Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоол

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, Дугаар 16, Улаанбаатар хот


ТӨРИЙН АЛБАН ТУШААЛД ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Албан тушаалын сул орон тоог нөхөх, албан хаагчдыг албан тушаалд шатлан дэвшүүлж томилоход энэхүү журмыг мөрдөж ажиллахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд даалгасугай.

 

ДАРГА                                                           Б.БААТАРЗОРИГ

Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангасан төрийн жинхэнэ албан хаагчийг чадахуй (мерит)-н зарчимд үндэслэн шатлан дэвшүүлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Төрийн жинхэнэ албан тушаалд шатлан дэвшүүлэхэд хууль ёс, шударга ёс, ил тод байдал, адил тэгш боломжоор хангах болон чадахуйн зарчмыг удирдлага болгоно.


ХОЁР. ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ

2.1. Энэ журамд заасан шаардлагыг хангасан төрийн жинхэнэ албан хаагч шатлан дэвшүүлэх тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-д оролцох эрхтэй.

2.2. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлнэ.

2.3. Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлнэ.

2.4. Төрийн жинхэнэ албан хаагчийг шатлан дэвшүүлэхэд албан тушаалын ангилал алгасуулахгүй.

2.5. Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагч дараах тохиолдолд шатлан дэвшүүлэх тухайн албан тушаалын шалгалтад оролцох эрхтэй:

2.5.1. төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр сүүлийн гурван жил хамгийн дээд үнэлгээ авсан байх;

2.5.2. мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;

2.5.3. сүүлийн 12 сарын хугацаанд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх;

2.5.4. томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх санал гаргасан байх.

2.6. Төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгч, Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн албан хаагчийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шатлан дэвшүүлж тухайн албан тушаалд томилно.


ГУРАВ. БУСАД ЗҮЙЛ

3.1. Төрийн жинхэнэ албаны сул орон тоог зарлах, шатлан дэвшүүлж сонгон шалгаруулах ажиллагааг “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-аар зохицуулна.

3.2. Төрийн жинхэнэ албан тушаалд шатлан дэвшүүлэхтэй холбогдон гарсан маргааныг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу хянан шийдвэрлэнэ.