналт тавина.

2.6. Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн өөрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ үнэлгээ хийн хагас, бүтэн жилээр агентлагийн Хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгжид ирүүлнэ.

2.7. Харьяа агентлаг, байгууллага нь өөрийн хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгжээр үйл ажиллагааны гүйцэтгэлд үнэлгээ хийлгэн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлан, мэдээллийг дүгнэлт, зөвлөмжийн хамт хагас, бүтэн жилээр яамны хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгжид хэвлэмэл болон цахим хэлбэрээр ирүүлнэ.

2.8. Яамны хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгж нь харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл болон төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр үнэлэн үнэлгээний нэгдсэн дүнг Сайдын зөвлөлд танилцуулна.

2.9. Тайлант жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд дараах үнэлгээг харгалзан үзэж, тухайн байгууллагын ерөнхий үнэлгээний дүнг нэгтгэн гаргана. Үүнд:

2.9.1. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ;

2.9.2. Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ;

2.9.3. Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ;

2.10. Журмын 2.9, 3.1-т заасан тайлангийн загвар болон үнэлгээнд хамаарах шалгуур үзүүлэлтийг Хяналт-шинжилгээ, унэлгээ, дотоод аудитын газар яамны холбогдох газар, хэлтэстэй хамтран тухайн байгууллагын үндсэн чиг үүрэг, салбарын бодлогын зорилт, үйл ажиллагааны онцлогийг харгалзан боловсруулна.

2.11. Харьяа байгууллагуудын үр дүнг үнэлэх үзүүлэлтийг энэхүү журмын Нэгдүгээр хавсралтын дагуу, байгууллагын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийг хоёрдугаар хавсралтын дагуу, холбогдох тайлан, мэдээллийг 3-9 дүгээр хавсралтын дагуу тус тус гаргана.


ГУРАВ. ТАЙЛАГНАЛТ

3.1. Тайлант жилийн үйл ажиллагаандаа хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлсэн тайланг харьяа байгууллагууд батлагдсан загварын дагуу гаргаж харьяалах дээд шатны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжид ирүүлнэ.

3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, хариуцсан нэгж харьяа байгууллагуудаас ирүүлсэн тайлан, мэдээлэлд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг ТЕЗ, ТТЗ-д танилцуулна.

3.3. Журмын 2.1-т заасан байгууллагуудын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж, ажилтан холбогдох асуудал хариуцсан газар, нэгж, ажилтнаас тайлан мэдээллийг нэгтгүүлэн авч уг журмын дагуу хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

3.4. Журмын 3.1 -т заасан үнэлгээний тайланг ирүүлэхдээ салбарын хүрээний бодлого, зорилго нь зорилтот түвшиндээ хүрсэн байдал болон тухайн байгууллагаас үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой тоогоор илэрхийлэх боломжгүй чанарын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, ахиц, бууралт, гарсан өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй байдлаар тайланд оруулна. Үнэлгээний тайланд тогтоогдсон нөхцөл байдал, холбогдох тоо баримт, хүснэгт, график, санал, дүгнэлтийг тусгасан байхаас гадна шаардлагатай бол зураг, дүрс бичлэг зэргийг хавсаргах бөгөөд тайланд байгууллагын дарга, захирал гарын үсэг зурж баталгаажуулсан байна.


ДӨРӨВ. ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙ

4.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж хариуцан уг журам болон Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын дагуу үнэлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох газрууд болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн ажилтан болон судлаачдын төлөөллөөс бүрдүүлсэн багийг оролцуулж болно.

4.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгасан тоон болон тоогоор илэрхийлж болох үзүүлэлтийг албан ёсны болон захиргааны статистик мэдээ, тухайн үйл ажиллагааны хүрээний асуудлыг хариуцсан байгууллагын судалгааны үзүүлэлт, тухайн жилд яам болон бусад дээд шатны байгууллагаас газар дээр нь ажилласан ажлын хэсгийн тайлан, дүгнэлт зэрэгтэй харьцуулан нягтална.

4.3. Тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ баримт бичиг судлах, холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцах, санал асуулга явуулах, ажлын бодит гүйцэтгэлийг газар дээр нь шалгах зэрэг аргуудыг хэрэглэнэ.

4.4. Тухайн байгууллагын үйл ажиллагааны ерөнхий үнэлгээг үзүүлэлт бүрийн хэрэгжилтийн түвшин (хувь)-ийн нийлбэрийг нийт үзүүлэлтийн тоонд хувааж тооцно.

4.5. Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн төвлөрүүлэн захирагчтай, төсвийн төвлөрүүлэн захирагчаас төсвийн шууд захирагчтай тухайн онд байгуулсан гэрээний биелэлтийг гэрээг дүгнэсэн хувиар тодорхойлно.

4.6. Зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн түвшинг тодорхойлохдоо тавьсан зорилтын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, үр дүнг (Г) хүрэх түвшин буюу тавьсан зорилтод (З) харьцуулж хувиар илэрхийлнэ (Г/Зх100).

4.7. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүнг гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзах жинд шилжүүлнэ. Ерөнхий үнэлгээг тодорхойлохдоо жинд шилжүүлсэн дүнгүүдийн нийлбэрийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ.

Е - ерөнхий үнэлгээ;
α - бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хувь;
β - байгууллагын чиг үүргийн биелэлтийн хувь;
ү - байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ;
n - бодлогын баримт бичгийн тоо;
m - байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн тоо;
k - байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлтийн тоо;
i - үзүүлэлтийн дугаар;


ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

5.1. Жилийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан 2 байгууллагыг шалгаруулан дараах байдлаар шагнаж урамшуулж болно.

- 1 дүгээр байр 5.000.000 төгрөг.

- 2 дугаар байр 3.000.000 төгрөг.

5.2. Урамшуулалд зарцуулах хөрөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багцын хөрөнгөнөөс санхүүжүүлнэ.

5.3. Захиргааны байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дурдсан зөвлөмж, дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.3.1. Яам, харьяа байгууллагуудын тэргүүний арга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, гарсан алдаа, дутагдлыг засах;

5.3.2. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;

5.3.3. Харьяалах захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах;

5.3.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.


ТАВ. ХАРИУЦЛАГА

6.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан харьяа агентлаг, байгууллагуудын даргыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу албан тушаал бууруулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах.

6.2. Тайлант жилийн үр дүн, гүйцэтгэлийг үнэлж, дүгнэсний үндсэн дээр нийт үнэлгээний дүнгээр 60-аас доош хувьтай үнэлэгдсэн, өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй, худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.


---o0o---