Сангийн сайдын 2017 оны 216 тоот тушаал
Тушаал
МОНГОЛ УЛСЫН
САНГИЙН САЙДЫН
ТУШААЛ
2017 оны 06 сарын 22-ний өдөр, дугаар 216, Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Тушаалыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төрийн сангийн газар /С.Наранцогт/, Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Н.Нарангэрэл/, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн албадад тус тус үүрэг болгосугай.
Гурав. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2012 оны 238 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах талаар төсвийн ерөнхийлөн захирагчийн идэвх санаачилгыг дэмжих, үйл ажиллагааны үр дүн, төсвийн гүйцэтгэлийг үндэслэн төсөвт байгууллагуудын төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавихад энэ журмыг мөрдөнө.
1.2. Энэ журам нь бүх шатны төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарна.
1.3. Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг тодорхойлох, зарцуулах, тайлагнахад дараах зарчим баримтална:
1.3.1. нэмэлт орлого олох үйл ажиллагааг Төсвийн ерөнхийлөн захирагч урьдчилан бичгээр зөвшөөрсөн байх;
1.3.2. төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах;
1.3.3. нэг удаагийн шинж чанартай зардлын хэмнэлт, эсвэл үйл ажиллагааны орлогын эх үүсвэрээр тогтмол буюу нэг ба түүнээс дээш төсвийн жилд хэрэгжих үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байх;
1.3.4. шийдвэр гаргах, тайлагнах, хяналт тавихад байгууллагын нийт хамт олны оролцоог хангах;
1.3.5. төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх;
1.3.6. төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх.
1.4. Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулалт, тайлагналтыг Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэнэ.
ХОЁР. ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЭМНЭЛТ
2.1. Төсвийн жилийн эхнээс өссөн дүнгээр тооцож гаргасан дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцож болно:
2.1.1. урсгал төсвөөр хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны үед нэгжид ногдох өртөг, үнэ нь буурсны улмаас бий болсон;
2.1.2. төсвийн байгууллагын үйл ажиллагааны чанарыг бууруулахгүйгээр үр ашгийг нэмэгдүүлж, нэгжид ногдох өртөг, зардлыг бууруулснаас бий болсон;
2.1.3. нэгжид ногдох норм, нормативаар тооцон төсвийг нь баталсан төсөл, арга хэмжээ, үйл ажиллагааны чанарыг бууруулахгүйгээр нэгжийн өртөг, зардлыг бууруулснаас бий болсон;
2.1.4. шинжлэх ухааны ололт нэвтрүүлж техник, технологийн өөрчлөлт хийх, ажлын чанарыг бууруулахгүйгээр ажлын зохион байгуулалтыг оновчтой болгох зэргээр барилга, байгууламж, машин, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалтын зардлыг бууруулснаас бий болсон;
2.1.5. төсөвт байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүулэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоосны дагуу орон тоог бууруулснаас бий болсон цалин хөлс, бусад урсгал зардал;
2.1.6. хүрэх үр дүн, чанарыг бууруулахгүйгээр төлөвлөсөн хөтөлбөр, арга хэмжээг илүү үр ашигтай, оновчтой хувилбараар зохион байгуулснаар бий болсон.
2.2. Төсвийн захирагчийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцохгүй:
2.2.1. нэгжид ногдох норм, нормативаар тооцсон төсвийн гүйцэтгэл нь анх тооцсон нэгжийн тоо хэмжээ багассанаас бий болсон (цэцэрлэгийн хүүхдийн тоо, сурагчид, оюутны тоо, дотуур байрны хүүхдийн тоо, ор хоногийн тоо гэх мэт);
2.2.2. төлөвлөсөн төсөл, арга хэмжээ хэрэгжээгүйн улмаас, эсхүл тоо хэмжээ нь буурснаас бий болсон (төлөвлөсөн арга хэмжээний зарцуулагдаагүй үлдэгдэл, олон улсын байгууллагын гишүүний татварын үлдэгдэл, хөтөлбөр, төслийн дотоод санхүүжилтийн зарцуулагдаагүй үлдэгдэл, хуулийн дагуу олгогдох нэг удаагийн тэтгэмжийн зарцуулагдаагүй үлдэгдэл гэх мэт);
2.2.3. хөрөнгө оруулалтын худалдан авах үйл ажиллагааны үед нэгжид ногдох төсөвт өртөг, үнэ, тоо хэмжээ нь буурснаас бий болсон;
2.2.4. төсвийн байгууллага нь батлагдсан дээд хязгаараас дутуу орон тоогоор ажилласнаас бий болсон цалингийн зардал.
ГУРАВ. ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭМЭЛТ ОРЛОГО
3.1. Үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогод Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан, төсөвт байгууллагын төсвийн жилийн эхнээс өссөн дүнгээр тооцож гаргасан дараах орлогыг тооцно:
3.1.1. төсөвт байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд хагас жил, эсвэл жилийн төлөвлөгөөнөөс "давсан" хэсэг;
3.1.2. төсөвт байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд тухайн жилд шинээр бий болгосон "нэмэлт орлого";
3.1.3. төсөвт байгууллагын туслах үйл ажиллагааны хүрээнд бий болсон ашиг.
3.2. Нийгмийн даатгалын сангийн орлогыг үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогод тооцохгүй.
3.3. Хуулиар төсөвт төвлөрүүлэхээр тусгайлан заасан орлого нь аливаа байгууллагын үйл ажиллагааны орлогод тооцогдохгүй.
3.4. Үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын хэмжээ нь тухайн байгууллагын дараагийн жилийн төсвийн орлогын хэмжээг нэмэгдүүлэх үндэслэл болохгүй.
3.5. Үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг бүрдүүлэх зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглоно:
3.5.1. төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг бууруулах;
3.5.2. төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний үнэ, тарифыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, албан ёсны шийдвэргүйгээр нэмэгдүүлэх;
3.5.3. төсвийн жилийн дундуур буюу хагас жилээр орлогын төлөвлөгөөг давуулах зорилгоор төсөвт батлагдсан тухайн байгууллагын үйл ажиллагааны орлогын сар, улирлын хуваарийг жигд бусаар хуваарилах;
3.6. Төсөвт байгууллагын үндсэн үйл ажиллагааны орлогын давсан хэсгийг энэ журамд заасны дагуу шийдвэр гарсны дараа нэмэлт төсвийн дансанд шилжүүлнэ.
ДӨРӨВ. ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЭМНЭЛТ, ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭМЭЛТ ОРЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ
4.1. Төсвийн шууд захирагч нь төсвийн төвлөрүүлэн захирагчид, төсвийн төвлөрүүлэн захирагч нь төсвийн ерөнхийлөн захирагчид, төсвийн ерөнхийлөн захирагч нь Сангийн яаманд төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах хүсэлтийг энэ журамд заасны дагуу тооцож, холбогдох бусад мэдээллийн хамт хүргүүлнэ.
4.2. Сангийн яамны Төрийн сангийн газар төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, тесвийн гүйцэтгэлд үндэслэн төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын саналын үнэн зөв, өр авлага уүссэн эсэхийг хянан баталгаажуулж, улсын төсвийн байгууллагуудын саналыг нэгтгэн тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлнэ.
4.3. Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар нь Төрийн сангийн газраас хянаж ирүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн хүсэлтийг энэхүү журамд нийцүүлэн эцэслэн хянан баталгаажуулж, Сангийн сайдын тушаалаар шийдвэрлүүлнэ.
4.4. Төсвийн зарлагын хэмнэлтийг "Зарлагын хэмнэлтийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ" гэсэн зардлын зориулалтын ангиллаар төсвийн зарлагын сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан санхүүжүүлнэ. Хуваарьт өөрчлөлт оруулахдаа санхүүжилтийн эх үүсвэрийг бууруулах дүнг "Хэмнэлтээр төсвийн санхүүжилт бууруулах" гэсэн эх үүсвэрийн ангилалд тусгана.
4.5. Үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах хүсэлтийг энэ хуулийн 4.3-т зааснаар шийдвэрлэсэн нөхцөлд Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалаар батлагдсан "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам"-ын 7 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт төсвийн зарцуулалтын эрхийг нээж санхүүжүүлнэ.
4.6. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллага нь төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын тайлан, зарцуулах хүсэлтийг гаргаж, харьяалах орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг тухайн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжуүлэхэд зарцуулна.
4.7. Орон нутгийн төсөвт байгууллага болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын тайлан, зарцуулах хүсэлтийг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн алба энэхүү журамд нийцүүлэн хянаж тухайн шатны Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлнэ.
ТАВ. ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЭМНЭЛТ, ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭМЭЛТ ОРЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
5.1. Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг өмнөх жилийн аудитаар баталгаажуулсан төсвийн гүйцэтгэлийн тайлан, эхний хагас жилийн байдлаарх төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн тайлан, 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээнд үндэслэн тооцсон хүлээгдэж буй гүйцэтгэл, энэхүү журамд дурдсан бусад баримт, материалуудад үндэслэн тооцно.
5.2. Төсвийн зарлагын хэмнэлт, ундсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын хүсэлтийг хагас жил тутам тооцож, хянан шийдвэрлэнэ.
5.3. Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах хүсэлтийг ирүүлэхдээ дараах баримт, материалыг бүрдүүлнэ. Үүнд:
5.3.1. төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах тухай Төсвийн ерөнхийлөн захирагчийн албан бичиг;
5.3.2. энэхүү тушаалын нэг, хоёрдугаар хавсралтад заасан маягтын дагуу гаргасан төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын тайлан;
5.3.3. зардал хэмнэх, үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх талаар зохион байгуулсан ажил, хүрсэн үр дүнгийн тухай танилцуулга, тайлбар, тооцоо;
5.3.4. хувьсах зардлын нормативаар тооцсон үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтийн биелэлт;
5.3.5. бүтцийн өөрчлөлтөөр байнгын шинжтэй орон тоо, цалингийн зардал хэмнэсэн бол эрх бүхий байгууллагын шийдвэр, түүнийг хэрэгжсэнийг нотлох баримт, тооцоолол;
5.3.6. өр, авлагын мэдээ, тооцоо нийлсэн акт;
5.3.7. төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах санал (хамт олны хурлын тэмдэглэл, хуралдааны шийдвэрийн хамт).
ЗУРГАА. ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЭМНЭЛТ, ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭМЭЛТ ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
6.1. Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг дараах цаглабарын дагуу хянан шийдвэрлэнэ:
6.1.1. Төсвийн шууд захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах хүсэлтийг эхний хагас жилийн байдлаар 7 дугаар сарын 3-ны дотор, сүүлийн хагас жилийн байдлаар 11 дүгээр сарын 3-ны дотор харьяалах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх;
6.1.2. Төсвийн төвлөрүүлэн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах хүсэлтийг эхний хагас жилийн байдлаар 7 дугаар сарын 8-ны дотор, сүүлийн хагас жилийн байдлаар 11 дүгээр сарын 6-ны дотор харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;
6.1.3. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын хүсэлтийг эхний хагас жилийн байдлаар 7 дугаар сарын 8-ны дотор, сүүлийн хагас жилийн байдлаар 11 дүгээр сарын 6-ны дотор харьяалах орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх.
6.1.4. Орон нутгийн төсвийн байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн алба төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын хүсэлтийг эхний хагас жилийн байдлаар 7 дугаар сарын 8-ны дотор, сүүлийн хагас жилийн байдлаар 11 дүгээр сарын 6-ны дотор хүргүүлнэ.
6.1.5. Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах хүсэлтийг эхний хагас жилийн байдлаар 7 дугаар сарын 15-ны дотор, сүүлийн хагас жилийн байдлаар 11 дүгээр сарын 9-ны дотор Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлэх;
6.1.6. Сангийн яамны Төрийн сангийн газар төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах хүсэлтийг эхний хагас жилийн байдлаар 8 дугаар сарын 1-ний дотор, сүүлийн хагас жилийн байдлаар 11 дүгээр сарын 12-ны дотор Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлэх;
6.1.7. Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар нь Төрийн сангийн газраас ирүүлсэн улсын төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн зарлагын хэмнэлтийг зарцуулах хүсэлтийг хянан үзэж, сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулж шийдвэрлэнэ.
6.1.8. Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар нь Төрийн сангийн газраас хянан баталгаажуулж ирүүлсэн улсын төсвийн ерөнхийлөн захирагчдын үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах хүсэлтийг хянан үзэж, "Төсөвт байгууллагуудын үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах тухай" Сангийн сайдын тушаалыг эхний хагас жилийн байдлаар 8 дугаар сарын 10-ны дотор, сүүлийн хагас жилийн байдлаар 11 дүгээр сарын 15-ны дотор боловсруулан батлуулж, Төрийн сангийн газарт хүргүүлнэ.
6.1.9. Орон нутгийн төсөвт байгууллагын төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын тайлан, зарцуулах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн алба эхний хагас жилийн байдлаар 8 дугаар сарын 01-ний дотор, сүүлийн хагас жилийн байдлаар 11 дугаар сарын 15-ны дотор хянан тухайн шатны Засаг даргын захирамжаар шийдвэрлэнэ.
ДОЛОО. ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЭМНЭЛТ, ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭМЭЛТ ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ
7.1. Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулна.
7.2. Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг тайлант хугацаанд хэрхэн, ямар зориулалтаар зарцуулахыг байгууллагын нийт ажилтныг оролцуулсан хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
7.3. Төсвийн зарлагын хэмнэлт, ундсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараах эрэмбийг баримтлан зарцуулна:
7.3.1. эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх;
7.3.2. байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах;
7.3.3. тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх;
7.3.4. нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
7.4. Энэ журмын 7.3.2, 7.3.4-т заасан зориулалтаар зарцуулах хөрөнгийн нийт хэмжээ төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын нийт дүнгийн 60.0 хувиас хэтрэхгүй байна.
7.5. Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг дараах арга хэмжээнд зарцуулахыг хориглоно:
7.5.1. байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үр дагавар бүхий дараах тохиолдол:
7.5.1.1. ажилтны цалин хөлсийг хуульд заасан хугацаанд олгох боломжгүй байдалд хүргэх;
7.5.1.2. төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах.
7.5.2. төсвийн жилд, эсхүл дараалсан хоёр улирлын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлангаар өр төлбөр үүсгэх;
7.5.3. зочин төлөөлөгч хүлээн авах, гадаад томилолтын зардлыг санхүүжүулэх;
7.5.4. байнгын орон тоо, зохион байгуулалтын шинэ бүтэц бий болгох замаар урсгал зардлын суурь түвшинг тухайн жилд болон дараагийн жилүүдэд нэмэгдүүлэх.
7.6. Төсвийн зарлагын хэмнэлтийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр тухайн оны төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг бууруулна.
7.7. Үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын 30 хувийг тухайн байгууллага төсөвт төвлөрүүлнэ. Энэ нь төсвийн санхүүжилтийг дараагийн жилд бууруулах үндэслэл болохгүй.
7.8. Хөрөнгийн зардлыг зөвхөн үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогоос санхүүжүүлнэ. Урсгал зардлын хэмнэлтийг хөрөнгийн зардалд санхүүжүүлэхгүй.
7.9. Хөрөнгийн зардал нь төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлтөөр тусгагдсан байна.
7.10. Хөрөнгийн зардлыг зөвхөн тухайн оны нэмэлт орлогын хэмжээнд тооцож зарцуулах ба дараа онуудад олох орлогыг урьдчилан тооцож, хөрөнгө оруулалтын ажил эхлүүлэхийг хориглоно.
7.11. Үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг дараах эрэмбийг баримтлан хөрөнгийн зардалд зарцуулна:
7.11.1. тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагаанд нэн тэргүүнд шаардагдах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, урсгал засварын ажил;
7.11.2. эдэлгээний хугацаа дууссан тавилга, эд хогшлыг шинэчлэх; 7.11.3. байгууллагын их засвар, бусад хөрөнгийн зардал.
7.12. Үндсэн үйл ажиллагааны орлогын сар, улирлын хуваарийг төлөвлөхдөө үйл ажиллагааны үндсэн чиглэлийн онцлогийг харгалзан улирал, сар бүрт жигд байхаар төлөвлөнө.
7.13. Төсвийн байгууллага төрийн сангаас гадуур банкинд харилцах данс нээсэн, картын дансыг зориулалт бусаар ашигласан, кассаар хийгдэх ажил гүйлгээ, жижиг мөнгөн сангийн үлдэгдлийг байвал зохих хэмжээнээс нь хэтрүүлсэн нь нотлогдвол тухайн төсвийн байгууллагад төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах эрх олгохгүй.
7.14. Төсвийн захирагчийн жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлангаар урьдчилан тооцож олгосон зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлого хэтэрсэн бол холбогдох албан тушаалтанд Төсвийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэ нь дараагийн төсвийн жилд зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг тооцож олгохгүй байх үндэслэл болно.
НАЙМ. ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭМЭЛТ ОРЛОГЫГ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХ
8.1. Төсөвт байгууллагын үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлого, түүний зарцуулалтыг сар, улирлын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, санхүүгийн байдлын тайлан, орлого, зарлагын явцын мэдээнд оруулж, тухайн тайлант оны санхүүгийн болон үр дүнгийн тайланд тусгана.
ЕС. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
9.1. Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг энэхүү журмын дагуу зарцуулж байгаа эсэхэд дээд шатны байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн хяналт, дотоод аудитын нэгж, төрийн аудит хяналт тавина.
9.2. Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг үр ашиггүй зарцуулсан, мөн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж дараалсан хоёр улирлын төсвийн гүйцэтгэлийн тайлангаар өр төлбөр үүсгэсэн бол хариуцлага алдсан албан тушаалтанд Төсвийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.