Аймгийн Засаг даргын 2017 оны А/445 тоот захирамж

 

ДОРНОД АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2014 оны 10 сарын 21-ний өдөр, дугаар А/445, Чойбалсан


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 а, л, 33 дугаар зүйлийн 33.1.1, Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. "Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны тайлан боловсруулах түүнийг үнэлж дүгнэх журам"-ын 1 дүгээр, агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын жилийн эцсийн үйл ажиллагааг үнэлэх аргачлалыг 2, 3 дугаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдээс агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх аргачлалыг 4, 5 дугаар, агентлаг, сумын засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг 6, 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. 3ахирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг агентлагийн дарга, сумын Засаг дарга нарт, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газар /П.Бат-Өлзий/-т үүрэг болгосугай

3. Энэхүү захирамж батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2010 оны 290 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                             П.БАТ-ӨЛЗИЙ

Аймгийн засаг даргын дэргэдэх агентлаг, сумдын засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны тайлан боловсруулах, түүнийг үнэлж, дүгнэх журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1. Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын мөрдлөг болгон хэрэгжүүлж байгаа урт, дунд хугацааны зорилтууд, тэдгээртэй уялдуулан гаргасан аливаа шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлэх, дүгнэх, түүний мөрөөр ажил зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.


ХОЁР. ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАЙЛАГНАХ, ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ

2. Агентлаг энэхүү захирамжийн 2 дугаар, сумын Засаг даргын Тамгын газар 3 дугаар хавсралтад тусгасан баримт бичгүүдийн бүрдлийг бүрэн хангаж, үйл ажиллагааны бичмэл тайлангийн хамт жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасагт ирүүлнэ.

3. Холбогдох эрх зүйн акт болон бусад улсын хэмжээний баримт бичгийг Монгол улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан "Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ үнэлгээний журам"-ын хавсралтаар баталсан загварын дагуу мэдээлэх бөгөөд баримт бичиг тус бүрт хяналт шинжилгээ, үнэлгээг заавал хийж, танилцуулга боловсруулан холбогдох удирдлагуудыг мэдээллээр хангасан байх ба танилцуулга нь дараах агуулгатай байна. Үүнд:

3.1. Бодлогын баримт бичгийн ерөнхий мэдээлэл /баримт бичгийн товч мэдээлэл, ололттой, сайн хэрэгжсэн ажлуудыг тусгана/;

3.2. Дүгнэлт /баримт бичгээс хангалтгүй хэрэгжилттэй болон хэрэгжилт нь удаашралтай байгаа эсвэл тухайн баримт бичгийг хяналтад авч хэрэгжүүлсний үр дүнд гарсан аливаа үр нөлөөг бичнэ/;

3.3. Санал /хэрэгжилт нь хангалтгүй байгаа болон удаашралтай заалт эсвэл аливаа зорилтын хүрээнд үр дүнг нэмэгдүүлэх талаар дэвшүүлсэн санал, хүсэж байгаа дэмжлэгээ тодорхой тусгах/ гэсэн агуулгатай байна.

4. Хяналт шинжилгээ, үнэлгээг зохион байгуулах, холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийг мэдээлэх, хяналтад авах, хяналтаас хасах, үнэлгээ өгөх аргачлалыг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тоггоолоор баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.

5. Агентлаг энэхүү захирамжийн 6 дугаар, сумын Засаг даргын Тамгын газар 7 дугаар хавсралтаар баталсан үзүүлэлтийн дагуу засаглалын болон эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг үнэн зөв мэдээлнэ.

6. Аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдээлж байгаа аливаа тайланг боловсруулалт хийсэн албан хаагч, хянан танилцсан дарга, удирдлагуудын гарын үсэг, албаны тамга, тэмдгээр баталгаажуулна.

7. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын жилийн эцсийн үйл ажиллагааг дараах үзүүлэлтийн хүрээнд нэгтгэн дүгнэнэ. Үүнд:

7.1. Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн үнэлгээ /явцын хяналт шинжилгээ, үнэлгээний дүн болон үйл ажиллагааны жилийн эцсийн тайлангийн хүрээнд үнэлнэ/;

7.2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын нийт хэлтэс, штабын үнэлгээний дундаж дүн;

7.3. Хэрэглэгчийн үнэлгээ.

8. Энэ журмын 7.2 дугаар заалтад тусгасан үнэлгээг гаргахдаа сумын Засаг даргын Тамгын газрыг энэхүү захирамжийн 4 дүгээр, агентлаг 5 дугаар хавсралтаар баталсан аргачлалын хүрээнд дүгнэнэ.

9. Мөн сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг дүгнэхдээ сумдад өргөн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын саналыг харгалзан үзнэ.


ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

10. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, албан хаагч нь жил бүр "Хяналт шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө" боловсруулан өөрийн байгууллагын холбогдох удирдлагаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах бөгөөд төлөвлөгөөний биелэлтийг жилийн эцсийн байдлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасагт мэдээлж ажиллана.

11. Хяналт шинжилгээ, үнэлгээний зарчим:

11.1. Шударга, хөндлөнгийн нөлөөнөөс хараат бус байх.

11.2. хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн байгууллагын үйл ажиллагаа, баримт бичгийн нөхцөл байдлын тайлан, дүгнэлт ил тод нээлттэй байх.

11.3. Хяналт шинжилгээ, үнэлгээ нь тоо баримт, судалгаа, мэдээлэлд үндэслэсэн, тухайн бодлого, хөтөлбөр төсөл шийдвэрийн үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлсон, хэмжигдэхүйц, нотлогдохуйц байх.

11.4. Хяналт шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх.

12. Хяналт шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ:

12.1. Улсын Их Хурал, Засгийн газар, яам, Засгийн газрын агентлаг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт.

12.2. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Улсын Их Хурал, Засгийн газар, сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэхээр батлан гаргасан бодлогын баримт бичиг.

12.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж.

12.4. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл.

12.5. Аймаг, сум, багийн Засаг даргаас тухайн орон нутагт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан бодлого, шийдвэр;

12.6. 3асгийн газар, Засгийн газрын гишүүн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гадаад, дотоодын бусад хуулийн этгээдтэй байгуулсан, хоёр тал харилцан үүрэг хүлээсэн гэрээ.

12.7. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл.

13. Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу агентлаг, сумдад жил бүр явцын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Хяналт шинжилгээ, үнэлгээний тасаг, хэлтсүүдтэй хамтран зохион байгуулна.

14. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газар нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар болон бусад холбогдох байгууллагуудаас өгсөн ажлын чиглэл, дүнгийн мөрөөр жил бүр гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллана.


ДӨРӨВ. ҮЙЛ АЖИЛЛАГАА ДҮГНЭХ, УРАМШУУЛАХ АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

15. Агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг дүгнэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулна.

16. Ажлын хэсэг тогтоосон хугацаанд нийт агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг үнэлж, тэргүүний агентлаг, сумыг шалгаруулан, дүнг аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулна.

17. Үйл ажиллагааны үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан 3 агентлаг, 3 сумын Засаг даргын Тамгын газрыг шалгаруулан дараах байдлаар шагнаж урамшуулна.

Агентлаг:

I байр - 2.0 сая төгрөг;

II байр - 1.5 сая төгрөг;

III байр - 1.0 сая төгрөг.

Сум:

I байр - 5.0 сая төгрөг;

II байр - 3.0 сая төгрөг;

III байр - 1.5 сая 

төгрөгөөр шагнаж тэргүүн байр эзэлсэн агентлагийн дарга, сумын Засаг даргыг 1 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн шагнал, 2 дугаар байр эзэлсэн агентлаг, сумын Засаг даргыг 1 сарын үндсэн цалингийн 80 хувь, 3 дугаар байр эзэлсэн агентлагийн дарга, сумын Засаг даргыг 1 сарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх мөнгөн шагналаар тухайн байгууллагын цалингийн сангаас тус тус урамшуулна.

18. Тэргүүний агентлаг, сумын шагналд зарцуулах хөрөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсөвт жил бүр тусгана.

---o0o---