Сангийн сайдын 2018 оны 228 тоот тушаал
МОНГОЛ УЛСЫН
САНГИЙН САЙДЫН
ТУШААЛ
2018 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр, Дугаар 228, Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, мөн зүйлийн 11.1.22 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмыг хавсралт ёсоор баталсугай.
2. Батлагдсан журмыг хэрэгжүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар,Санхүү, төрийн сангийн хэлтсүүдэд хүргүүлж, мөрдүүлэн ажиллуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төрийн сангийн газар /М.Батхуяг/-т тус тус үүрэг болгосугай.
3. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/-т даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын “Заавар батлах тухай” 2014 оны 43 дугаар тушаал, Сангийн сайдын “Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 233 дугаар тушаал, Сангийн сайдын “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам батлах тухай” 2012 оны 244 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын 12 дугаар бүлгийг тус тус хүчингүйд тооцсугай.
САЙД Ч. ХҮРЭЛБААТАР
Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Орон нутгийн хөгжлийн сан /цаашид ОНХС гэх/-г төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, бүртгэх, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагаанд энэ журмыг баримтална.
1.2. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг үндэслэнэ.
1.3. ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
ХОЁР. ОНХС-ИЙН ОРЛОГЫН ШИЛЖҮҮЛГИЙГ ТООЦОХ, БАТЛАХ
2.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан /цаашид ОНХНС гэх/-аас аймаг, нийслэлийн ОНХС-д олгох орлогын шилжүүлгийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлал батлах тухай” 230 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлал”, Сангийн сайдын 2016 оны “Аргачлал батлах тухай” тушаалын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогоос Орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлэг тооцох аргачлал”-д заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээр тооцсон суурь тооцооллыг орон нутгийн төсвийн төсөл боловсруулах удирдамжийн хамт аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
2.2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх төсвийн төсөлд ОНХНС-аас аймаг, нийслэлийн ОНХС-д олгох орлогын шилжүүлгийг аймаг, нийслэл тус бүрээр, мөн олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгож буй урамшуулал, дэмжлэгийг хүлээн авагч талыг тусгайлан заасан тохиолдолд сум, дүүрэг тус бүрээр тусган батлуулна.
2.3. Монгол Улсын төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталснаас хойш санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 5 хоногийн дотор ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системээр дамжуулан ОНХНС-аас аймаг, нийслэлийн ОНХС-д олгох орлогын шилжүүлгийн дүнг мэдээлнэ.
2.4. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу батлагдсан аймаг, нийслэлийн ОНХС-ийн орлогын шилжүүлэгт үндэслэн сумдын ОНХС-ийн суурь тооцооллыг тооцож аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
2.5. Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нь сум, дүүргийн ОНХС-д хуваарилах орлогын шилжүүлгийн дүнг тооцохдоо энэ журмын 2.4-д заасан суурь тооцооллын дүн, ОНХС-аас санхүүжих суурь зардал болон Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.4 болон 60.2.5-д заасан бусад эх үүсвэрийн хамт тухайн жилийн аймаг, нийслэлийн төсвийн төсөлд энэ журмын 9 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (цаашид ИТХ гэх)-д өргөн мэдүүлнэ.
2.6. Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу ОНХНС-аас хуваарилсан хөрөнгөөс аймаг, нийслэлийн ОНХС-д үлдэх хөрөнгө болон бусад эх үүсвэрийг энэ журмын 9 дүгээр хавсралтад тусгана.
2.7. Энэ журмын 2.5 ба 2.6-д заасан ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ бүрийг тухайн шатны ИТХ хэлэлцэн батална.
2.8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ОНХС-ийн төсвийн тодотголын төслийг Төсвийн тухай хуульд заасны дагуу боловсруулж батлуулна.
ГУРАВ. ОНХС-ИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨТӨЛБӨР, ТӨСӨЛ,
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТӨД ХАМААРАХ ҮНДСЭН НӨХЦӨЛ
3.1. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дараах нөхцөлүүдийг хангасан байна.
3.1.1. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан урт, дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байх;
3.1.2. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь тухайн орон нутгийн иргэдийн саналаар дэмжигдэж эрэмбэлэгдсэн байх;
3.1.3. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлтэй, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, бусад холбогдох зөвшөөрөлтэй байх;
3.1.4. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтад сум, дүүргийн төвөөс алслагдсан баг, хорооны иргэдийн хамгийн олон саналыг авч эрэмбэлэгдсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг заавал багтаах;
3.1.5. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх эх үүсвэрийг өөр бусад эх үүсвэртэй уялдуулантөлөвлөсөн байх;
3.1.6. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдан ажлын гүйцэтгэл нь баталгаажсан боловч тухайн онд санхүүжилт хийгдээгүй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрийг нэгдсэн жагсаалтад оруулах;
3.1.7. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ОНХС-ийн ажлын хэсэг нь тус сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр санал болгож буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсний дараах өмчлөлтэй холбоотой асуудал болон хөрөнгийн ашиглалтын урсгал зардлыг тооцож, орон нутгийн төсөвт нөлөөлөх нөлөөллийн талаарх дүгнэлтийг гаргах;
ДӨРӨВ. ОНХС-ИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ ЧИГ ҮҮРЭГ
4.1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь ОНХС-ийн хөрөнгөөр Төсвийн тухай хуулийн 58 дугаарзүйлд заасан чиг үүрэгт хамаарах энэ журмын 4.2-т зааснаас бусад хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хүрээнд барилга байгууламж барих, тоног төхөөрөмж худалдан авах, их засвар хийх ажлыг санхүүжүүлнэ.
4.2. ОНХС-ийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулж үл болно.
4.2.1. Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан зүйлс;
4.2.2. Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д заасан зүйлс;
4.2.3. Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.11-д зааснаас бусад төрлийн үйлчилгээний зардал;
4.2.4. Аливаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгох буцалтгүй тусламж, дэмжлэг, тэтгэмж, урамшуулал;
4.2.5. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагаас бусад улсын төсвийн байгууллагын хөрөнгийн зардал;
4.3. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал нь энэ журмын 3 дугаар бүлэгт заасан нөхцөлийг хангаагүй, мөн 4.2-т заасныг хэрэгжүүлэхээр бол нэгдсэн жагсаалтаас хасах үндэслэл болно.
ТАВ. БАГ, ХОРООНЫ ОНХС-ИЙН ТӨЛӨВЛӨЛТӨД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ
5.1. Баг, хорооны Засаг дарга нь сум, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран өмнөх оны ОНХС-ийн үйл ажиллагааны үр дүн, тухайн онд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг дараагийн төсвийн жилийн аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан тэргүүлэх ач холбогдолтой хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний танилцуулгын хамт бэлтгэж баг, хороо, сум, дүүргийн мэдээ, мэдээллийн хэрэгслээр дамжуулан 2 дугаар сард багтаан олон нийтэд танилцуулна.
5.2. Баг, хорооны Засаг дарга ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хорооны иргэдийн дунд олон нийтийн нээлттэй санал асуулгыг дараах хэлбэрээр явуулна. Үүнд:
5.2.1. санал асуулгын хуудас;
5.2.2. бүлгийн ярилцлага, /орон нутгийн иргэд өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаар нийтийн ашиг сонирхлыг илэрхийлж сайн дурын үндсэн дээр нэгдсэн хэд хэдэн бүлгийн зохион байгуулалт/;
5.2.3. цахим хэлбэр болон техник, технологийн дэвшилтэт бусад арга хэлбэр;
5.3. Энэ журмын 5.2.1-д заасан хэлбэрээр санал авахдаа энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан жишиг маягтыг баг, хорооны өрх бүрд хүргүүлж,бүртгэл хөтлөн ирсэн саналыг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу бүртгэж нэгтгэнэ.
5.4. Энэ журмын 5.2.2-т заасан хэлбэрээр санал авах тохиолдолд 50-иас доошгүй /сум, дүүргийн төвөөс алслагдсан баг, хорооны хувьд 30-аас доошгүй/ иргэний бүрэлдэхүүнтэй бүлгийн ярилцлага, хэлэлцүүлгийг бүлэг тус бүр 2-оос доошгүй удаа зохион байгуулах ба хэлэлцүүлгийн үеэр иргэдээс авсан саналыг энэхүү журмын 3дугаар хавсралтад заасан хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусган хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн гарын үсгээр баталгаажуулна.
5.5. Энэ журмын 5.2.3-т заасан арга хэлбэрээр санал авах тохиолдолд 30-аас доошгүй хоногийн турш тогтсон цахим хаяг, цахим хуудсаар саналыг хүлээн авах бөгөөд саналыг 4 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу нэгтгэн баталгаажуулна.
5.6. Энэ журмын 5.2-т заасан хэлбэрээр иргэдээс санал авах ажлыг жил бүр зохион байгуулна.
5.7. Баг, хорооны Засаг дарга энэ журмын 5.6-д заасны дагуу иргэдээс авсан саналыг нэгтгэн урьдчилсан жагсаалтыг бэлтгэхдээ энэ журмын 5 дугаар хавсралтад заасан маягтад багтсан үзүүлэлтийг ирсэн санал бүрийн хувьд боловсруулах ба энэ журмын 5.1-д заасан танилцуулгад үндэслэн мэдээлэл бэлтгэж, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал /цаашид ИНХ гэх/-д оруулж хэлэлцүүлнэ.
5.8. Баг, хорооны ИНХ-ын дарга дараагийн төсвийн жилд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэх, санал хураах хурлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасны дагуу хүчин төгөлдөр ирцтэйгээр 5 дугаар сард багтаан зохион байгуулна.
5.9. Баг, хорооны ИНХ-ын дарга хурлын ирцийг бүртгэн оролцогчдоор гарын үсэг зуруулж, хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийг энэ журмын 6 дугаар хавсралтад заасан маягтын дагуу хөтөлж, ИНХ-ын Тэргүүлэгчдийн гарын үсгээр баталгаажуулна.
5.10. Баг, хорооны Засаг дарга дараагийн төсвийн жилд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх энэ журмын 5.7-д заасан урьдчилсан жагсаалтад багтсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал нэг бүрийг ИНХ-д танилцуулна.
5.11. Баг, хорооны Засаг дарга ИНХ-д ОНХС-аас хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар тайлагнахдаа энэ журмын 9.4, 9.5-д заасан этгээдийн хийсэн ажлын тайлан, тэмдэглэл, гаргасан дүгнэлт, зөвлөмж,акт,албан шаардлагыг сонсгож болно.
5.12. Баг, хорооны ИНХ-ын дарга энэ журмын 5.10-д заасны дагуу танилцуулсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал болон тухайн хурлын үеэр дэвшүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал тус бүрийг дэмжиж буй эсэхийг ил тод санал хурааж шийдвэрлэнэ.
5.13. Хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг энэ журмын 5.12-т заасан санал өгсөн иргэдийн тоог баг, хорооны сонгуулийн насны иргэдийн нийт тоонд харьцуулсан харьцаагаар эрэмбэлсэн тэргүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналын жагсаалтыг ИНХ-ын тогтоолоор батална.
5.14. Баг, хорооны ИНХ-ын дарга энэ журмын 5.13-т заасан жагсаалтыг энэ журмын 6 дугаар хавсралтад заасан баг, хорооны ИНХ-ын тэмдэглэлд тусгана.
5.15. Баг, хорооны Засаг дарга энэ журмын 5.13-т заасан тогтоол болон энэ журмын 7 дугаар хавсралтад заасан маягтын дагуу бэлтгэсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ бүрийн танилцуулгыг энэ журмын 5.8-д заасан хугацаанд багтаан сум, дүүргийн Засаг даргад албан бичгээр хүргүүлнэ.
ЗУРГАА. СУМ, ДҮҮРГИЙН ТҮВШИНД ОНХС-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨЛӨВЛӨХ
6.1. Сум, дүүргийн Засаг дарга нь ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн эрэмбэлж, төлөвлөх зорилго бүхий ажлын хэсгийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулна.
6.2. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь орон нутгийн хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан ажилтан, төрийн сангийн мэргэжилтэн, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон бусад мэргэжилтнүүдийг багтаасан 7-оос доошгүй гишүүнтэй байна.
6.3. Ажлын хэсэг нь энэ журмын 5.13-т заасан баг, хорооны ИНХ-аас ирүүлсэн тогтоолоор батлагдсанхөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг эрэмбэлэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ бүрийг хэлэлцэж,дараагийн төсвийн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг жил бүрийн 6 дугаар сард багтаан боловсруулна.
6.4. Ажлын хэсэг нь баг, хороодоос ирсэн саналыг нэгтгэж эрэмбэлэхдээ дараах үзүүлэлтүүдийг харгалзан зөвлөмж, дүгнэлт гарган сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ. Үүнд:
6.4.1. Баг, хороодоос ирүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь баг, хорооны иргэдийн олонхын саналаар дэмжигдсэн эсэх;
6.4.2. Сум, дүүргийн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан эсэх;
6.4.3. Энэ журмын 4.3-т заасны дагуу хасагдах хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ байгаа эсэх;
6.4.4. Хөрөнгө оруулалтын урьдчилан тооцсон төсөвт өртгийг үр өгөөж хүртэгчдийн тоонд харьцуулан төслийн төсөвт өртгийн харьцаа;
6.5. Сум, дүүргийн Засаг дарга нь ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна.
6.6. Сум, дүүргийн Засаг дарга нь баг, хорооны ИНХ-ын баталсан жагсаалтад багтсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь сум, дүүргийн төсвөөр бие даан хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарахгүй бол тухайн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг тусад нь бэлтгэж аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж болно.
6.7. Сум, дүүргийн Засаг дарга нь Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг тухайн шатны ИТХ-д төсвийн төслийн хамт өргөн мэдүүлнэ.
6.8. Сум, дүүргийн ИТХ нь сум, дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр хэлэлцэн энэхүү журмын 8 дугаар хавсралтад заасан маягтын дагуу батална.
6.9. Сум, дүүргийн Засаг дарга нь ИТХ-аар батлагдсан ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтад иргэдийн өгсөн санал багтсан болон багтаагүй шалтгааныг тухайн саналыг ирүүлсэн баг, хорооны Засаг даргаар дамжуулан иргэдэд заавал мэдээлнэ.
ДОЛОО. АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ТҮВШИНД ОНХС-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨЛӨВЛӨХ
7.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг олон нийтийн оролцоотой төлөвлөх, арга зүйн зөвлөмж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгаль орчин, газрын харилцаа, хөдөө аж ахуй, санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан ажилтан,холбогдох хэлтсийн албан тушаалтнууд, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ахлуулан, 9-өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
7.2. Ажлын хэсэг аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урьдчилсан жагсаалтыг дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзэж боловсруулна. Үүнд:
7.2.1. Тухайн аймаг, нийслэлийн хөгжлийн бодлого чиглэл болон газар зохион байгуулалтын төлөвлөгөө;
7.2.2. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ;
7.2.3. Өмнөх төсвийн жилд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ;
7.2.4. Хөрөнгө оруулалтын урьдчилан тооцсон төсөвт өртгийг үр өгөөж хүртэгчдийн тоонд харьцуулан төслийн төсөвт өртгийн харьцаа;
7.3. Аймаг, нийслэл нь ОНХНС-аас хуваарилсан хөрөнгөөс аймаг, нийслэлд үлдэх хэсэг болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд сум, дүүргийн иргэдээс санал авах зорилгоор энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан санал асуулгын хуудсанд тусгуулан баг, хорооны иргэдээс санал авах үйл ажиллагаатай хамтад нь жил бүр зохион байгуулж болно.
7.4. Ажлын хэсэг нь сум, дүүргийн иргэд, Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналыг урьдчилсан жагсаалтад нэмж тусган, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгтгэнэ.
7.5. Урьдчилсан жагсаалтыг аймаг, нийслэлийн Иргэний танхимаар дамжуулан нийтэд зар мэдээ хүргэсний үндсэн дээр нээлттэй хэлэлцүүлгийг 7 дугаар сард багтаан 2-оос доошгүй удаа зохион байгуулна.
7.6. Аймаг, нийслэлийн Засаг дарга иргэд, иргэний нийгмийн байгууллагаас хамгийн олон санал авсан, ажлын хэсгийн санал, дүгнэлтээр баталгаажсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан танилцуулна.
7.7. Ажлын хэсэг хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
7.8. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн нэгдсэн жагсаалтыг хурлын тэмдэглэл болон орон нутгийн төсвийн төсөлд тусган аймаг, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр хүргүүлнэ.
7.9. Аймаг, нийслэлийн ИТХ нь аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн саналыг хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр хэлэлцэн энэхүү журмын 8 дугаар хавсралтад заасан маягтын дагуу батална.
НАЙМ. ОНХС-ИЙН ЗАРЦУУЛАЛТ
8.1. ОНХС нь аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн санд данстай байх бөгөөд сангийн орлого, зарлагыг зөвхөн энэхүү дансаар дамжуулан гүйцэтгэнэ.
8.2. ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” болон түүнд нийцүүлэн гаргасанжурам, заавар, аргачлалыг дагаж мөрдөнө.
8.3. Аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг аймаг, нийслэлийн түвшинд, сум дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг сум, дүүргийн түвшинд зохион байгуулна.
8.4. Сум, дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулж болно.
8.5. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг Сангийн сайдын 2016 оны “Журам шинэчлэн батлах тухай” 415 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журам”-д зааснаар захиалагч байгууллагын хүсэлтийн дагуу аймаг, нийслэлийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж, сум, дүүргийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан албан тушаалтан нь бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжилтийн эрхийг олгоно.
8.6. Энэ журмын 8.5-д заасан санхүүжилтийн эрхийн дагуу ОНХС-ийн Төрийн сан дах данснаас гүйлгээ хийх төлбөрийн хүсэлтийн баримтад аймаг, нийслэлийн хувьд 1 дүгээр гарын үсгийг Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх шилжүүлсэн албан тушаалтан, 2 дугаар гарын үсгийг ерөнхий нягтлан бодогч, сум дүүргийн хувьд 1 дүгээр гарын үсгийг Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх шилжүүлсэн албан тушаалтан, 2 дугаар гарын үсгийг Засаг даргын Тамгын газрын ахлах нягтлан бодогч тус тус зурна.
8.7. ОНХС-ийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй бол Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасны дагуу төсвөөс санхүүжилт олгохгүй.
8.8. ОНХС-ийн тухайн төсвийн жилд зарцуулагдаагүй үлдэгдлийг дараагийн төсвийн жилийн ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрт тусган ИТХ-аар баталсны дагуу санхүүжүүлнэ.
8.9. ОНХС-ийн хөрөнгөөс санхүүжүүлэх суурь зардлыг тухайн жилийн Төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хэмжээнээс хэтрүүлэхгүй.
ЕС. ОНХС-ИЙН ТАЙЛАГНАЛТ, БҮРТГЭЛ
9.1. Дүүргийн төрийн сангийн хэлтэс, сумын санхүүгийн алба нь ОНХС-ийн төсвийн гүйцэтгэлийн тайланг энэ журмын 10 дугаар хавсралтын дагуу аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэст Төсвийн тухай хуульд заасан санхүү, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах хугацаанд тайлагнана.
9.2. Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжиж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн тайланггаргаж дараа оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэх ба энэ журмын 9.9- д заасан мэдээллийг багтаана.
9.3. Аймаг, нийслэлийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс нь ОНХС-ийн хэрэгжилтийн тайланг сум, дүүрэг тус бүрээр хагас жил тутамд гарган, дүгнэлт өгч, цаашид даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулан аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулж, холбогдох асуудлаар тодорхой шийдвэрийг гаргуулна.
9.4. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналт, бүртгэл болон энэ журмын хэрэгжилтэд төв, орон нутгийн хууль, хяналт, дотоод ба хөндлөнгийн аудитын байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дэргэдэх хороо болон иргэд, иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсын Төрийн аудитын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2015 оны “Дүрэм батлах тухай” 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дотоод аудитын дүрэм” болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу хяналт тавина.
9.5. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналт, бүртгэлийн явц, үр дүнд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Журам шинэчлэн батлах тухай” 89 дүгээр тогтоол, энэхүү тогтоолын хавсралтаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн захиргааны байгууллагууд хийнэ.
9.6. Энэ журмын 9.5-д заасны дагуу хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, дүгнэлт, зөвлөмжийг ОНХС-ийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд тухай бүр мэдээлэх үүргийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хүлээнэ.
9.7. Энэ журмын 9.3-т заасан дүгнэлт, Засаг даргын шийдвэрийг тухайн шатны ИТХ-аар жил бүр, төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн тайлангийн талаарх Засаг даргын мэдээллийн хамт хэлэлцүүлнэ.
9.8. Энэ журмын 9.4, 9.5-д заасан байгууллага дангаараа болон иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан ОНХС-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, дүгнэлт, зөвлөмж, акт, албан шаардлагыг тухайн шатны ИТХ-аар жил бүрхэлэлцүүлнэ.
9.9. Аймаг, нийслэлийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ОНХС-ийн хэрэгжилтийн жилийн эцсийн тайланг нэгтгэж,жил бүрийн 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ОНХС–ийн асуудал хариуцсан хэлтэст ирүүлэх бөгөөд тайланд дараах мэдээллийг багтаана. Үүнд:
9.9.1. ОНХС-ийн тухайн оны батлагдсан төсөв, санхүүжилт нь эх үүсвэр бүрээр;
9.9.2. ОНХС-ийн хөрөнгийн зарцуулалт нь хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр;
9.9.3. ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэр, байршил, ажлын гүйцэтгэлийн хувь, эхлэх, дуусах хугацаа;
9.9.4. Шинээр бий болсон барилга байгууламж, гүйцэтгэсэн их засварын ажил, нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийнфото зураг,тэдгээрийг өмчлөлд бүртгэснийг баталгаажуулсан баримт;
9.9.5. Он дамжинхэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт;
9.9.6. ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн сайн туршлага, жишээ, оновчтой санал;
9.9.7. Энэ журмын 9.4, 9.5-д дурдсан байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, дүгнэлт, акт болон албан шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай танилцуулга;
9.10. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ОНХС-ийн асуудал хариуцсан хэлтэс нь тайланд дүн шинжилгээ хийж, ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бодлого боловсруулна.
9.11. ОНХС-ийн орлого, зарлага нь тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн орон нутгийн төсвийн орлого, зарлагын бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд ОНХС-ийн төсвийн гүйцэтгэлийг тухайн аймаг, нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд нэгтгэнэ.
9.12. ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хуульд заасны дагуу өмчлөлд бүртгэж авсан байгууллага нь ашиглалт, хадгалалт, хамгаалалтын зардлыг хариуцна.
АРАВ. ОНХС-ИЙН УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
10.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ОНХС-ийн асуудал хариуцсан хэлтэс нь ОНХС-ийн үйл ажиллагааны улсын нэгдсэн мэдээллийн санг хариуцаж, бүрдүүлнэ.
10.2. ОНХС-ийнтөлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, тайлагналт, бүртгэлд удирдлагын мэдээллийн систем ашиглах ба орлогын шилжүүлгийн төлөвлөгөө, батлагдсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, санхүүжилтийн хуваарь, төлбөрийг дараах байдлаар бүртгэнэ. Үүнд:
10.2.1. Энэ журмын 2.5-д заасны дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ОНХС хариуцсан хэлтэс ОНХНС-аас олгохоор улсын төсөвт тусгагдан батлагдсан орлогын шилжүүлгийг аймаг, нийслэл бүрээр ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системдоруулна.
10.2.2. Аймаг, нийслэлийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс нь орон нутгийн төсөв батлагдсаны дараа сум, дүүрэг тус бүрээр ОНХС-ийн батлагдсан төсвийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд оруулна.
10.2.3. Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар ньОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тухайн шатны ИТХ-аас баталсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд оруулна.
10.2.4. ОНХНС-аас аймаг, нийслэлд шилжүүлэх орлогын шилжүүлгийн сар, улирлын батлагдсан хуваарийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ОНХС хариуцсан хэлтэс жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд оруулна.
10.2.5. Аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс нь орон нутгийн төсвийн батлагдсан сар, улирлын хуваарьтай нийцүүлэн ОНХС-ийн сум, дүүргээр хуваарилан баталсан сар, улирлын хуваарийг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системдоруулна.
10.2.6. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ОНХС хариуцсан хэлтэс ОНХНС-ийн орлогын шилжүүлгийг Төв төрийн сангийн сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ гарсны дараа ажлын 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн ОНХС-ийн дансанд шилжүүлж, ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системдбүртгэнэ.
10.2.7. Аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс хуваарилагдан ирсэн орлогын шилжүүлгийг ажлын 2 өдөрт багтаан батлагдсан хуваарийн дагуу сум, дүүрэгтээ хуваарилж, ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд бүртгэнэ.
10.3. Тухайн орон нутгийн төрийн сангийн төлбөр тооцоо, зарлага хариуцсан мэргэжилтэн нь ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхдээ ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системийг дараах байдлаар ашиглана.
10.3.1. ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд бүртгэгдсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ.
10.3.2. ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд тухайн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, тулган хянаж, мөн зохих журмын дагуу анхан шатны баримтыг үндэслэн гүйлгээг хийнэ.
10.3.3. ОНХС-ийн төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалтын талаарх мэдээллийг ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд зохих журмын дагуу оруулаагүй бол тухайн зөрчлийг арилгах хүртэл ОНХНС, аймаг, нийслэлийн ОНХС-аас орлогын шилжүүлэг олгохгүй.
10.3.4. ОНХС-ийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төлбөр хийгдсэн тухай бүр ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд оруулна.
10.3.5. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь аймаг, нийслэлийн, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сум, дүүргийн ОНХС-ийн төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналт, бүртгэл болон энэ журмын хэрэгжилттэй холбоотой хийгдсэн аудит, хяналт шалгалтын тайлан, дүгнэлт, зөвлөмж, акт, албан шаардлага болон бусад мэдээллийг ОНХС-ийн цахим хуудсаар дамжуулан хагас, бүтэн жилээр мэдээлнэ.
АРВАН НЭГ. ХАРИУЦЛАГА
11.1. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэл, зарцуулалт, тайлагналт, бүртгэл, хяналтболон эцсийн үр дүнг тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч бүрэн хариуцна.
11.2. ОНХС-ийн төсөв боловсруулах, батлах, зарцуулах, тайлагнах, бүртгэх, хяналт тавих, зохион байгуулахад хууль тогтоомж зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.