Сайдын 2017 оны 259 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН
САЙДЫН ТУШААЛ

2017 оны 12 сарын 14-ний өдөр, дугаар 259, Улаанбаатар хот


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Тушаалыг мөрдөж ажиллахыг тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, харьяа агентлаг болон байгууллагуудын удирдлагад даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын "Аргачлал батлах тухай" 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 116 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн сайдын "Мэдээ, тайлан гаргах жагсаалт батлах тухай" 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 

 

САЙД                                             Ж.БАТ-ЭРДЭНЭ

Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмаар зам, тээврийн салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, Зам, тээврийн хөгжлийн яам /цаашид яам гэх/ болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь зам, тээврийн салбарын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.

1.3. Яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгж нь зам, тээврийн салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, яамны болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж дүгнэх болон харьяа байгууллагуудын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна.


ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн яамны Төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний төслийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг, Төсвийн ерөнхийлөн захирагчийн яамны харьяа байгууллагуудын төсвийн шууд захирагчтай байгуулах Үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний төслийг тухайн байгууллагууд тус тус боловсруулна.

2.2. Яамны Төсвийн шууд захирагчийн нэгжийн менежерүүдтэй байгуулах Үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний төслийг яамны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан холбогдох нэгжүүд боловсруулна.

2.3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн яамны Төсвийн шууд захирагчтай, Төсвийн шууд захирагчийн яамны менежерүүдтэй байгуулах үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний төслийг Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгж хянах ба үр дүнгийн гэрээг баталгаажуулах ажлыг Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан нэгж зохион байгуулна.

2.4. Зам, тээврийн салбарын төрийн өмчит үйлдвэрийн газруудтай байгуулах ажил гүйцэтгэх гэрээг тухайн байгууллага боловсруулж, холбогдох салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж, Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгж хянасны дараа Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан нэгж баталгаажуулах ажлыг зохион байгуулна.

2.5. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн захиралтай байгуулах Хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээг холбогдох салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж нь хянан Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан нэгж баталгаажуулах ажлыг зохион байгуулна.

2.6. Үр дүнгийн гэрээнд тусгагдаагүй боловч тухайн жилийн явцад зайлшгүй хийх шаардлагатай болсон томоохон ажлыг нэмэлт ажил, үйлчилгээнд тооцон үнэлэх бөгөөд түүнд салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, эсвэл хэрэгжилтийг зохицуулахад тодорхой үр дүнгээ өгөх арга хэмжээ хамрагдана. Тухайн арга хэмжээний онцлогоос нь хамаарч тусгай захиалгат, эсвэл тусгай захиалгатаас бусад ажил, үйлчилгээ болохыг Төсвийн Ерөнхийлөн захирагч, Төсвийн шууд захирагч нар тухай бүр тодорхойлно.

2.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамрагдах тушаал, шийдвэрээр өгөгдсөн үүрэг даалгавар болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан арга хэмжээ тус бүрд хэрэгжүүлэх хугацааг тодорхой зааж өгнө. Энэхүү хугацааг сар, улирлаар тогтоох ба улирлаас урт хугацаанд үргэлжлэн хийгдэх ажлыг үе шат бүрд хуваарилан улирал тус бүрээр төлөвлөсөн байна.

2.8. Яамны нэгжийн менежерүүд, харьяа байгууллагын удирдлагууд 3 дугаар хавсралтад дурдсан тогтмол гаргах тайлан, мэдээллийг заасан хугацааны дотор гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулан хавсралтад заасан нэгжид ирүүлнэ. Мөн яамны удирдлагыг цаг үеэ олсон шуурхай мэдээллээр хангах, хэрэлжилтийг төлөвлөсөн хугацаанд зохион байгуулах зорилгоор Хавсралт 3-т дурдаагүй салбарын хууль, бодлого, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, мэдээллийг Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгжид тухай бүр нэгтгэн ирүүлнэ.

2.9. Тайлан, мэдээ нь тухайн нэгж, байгууллагын үйл ажиллагааны хүрсэн үр дүн, гуйцэтгэсэн ажлын чанарыг бүрэн, тодорхой илэрхийлсэн байх ба тайлангийн үнэн зөв, байдлыг нэгж, байгууллагын удирдлага хариуцна.

2.10. Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгж нь яамны нэгжүүдийн үйл ажиллагааны явцад улирал бүрийн дараа сарын эхний 10 хоногт багтаан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг 4 дүгээр хавсралтын дагуу нэгтгэн гаргаж, тайланг Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж, дүгнүүлнэ.

2.11. Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгж нь яамны харьяа байгууллагуудын үйл ажиллагааны явцад хагас жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дараа сарын эхний 10 хоногт багтаан дүнг 5 дугаар хавсралтын дагуу нэгтгэн гаргаж, тайланг сайдад танилцуулж, дүгнүүлнэ. Зам, тээврийн салбарын төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг жилд нэг удаа, жилийн эцэст дүгнэнэ.

2.12. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн захиралтай байгуулсан хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээг холбогдох салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж дүгнэнэ.

2.13. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан нэгж нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэх бөгөөд Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгж түүнд улирал бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг хагас, бүтэн жилээр сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

2.14. Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгж нь бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусган батлуулсан байна.

2.15. Тухайн жилд хийх хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөгөөг Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулан батлуулна. Энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасан, тогтмол хугацаанд хийгддэг хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлаас бусад хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын удирдамжийг тухай бүр Төрийн нарийн бичгийн даргаар батлуулна.


ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ

3.1. Яамны нэгжүүд, харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэхэд Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам", Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тоггоолоор баталсан "Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам", "Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам", Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 90 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам" болон холбогдох бусад баримт бичиг, аргачлалуудыг ашиглана.

3.2. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг үнэлэхдээ журмын 1 дүгээр хавсралтыг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг журмын 2 дугаар хавсралтыг баримтлан арга хэмжээ нэг бүрийн гүйцэтгэлийг өссөн дүнгээр гаргаж, тухайн зорилтын хүрэх түвшинтэй харьцуулан хувиар илэрхийлж дүгнэнэ. Үе шатанд хуваарилах боломжгүй, тогтмол хийгддэг дотоод арга хэмжээг дүгнэхдээ тухайн тайлангийн улиралд хийгдэх ажлууд бүрэн хийгдсэн бол 100% гэж үнэлнэ.

3.3. Засгийн газрын гишүүнээс аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт, Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал болон бусад үүрэг даалгаврын хэрэгжилт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилтын биелэлт, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг үнэлэх аргачлалыг баримтална.

3.4. Журмын 1, 2 дугаар хавсралтад заагаагүй хүрэх түвшинтэй арга хэмжээний хэрэгжилтийг дүгнэхдээ Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-д заасан аргачлалыг баримтална.

3.5. Үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан "Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам", "Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-ыг баримтална.

3.6. Аргачлалын дагуу үнэлсний дараа тухайн газрын үйл ажиллагааны чанарыг үнэлэх зорилгоор арга хэмжээ тус бүрд төлөвлөгөөт хугацаа болон ажлын чанараас хамаарч дараах байдлаар үнэлнэ. Үүнд:

3.6.1. Арга хэмжээний хэрэгжилт нь төлөвлөсөн хугацаанаас хэтэрсэн бол удааширсан гэж үзэж, 1 шат бууруулан үнэлнэ. Хэрэгжих хугацаа нь санхүүжилт болон хамтран хэрэгжүүлэгч салбарын бус байгууллагаас шалтгаалан хоцорсон арга хэмжээнд энэ заалт хамаарахгүй.

3.6.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгж нь тухайн ажлыг холбогдох шалгуурын дагуу үнэлэхдээ ажлын чанараас хамааран 1 шатаар өсгөх буюу бууруулж үнэлж болно.

3.6.3. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын явцад 12 сарын хугацаанд ахиц гараагүй бол удааширсан, 18 сарын хугацаанд ахиц гараагүй бол тасарсанд тооцно.

3.7. Бодлогын баримт бичгийн зорилт нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгуй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол "үнэлэх боломжгүй" гэж дүгнэнэ.

3.8. Тайланг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй бол тухайн арга хэмжээг өмнөх улирлын дүнгээр, анхны удаа үнэлэгдэж байгаа бол "тасарсан" буюу "тэг хувь" гэж үнэлнэ.


ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ,
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ

4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд дараах зарчмыг баримтална. Үүнд:

4.1.1. Шударга, хараат бус байх;

4.1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх;

4.1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;

4.1.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц байх;

4.1.5. Хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;

4.1.6. Хяналт-шинжилгээ үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;

4.1.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх.

4.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд яамны нэгж, харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхүйц, үр өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагааг сайжруулахад мөрдлөг болохуйц тодорхой санал, зөвлөмжийг тусгасан байна.

4.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн тайлангийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.

4.4. Тухайн жилд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын тайланг холбогдох журмын.дагуу архивын нэгж болгон бүрдүүлж, дараа оны нэгдүгээр улиралд багтаан архивын эрхлэгчид хүлээлгэн өгнө.


ТАВ. ХАРИУЦЛАГА

5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгж нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллага, нэгжийн үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хагас, бүтэн жилээр дараалан хангалтгүй үнэлгээ авсан байгууллага, нэгжийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу албан тушаал бууруулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжилна.

5.2. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хууль, Байгууллагын дотоод журамд зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:

5.2.1. Энэхүү журмын 2.8 дахь хэсэгт заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;

5.2.2. Өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй;

5.2.3. Бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэпжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг удирдлагад танилцуулаагүй.

 

---o0o---