Аймгийн Засаг даргын 2017 оны А/369 тоот захирамж

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2017 оны ... сарын ... өдөр, дугаар А/369, Өлгий


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн "а" заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 

2. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 687 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай. 

3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Х.Тилеген/-т үүрэг болгосугай. 

 

ЗАСАГ ДАРГА                                               А.ГЫЛЫМХАН

Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмаар аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг (цаашид “бодлогын баримт бичиг” гэх), Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын шийдвэр (цаашид “хууль тогтоомж, тогтоол шийдвэр” гэх)-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага (цаашид “захиргааны байгууллага” гэх)-ын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь Монгол Улсын хууль тогтоомж, бодлого шийдвэрүүдийн биелэлт, Баян-Өлгий аймгийн хэлтэс, агентлаг, харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхүйц цаг үеэ олсон чанартай мэдээлэл, бодлогын зөвлөмж гаргаж удирдлагыг хангах, төрийн албан хаагчид төрийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад үнэлгээ өгөх замаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүн, хариуцлагыг сайжруулахад оршино.

1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь нутгийн захиргааны байгууллагууд, Засаг даргын харьяа хэлтэс, агентлагууд, сумын Засаг даргын Тамгын газар, баг, төрийн өмчит аж ахуйн тооцоот болон төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны явц, үр дүнд дүгнэлт хийж, зорилтын хэрэгжилт, үр дүнг шинжлэх, дараагийн зорилтыг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, санал дүгнэлт, зөвлөмжөөр хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа юм.

1.4. Орон нутаг дахь төрийн захиргааны байгууллагуудын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг сайжруулах асуудлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, мэдээллийн санг бүрдүүлж, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах зэрэг ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.


ХОЁР. ЖУРАМД ХЭРЭГЛЭСЭН ЗАРИМ НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

2.1. Дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “хяналт-шинжилгээ” гэж байгууллагын үйл ажиллагаа болон бодлогын зорилт, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцыг урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу хянах, мэдээлэх тасралтгүй үйл ажиллагааг;

2.1.2. “үнэлгээ” гэж байгууллагын үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийн зорилго, зорилтын хэрэгжилтийг төлөвлөсөн зорилтот түвшинд хүрсэн эсэхэд дүн шинжилгээ хийж өгсөн үнэлэлтийг;

2.1.3. “үр дүнд суурилсан явцын үнэлгээ” гэж хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн зорилтот түвшинд хүрч байгаа эсэхэд үнэлгээ хийх, хүрээгүй бол шалтгаан нөхцөлийг тодорхойлж, үр дүнг сайжруулах дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;

2.1.4. “үр дүнд суурилсан эцсийн үнэлгээ” гэж бодлогын баримт бичиг хэрэгжиж дууссаны дараа хэрэгжилтийг үнэлж, үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлон цаашид тухайн чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх, эсхүл зогсоох талаар дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;

2.1.5. “хөндлөнгийн үнэлгээ” гэж бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн мэргэжлийн байгууллага, судлаач, үнэлгээчдийн хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээг;

2.1.6. “хэрэглэгчийн үнэлгээ” гэж захиргааны байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн дүнг;

2.1.7. “шалгуур үзүүлэлт” гэж бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үе шат бүрд бий болох өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон чанарын болон тоон үзүүлэлтийг;

2.1.8. “суурь үзүүлэлт” гэж үйл ажиллагаа болон бодлогын баримт бичиг, хэрэгжиж эхлэх үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг; 

2.1.9. “зорилтот түвшин” гэж тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг;

2.1.10. “Мэдээ тайлан“ гэж тухайн байгууллагын сар, улирал, хагас жилийн болон жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан, Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудас, захирамжлалын баримт бичгүүдийн гүйцэтгэлийн тухай мэдээ, бодлогын зорилтуудын хэрэгжилтийн мэдээ болон өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, бусад мэдээ, судалгаа, цаг үеийн шуурхай мэдээллүүдийг;

2.1.11. “Илгээгч” гэж мэдээ тайланг нэгтгэн боловсруулж, хүлээн авагчид хүргүүлж байгаа байгууллагыг;

2.1.12. “Хүлээн авагч” гэж мэдээ, тайланг хүлээн авч байгаа байгууллагыг;

2.1.13. “Захиргааны байгууллага” гэж аймгийн Засаг даргын Тамгын газар болон сумын Засаг даргын Тамгын газар, баг, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, төсөвт байгууллагуудыг;

2.1.14. “Зохион байгуулах ажлын хэсэг” гэж байгууллагуудын тухайн жилийн үйл ажиллагаанд хийх үр дүнд суурилсан явцын болон эцсийн нэгтгэн дүгнэх үнэлгээний ажлыг удирдан зохион байгуулах, үнэлгээний ажлын хэсгийн ажлын үр дүнг нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг;

2.1.15. “Бодлогын зорилт” гэж Улсын Их Хурал, Засгийн газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн удирдлагаас баримталж байгаа бодлого, шийдвэрүүдийг;

2.1.16. “Бусад үзүүлэлт” гэж дээр дурдсан үзүүлэлтүүдээс гадна байгууллагын дотоод үйл ажиллагаа, үндсэн үүргээ биелүүлэхэд чиглэгдсэн зохион байгуулалтын шинж чанартай ажил, үйлчилгээний үзүүлэлтүүд буюу хавсралтаар батлагдсан шалгуур үзүүлэлтүүдийг.


ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ, ХАМРАХ ХҮРЭЭ

3.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд дараах зарчмыг баримтална:

3.1.1. Шударга, хараат бус байх;

3.1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх;

3.1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;

3.1.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц байх;

3.1.5. Хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;

3.1.6. Хяналт-шинжилгээ үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;

3.1.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх.

3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээнд дараах бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа багтана:

3.2.1. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:

3.2.1.1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030;

3.2.1.2. Төрөөс баримтлах бодлого;

3.2.1.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;

3.2.1.4. Бүсчилсэн хөгжлийн бодлого;

3.2.1.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;

3.2.1.6. Үндэсний хөтөлбөр;

3.2.1.7. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

3.2.1.8. Аймаг, сумыг хөгжүүлэх хэтийн зорилт; хөгжлийн хөтөлбөр;

3.2.1.9. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөр;

3.2.1.10. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;

3.2.1.11. Аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

3.2.1.12. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр.

3.2.2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:

3.2.2.1. Монгол Улсын хууль;

3.2.2.2. Улсын Их Хурлын тогтоол;

3.2.2.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;

3.2.2.4. Ерөнхийлөгчийн зарлиг;

3.2.2.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;

3.2.2.6. Засгийн газрын тогтоол, шийдвэр /тэмдэглэл, албан даалгавар/;

3.2.2.7. Ерөнхий сайдын захирамж;

3.2.2.8. Аймгийн ИТХ-ын хуралдааны тогтоол, шийдвэр;

3.2.2.9. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол;

3.2.2.10. Аймгийн Засаг даргын захирамж, албан даалгавар;

3.2.2.11. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны шийдвэр;

3.2.2.12. Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний шийдвэр.

3.2.3. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд:

3.2.3.1. Энэхүү журмын 3.2.1, 3.2.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

3.2.3.2. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;

3.2.3.3. Байгууллагаас тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан бодлогын зорилт, арга хэмжээний биелэлт;

3.2.3.4. Ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

3.2.3.5. Шилэн дансны хөтлөлт;

3.2.3.6. Шударга байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

3.2.3.7. Аймгийн Засаг даргаас Засгийн газрын гишүүд, сайд нартай байгуулсан гэрээний хэрэгжилт, үр дүн;

3.2.3.8. Аймгийн Засаг дарга болон сумын Засаг даргын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилт;

3.2.3.9. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;

3.2.3.10. Хэрэглэгчийн үнэлгээний тайлан;

3.2.3.11. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал;

3.2.3.12. Хариутай албан бичгийн шийдвэрлэлтийн байдал.


ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УДИРДЛАГА,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА

4.1. Бүх шатны захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байна.

4.2. Аймгийн хэмжээнд бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, холбогдох дээд байгууллагад илгээх ажлыг төрийн захиргааны байгууллагад дарга, тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд сум, багийн Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгжид дарга /захирал, эрхлэгч/ нар тус тус хариуцна.

4.3. Хэлтэс, агентлагуудын захиргаа, хүний нөөц, дотоод ажил хариуцсан нэгж /ажилтан/ бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэн харьяа хэлтэст ирүүлэх бөгөөд холбогдох салбар хариуцсан мэргэжилтэн нь тайланг журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.

4.4. Сумын Засаг даргын Тамгын газарт бодлогын баримт бичиг /ЗГ-ын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр/, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг нэгтгэж үнэлгээ өгөх, байгууллагын үйл ажиллагааны тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайлагнахыг Хууль эрх зүйн ажилтан, Үндэсний хөтөлбөр, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилт, байгууллагын ил тод байдлын хэрэгжилтийн тайланг нэгтгэж тайлагнахыг Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, нэгдсэн тайлан гаргаж, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар тус тус хариуцна.

4.5. Аймгийн Засаг даргын Тамгын газар сум, баг, байгууллага, агентлагуудын жилийн ажлыг дүгнэхдээ хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг ажил дүгнэх гол үзүүлэлт болгоно.

4.6. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчид тавих шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан хүнийг бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан тушаалд томилно:

4.6.1. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

4.6.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх;

4.6.3. баримт бичигт дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх.

4.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ /ХШҮ/ хийхдээ Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 7, 8, 9 дүгээр зүйлийг шууд мөрдөнө.


ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ

5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах эрхтэй байна:

5.1.1. Байгууллагын дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах;

5.1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээлэл, баримт, материалыг холбогдох нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;

5.1.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр зөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах;

5.1.4. Хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх.

5.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь дараах үүрэгтэй байна:

5.2.1. Хууль тогтоомж, төрийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;

5.2.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад олж авсан баримт, мэдээллийн нууцыг чанд хадгалж, зөвхөн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах;

5.2.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг хууль тогтоомж, баримт нотолгоонд үндэслэн гаргах;

5.2.4. Мэргэжил, мэдлэг, чадвараа тогтмол дээшлүүлэн хөгжүүлэх.


ЗУРГАА. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ТӨРӨЛ, АРГА ЗҮЙ

6.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөлт, төрөл:

6.1.1. Захиргааны байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг батална. Энэхүү төлөвлөгөө нь тухайн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн төлөвлөгөө байж болно. Төлөвлөгөөнд зорилго, зорилт, хамрагдах байгууллага, нэгж, хэрэгжүүлэх хугацаа, зардал, хамтран оролцох байгууллага зэргийг тусгана.

6.1.2. Захиргааны байгууллага нь үнэлгээний зорилгоос хамааруулан үр дүнд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөнд ямар төрлийн үнэлгээ хийх талаар нарийвчлан тусгана.

6.1.3. Хөндлөнгийн үнэлгээг явцын болон эцсийн үнэлгээний аль ч шатанд хийж болох бөгөөд иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

6.1.4. Захиргааны байгууллага нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.1-д заасны дагуу бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусган батлуулсан байна.

6.2. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

6.2.1. "үр дүнтэй” - зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

6.2.2. “тодорхой үр дүнд хүрсэн” - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт, үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70 хувь (60-89 хүртэл хувь);

6.2.3. “эрчимжүүлэх шаардлагатай” - зорилт, арга хэмжээ нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай бол 40 хувь (31-59 хүртэл хувь);

6.2.4. “үр дүнгүй” - зорилго, зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох шаардлагатай, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй бол 0 хувь (0-30 хүртэл хувь);

6.2.5. “үнэлэх боломжгүй” - зорилго нь тодорхойгүй, шалгуур үзүүлэлт нь шаардлага хангаагүй, эсхүл шалгуур үзүүлэлттэй боловч гүйцэтгэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүй, төсөв хөрөнгө тодорхойгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан зэргийг баримтаар нотолсон бол.

6.3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дараах аргачлалаар тооцно:

6.3.1. “бүрэн хэрэгжсэн” - холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 100 хувь (90-100 хүртэл хувь);

6.3.2. “хэрэгжих шатанд” - тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан, дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч байгаа бол 70 хувь (50-89 хүртэл хувь);

6.3.3. “хэрэгжилт хангалтгүй” - тухайн зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж дууссан боловч зохион байгуулалт, төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй бол 30 хувь (10-49 хүртэл хувь);

6.3.4. “хэрэгжээгүй” - тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа, бэлтгэл ажил боловсруулалтын шатанд байгаа, хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 хувь (0-9 хүртэл хувь);

6.3.5. ”хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй”.

6.4. Бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүнг гаргахдаа арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно. Тавьсан зорилтын арга хэмжээ, шийдвэрийн зүйл, заалтын гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшин буюу тавьсан зорилтод харьцуулж хувиар илэрхийлнэ (1).

Үүнийг:

B - бодлогын зорилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн ерөнхий дүн;

X - арга хэмжээ, зүйл заалтын хүрсэн түвшин;

Z - арга хэмжээ, зүйл заалтын зорилтот түвшин;

n - арга хэмжээ, зүйл заалтын тоо;

i - үзүүлэлтийн дугаар;

B=1/n ∑_(i=1)^n(X_i/Z_i )*〗100%  (1) томьёогоор тодорхойлно.

6.5. Сумын Засаг даргын Тамгын газар болон хэлтэс, агентлагуудын тухайн жилийн үйл ажиллагааны үнэлгээний дүн /Журмын 10-13 дугаар үзүүлэлтүүд/-г гаргахдаа үзүүлэлт бүрийн үнэлгээг 100 хүртэл хувиар илэрхийлэн нийлбэр үнэлгээний арифметик дунджийг харгалзах жинд шилжүүлнэ. Ерөнхий үнэлгээг тодорхойлохдоо жинд шилжүүлсэн дүнгүүдийн нийлбэрийг 0.05-аар үржүүлж, 0-5 хүртэл оноонд шилжүүлэн дүгнэнэ (2).

Е - ерөнхий үнэлгээ;

α - бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хувь;

β - байгууллагын чиг үүргийн биелэлтийн хувь;

γ - байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ;

n - бодлогын баримт бичгийн тоо;

m - байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн тоо;

k - байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлтийн тоо;

i - үзүүлэлтийн дугаар;

E=0.05*[(1/n ∑(i=1)^n(αi))*0.6+(1/m ∑(i=1)^m (βi))*0.2+(1/k∑(i=1)^k(γi))*0.2]    (2)

6.6. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.

6.7. Аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга, байгууллагын дарга, эрхлэгчтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилтын биелэлт болон байгууллагын ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлэхдээ 6.3 дугаар заалтад заасан аргачлалыг баримтална.


ДОЛОО. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ҮНЭЛГЭЭ ӨГӨХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

7.1. Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, журмын хавсралтад дурдсан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгнө. Үүнд:

7.1.1. Сумдын үйл ажиллагаанд журмын 11 дүгээр хавсралт, багуудын үйл ажиллагаанд журмын 12 дугаар хавсралт, сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд журмын 13 дугаар хавсралтад заасны дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ өгнө.

7.1.2. Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний албан байгууллага, агентлагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, журмын 10 дугаар хавсралтад заасны дагуу үнэлгээ өгнө.

7.1.3. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн  хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлтийн тайланг журмын  1-9 дүгээр хавсралтад заасны  дагуу гаргана.

7.1.4. Хүлээн авагч нь илгээгчээс ирүүлсэн мэдээ, тайлангийн боловсруулалтын байдал, ирүүлсэн хугацаанд тухай бүр бүртгэл хөтлөн, үнэлгээ өгөх бөгөөд энэ үнэлгээ нь  илгээгчийн үйл ажиллагааг дүгнэх шалгуур үзүүлэлтийн харгалзах нэг үзүүлэлт болно.


НАЙМ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САН,
ТАЙЛАН МЭДЭЭЛЭЛ БҮРДҮҮЛЭХ, НЭГТГЭХ

8.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан

8.1.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, тайланг илгээх, мэдээллийн урсгалыг ашиглахдаа Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санг / цаашид “цахим сан” гэх/ ашиглана.                          

8.1.2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн болон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн тухайн асуудал хариуцсан ажилтан нь цахим санд нэвтэрч, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авч тайланг нэгтгэж, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд оруулна. 

8.1.3. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн мэдээ, тайланг Засаг даргын зөвлөл, хэлтэс, агентлагийн даргын хурлаар хэлэлцүүлсний дагуу цахим санд оруулан баталгаажуулж, холбогдох байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

8.1.4. Холбогдох байгууллагаас өгсөн үнэлгээтэй тухай бүр танилцаж, өгсөн удирдамж, зааврыг мөрдөж ажиллана.

8.1.5. Цахим санд мэдээлэл оруулж байгаа байгууллага, албан хаагч мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хариуцна. 

8.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан мэдээлэл бүрдүүлэх, нэгтгэх 

8.2.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн мэдээ тайланг сумын төсөвт байгууллагууд аймагт үйл ажиллагаа явуулдаг дээд шатны байгууллагууддаа жил бүр хагас, бүтэн жилээр гаргаж хүргүүлнэ. Дээд шатны байгууллагууд нь сумдаас ирсэн биелэлтийг нэгтгэж, аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэст жил бүр хагас, бүтэн жилээр гаргаж хүргүүлнэ.

8.2.2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд харьяа байгууллагуудаас ирсэн тайлан мэдээний биелэлтийг гаргуулж, нэгтгэн Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын дагуу тухайн онд гарсан үр дүнг тодорхой бичиж, Төрийн захиргааны удирдлагын хэлтэст жил бүр хагас, бүтэн жилээр заасан хугацаанд ирүүлнэ.

8.2.3. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь бусад хэлтсүүдээс ирсэн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн мэдээ тайланг нэгтгэн Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нэгдсэн цахим санг ашиглан http://new.unelgee.gov.mn сайтад жил бүр хагас, бүтэн жилээр заасан хугацаанд оруулна.

8.2.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь уг бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн хамт Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд Засгийн газрын Хэрэг Эрхлэх газар болон холбогдох яамдад хүргүүлнэ.

8.2.5. Сумдын Засаг даргын Тамгын газар жилийн ажлын тайлангаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст, агентлагууд харьяа хэлтсүүдэд жил бүр журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд ирүүлнэ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгууд тайланг нэгтгэн “үнэлгээний ажлын хэсэгт ирүүлэх бөгөөд уг ажлын хэсгээс гарсан дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна.

8.2.6. Захиргааны байгууллага бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн мэдээ, тайлангийн цахим архивтай байна.

8.2.7. Захиргааны байгууллагаас ирүүлэх мэдээ, тайлан нь дараах шаардлагыг хангасан байна.

8.2.7.1. Тайлант хугацааг бүрэн хамруулсан байх;

8.2.7.2. Иж бүрэн, үнэн зөв, товч тодорхой байх;

8.2.7.3. Холбогдох заавар журмын дагуу боловсруулсан, албан бичиг хэргийн  стандартыг хангасан, үг үсгийн болон хэл найруулгын хувьд алдаагүй, тоо баримт зөрөөгүй байх;

8.2.7.4. Тогтоосон хугацаанд ирүүлсэн байх;

8.2.7.5. Аймгийн хэмжээнд тухайн чиглэлээр хийгдсэн ажлыг бүрэн хамруулж, үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийн үндэслэл, шалтгааныг тодорхой гаргасан байх;

8.2.7.6. Мэдээ, тайлан нь байгууллагынхаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтнаар шинжилгээ хийлгэж баталгаажсан байх.

8.2.7.7. Тайлангийн төгсгөлд тайланг нэгтгэн гаргасан ажилтан, тайлантай танилцаж зөвшөөрсөн сум, байгууллагын дарга нэр, албан тушаалаа бичиж гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байх.

8.2.8. Мэдээ, тайлангийн хугацааг шаардлагатай тохиолдолд хүлээн авагч өөрчилж болно. Энэ тохиолдолд албан бичгээр болон утсаар мэдэгдэнэ.


ЕС. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

9.1. Нутгийн захиргааны байгууллага нэгжүүдийн тухайн жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний нэгтгэн дүгнэсэн ерөнхий дүнг үндэслэн Зохион байгуулах ажлын хэсгээс гаргасан шийдвэрийн төслийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

9.2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан 3 сум, байгууллага, баг нийт 9 газрыг Засаг даргын “Өргөмжлөл” бүхий мөнгөн шагналаар шагнаж, урамшуулна. Үүнд, сум: 1-р байр 1,5 сая төгрөг, 2-р байр 1,0 сая төгрөг, 3-р байр 600,0 мянган төгрөг, Байгууллага: 1-р байр 800,0 мянган төгрөг, 2-р байр 500,0 мянган төгрөг, 3-р байр 300,0 мянган төгрөг, Баг: 1-р байр 500,0 мянган төгрөг, 2-р байр 300,0 мянган төгрөг, 3-р байр 100,0 мянган төгрөгөөр тус тус шагнана.

Шалгарсан сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, мэргэжилтэн, баг, байгууллагын дарга, мэргэжилтэн /ажилтан/-г сарын үндсэн цалингийн 30-70 хүртэлх хувиар урамшуулна. / Уг мөнгийг тухайн сум, байгууллагын төсвөөс гаргана./

9.3. Тэргүүний сум, баг, байгууллагуудын шагналд зарцуулах хөрөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвийн багцад тусган жил бүр батлуулна.

9.4. Захиргааны байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дурдсан зөвлөмж, дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

9.5. Төрийн захиргааны байгууллага, сумын Засаг даргын Тамгын газар, багуудын тэргүүний арга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн хүртээл болгох, гарсан алдаа, дутагдлыг засах;

9.5.1. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;

9.5.2. Сум, байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах;

9.5.3. Тухайн жилийн үйл ажиллагааныхаа үр дүнгээр “Ажил сайжруулах шаардлагатай” буюу 60-аас бага оноо авсан, эсхүл өмнөх жилийн хүрсэн түвшингээсээ ажлын үзүүлэлт нь илт буурсан сум, байгууллагын удирдлагад сануулах, цалин, хөлсийг бууруулах, сахилгын шийтгэл ногдуулна.

9.5.4. Тухайн жилийн үйл ажиллагааныхаа үр дүнгээр “Хангалтгүй” буюу 45-аас бага оноо авсан бол тухайн сум, байгууллагын удирдлагыг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулна.

9.6. Хяналт-шинжилгээ, үнэлгээг газар дээр нь хийх, эрдэмтэн, судлаачдыг үнэлгээ хийхэд татан оролцуулах, хэрэглэгчийн болон хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, сургалт зохион байгуулах, сургалтын материал, ном, товхимол, гарын авлага хэвлүүлэх зэрэг зардлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсөвт жил бүр тусган батлуулна.

9.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох сум, байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.


АРАВ. ХАРИУЦЛАГА

10.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан байгууллагын дарга болон сумын удирдлагуудыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу албан тушаал бууруулах саналыг Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс эрх бүхий албан тушаалтанд оруулна.

10.2. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ: Үүнд,

10.2.1. Энэхүү журмын 8.2 дугаар хэсэг, 1 дүгээр хавсралт болон мэдээ тайлан ирүүлэх албан бичгээр заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй, худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;

10.2.2. Өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй;

10.2.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг Засаг даргын зөвлөл, агентлагийн даргын хурлаар хэлэлцүүлээгүй.

---o0o---