ТӨБЗГ-ын 2019 оны 271 дүгээр тогтоол

 

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО,
ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН
ТОГТООЛ

2019 оны 06 сарын 18-ний өдөр, дугаар 271, Улаанбаатар хот


ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 5, 8 дахь хэсэг, 25 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын 2008 оны 148 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Журам батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгосугай:

2.1. Төрийн өмчийн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй, ашиглалтын хугацаа дууссан, элэгдэл хорогдлын шимтгэлээрээ балансын үнээ нөхсөн, сэргээн засварлаж цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон тавилга, эд хогшил, компьютер, түүний дагалдах хэрэгсэл, программ хангамжийг акталж, данснаас хасах асуудлыг судлан, тухай бүр акталж, данснаас хасах зөвшөөрөл олгож байх;

2.2. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй боловч үндсэн хөрөнгийн шинжийг агуулаагүй, элэгдэл байгуулахад тохиромжгүй хөрөнгийг эргэлтийн хөрөнгийн дансанд шилжүүлэх, эргэлтийн хөрөнгөд бүртгэлтэй, үндсэн хөрөнгийн шинжийг агуулсан хөрөнгийг үндсэн хөрөнгийн дансанд шилжүүлэх, үндсэн хөрөнгийн дансны ангилал хооронд шилжүүлэх асуудлыг судлан, тухай бүр зөвшөөрөл олгож байх;

2.3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага хооронд хөдлөх үндсэн хөрөнгө шилжүүлэх хүсэлтийг судлан үзэж тухай бүр нь зөвшөөрөл олгож байх;

2.4. Төсөвт байгууллага нь нэмэлт төсөв, давсан орлого, холбогдох төсөл арга хэмжээний хүрээнд компьютер, дагалдах хэрэгсэл, тавилга эд хогшил, программ хангамж худалдан авах тохиолдолд төсөв зарцуулах эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн зөвшөөрөл олгож байх;

2.5. Энэ тогтоолыг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хүргүүлэх, төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх саналыг хянан судалж, журамд заасан нөхцөл, шаардлагад нийцэж байгаа тохиолдолд шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.

3. "Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам"-ыг мөрдөж ажиллахыг төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагуудад даалгасугай.

4. "Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам"-ыг жишиг болгон ашиглахыг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагуудад зөвлөсүгэй.

5. Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зөвлөсүгэй.

6. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, хууль зүйн хэлтэс (А.Ариунболд)-т даалгасугай.

7. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

ДАРГЫН ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                    Б.ГАНБАТ

 

ЗАХИРГАА, ХУУЛЬ ЗҮЙН
ХЭЛТСИЙН ДАРГА                                               А.АРИУНБОЛД

Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмын зорилго нь төр өөрийн өмчийн хөрөнгөөр дангаараа байгуулсан төрийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгөд хамаарах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө (цаашид "эд хөрөнгө" гэх) олж авах, бүртгэх, худалдах, данснаас хасах, шилжүүлэх болон холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцож, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Төрийн өмчит хуулийн этгээд нь эд хөрөнгө олж авах, бүртгэх, худалдах, акталж данснаас хасах, шилжүүлэх тухай саналаа энэ журамд заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тавьж шийдвэрлүүлнэ.

1.3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, актлах талаар ирүүлсэн саналыг хянан үзээд энэ журамд заасны дагуу шийдвэрлэж, шийдвэрийг тухайн байгууллагад хүргүүлнэ.

1.4. Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх барих байгууллага болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар эд хөрөнгө олж авах, бүртгэх, балансаас балансад шилжүүлэх, худалдах, актлах тухай асуудлыг хэлэлцэхэд энэхүү журмыг удирдлага болгоно.

1.5. Төрийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах Байнгын зөвлөл үйл ажиллагаандаа энэхүү журмыг баримтлан ажиллана.

1.6. Хөрөнгө худалдах, хувьчлах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ.


ХОЁР. ТӨРИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ОЛЖ АВАХ, БҮРТГЭХ, ДАНСНААС ХАСАХ, ШИЛЖҮҮЛЭХ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

2.1. Төрийн өмчит хуулийн этгээд нь энэ журмын 1.2-т заасан асуудлыг шийдвэрлүүлэхдээ дор дурдсан бичиг баримтаас тухайн харилцаанд хамааралтай баримт, материалыг бүрдүүлнэ:

2.1.1. Компанийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөлийн, шаардлагатай бол Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, бусад төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд харьяа Төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрөл;

2.1.2. худалдан авах санхүүжилтийн эх үүсвэрийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэр;

2.1.3. хуулийн этгээдийн өмч хамгаалах Байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэл, дүгнэлт;

2.1.4. холбогдох мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлт;

2.1.5. эдийн засгийн тооцоо, үндэслэл, зах зээлийн үнийн харьцуулсан судалгаа, худалдан авах дээд, худалдах доод үнийн санал;

2.1.6. балансаас балансад шилжүүлэх бол өмч эзэмшигч байгууллагын зөвшөөрөл болон шилжүүлэн авах хуулийн этгээдийн хүсэлт;

2.1.7. ашиглалтын хугацаа дуусаагүй, үлдэгдэл өртөгтэй боловч ашиглах боломжгүй болсон үндсэн хөрөнгийн эвдрэл, гэмтлийн шалтгааныг тогтоосон дүгнэлт, хохирол барагдуулсныг нотлох баримт, сэргээн засварлаж ашиглахад шаардагдах эдийн засгийн тооцоо үндэслэл;

2.1.8. үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг худалдах, үнийг шинэчлэн тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан;

2.1.9. үндсэн хөрөнгөд бүртгэлтэй номыг устгах талаар гаргасан холбогдох мэргэжпийн байгууллагын дүгнэлт;

2.1.10. үндсэн хөрөнгөд бүртгэлтэй буу, галт зэвсгийн талаар Цагдаагийн байгууллагын албан бичиг, дүгнэлт;

2.1.11. түүх, соёлын дурсгалт зүйлсийн талаарх аливаа шийдвэрийг гаргахад соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын санал;

2.1.12. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн биет болон биет бус үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааг тогтоосон хэсгийг хуулбарлан, "Хуулбар үнэн" тэмдгээр баталгаажуулан ирүүлэх;

2.1.13. бусад шаардлагатай баримт материал.

2.2. Үл хөдлөх хөрөнгийн хувьд энэхүү журмын 2.1-д зааснаас гадна дараах баримт, мэдээллийг ирүүлнэ:

2.2.1. Үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газрын эзэмших (ашиглах) эрхийн санхүүгийн тайланд бүртгэсэн үнэлгээ, гэрчилгээ, газар эзэмшүүлэх (ашиглуулах) гэрээ, кадастрын зургийн хуулбар;

2.2.2. Үл хөдлөх хөрөнгөд хийсэн их болон урсгал засварын зардал, тухайн эд хөрөнгөтэй холбоотой бусдын өмнө хүлээсэн хариуцлагын (зээл, өрийн барьцаа, баталгаа гэх мэт) болон ашиглалтын талаарх мэдээлэл;

2.2.3. барилгын паспортын хуулбар, орчны тойм зураг, байгуулалтын зураг /план/, гадна, дотор талын өнгөт фото зураг, инженерийн шугам сүлжээний техникийн зургийн хуулбар, бусад баримт бичиг;

2.2.4. Үл хөдлөх хөрөнгийг бусад этгээдтэй хамтран эзэмшиж, өмчилдөг тохиолдолд тухайн барилгыг бүхэлд нь зураглан, хөршүүдтэй хамтран баталсан заагийн актын хуулбар;

2.2.5. Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, худалдах бол түүнд ногдох газрын хэмжээ, үнэлгээ, гэрчилгээ, кадастрын зураг (салгаж хийлгэсэн);

2.2.6. төрийн өмчит болон төрийн өмчин оролцоотой хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газрын нэгж талбарыг хуваах, нэгтгэх, шилжүүлэх зэргээр өөрчлөлт орж байгаа нөхцөлд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан зөвшөөрөл, холбогдох дүгнэлт;

2.2.7. Газрын тухай хуулийн 39.1.3-т заасны дагуу тухайн байгууллагын газар эзэмших эрхийг дуусгавар болгосон тухай Засаг даргын шийдвэр, холбогдох материал;

2.3.  Тээврийн хэрэгслийн хувьд энэхүү журмын 2.1-д зааснаас гадна дараах баримт, мэдээллийг ирүүлнэ:

2.3.1. тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техник ашиглалтын дэвтэр, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хуулбар;

2.3.2. техникийн үзүүлэлт, 3 талаас нь авсан өнгөт фото зураг;

2.3.3. төслийн шугамаар ашиглагдаж байсан бол гаалийн татвар төлөлтийн мэдээлэл, холбогдох баримт;

2.3.4. ашиглалтын сүүлийн 3 жилийн сэргээн босголтын зардлын дүн;

2.3.5. Тээврийн хэрэгслийн хувийн хэргийн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг төлсөн болон техникийн үзлэгт орсон талаарх эрх бүхий этгээдийн хийсэн тэмдэглэл, газрын үсэг, тамга бүхий хэсгийн хуулбар;

2.3.6. ашиглалтад орсон он, балансын үнэ, хуримтлагдсан элэгдэл болон бусад мэдээллийг холбогдох байгууллагаас баталсан төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн "Тээврийн хэрэгслийн маягт"-ын дагуу.

2.4. Механизм, тоног төхөөрөмжийн хувьд энэхүү журмын 2.1, 2.3-т зааснаас гадна дараах баримт, мэдээллийг ирүүлнэ:

2.4.1. механизм, тоног төхөөрөмжийн техник ашиглалтын паспортын хуулбар;

2.4.2. барилга байгууламжид суурилагдсан бол энэ тухай мэдээлэл;

2.4.3. бусад шаардлагатай баримт материал.

2.5. Биет бус хөрөнгийн хувьд энэ журмын 2.1-д зааснаас гадна дараах баримт, мэдээллийг ирүүлнэ:

2.5.1. Биет бус хөрөнгийн дансанд бүртгэлтэй "газар эзэмших эрх"-ийн асуудлыг шийдвэрлүүлэхэд газар эзэмших/ ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, тухайн газар дээр барилга, байгууламжийн жагсаалт, газар шилжүүлэх болсон үндэслэл, шалтгааны тайлбар;

2.5.2. Тусгай зөвшөөрөл, патент, лиценз бүхий биет бус хөрөнгийн эрхийн бичгийн хуулбар, актлах, устгах, шилжүүлэх болсон үндэслэл

2.5.3. Программ хангамжийн нэр, үнэ, элэгдэл, хорогдол, лиценз эзэмшигч болон ашиглалтын талаарх мэдээллийг жагсаалтаар.


ГУРАВ. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ОЛЖ АВАХ

3.1. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь эд хөрөнгийг эрх бүхий байгууллагаас баталсан төсөв, эдийн засгийн ангилал, зориулалтын дагуу болон Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу, үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болгох, эсхүл иргэн, хуулийн этгээдээс үнэ төлбөргүй шилжүүлж авах, түүнчлэн хандив, тусламж, бэлэглэл, эрх залгамжлах журмаар олж авна.

3.2. Төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, их дээд сургууль болон төсвөөс санхүүжилт авдаггүй бусад төрийн өмчит хуулийн этгээд нь хуульд өөрөөр заагаагүй бол өөрийн чиг үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай, дараагийн жилд хэрэгжүүлэх их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөө, жагсаалтыг бэлтгэн саналаа жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлж батлуулна.

3.3. Төрийн өмчит хуулийн этгээдэд эд хөрөнгө худалдан авах зөвшөөрөл олгох, үнийн дээд хязгаарыг тогтоохдоо эрх бүхий байгууллагаас баталсан төсөв болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан эх үүсвэрийг баримтлана.

3.4. Төрийн өмчит хуулийн этгээд тээврийн хэрэгсэл худалдан авах тухай бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авна. Ийнхүү зөвшөөрөл олгохдоо эрх бүхий байгууллагаас тогтоосон тоо, төрлийг харгалзан үзнэ.

3.5. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагаа, чиг үүрэгт өөрчлөлт орсон, ажлын цар хүрээ нэмэгдсэн, багассан, бүтцийн өөрчлөлт хийснээс шалтгаалан суудлын автомашин нэмж авах, цөөрүүлэх зайлшгүй шаардлага гарвал автомашины тоо, төрөл тогтоосон шийдвэрт өөрчлөлт оруулах тухай саналаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тавьж шийдвэрлүүлнэ.

3.6. Эрчим хүч, уул уурхай, авто замын салбарын төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой байдал үүссэний улмаас хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагаар эд хөрөнгө худалдан авах тохиолдолд тодорхой үндэслэл, хөрөнгийн эх үүсвэрийн саналаа бэлтгэн холбогдох төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тавьж зохих зөвшөөрөл авна.

3.7. Төрийн өмчит хуулийн этгээд автомашин шинээр худалдан авах санал ирүүлэхдээ илүүдэлтэй эсхүл ашиглалтын шаардлага хангахгүй автомашиныг худалдах, шилжүүлэх, актлах асуудлыг хамтад нь тавьж шийдвэрлүүлнэ.

3.8. Төрийн өмчит хуулийн этгээд нь газар эзэмших эрх шинээр авах саналаа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан, холбогдох Газрын алба, сумын газрын даамалд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ. Газар эзэмших/ашиглах эрх үүсмэгц түүнийг үнэлж, санхүүгийн тайланд бүртгэх саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлж шийдвэрлүүлнэ.


ДӨРӨВ. ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ БҮРТГЭХ

4.1. Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний болон хандив, бэлэглэл, тусламжийн хүрээнд бий болсон хөрөнгийг санхүүжилтийн гүйцэтгэлээр эрх бүхий байгууллагын албан бичиг, тооцоо, гүйцэтгэгчээс захиалагчид хүлээлгэн өгсөн баримт, хөрөнгө тус бүрийн үнийн задаргааг харгалзан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох журамд заасны дагуу монгол хэлээр, зөв, оновчтой нэршлээр данс бүртгэлд тусгана.

4.1.1. Батлагдсан эх үүсвэрээр бэлтгэсэн болон хандив, тусламж, бэлэглэл, төслийн шугамаар бий болсон хөдлөх хөрөнгийг бүртгэлд тусгахад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авах шаардлагагүй.

4.1.2. Батлагдсан эх үүсвэрээр бэлтгэж буй үл хөдлөх хөрөнгийг Төсвийн ерөнхийлөн захирагчийн хөрөнгө оруулалт хариуцсан хэлтэс, нэгжээс хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гүйцэтгэл, хөрөнгийн жагсаалт, холбогдох бусад баримтыг аль нэг, эсвэл хэд хэдэн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд эзэмшүүлэх саналын хамт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлж бүртгэлд тусгах, эзэмшигчийг тогтоох асуудлыг шийдвэрлүүлнэ.

4.1.3. Энэ журмын 4.1.1-д заасан хөрөнгийг хүлээн авч буй хуулийн этгээд тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлийг албан ёсоор авч үндсэн болон эргэлтийн хөрөнгөөр нь ангилан, ашиглах хугацаа, чанар байдлыг нь харгалзан ашигласан хугацааны элэгдэл, хорогдлын шимтгэлийг тооцож данс бүртгэлдээ тусгана.

4.1.4. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд улсын төсвийн хөрөнгө оруулалт, зээл, тусламж, хандиваар бий болсон хөрөнгийг үндсэн хөрөнгийн дансанд бүртгэхэд үнэ өртөг, эзэмших хуулийн этгээд нь тодорхойгүй болон маргаантай тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт асуудлаа тавьж шийдвэрлүүлнэ.

4.1.5. Зээлийн эх үүсвэрээр бий болсон хөрөнгийн хувьд уг зээлийн эргэн төлөлтийг хариуцах этгээдийг Сангийн яам болон холбогдох гэрээ хэлэлцээрээр тогтоосны үндсэн дээр бүртгэлд тусгах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд эзэмшүүлэх асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тавьж шийдвэрлүүлнэ.

4.2. Төсөвт хуулийн этгээд нь Төсвийн тухай хуулийн батлагдсан урсгал төсөв, нэмэлт төсөв, хэмнэсэн төсөв болон давсан орлогоос үндсэн хөрөнгө бэлтгэх бол хэрэгцээ, шаардлагаа тодорхойлж, зайлшгүй хэрэгцээтэй хөрөнгийн жагсаалт, тоо хэмжээ, худалдан авах үнийн дээд хязгаарын саналыг дээд шатны төсвийн ерөнхийлөн захирагч дэмжсэн тохиолдолд Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зөвшөөрөл олгоно.

4.3. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд Төсвийн тухай хуулийн болон төрийн өмчид хамаарах хандив, бэлэглэл, тусламжийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг эзэмшүүлэх эсэх асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шийдвэрлэх бөгөөд тухайн хуулийн этгээдийн эзэмшигчдийн өмч болон холбогдох бусад дансанд бүртгэх зөвшөөрөл олгоно.

4.4. Улсын төсвийн тухай хуулийн дагуу хийсэн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ болон төрийн өмчид хамаарах хандив, бэлэглэл, тусламжийн хүрээнд бий болсон эд хөрөнгийг ашиглалтад хүлээн авсан актыг үндэслэн эцсийн гүйцэтгэлийн дүнгээр Нягглан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох журамд заасны дагуу үнэлж эргэлтийн болон үндсэн хөрөнгийн холбогдох данс бүртгэлд заавал тусгана.

4.5. Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тогтоолоор баталсан "Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналын журам"-ын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилга, байгууламжийг барьж дуусах хүртэл захиалагч байгууллага нь "бусад эргэлтийн хөрөнгө" дансанд бүртгэн санхүүгийн тайландаа тусгана.
Улсын комисс барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан актыг үндэслэн захиалагч байгууллага болон Төсвийн ерөнхийлөн захирагчаас тухайн үл хөдлөх хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд эзэмшүүлэх саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж шийдвэрлүүлснээр эзэмшигч байгууллагын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэнэ.

4.6. Үндсэн хөрөнгийн дансанд Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын "хүлээн зөвшөөрөлтийн зарчим" хангагдсан, үндсэн хөрөнгийн шинжийг хадгалсан хөрөнгийг бүртгэнэ.

4.7. Улсын төсөв, хандив, бэлэглэл, тусламжийн хүрээнд бий болсон хөрөнгийг тухайн төрийн өмчит байгууллага ашиглаж байгаа боловч данс бүртгэлд тусгаагүй бол түүнийг зөрчил гэж үзэх бөгөөд тэдгээр хөрөнгийг данс бүртгэлд тусгах асуудлыг Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нэн даруй тавьж шийдвэрлүүлнэ.

4.8. Төсөвт байгууллагын зөвшөөрөлгүй бэлтгэсэн үндсэн хөрөнгийг хураан авч хэрэгцээ, шаардлагатай байгууллагад шилжүүлэх асуудлыг Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэж болно.

4.9. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд улсын төсвийн хөрөнгө оруулалт, зээл, тусламж, хандиваар бий болсон хөрөнгийг үндсэн хөрөнгийн дансанд бүртгэхэд үнэ өртөг, эзэмших хуулийн этгээд нь тодорхойгүй болон маргаантай тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт асуудлаа тавьж шийдвэрлүүлнэ.

4.10. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлсэн хөрөншйг хүлээн авч, төрийн өмчид бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлснээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ:

4.10.1. шилжүүлэх хөрөнгийн үнэ өртөг, тоо хэмжээ, нэр төрөл, байршил, чанар байдлыг тодорхой тусгасан хөрөнгө шилжүүлэх тухай аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;

4.10.2. орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх хөрөнгийг хүлээн авч, данс бүртгэлдээ тусгах төрийн өмчит хуулийн этгээдийн зөвшөөрөл, өмч эзэмшигч орон нутгийн өмчит байгууллагын санал,

4.10.3. үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгийн доорх газар "газар эзэмших эрх" (биет бус хөрөнгийн дансанд бүртгэлтэй)-ийн үнэлгээ, эрхийн гэрчилгээ, кадастрын зураг болон уг эрхийг төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд шилжүүлэх асуудлаар аймаг, нийслэлийн Засаг даргын санал, зөвшөөрөл.


ТАВ. ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ

5.1. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр болон бусад шаардлагаар төрийн өмчит хуулийн этгээд илүүдэлтэй буюу ашигладаггүй эд хөрөнгийг шилжүүлэх, бусад байгууллагын өмчлөлд байгаа эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэн авахдаа өмч эзэмшигч байгууллагын зөвшөөрлийг авч, холбогдох баримт материалыг энэхүү журамд заасны дагуу бүрдүүлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлж шийдвэрлүүлнэ.

5.2. Төрийн өмчит хуулийн этгээд нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрт зааснаар хөрөнгө хүлээлцэх ажлыг зохион байгуулж, санхүүгийн тайланд хөдлөл өөрчлөлтийг тусгана.

5.3. Үл хөдлөх хөрөнгө болон их хэмжээний хөдлөх үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан хөрөнгө хүлээлцэх ажлыг зохион байгуулж болно.

5.4. Эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг хөрөнгө шилжүүлж авсан байгууллага хариуцна.

5.5. Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн өгсөн этгээд өөрийн эзэмшилд байгаа эзэмших, ашиглах эрхтэй газраас, шилжүүлэх үл хөдлөх хөрөнгөд ногдох газар хэсгийг хэмжиж, зураглал хийлгэн, хөрөнгө хүлээн авах хуулийн этгээдтэй хамтран Газар, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвшөөрлийг авна. Уг зөвшөөрлийг үндэслэн газрын гэрчилгээ, кадастрын зураг, гэрээнд өөрчлөлт оруулж, шилжүүлэн авсан хуулийн этгээд өөрийн нэр дээр газар эзэмших эрхийн шилжүүлэх (гэрчилгээ гаргуулах) арга хэмжээ авна.

5.6. Элэгдэл, хорогдлын шимтгэлээр өртгөө нөхсөн хөрөнгийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхдээ энэ журмын 7.1-д заасны дагуу тухайн хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох саналын хамт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлж шийдвэрлүүлнэ.


ЗУРГАА. ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ АКТАЛЖ, ДАНСНААС ХАСАХ

6.1. Төрийн өмчит хуулийн этгээд нь хагас болон бүтэн жилийн эд хөрөнгийн тооллогын дүн, өмч хамгаалах Байнгын зөвлөлийн дүгнэлтээр цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон нь тогтоогдсон үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасах саналаа энэ журамд заасан баримт материалын хамт хагас жилд 1 удаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ.

6.2. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг дараах тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрээр данснаас хасна:

6.2.1. элэгдлийн нийт хэмжээ, ашиглалтын хугацаагаараа балансын үнээ бүрэн нөхсөн бөгөөд цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон;

6.2.2. ашиглалтын хугацаа нь дуусаагүй боловч ашиглах явцад хэн нэгний буруутай үйлдлээс болж эвдэрч гэмтэн цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулан буруутай этгээдээр хохирлыг барагдуулсан тохиолдолд;

6.2.3. техник, технологийн болон хэрэглээний хоцрогдолд орж, зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон;

6.2.4. балансын үнээ бүрэн нөхөөгүй боловч байгалийн гэнэтийн аюул, техникийн осолд өртсөнөөс цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон;

6.2.5. ашиглалтын явцад эвдэрч гэмтсэнээс засвар шинэтгэл хийж ашиглахад эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тооцоогоор нотлогдсон.

6.3.  Төрийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө акглах саналаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлэхдээ энэхүү журамд заасан мэдээллээс гадна дараах зүйлийг заавал тусган хүснэгтээр илэрхийлсэн байна:

6.3.1. данснаас хасах эд хөрөнгийн нэр, тодорхойлолт;

6.3.2. тоо хэмжээ;

6.3.3. данснаас хасах болсон шалтгаан;

6.3.4. уг эд хөрөнгийг акталж устгах, эсвэл акталж сэлбэгээр ашиглах тухай санал;

6.3.5. өмч хамгаалах Байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэл, дүгнэлт;

6.3.6. байгалийн гэнэтийн аюул, техникийн осол, гэмтэлд өртсөн эд хөрөнгийн шалтгааны тухай холбогдох байгууллагын акт дүгнэлт.

6.4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь эд хөрөнгийг акталж данснаас хасахдаа дараах хэлбэрээр шийдвэрлэнэ:

6.4.1. эд хөрөнгийг худалдах;

6.4.2. төрийн өмчит бусад хуулийн этгээдэд шилжүүлэх;

6.4.3. сэлбэг, материал, хоёрдогч түүхий эд болгон ашиглах буюу худалдах;

6.4.4. шууд устгах;

6.4.5. барилга байгууламжийн хувьд тухайн газрыг цаашид ашиглах зориулалтын талаар чиглэл өгөх;

6.4.6. газар дээрх болон газар доорх барилга байгууламжийг буулгах, ашиглаж болох материалыг үнэ тогтоон орлогод авах, хог хаягдлыг цэвэрлэх, газрыг нөхөн сэргээх.

6.5. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрээр эд хөрөнгийг акталж, худалдахаар шийдвэрлэсэн тохиодолд төрийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах Байнгын зөвлөлөөс худалдах ажлыг зохион байгуулна. Хөрөнгө акталж, худалдах шийдвэрт худалдах үнийг заасан бол түүнээс багагүй үнээр, худалдах үнийг заагаагуй бол өмч хамгаалах Байнгын зөвлөлөөс үнийг тогтоож, худалдах ажлыг зохион байгуулна.

6.6. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрээр суудлын болон автомашин механизмыг акталж, сэлбэгээр худалдахаар шийдвэрлэсэн тохиодолд тэдгээр хөрөнгийг автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл болон татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.7. Акталсан тээврийн хэрэгслийг сэлбэгээр худалдан авсан этгээдэд тээврийн хэрэгслийн улсын дугаар шилжүүлэхийг хориглоно.

6.8. Төсөвт хуулийн этгээд нь акталсан хөрөнгийг худалдсанаас олох орлогоос худалдан борлуулахтай холбогдон гарсан зардлыг хассан дүнгээр улсын төсвийн "өмч хувьчлалын орлого" дансанд төвлөрүүлнэ. Төрийн өмчит компани болон төрийн өмчит үйлдвэрийн газар нь акталсан хөрөнгийн орлогыг өөрийн дансанд төвлөрүүлнэ.

6.9. Төрийн өмчит хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд түүний газар эзэмших/ашиглах эрхийг шилжүүлэн-эрх залгамжлан эзэмших төрийн өмчит хуулийн этгээдийг тогтоож, саналаа газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хургүүлнэ.


ДОЛОО. ХӨРӨНГИЙН АШИГЛАЛТЫН ХУГАЦАА БОЛОН ҮНИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ

7.1. Төрийн өмчит хуулийн этгээд нь эзэмшилдээ байгаа илүүдэл эд хөрөнгө болон элэгдэл хорогдлын шимтгэлээр анхны үнийг нөхсөн, түунчлэн нөхөөгүй боловч гэмтэж засаж сэлбээд өөр зориулалтаар ашиглаж болох эд хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох саналыг бэлтгэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүулж шийдвэрлүүлнэ.

7.2. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр акталж, данснаас хасахаар шийдвэрлэж, зөвшөөрөл авсан боловч ашиглалтын шаардлага хангаж байгаа, дахин ашиглах боломжтой хөрөнгийн үнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай зөвшилцөн тогтоож, дахин данс бүртгэлд тусгана.

7.3. Төрийн өмчит хуулийн этгээд нь энэ журмын 7.1, 7.2-д заасан асуудлаар саналаа бэлтгэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлэхдээ дараах баримт материалын хамт ирүүлнэ:

7.3.1. ашиглалтын хугацаа дуусаагүй, үлдэгдэл өртөгтэй боловч ашиглах боломжгүй болсон үндсэн хөрөнгийн эвдрэл, гэмтлийн шалтгааныг тогтоосон дүгнэлт, сэргээн засварлаж ашиглахад шаардагдах зардлын тооцоо үндэслэл;

7.3.2. эрх бүхий байгууллагаар хийлгэсэн хөрөнгийн үнэлгээ (байгаа бол);

7.3.3. өмнө нь эрх бүхий байгууллагаас гаргасан хөрөнгө акталж, данснаас хасах шийдвэр

7.3.4. хөрөнгийн ашиглалтын талаар гарсан мэргэжлийн байгууллагын дүгнэлт (байгаа бол);

7.3.5. Ашиглалтын хугацааг сунгах, үнийг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцсэн өмч хамгаалах Байнгын зөвлөлийн дүгнэлт

7.3.6. хөрөнгийн жагсаалт (нэр, тоо ширхэг, ашиглалтад орсон он, шинэчлэн тогтоох үнийн санал, ашиглалтын хугацааг сунгах санал)

7.3.7. бусад шаардлагатай баримт материал.


НАЙМ. ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД ЭД ХӨРӨНГӨ ОЛЖ АВАХ, БҮРТГЭХ, ШИЛЖҮҮЛЭХ, ХУДАЛДАХ, АКТАЛЖ ДАНСНААС ХАСАХ ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ТАЙЛАГНАХ

8.1. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь эд хөрөнгө олж авах, бүртгэх, шилжүүлэх, акталж данснаас хасах тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийг өмч хамгаалах Байнгын зөвлөлийн хяналт дор хэрэгжүүлнэ.

8.2. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь шийдвэрийн биелэлтийг уг шийдвэрт заасан хугацаанд холбогдох материалын хамт заасан хугацаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тайлагнана.

8.3. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг акталж сэлбэг материал, хоёрдогч түүхий эд болгон ашиглах буюу худалдах, данснаас хасах шийдвэрийн хэрэгжилтийг устгалын акт, эргэлтийн хөрөнгөд орлого болгосон тэмдэглэл, худалдсан тухай акт хэлбэрээр баталгаажуулан, гүйцэтгэлийн үр дүнг холбогдох данс бүртгэлд тусгана.

8.4. Төрийн өмчит хуулийн этгээд олж авсан, бүртгэсэн, шилжүүлсэн, худалдсан, акталсан эд хөрөнгийн хөдлөлийн нэгдсэн тайланг жил бүр эрх бүхий байгууллагаас баталсан төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн "үндсэн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийн жилийн мэдээ" маягтын дагуу гаргаж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлнэ.

8.5. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь олж авсан, бүртгэсэн, шилжүүлсэн, худалдсан, акталсан эд хөрөнгийн хөдлөлийн мэдээ, тайланг хагас, бүтэн жилээр "Төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийн нэгдсэн сан"-ийн программ хангамжид оруулж хэвшүүлнэ.

8.6. Тээврийн хэрэгслийг акталж данснаас хасах тухай шийдвэрийн биелэлтийг ирүүлэхдээ Автотээврийн үндэсний төвөөс автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл болон татвар төлөгчийн бүртгэлээс хассан тухай лавлагааг ирүүлнэ.


ЕС. БУСАД

9.1. Эрх бүхий байгууллагын шийдвэр, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу хийсэн хөрөнгийн дахин үнэлгээний үр дүн болон хөрөнгийн үнэлгээний залруулгыг холбогдох хууль тогтоомж, журам, зааврын дагуу данс бүртгэлд тусгана.

9.2. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийн элэгдлийн хугацаа, хэмжээг тооцохдоо Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баримтална.

9.3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд тухайн эд хөрөнгийн иж бүрдэл, чанар байдал, бүрэн бүтэн байдлыг тухайн байгууллагын удирдлага хариуцна.

9.4. Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага нь эд хөрөнгийг харуул хамргаалалтаар хангах бөгөөд дутагдал, зөрчил гарсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцпага хүлээнэ.

---o0o---