Сангийн сайдын 2018 оны 134 тоот тушаал
МОНГОЛ УЛСЫН
САНГИЙН САЙДЫН
ТУШААЛ
2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр, дугаар 134, Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 11.1.2, 11.1.13 дахь заалт, 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Батлагдсан журмыг хэрэгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсүүдэд хүргүүлэн мөрдүүлэн ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төсвийн хөрөнгө оруулалтын газар /Г.Түвдэндорж/, Төрийн сангийн газар /М.Батхуяг/-т тус тус үүрэг болгосугай.
3. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/-т даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах” тухай Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмаар төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх, хязгаар, нөхцөлийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна.
ХОЁР. ТӨСВИЙН ЗАХИРАГЧИЙН ТӨСӨВТ
ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ НӨХЦӨЛ
2.1. Төсвийн захирагч дор дурдсан нөхцөлд батлагдсан төсөвтөө зохицуулалт хийж болно:
2.1.1. Төсвийн тогтвортой байдлыг хангах, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх үүднээс төсөвт зохицуулалт хийх шаардлага гарсан;
2.1.2. Төсвийн захирагч болон түүний харьяа төсвийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтад хууль, тогтоомжийн дагуу өөрчлөлт орсон, шинээр үүссэн, өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан;
2.1.3. Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоол, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага гарсан;
2.1.4. Тухайн төсвийн захирагч, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд учирсан хүндрэлийг даван туулахад төсөвт зохицуулалт хийх шаардлага гарсан.
ГУРАВ. ТӨСВИЙН ЗАХИРАГЧИЙН ТӨСӨВТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ
САНАЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1. Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх санал дараах шаардлагыг хангасан байна:
3.1.1. Төсвийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан төсвийн зарчим болон 42 дугаар зүйлд заасныг тус тус баримтлах;
3.1.2. Улсын Их Хурлаар батлагдсан тухайн жилийн төсвийн тухай хууль, бусад хуульд бүрэн нийцсэн байх;
3.1.3. Улсын Их Хурлаар батлагдсан тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэр, төсөвт өртөг Төсвийн тухай хуулийн 42.7-т нийцсэн байх;
3.1.4. Төсвийн жилийн сар, улирлын төсвийн санхүүжилтийн ачааллыг жигд, бодитой байлгах, сар, улирлын онцлогт тохируулан хуваарилсан байх;
3.1.5. Тухайн төсвийн захирагчийн үйл ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөтэй нягт уялдсан байх;
3.1.6. Төсвийн тухай хуулийн 42.4-т заасны дагуу дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрлийг албан бичгээр авсан байх.
3.1.7. Төсвийн сар, улирлын хуваарьт хийх өөрчлөлт нь гүйцэтгэл гарсан сард өөрчлөлт оруулахааргүй тооцоо хийсэн байх;
3.2. Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх санал нь дараах агуулгатай байна:
3.2.1. Төсөвт зохицуулалт хийхийг хүссэн албан бичиг
3.2.2. Холбогдох төсвийн захирагчийн шийдвэр, зөвшөөрөл;
3.2.3. Төсөвт зохицуулалт хийх шаардлага, нарийвчилсан тооцоо тайлбар;
3.2.4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний ирүүлсэн гүйцэтгэл;
3.2.5. Хэрэв төсвийн захирагчийн зардалд зохицуулалт хийх бол хойшлуулах боломжтой зардлын жагсаалт, тооцоо дүнгийн хамт хавсаргах;
ДӨРӨВ. ЖИЛИЙН ТӨСВИЙН ХУВААРЬТ
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
4.1. Төсвийн тухай хуулийн 22.2-т заасан төсвийн захирагч, зардлын эдийн засгийн зүйл, хөтөлбөр, арга хэмжээний ангиллын дагуу Сангийн сайдын баталсан жилийн төсвийн хуваарь /цаашид “жилийн төсвийн хуваарь” гэх/-т дараахь байдлаар өөрчлөлт оруулна:
4.1.1. Энэ журмын 3.1-т заасан үндэслэлээр төсөвт зохицуулалт хийх саналаа Төсвийн ерөнхийлөн захирагч Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсвийн төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж /цаашид “төсвийн төлөвлөлтийн нэгж” гэх/- д, орон нутгийн төсөвт хамаарахаар бол тухайн шатны Засаг даргад тус тус бичгээр хүргүүлэн шийдвэрлүүлнэ.
4.1.2. Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх санал энэ журмын 3.1.2, 3.1.3-т заасан шаардлагуудыг хангаагүй тохиолдолд саналыг хүлээн авахаас татгалзана.
4.1.3. Төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн жилийн төсвийн хуваарьт өөрчлөлт хийх саналыг төсвийн төлөвлөлт хариуцсан нэгжүүд хянаж холбогдох тооцооллыг төсвийн төлөвлөлтийн системд бүртгэж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгж /цаашид “нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгж” гэх/ -д мэдэгдэнэ. Төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсвийн санхүүжилтийн асуудал хариуцсан нэгж /цаашид “төсвийн санхүүжилт хариуцсан нэгж” гэх/ - д тухай бүр хүргүүлнэ.
4.1.4. Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох шилжүүлгийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгж хянаж, тооцооллыг хийнэ.
4.1.5. Нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгж батлагдсан жилийн төсвийн хуваарьт өөрчлөлт хийх саналыг нэгтгэн тухайн сар бүрийн 5-ны дотор, цаг үеийн шинжтэй өөрчлөлтийг тухай бүр Сангийн сайдын тушаалаар шийдвэрлэнэ.
4.1.6. Нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгж жилийн төсвийн хуваарьт өөрчлөлт хийсэн тухай бүртгэл хөтөлж, төсвийн санхүүжилтийн асуудал хариуцсан нэгжид тухай бүр бичгээр хүргүүлнэ.
4.1.7. Орон нутгийн жилийн төсвийн болон сар, улирлын хуваарийн өөрчлөлтийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулан аймаг, нийслэлийн санхүү, төсвийн асуудал хариуцсан нэгж нь нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгжид цахимаар хүргүүлнэ.
ТАВ. ТӨСВИЙН САР, УЛИРЛЫН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ
5.1. Сангийн сайдын баталсан жилийн төсвийн сар, улирлын хуваарьт дараах байдлаар өөрчлөлт оруулна:
5.1.1. Төсвийн захирагч энэ журмын 3.1.4-т заасан үндэслэлээр батлагдсан жилийн төсвийн хуваарьт өөрчлөлт оруулахгүйгээр төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт хийх хүсэлт гаргаж болно.
5.1.2. Төсвийн захирагчулсын төсвийн хөрөнгө оруулалтаас бусад зардлын төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт хийх хүсэлтийг бэлтгэн, энэ журмын 3-т заасан шаардлагыг хангасан материалын хамт төсвийн санхүүжилтийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.
5.1.3. Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсвийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж /цаашид “төсвийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж” гэх/ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний санхүүжилтийн сар, улирлын хуваарийг төсвийн захирагч бүрээр нэгтгэж, төсвийн захирагчийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах саналыг төсвийн санхүүжилтийн асуудал хариуцсан нэгжид тухай бүр хүргүүлнэ.
5.1.4. Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсвийн бодлого, төлөвлөлт, зээл, тусламж, санхүүгийн болон өрийн асуудал хариуцсан нэгжүүд төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт хийх саналыг төсвийн санхүүжилтийн асуудал хариуцсан нэгжид тухай бүр хүргүүлнэ.
5.1.5. Төсвийн санхүүжилтийн асуудал хариуцсан нэгж нь төсвийн захирагчаас ирүүлсэн хүсэлт болон энэ журмын 5.1.4-т заасан саналыг судлан, төсвийн жилийн хуваарийн дүнг өөрчлөхгүйгээр төсвийн сар, улирлын хуваарьт оруулах өөрчлөлтийг нэгтгэн тухайн сар бүрийн 5-ны дотор, цаг үеийн шинжтэй өөрчлөлтийг тухай бүр Сангийн сайдын тушаалаар шийдвэрлэнэ.
5.1.6. Сангийн сайдын тушаалаар батлагдсан төсвийн захирагчийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн сар, улирлын хуваарийн дүнг өөрчлөхгүйгээр тухайн төсвийн захирагчийн төсөвт батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн сар, улирлын хуваарийн өөрчлөлтийг энэ журмын 3.2.4-т заасан гүйцэтгэлийг үндэслэн төсвийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж хийж, төсвийн төлөвлөлтийн системд бүртгэнэ.
5.2. Төсвийн санхүүжилтийн асуудал хариуцсан нэгж төсвийн сар, улирлын хуваарьт оруулсан өөрчлөлтийг төсвийн төлөвлөлтийн системд бүртгэж, нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгжид тухай бүр бичгээр хүргүүлнэ.
ЗУРГАА. БУСАД
6.1. Нэгдсэн төсвийн асуудал хариуцсан нэгж батлагдсан төсвийн сар, улирлын хуваарь, түүнд хийсэн зохицуулалт, хязгаарлалтын талаар төрийн сангийн сүлжээнд байршуулж түгээнэ.
6.2. Улсын төсвийн сар, улирлын хуваарийн өөрчлөлтийг il.tod.gov.mn, mof.gov.mn цахим хуудсанд тухай бүр шинэчлэн оруулж олон нийтэд ил тод мэдээлнэ.
---o0o---