Сангийн сайдын 2012 оны 244 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
САНГИЙН САЙДЫН
ТУШААЛ 

2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, дугаар 244, Улаанбаатар хот


ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.1.17 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн төслийг батлах маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан журмын дагуу төсвийн төслөө боловсруулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч, орон нутгийн төсөвт байгууллагын төсвийн шууд захирагч, Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлдэг улсын төсөвт байгууллагын төсвийн шууд захирагч нарт тус тус үүрэг болгосугай.

3. Орон нутгийн тухайн шатны төсвийн төслийг энэ тушаалын 2 дугаар хавсралтад заасан загвар маягтын дагуу батлуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Төсвийн бодлогын газар /Ж.Ганбат/-т даалгасугай.

5. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2005 оны 240 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                       

САЙД                                                  Ч.УЛААН

 

/Сангийн сайдын 2018 оны 228-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/

Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, орон нутгийн төсөвт байгууллага болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг тусгай зориулалтын шилжүүлгийн гэрээгээр санхүүжих улсын төсвийн байгууллагын төсвийн захирагч жилийн төсвийн төсөл боловсруулж дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх, батлагдсан төсвийг дээд шатны байгууллагад хүргүүлэх, олон нийтэд мэдээлэхэд энэхүү журмыг баримтална.

1.2. Эрх бүхий албан тушаалтан орон нутгийн жилийн төсвийн төсөл боловсруулахад Төсвийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг үндэслэнэ.


ХОЁР. ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАД
БАРИМТЛАХ ЗАРЧИМ

2.1. Орон нутгийн төсвийн төсөл боловсруулахад Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчим болон дараахь зарчмуудыг удирдлага болгоно:

2.1.1. Орон нутгийн төсвийг алдагдалгүй төлөвлөх;

2.1.2. Цахим сүлжээ ашиглан төсвийн мэдээлэл боловсруулах;

2.1.3. Суурь төсвийн саналд үндэслэн төсвийн төсөл боловсруулах;

2.1.4. Төсвийн төсөл боловсруулахад төсвийн удирдамжийг баримтлах.


ГУРАВ. ТӨСВИЙН УДИРДАМЖ

3.1. Төсвийн тухай хуулийн 27.5-д заасны дагуу санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргад жил бүрийн 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төсвийн удирдамжийг хүргүүлнэ.

3.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох төсвийн захирагчид энэ журмын 3.1-д заасан төсвийн удирдамжийг хүлээн авсанаас хойш ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.

3.3. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нь төсвийн удирдамжид Төсвийн тухай хуулийн 27.4-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгаж болно:

3.3.1. Засгийн газрын ирэх төсвийн жилд орон нутгийн хөгжлийг дэмжихэд баримтлах бодлого, чиглэл;

3.3.2. төсөв хоорондын шилжүүлгийн төсөөлөл;

3.3.3. тухайн жилд гарсан бодлогын өөрчлөлтүүд;

3.3.4. төсвийн мэдээллийн системд өгөгдөл оруулах аргачлал;

3.3.5. бусад зүйлс.

3.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ журмын 3.1-д заасан төсвийн удирдамжаас гадна өөрийн мөрийн хөтөлбөр, төлөвлөлтийн бусад шаардлага, төсвийн төслийн санал хүргүүлэх хугацаатай холбоотой бусад заавар, чиглэлийг холбогдох төсвийн захирагчид хүргүүлж болно.


ДӨРӨВ. ОРОН НУТГИЙН СУУРЬ ТӨСВИЙН САНАЛ БОЛОВСРУУЛАХ

4.1. Орон нутгийн суурь төсвийн санал нь орлого, зарлага гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

4.2. Суурь төсвийн саналыг дунд хугацаагаар тооцож, дараахь байдлаар боловсруулна:

4.2.1. орон нутгийн төсвийн нийт орлогыг орон нутгийн төсвийн суурь орлого болон хуулиар эрх олгосны дагуу тухайн орон нутагт татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар бий болгосон орлогын нийлбэрээр;

4.2.2. орон нутгийн төсвийн суурь орлогыг тухайн шатны төсөвт орох Улсын Их Хурлаас тогтоосон татварын доод хувь, хэмжээгээр тооцсон татварын болон татварын бус орлогын нийлбэрээр;

4.2.3. орон нутгийн суурь төсвийн зарлагыг орон нутгийн суурь төсвийн зарлага тооцох аргачлалын дагуу.

4.3. Орон нутгийн суурь төсвийн саналыг дараахь цаглабарын дагуу боловсруулж, дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ:

4.3.1. орон нутгийн төсөвт байгууллага болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зориулалтын шилжүүлгийн гэрээний үндсэн дээр санхүүжих улсын төсөвт байгууллагын төсвийн захирагч сум, дүүргийн Засаг даргад суурь төсвийн саналыг жил бүрийн 7 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ;

4.3.2. сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсөвт байгууллага болон тусгай зориулалтын гэрээний үндсэн дээр санхүүжих улсын төсвийн байгууллагын суурь төсвийн саналыг нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг даргад жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор хүргүүлнэ;

4.3.3. аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох тусгай зориулалтын  гэрээний үндсэн дээр санхүүжих улсын төсвийн байгууллагын суурь төсвийн саналыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчид жил бүрийн 8 дугаар сарын 01-ны өдрийн дотор, орон нутгийн төсөвт байгууллагын суурь төсвийн саналыг санхүү төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад, үүнээс удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгийн суурь зардлын саналыг хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор тус тус хүргүүлнэ;

4.3.4. аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор дотоод, гадаадын хандив, тусламж авахаар бол холбогдох гэрээ, хэрэгжүүлэх хөтөлбөрийг төсвийн захирагч бүрээр боловсруулж, төсвийн төслийн хамт санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.4. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага орон нутгийн суурь төсвийн дэлгэрэнгүй мэдээллийг аймаг, нийслэлийн Засаг даргад жил бүрийн 10 дугаар сарын 05-ны дотор хүргүүлнэ.


ТАВ. ТӨСӨВ ХООРОНДЫН ШИЛЖҮҮЛГИЙН ХЭМЖЭЭГ ХҮРГҮҮЛЭХ

5.1. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Улсын Их Хурлаар Монгол Улсын төсвийн төслийг хэлэлцэн баталснаас хойш 14 өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг даргад дараахь мэдээллийг хүргүүлнэ:

5.1.1. орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээ;

5.1.2. аймаг, нийслэлийн төсвөөс орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ;

5.1.3. улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээ;

5.1.4. улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ.

5.2. Тухайн жилийн Монгол Улсын төсвийн тухай хууль батлагдсанаас хойш холбогдох хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуульд хориг тавих хугацаанд энэ журмын 5.1-д заасны дагуу хүргүүлсэн мэдээлэлд өөрчлөлт орохоор бол санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага өөрчлөлтийг тусган аймаг, нийслэлийн Засаг даргад нэн даруй хүргүүлнэ.


ЗУРГАА. ТУСГАЙ САНГУУДЫГ ТӨЛӨВЛӨХ

6.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлэг тооцох аргачлалыг ашиглан тухайн шатны орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг дараахь байдлаар тооцож төлөвлөнө:

6.1.1. орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох орлогын шилжүүлэг;

6.1.2. аймаг, нийслэлийн үндсэн тэнцлийн ашгийн суурь зарлагатай тэнцэх хэсэг;

6.1.3. татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар бий болгох эх үүсвэр;

6.1.4. зарлагыг хэмнэх замаар бий болгох эх үүсвэр;

6.1.5. тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор авах дотоод гадаадын хандив, тусламж.

6.2. Сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг дараахь байдлаар тооцож төлөвлөнө:

6.2.1. аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлэг;

6.2.2. сум, дүүргийн үндсэн тэнцлийн ашгийн суурь зарлагатай тэнцэх хэсэг;

6.2.3. татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар бий болгох эх үүсвэр;

6.2.4. зарлагыг хэмнэх замаар бий болгох эх үүсвэр;

6.2.5. тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор авах дотоод гадаадын хандив, тусламж.

6.3. Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр арга хэмжээг төлөвлөхөд дараахь зүйлсийг баримтална:

6.3.1. Төсвийн тухай хуулийн 60.3-т заасан зүйлийг баримтлах;

6.3.2. орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэгт зарцуулахаар төлөвлөхгүй байх;

6.3.3. хөрөнгө, оруулалтын төсөл хөтөлбөр арга хэмжээ нь хуульд заасны дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсөв нь батлагдсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн, бусад зөвшөөрөлтэй байх;

6.3.4. орон нутгийн дунд хугацааны төлөвлөлттэй уялдсан байх;

6.3.5. иргэдийн оролцоог хангасан байх;

6.3.6. зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэрийг өөр эх үүсвэртэй давхардуулахгүй байх;

6.3.7. төслөөр шинээр бий болсон эсхүл сайжруулсан өмчийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдолтой урсгал зардлын тооцоо, төсөвт нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, хэрхэн шийдвэрлэх тухай санал тусгасан байх.

6.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг тооцож төлөвлөнө.

6.5. Тухайн жилд нийгмийн халамжийн сангаас зарцуулагдах хөрөнгийн хэмжээг  орон нутгийн төсвийн суурь зарлага тооцох аргачлалын дагуу дараахь үзүүлэлтийг харгалзан тооцож, төлөвлөнө:

6.5.1. нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн хэмжээг орон нутгийн төсвийн суурь зарлага тооцох аргачлалын хавсралтаар баталсан жишиг үйлчилгээний жагсаалтыг үндэслэн;

6.5.2. холбогдох хууль болон эрх бүхий байгууллагаас хамгийн сүүлд тогтоосон тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээний нэр төрөл, хэмжээг баримтлан;

6.5.3. тухайн аймаг, нийслэлд энэ журмын 6.5.2-д заасан үйлчилгээг хүртэх хүний тоо.


ДОЛОО. ОРОН НУТГИЙН ЖИЛИЙН ТӨСВИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ,
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭХ

7.1. Орон нутгийн жилийн төсвийн төсөл нь дараахь шаардлагыг хангасан байна:

7.1.1. үндсэн чиг үүрэгт хамаарах хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх;

7.1.2. төсвийн тэнцэл алдагдалгүй байх;

7.1.3. хөтөлбөрийн зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг тодорхойлсон байх;

7.1.4. эрхлэх асуудлын хүрээнд хөрөнгө оруулалтын арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийн хэмжээг холбогдох хөтөлбөрт тусгасан байх;

7.1.5. худалдан авах бараа, ажил үйлчилгээний төлөвлөгөөний төслийг хавсаргасан байх.

7.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн жилийн төсвийн төслийг энэ журмын 5.1-д заасан мэдээлэлд үндэслэн Төсвийн тухай хуулийн 33.2-т заасны дагуу боловсруулж, мөн хуулийн 67.2-т заасан танилцуулгын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.

7.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны төсвийн төслийг аймаг, нийслэлийн аудиторт иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүрийн 11 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүргүүлнэ.

7.4. Аймаг, нийслэлийн аудитор жилийн төсвийн төслийн талаарх дүгнэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хүргүүлнэ.

7.5. Аймаг, нийслэлийн жилийн төсвийн төсөлд Төсвийн тухай хуулийн 33.2-т заасныг дор дурдсан байдлаар тусгана:

7.5.1. аймаг, нийслэлийн Засаг дарга өөрийн төсөвтөө тухайн жилд төвлөрүүлэх орлого, харьяалах төсвийн байгууллагын тухайн жилд олох орлогын хэмжээг дараахь байдлаар тооцох:

7.5.1.а/ аймаг, нийслэлийн төсвийн нийт орлогын дүнг Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан орлогын нэр, төрлөөр;

7.5.1.б/ төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяалах төсөвт байгууллагын өөрийн орлогын хэмжээ, харьяалах төсөвт байгууллагын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээгээр.

7.5.2. аймаг, нийслэлийн Засаг дарга урсгал зарлага, хөрөнгийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дээд хэмжээг төсвийн захирагч бүрээр;

7.5.3. бусад шатны төсөвт олгох орлогын шилжүүлэг, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг дараахь байдлаар тооцох:

7.5.3.а/ аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийн хэмжээг сум, дүүрэг тус бүрээр;

7.5.3.б/ аймаг, нийслэлийн төсвөөс сум, дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг сум, дүүрэг тус бүрээр;

7.5.3.в/ аймаг, нийслэлийн төсөвт сум, дүүргийн төсвөөс татан төвлөрүүлэх орлогын хэмжээг сум, дүүрэг тус бүрээр;

7.5.3.г/ аймаг, нийслэлийн төсвөөс сум, дүүргийн төсөвт олгох тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээг зориулалтын чиг үүрэг, сум, дүүрэг тус бүрээр;

7.5.3.д/ аймаг, нийслэлийн төсвөөс орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хөрөнгө төвлөрүүлэхээр бол орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээгээр.

7.5.4. урд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зардлыг зарлагын томсгосон ангиллаар тооцох;

7.5.5. төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн хэмжээг дараахь нөхцөл үүсэх нь тодорхой болсон тохиолдолд тооцох:

7.5.5.а/ нийслэлийн Засаг дарга Төсвийн тухай хуулийн 58.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төслийг дөрөв хүртэлх жилийн хугацаатайгаар өр үүсгэн санхүүжүүлэх бол хөрөнгө оруулалтын төслийг зарлагын эдийн засгийн ангилалд хөрөнгийн зардал байдлаар тусгаж, тухайн жилд төлөх хүүгийн зардлыг урсгал зардалд тусгаж, алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн хэмжээг, тухайн төсвийн жилд шинээр үүсгэх өрийн хэмжээтэй тэнцүү буюу багаар, түүнчлэн нэг жилд ногдох үндсэн төлбөрийн хэмжээгээр.

7.5.6. аймаг, нийслэлийн Засаг дарга хөтөлбөр, хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг төсвийн захирагч бүрээр гаргаж төсвийн төслийн хавсралт байдлаар боловсруулж, дараахь зүйлийг тусгана:

7.5.6.а/ төсвийн захирагчийн нэр;

7.5.6.б/ хөтөлбөрийн нэр;

7.5.6.в/ тухайн жилд хүрэх чанарын үзүүлэлт;

7.5.6.г/ тухайн жилд хүрэх тоо хэмжээний үзүүлэлт;

7.5.6.д/ зарцуулах төсөв.

7.5.7. аймаг, нийслэлийн Засаг дарга хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтад дараахь зүйлсийг тусгана:

7.5.7.а/ төсвийн захирагчийн нэр;

7.5.7.б/ хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний нэр;

7.5.7.в/ байршил;

7.5.7.г/ хүчин чадал;

7.5.7.д/ хэрэгжүүлэх хугацаа;

7.5.7.е/ төсөвт өртөг;

7.5.7.ё/ санхүүжүүлэх эх үүсвэр;

7.5.7.ж/ тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүн.

7.6. Сум, дүүргийн жилийн төсвийн төсөлд Төсвийн тухай хуулийн 33.2-т заасныг дор дурдсан байдлаар тусгана:

7.6.1. сум, дүүргийн Засаг дарга өөрийн төсөвтөө тухайн жилд төвлөрүүлэх орлого, харьяалах төсвийн байгууллагын тухайн жилд олох орлогын хэмжээг дараахь байдлаар тооцох:

7.6.1.а/ сум, дүүргийн төсвийн нийт орлогын дүнг Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан орлогын нэр, төрлөөр;

7.6.1.б/ төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяалах төсөвт багууллагын өөрийн орлогын хэмжээ, харьяалах төсөвт байгууллагын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээгээр.

7.6.2. сум, дүүргийн Засаг дарга урсгал зарлага, хөрөнгийн зарлагын дээд хэмжээг төсвийн захирагч бүрээр.

7.6.3. сум, дүүргийн төсвөөс аймаг, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ, орон нутагт Засгийн газрын зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй улсын төсөвт байгууллагад олгох тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээг дараахь байдлаар тооцох:

7.6.3.а/ сум, дүүргийн төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээг хөтөлбөрөөр, төсвийн захирагч бүрээр;

7.6.3.б/ сум, дүүргийн төсвөөс аймаг, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээгээр.

7.6.4. урьд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зардлыг зарлагын томсгосон ангиллаар;

7.6.5. сум, дүүргийн Засаг дарга хөтөлбөр, хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг төсвийн төслийн хавсралт байдлаар боловсруулан, дараахь зүйлийг тусгана:

7.6.5.а/ төсвийн захирагчийн нэр;

7.6.5.б/ хөтөлбөрийн нэр;

7.6.5.в/ тухайн жилд хүрэх чанарын үзүүлэлт;

7.6.5.г/ тухайн жилд хүрэх тоо хэмжээний үзүүлэлт;

7.6.5.д/ зарцуулах төсөв.

7.6.6. сум, дүүргийн Засаг дарга хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг төсвийн төслийн хавсралт байдлаар боловсруулан, дараахь зүйлийг тусгана:

7.6.6.а/ төсвийн захирагчийн нэр;

7.6.6.б/ хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний нэр;

7.6.6.в/ байршил;

7.6.6.г/ хүчин чадал;

7.6.6.д/ хэрэгжүүлэх хугацаа;

7.6.6.е/ төсөвт өртөг;

7.6.6.ё/ санхүүжүүлэх эх үүсвэр;

7.6.6.ж/ тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүн.


НАЙМ. БАТЛАГДСАН ТӨСВИЙГ НЭГТГЭН ХҮРГҮҮЛЭХ

8.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн төсвийн нэгтгэлийг дараахь байдлаар боловсруулна:

8.1.1. төсвийн орлогын нэгтгэлийг орлогын дэлгэрэнгүй эдийн засгийн ангиллаар;

8.1.2. төсвийн зарлагын нэгтгэлийг төсвийн захирагч бүрээр, зарлагын дэлгэрэнгүй эдийн засгийн ангиллаар;

8.1.3. санхүүжүүлэх эх үүсвэрийг төсвийн захирагч бүрээр, дэлгэрэнгүй эдийн засгийн ангиллаар.

8.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн жилийн аймаг, нийслэлийн төсвийг батлагдсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.

8.3. Сум, дүүргийн Засаг дарга тухайн жилийн сум, дүүргийн төсвийг батлагдсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт аймаг, нийслэлийн Засаг даргад нэгтгүүлэхээр хүргүүлнэ.

8.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж ирүүлсэн жилийн төсвийг энэ журмын 8.1-д заасны дагуу нэгтгэн боловсруулж санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын 31-ны дотор хүргүүлнэ.


ЕС. АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЖИЛИЙН ТӨСВИЙН САР, УЛИРЛЫН ХУВААРЬ
БОЛОВСРУУЛАХ, БАТЛАХ, ХҮРГҮҮЛЭХ
        

9.1. Төсвийн захирагч төсвийн сар, улирлын хуваарийг боловсруулан батлахад дараахь зүйлийг харгалзана:

9.1.1. урсгал зарлага, хөрөнгийн зарлага санхүүжилтийн болон орлого төвлөрөлтийн сар, улирлын онцлог;

9.1.2. доод шатны төсвийн захирагчаас зарлагыг санхүүжилтийн эх үүсвэртэй нь уялдуулан ирүүлсэн санал;

9.1.3. дээд шатны төсвөөс олгох шилжүүлгийн сар, улирлын хуваарь;

9.1.4. сар бүрийн сүүлийн 5 өдөрт санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт оруулахгүй байх;

9.1.5. улиралд дээд тал нь нэг удаа өөрчлөлт оруулдаг байх.

9.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны төсвийн сар, улирлын хуваарийг Төсвийн тухай хуулийн 8.7.1-д заасан хугацаанд энэ журмын 9.1-д заасан зүйлийг харгалзан төсвийн ангилал бүрээр, боловсруулан, баталж, сум, дүүргийн Засаг даргад баталсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор төсөв хоорондын шилжүүлгийн хуваарийг хүргүүлнэ.

9.3. Сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны батлагдсан төсвийн сар, улирлын хуваарийг энэ журмын 9.2-т заасны дагуу шилжүүлгийн сар, улирлын хуваарийг үндэслэн ажлын 5 өдрийн дотор боловсруулан, батална.

9.4. Сум, дүүргийн жилийн төсвийн сар, улирлын хуваарийг энэ журмын 9.1-д заасан зүйлийг харгалзан төсвийн ангилал бүрээр, боловсруулан аймаг, нийслэлийн Засаг даргад батлагдсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.

9.5. Аймаг нийслэлийн Засаг дарга жилийн төсвийн сар, улирлын хуваарийг нэгтгэн жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны дотор санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

9.6. Төсвийн зарлага санхүүжилтийн сар, улирлын хуваарийн дээд шатны төсөвт хүргүүлсэн нэгтгэл нь тухайн шатны төсвийн сарын санхүүжилтийн төлөвлөгөөний нэгтгэл болж, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдана.

9.7. Доод шатны төсвийн санхүүжилтийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт орсон бол аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтийн хуваарийн батлагдсан төлөвлөгөөний нэгтгэлийг шинэчлэн дээд шатны төсөвт хүргүүлнэ.


АРАВ. ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ

10.1. Төсвийн тодотголын төслийг Төсвийн тухай хуулийн 34.2-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд боловсруулна.

10.2. Дээд шатны төсөвт тодотгол орсны улмаас доод шатны төсвийн захирагч батлагдсан төсөвтөө зайлшгүй тодотгол оруулах шаардлагатай гэж үзвэл дээд шатны төсөвт тодотгол орсноос хойш 45 хоногт багтааж төсвийн тодотголын төслийг боловсруулж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.

10.3. Төсвийн тодотголын төслийг зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулж буй зүйлийг энэ журмын 7 дугаар зүйлд заасны дагуу боловсруулж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.

10.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн тодотголын төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн баталснаас хойш 30 өдрийн дотор сар, улирлын хуваарийг баталж, нэгтгэн, санхүү төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.                              


АРВАН НЭГ. МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ АШИГЛАХ

11.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүрийн батлагдсан төсвийн нэгтгэл, батлагдсан төсвийн сар, улирлын хуваарь, тухайн жилийн төсвийн төсөл, тухайн жилийн болон өмнөх жилүүдийн төсвийн гүйцэтгэл, төсөвтэй холбогдолтой бусад тоон мэдээлэл, саналыг санхүү төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн удирдамжийн дагуу улсын хэмжээнд хэрэглэж буй төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн программ хангамжид цаг, тухай бүрт нь оруулна.

11.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга дор дурдсан мэдээллийг төсвийн төлөвлөлтийн программ хангамжид заавал оруулна:

11.2.1. жилийн батлагдсан төсвийн нэгтгэлийг;

11.2.2. батлагдсан төсвийн сар, улирлын хуваарийн нэгтгэлийг;

11.2.3. суурь төсвийн саналыг;

11.2.4. өмнөх жилийн төсвийн гүйцэтгэлийг;

11.2.5. тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хамгийн сүүлд баталсан тодотгосон төсвийн төлөвлөгөөг баталсан тухай бүрт өөрчлөлтийг;

11.2.6. журмын 11.2.5-тай холбогдон гарсан сар, улирлын хуваарийн өөрчлөлтийг.

11.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга журмын 11.2-т заасан мэдээллийг дор дурдсан төсвийн ангилал ашиглан төсвийн төлөвлөлтийн программ хангамжид оруулна:

11.3.1. төсвийн шатлалаар;

11.3.2. төсвийн захирагч бүрээр;

11.3.3. эдийн засгийн ангиллаар;

11.3.4. хөтөлбөрөөр;

11.3.5. зориулалт, арга хэмжээгээр;

11.3.6. санхүүжүүлэх эх үүсвэрээр.

11.4. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн программ хангамжийг хэрэглэхэд шаардлагатай нарийвчилсан заавар, гарын авлагыг боловсруулж, мэдээллээр хангана.

11.5. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн программ хангамжийн хэвийн ажиллагааг хангаж, тогтмол шинэчлэн боловсруулж, өөрчлөлт бүрийг танилцуулан, холбогдох гарын авлага мэдээллээр хангана.

11.6. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мэдээллийн системийн хэвийн ажиллагаа, найдвартай байдлыг хангана.

11.7. Төсвийн захирагч бүр мэдээллийн аюулгүй байдал, үнэн зөв байдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хангана.

11.8. Төсвийн захирагч бүр тухайн жилийн төсвийн танилцуулга, холбогдох тооцоог төрийн сангийн нэгдсэн сүлжээнд эмх цэгцтэй байршуулж дээд шатны байгууллагыг мэдээллээр тогтмол хангана.


АРВАН ХОЁР. ТӨСВИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХАД
ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ

12.1. Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөхөд иргэд, олон нийтийн оролцоог дараахь байдлаар хангана:

12.1.1. аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тухайн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний төлөвлөгөөний урьдчилсан жагсаалтыг боловсруулж, жил бүрийн 3 дугаар улиралд багтаан иргэд, олон нийтийн саналыг авна;

12.1.2. иргэд, олон нийтийн саналыг цахим хуудас, санал асуулгын хуудас ашиглах, ярилцлага зохион байгуулах болон дэвшилтэт технологийн бусад хэлбэр ашиглах замаар явуулна;

12.1.3. аймаг, нийслэлийн Засаг дарга олон нийтээс хамгийн их санал авсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дарааллыг эрэмбэлэн, иргэд, олон нийтэд танилцуулна;

12.1.4. аймаг, нийслэлийн Засаг дарга аймаг, нийслэлийн чиг үүрэгт хамаарах асуудлын урьдчилсан жагсаалтыг олон нийтээр хэлэлцүүлж, баталгаажуулах үйл ажиллагааг сум, дүүргийн нэгдсэн жагсаалт боловсруулах үйл ажиллагаатай хамтад нь явуулж болно;

12.1.5. аймаг, нийслэлийн Засаг дарга олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулснаар нийтийн эрх ашигт нийцсэн, эрэмбэлэгдсэн, орон нутгийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөртэй уялдсан, энэ журмын 6.3-д заасан шаардлагыг хангасан нэгдсэн жагсаалтыг гарган тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төсвийн төслийн хамт өргөн мэдүүлнэ.

12.2. Сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөхөд иргэд, олон нийтийн оролцоог дараахь байдлаар хангана:

12.2.1. баг, хорооны Засаг дарга орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг хорооны иргэдийн дунд олон нийтийн нээлттэй санал асуулгыг явуулна:

12.2.1.а/ баг, хорооны иргэдээс санал асуулгыг авахдаа санал асуулгын хуудсаар, бүлгийн ярилцлага, цахим хэлбэрээр авна;

12.2.1.б/ саналыг асуулгын хуудсаар авахад энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан маягтыг ашиглах ба маягтыг баг,  хорооны айл өрх бүрт жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан хүргүүлнэ;

12.2.1.в/ энэ журмын 12.2.1.а-т заасан хэлбэрээр санал асуулгыг явуулахдаа, жил бүрийн 2 дугаар улирлын эхний 30 өдөрт багтаан санал авна.

12.2.2. баг, хорооны Засаг дарга холбогдох маягтын дагуу тухайн баг хорооны иргэдийн ирүүлсэн саналыг багийн иргэдийн нийтийн хуралд хэлэлцүүлэх урьдчилсан жагсаалтыг бэлтгэхдээ:

12.2.2.а/ хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээс бий болох үр өгөөжийг хэн хүртэх;

12.2.2.б/ хэдэн хүн ашиг хүртэх;

12.2.2.в/ сум, дүүргийн  иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх;

12.2.2.г/ төслийн нийт өртөг зэргийг тусгасан байна.

12.2.3. баг, хорооны Засаг дарга иргэдийн Нийтийн Хурал хуралдахаас 2 долоо хоногийн өмнө тухайн сум, дүүрэгт хуваарилагдах хөрөнгийн урьдчилсан тооцоо, иргэдээс гаргасан саналын урьдчилсан жагсаалт, сум, дүүргийн Засаг даргаас ирүүлсэн тухайн сум, дүүрэг, баг хороонд хэрэгжүүлэх шаардлагатай хөгжлийн бодлого чиглэлтэй уялдсан төслүүдийн мэдээлэл, өмнөх жилүүдэд хэрэгжсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаарх товч мэдээллийг баг, хороодод байршуулсан байна;

12.2.4. баг, хорооны Засаг дарга иргэдийн саналын урьдчилсан жагсаалт, сум, дүүргийн Засаг даргаас ирүүлсэн хөгжлийн бодлоготой уялдсан төслийн санал болон иргэдийн Нийтийн Хурал дээр гарсан саналыг тухайн иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлж, тус хурлаас эрэмбэлэгдэн гарсан төслийн жагсаалтыг сум, дүүргийн Засаг даргад 2 дугаар улиралд багтаан хүргүүлнэ;

12.2.5. сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлсэн саналыг нэгтгэн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан, дүн шинжилгээ хийн, олонхийн санал авсан дарааллаар нь эрэмбэлж багцална:

12.2.5.а/ сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар баг, хороодоос ирүүлсэн саналыг нэгтгэж, сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг бэлтгэнэ;

12.2.5.б/ сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар тэргүүлэх ач холбогдлоор эрэмбэлэгдсэн төслийн саналын төсвийн нөлөөллийн тооцоог боловсруулж хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтыг 60 өдөрт нэгтгэн боловсруулна.

12.2.5.в/ орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөхөд төсөв, хөрөнгө оруулалт болон тухайн салбарыг хариуцсан мэргэжилтэнүүдийг оролцуулсан арга зүйн зөвлөмж өгч дүгнэлт гаргах үүрэг бүхий 7-оос доошгүй гишүүдээс бүрдэх ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар томилж ажиллуулна;

12.2.5.г/ эрэмбэлсэн жагсаалтыг үндэслэн энэ журмын 3 дугаар хавсралтад заасан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөл тодорхойлох маягтыг бэлтгэнэ;

12.2.5.д/ нэгдсэн жагсаалтад орсон хөтөлбөр төсөл, арга хэмжээ бүр тодорхойлох маягттай байна.

12.2.6. сум, дүүргийн Засаг дарга олон нийтээс авсан саналын дагуу хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дарааллыг олон нийтэд танилцуулан, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж болно;

12.2.7. сум, дүүргийн Засаг дарга эрэмбэлэгдсэн, орон нутгийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөртэй уялдсан, энэ журмын 6.3-т заасан шаардлагыг хангасан нэгдсэн жагсаалтыг гаргаж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төсвийн төслийн хамт өргөн мэдүүлнэ;

12.2.8. сум, дүүргийн Засаг дарга баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас баталгаажсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь сум, дүүргийн төсвөөр бие даан хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарахгүй бол саналын жагсаалтыг тусад нь бэлтгэж аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж болно;

12.3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээний эрэмбэлэгдсэн саналыг Засаг даргын Тамгын газар энэ журмын 6.3-т заасан зүйлийг баримтлаагүй тохиолдолд нэгдсэн жагсаалтаас хасах үндэслэл болно.

12.4. Нэгдсэн жагсаалтад дараахь зүйлсийг заавал тусгана:

12.4.1. хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний нэр;

12.4.2. хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний нэр;

12.4.3. байршил;

12.4.4. саналын тоо;

12.4.5. зарцуулах төсөв.

/12 дугаар бүлгийг Сангийн сайдын 2018 оны 228-р тушаалаар хүчингүй болгосон./

 

---о0о---