Засгийн газрын 2019 оны 09 дүгээр тогтоол

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр, Дугаар 9, Улаанбаатар хот


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 43.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам батлах тухай” Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                               У.ХҮРЭЛСҮХ

 

САНГИЙН САЙД                                                              Ч.ХҮРЭЛБААТАР

Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Төрийн албаны тухай хуулийн  42 дугаар зүйлд заасан үндэслэлээр, мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид цалин, урамшуулал олгоход энэ журмыг баримтална.


ХОЁР. АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГҮҮЛСНИЙ ЦАЛИН, УРАМШУУЛАЛ

2.1. Төрийн албаны тухай хуулийн 42.1-д заасан  үндэслэлээр эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг 2-6 сар хүртэл хугацаагаар түр орлон гүйцэтгэсэн төрийн жинхэнэ албан хаагчид цалингийн зөрүүг олгоно.

2.2. Энэ журмын 2.1-д заасан түр орлон гүйцэтгэх хугацаа нь 6 сараас дээш үргэлжлэх бол түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалын цалингийн 40 хүртэл хувийг түр орлон гүйцэтгэсэн төрийн жинхэнэ албан хаагчид олгоно.  

2.3. Төрийн албаны тухай хуулийн 43.3.4-т заасан үндэслэлээр төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч түр орлон гүйцэтгүүлсэн бол тухайн албан тушаалын цалинг түүнд олгоно.

2.4. Төрийн албаны тухай хуулийн 3.1.4-т тодорхойлсон сул орон тооны албан үүргийг түр орлон гүйцэтгэх тохиолдолд тухайн албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг түр орлон гүйцэтгэсэн хугацаагаар тооцож олгоно. Албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үндсэн цалин, сул орон тооны албан тушаалын үндсэн цалинтай адил буюу түүнээс бага байх тохиолдолд энэ журмын 2.2-т заасныг баримтална.

2.5. Энэ журамд заасан цалин, урамшууллын хувь хэмжээг Төрийн албаны тухай хуулийн 43.1-д заасан шийдвэрт тусгана.