Сангийн сайдын 2012 оны 238 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
САНГИЙН САЙДЫН
ТУШААЛ

2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, дугаар 238, Улаанбаатар хот


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төсөвт байгууллагын төсвийн зарлагыг хэмнэх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 11.1.2, 46.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Төсвийн урамшуулал олгох хувь, хэмжээ, шалгуур үзүүлэлт, түүнийг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Төсвийн урамшуулал тооцох маягт”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдсүгэй.

Хоёр. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлогын газар /Ж.Ганбат/, Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/, Аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсүүдэд тус тус үүрэг болгосугай.

Гурав. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2007 оны 11 дүгээр тушаалыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

 

САЙД                                                              Ч.УЛААН

Төсвийн урамшуулал олгох хувь, хэмжээ, шалгуур үзүүлэлт, түүнийг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах талаар төсвийн ерөнхийлөн захирагчаас гаргасан идэвх санаачлагыг дэмжих, үйл ажиллагааны эцсийн үр дүн, гүйцэтгэлийг үндэслэн төсөв захирагчдад төсвийн урамшуулал олгох, түүнийг зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавихад энэ журмыг мөрдөнө.

1.2. Энэ журам улсын болон орон нутгийн төсөвтэй харьцдаг бүх шатны төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарна.


ХОЁР. ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГАД ОЛГОХ УРАМШУУЛАЛ

2.1. Төсвийн захирагчийн туслах үйл ажиллагааны ашиг, төсвийн зарлагын хэмнэлт болон үр дүнгийн гэрээний урамшууллыг төсвийн урамшуулал болгон тус тус олгож болно.

2.2. Төсвийн урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн улсын төсвийн байгууллагын хувьд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн, орон нутгийн төсвийн байгууллагын хувьд аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дараа жилийн төсвийн багцад тус тус тусгаж батлуулна.

2.3. Төсвийн урамшуулал олгох хувь хэмжээг улсын төсвийн байгууллагын хувьд Сангийн яамны Төсвийн бодлогын газар, орон нутгийн төсвийн байгууллагын хувьд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төсвийн асуудал хариуцсан хэлтэс тухайн төсвийн жилийн батлагдсан эх үүсвэрт багтаан жил бүр батлуулна.


ГУРАВ. ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
АШИГ, ЗАРЛАГЫН ХЭМНЭЛТ

3.1. Төсвийн тухай хуулийн 44.1-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд туслах үйл ажиллагаа явуулж, орлого олж болно.

3.2. Төсвийн байгууллагын хуулийн хүрээнд туслах үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдон гарсан зардлаас давсан орлогыг туслах үйл ажиллагааны ашигт тооцно.

3.3. Төсвийн тухай хуулийн 45.1-д заасан зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцох бөгөөд энэ журамд заасны дагуу олгоно.

3.4. Төсвийн захирагчийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцохгүй:

3.4.1. нэгжид ногдох норм, нормативаар тооцон төсвийг нь баталсан ба гүйцэтгэл нь анх тооцсон нэгжийн тоо хэмжээнээс бага бол (цэцэрлэгийн хүүхдийн тоо, ерөнхий боловсролын сургуулийн  сурагчийн тоо, оюутны тоо гэх мэт үзүүлэлтийг харгалзах);

3.4.2. төлөвлөсөн төсөл, арга хэмжээ хэрэгжээгүйн улмаас, эсхүл тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл (тухайлбал, төвлөрсөн арга хэмжээний зарцуулагдаагүй үлдэгдэл, олон улсын байгууллагын гишүүний татварын үлдэгдэл, хөтөлбөр, төслийн дотоод санхүүжилтийн зарцуулагдаагүй үлдэгдэл, хуулийн дагуу олгогдох нэг удаагийн тэтгэмжийн зарцуулагдаагүй үлдэгдэл гэх мэт );

3.4.3. хөрөнгө оруулалтын худалдан авах үйл ажиллагааны үед нэгжид ногдох өртөг, үнэ, тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл;

3.4.4. төсвийн байгууллага нь батлагдсан орон тооноос дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон төсвийн үлдэгдэл.

3.5. Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагад төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан улсын төсвийн орлогыг давуулан биелүүлсэн нөхцөлд үр дүнгийн гэрээний урамшуулал олгож болно.

3.6. Урамшуулал олгох хэмжээ, хөрөнгийн эх үүсвэр нь энэ журмын 2.2, 2.3 дахь заалтын дагуу зохицуулагдана.


ДӨРӨВ. ТӨСВИЙН УРАМШУУЛЛЫГ ТООЦОХ, ЗАРЦУУЛАХ

4.1. Төсвийн шууд захирагч туслах үйл ажиллагааны ашиг, зарлагын хэмнэлтийг тооцож, жилийн эцсийн санхүүгийн болон хөтөлбөрийн үр дүнгийн тайланг энэ журмын 4.2-т заасан баримт материалын хамт дээд шатны төсвийн захирагчид дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор хүргүүлнэ.

4.2. Төсвийн шууд захирагч туслах үйл ажиллагааны ашиг, зарлагын хэмнэлтийн тооцоотой хамт дараах баримт материалыг ирүүлнэ. Үүнд:

4.2.1. төсвийн дээд шатны захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээ болон нэмэлт гэрээний хуулбар;

4.2.2. зардал хэмнэх талаар зохион байгуулсан ажил, хүрсэн үр дүнгийн тухай тайлбар, танилцуулга, тооцоо;

4.2.3. хувьсах зардлын нормативаар тооцогдсон үйл ажиллагааны  үндсэн үзүүлэлтийн биелэлт;

4.2.4. өр, авлагын жагсаалт, тооцоо нийлсэн акт;

4.2.5. төсвийн урамшууллыг зарцуулах санал

4.3. Төсвийн төвлөрүүлэн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагын туслах үйл ажиллагааны ашиг, зарлагын хэмнэлтийг аудитаар баталгаажуулсан төсвийн гүйцэтгэлийн тайланд үндэслэн хянаж, тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж, төсвийн урамшууллын тооцоо, зарцуулах хүсэлтийг байгууллага бүрээр гаргаж, харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид 4 дүгээр сарын 1-ний дотор энэ журмын 4.2-т заасан материалын хамт ирүүлнэ.

4.4. Төсвийн тухай хуулийн 39.1-д заасан гэрээгээр тусгай зориулалтын шилжүүлэг хүлээн авсан төсвийн төвлөрүүлэн захирагч нь орон нутаг дахь улсын төсвийн байгууллагын төсвийн урамшууллын тооцоог гаргаж, харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид энэ журмын 4.3-т заасны дагуу хүргүүлнэ.

4.5. Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага болон төсвийн төвлөрүүлэн захирагчийн туслах үйл ажиллагааны ашиг, зарлагын хэмнэлтийг аудитаар баталгаажуулсан төсвийн гүйцэтгэлийн тайланд үндэслэн хянаж, тухайн байгууллагын үр дүнгийн гэрээг дүгнэж, төсвийн урамшууллын тооцоо, зарцуулах хүсэлтийг байгууллага бүрээр гаргаж, улсын төсвийн байгууллагын хувьд Сангийн яамны Төрийн сангийн газарт, орон нутгийн төсвийн байгууллагын хувьд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төсвийн асуудал эрхэлсэн хэлтэст 5 дугаар сарын 1-ний дотор хүргүүлнэ.

4.6. Сангийн яамны Төрийн сангийн газар төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн улсын төсвийн байгууллагын туслах үйл ажиллагааны ашиг, зарлагын хэмнэлтийн үнэн зөв эсэхийг тухайн төсвийн байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан, өр, авлагын тайлантай уялдуулан хянаж, төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн хүсэлтийн хамт 6 дугаар сарын 1-ний дотор Сангийн яамны Төсвийн бодлогын газарт ирүүлнэ.

4.7. Төсвийн бодлогын газар улсын төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн хүсэлт, холбогдох материалыг энэхүү журмын дагуу хянасны үндсэн дээр төсвийн урамшууллын хувь, хэмжээ болон зарцуулалтын эрх олгох саналыг тухайн жилийн батлагдсан төсвийн хэмжээнд багтаан боловсруулж, 6 дугаар сарын 25-ны дотор шийдвэрлүүлнэ.

4.8. Орон нутгийн төсвийн байгууллагын төсвийн урамшууллын хувь, хэмжээ болон зарцуулалтын эрх олгох саналыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн хэлтэс орон нутгийн төсөвт батлагдсан хэмжээнд багтаан боловсруулж, 4 дүгээр сарын 1-ний дотор шийдвэрлүүлнэ.

4.9. Төсвийн байгууллагад төсвийн урамшуулал олгоход улсын төсөвтэй харьцдаг байгууллагын хувьд Сангийн сайдын тушаал, орон нутгийн төсөвтэй харьцдаг байгууллагын хувьд аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж гаргана.

4.10. Төсвийн урамшууллыг дараах зориулалтаар эрэмбэлэн зарцуулна.

4.10.1. байгууллагын хамт олныг ажлын үр дүнг харгалзан урамшуулах;

4.10.2. тухайн салбар болон байгууллагын ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх;

4.10.3. тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагааны төсвийн санхүүжилтийг бууруулах;

4.10.4. тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх;

4.11. Урамшууллын 70-аас доошгүй хувийг энэ журмын 4.10.1-д заасан зориулалтаар зарцуулна. 

/Энэ хэсгийг Сангийн сайдын 2014 оны 76-р тушаалаар нэмсэн./


ТАВ. ТӨСВИЙН УРАМШУУЛЛЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ ОЛГОХ

5.1. Төсвийн байгууллагад олгох төсвийн урамшууллын хэмжээ нь тухайн байгууллагын жилийн эцсийн дансны үлдэгдлээс ихгүй байна.

5.2. Төсвийн урамшууллын хэмжээ нь тухайн байгууллагын жилийн эцсийн дансны үлдэгдлээс их байвал үүний учир, шалтгааныг тодруулсан тайлбар, баримтыг харьяа Төрийн сангаас гаргуулж, төсвийн урамшууллын хүсэлтэд хавсаргана.

5.3. Төсвийн байгууллага Төрийн сангаас гадуур банкинд данс нээсэн, кассаар хийгдэх ажил гүйлгээ, жижиг мөнгөн сангийн үлдэгдлийг байвал зохих хэмжээнээс хэтрүүлсэн нь нотлогдвол тухайн төсвийн байгууллагад төсвийн урамшуулал олгохгүй.

5.4. Төсвийн урамшууллыг зарцуулах асуудлыг байгууллагын нийт ажилтныг оролцуулсан хамт олны хурлаар хэлэлцэн, түүнийг үндэслэн шийдвэрлэх бөгөөд уг хурлын тэмдэглэл болон шийдвэрийн хувийг тухайн шатны төрийн санд хүргүүлэх ба түүнийг үндэслэн урамшууллыг зарцуулах эрхийг олгоно.


ЗУРГАА. ТӨСВИЙН УРАМШУУЛЛЫГ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХ

6.1. Төсөвт байгууллагад олгосон төсвийн урамшуулал болон түүний зарцуулалтыг тухайн тайлант оны санхүүгийн болон үр дүнгийн тайланд тусгана.


ДОЛОО. ХЯНАЛТ

7.1. Төсвийн урамшууллыг энэхүү журмын дагуу зарцуулж байгаа эсэхэд төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын нэгж болон төрийн аудит, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.

 

---o0o---