Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоол

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр, Дугаар 7, Улаанбаатар хот


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 60.1, Төрийн албаны төв байгууллагын саналыг  үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан  “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоол, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                    У.ХҮРЭЛСҮХ

 

САНГИЙН САЙД                                                                     Ч.ХҮРЭЛБААТАР

Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө.

1.2. Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.


ХОЁР. НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ТООЦОХ ЦАЛИНГИЙН ДУНДАЖ ХЭМЖЭЭ

2.1. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно. (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

2.2. Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна. (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)


ГУРАВ. ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАСАНД ТООЦОХ ХУГАЦАА

3.1. Төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно:

3.1.1. Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаа;

3.1.2. Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацаа;

3.1.3. Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан хугацаа;

3.1.4. улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 1-нээс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацаа; (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

3.1.5. төрийн албанд ажиллаж байхдаа зургаан сар хүртэл хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа;

3.1.6. төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний болон амаржсаны амралттай, хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацаа;

3.1.7. төрийн байгууллагын дотоод журмын дагуу чөлөөтэй байсан хугацаа;

3.1.8. төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;

3.1.9. баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гарсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг хүчингүй болгосон бол төрийн албан хаагчийг ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаа.

3.1.10. сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацаа; (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмсэн)

3.1.11. хугацаат цэргийн алба хаасан хугацаа; (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмсэн)

3.1.12. нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил тасарсан иргэнд аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зохих журмын дагуу олгосон баталгаажилтын хуудсыг үндэслэн ажилласнаар нөхөн тооцуулсан хугацаа. (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмсэн)

3.2. Төрийн албанд ажилласан хугацааг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтан тооцож тодорхойлно. Төрийн албанд ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно.

3.3. Төрийн албанд ажилласан хугацааг тооцох үндсэн бичиг баримт нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байна. Үндсэн бичиг баримтыг  үрэгдүүлсэн тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон лавлагаа эсхүл төрийн албанд ажилласан хугацааг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэнэ.


ДӨРӨВ. БУСАД ХУУЛЬД ЗААСНААР НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХ

4.1. Төрийн тусгай албан хаагчид Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр, мөн хуулийн 19.1-19.3 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгоход “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг баримтална.

4.2. Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээг энэ журмын 2.1, 2.2-т заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 3.1-д заасан хугацааг оруулан тооцно. Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 4.2, 4.3, 5.1-5.5-д заасныг баримтлан олгоно. (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

4.3. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг төрийн тусгай албанд  энгийн албан үүрэг хариуцсан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол энэ журам үйлчилнэ.

4.4. Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй.


ТАВ. БУСАД

5.1. Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана.

5.2. Төрийн албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ.

5.3. Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд  түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй.

5.4. Төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ.

5.5. Төрийн албан хаагчийн сарын дундаж цалин хөлсийг буруу тодорхойлох, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг буруу тогтоож олгосон албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

5.6. Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.