Засгийн газрын 2019 оны 445 дугаар тогтоол

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, дугаар 445, Улаанбаатар хот


АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 56.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Орон нутгийн төсвийн суурь зарлага тооцох аргачлал”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Аргачлалыг баримтлан орон нутгийн төсвийн төслийг боловсруулж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, аймаг, нийслэлийн төсөвт шилжүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тухай бүр тогтоож байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Орон нутгийн төсвийн аргачлал батлах тухай” Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                         У.ХҮРЭЛСҮХ

 

САНГИЙН САЙД                                                                       Ч.ХҮРЭЛБААТАР

Орон нутгийн төсвийн суурь зарлага тооцох аргачлал


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан дээд шатны төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгийг тодорхойлох, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээнд төсвийн хуваарилалтын тэгш зарчим баримталдаг байх зорилгоор орон нутгийн төсвийн суурь зарлагыг тооцоход энэхүү аргачлалыг мөрдөнө.

1.2. Энэ аргачлалд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.2.1. “орон нутгийн төсвийн суурь зарлага” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.30-д заасныг;

1.2.2. “санхүүгийн дэмжлэг” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.21-д заасныг;

1.2.3. “орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон сумын баг, дүүргийн хороо түүнчлэн Засаг даргын шууд харьяанд байгаа орон нутгийн төсөвт байгууллагын үйл ажиллагааны урсгал болон хөрөнгийн зардлын нийлбэрийг;

1.2.4. “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааны зардал” гэж Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгө, аймгийн байгаль орчны газар, сум дундын ойн ангийн үйл ажиллагааны урсгал болон хөрөнгийн зардлын нийлбэрийг;

1.2.5. “орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээний зардал” гэж холбогдох хуулийн дагуу иргэдэд олгох энэ аргачлалын хавсралтад заасан тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний нормативт хэмжээг;

1.2.6. “норматив” гэж тухайн үйлчилгээ, арга хэмжээнд зарцуулах нөөцийг хуваарилах зорилгоор тооцсон зардлын нэгжийн дундаж хэмжээг;

1.2.7. “зардлын суурь түвшин” гэж тухайн төсөв боловсруулах жилийн өмнөх оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн бодит хэмжээг.


ХОЁР. ОРОН НУТГИЙН УДИРДЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРДЛЫН АНГИЛАЛ, ТЭДГЭЭРИЙН ОРЦ

2.1. Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг дараахь байдлаар ангилна:

2.1.1. үйл ажиллагааны урсгал зардал:

2.1.1.1. цалин хөлс, нийгмийн баталгааны зардал;

2.1.1.2. байр ашиглалттай холбоотой зардал;

2.1.1.3. төрийн албан хаагчийн үйл ажиллагааны урсгал зардал;

2.1.1.4. бусад урсгал зардал.

2.1.2. хөрөнгийн зардал.

2.2. Цалин хөлс, нийгмийн баталгааны зардал нь дараахь орцоос бүрдэнэ:

2.2.1. жишиг нормативаар тогтоосон орон тооны цалин, нэмэгдэл;

2.2.2. нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл;

2.2.3. нэг удаагийн тэтгэмж болон урамшуулал.

2.3. Байр ашиглалттай холбоотой зардал дараахь орцоос бүрдэнэ:

2.3.1. түлш, халаалтын зардал;

2.3.2. цахилгаан эрчим хүчний төлбөр;

2.3.3. цэвэр, бохир усны төлбөр;

2.3.4. байрны түрээсийн төлбөр.

2.4. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны урсгал зардал дараахь орцоос бүрдэнэ:

2.4.1. бичиг хэргийн зардал;

2.4.2. тээвэр, шатахууны зардал;

2.4.3. албан томилолтын зардал;

2.4.4. нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардал;

2.4.5. бага үнэтэй түргэн элэгдэх эд зүйлсийн зардал;

2.4.6. хөдөлмөр хамгааллын хэрэгслийн зардал.

2.5. Бусад урсгал зардал дараахь орцоос бүрдэнэ:

2.5.1. бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр;

2.5.2. хичээл сургалтын зардал;

2.5.3. урсгал засварын зардал;

2.5.4. багаж, техник хэрэгслийн зардал;

2.5.5. шуудан холбоо, интернетийн зардал;

2.5.6. ном хэвлэлийн зардал;

2.5.7. хог хаягдал зайлуулах зардал;

2.5.8. Засаг даргын нөөц хөрөнгө.


ГУРАВ. ОРОН НУТГИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРДАЛ ТООЦОХ АРГАЧЛАЛ

3.1. Цалин хөлсний зардлыг тооцохдоо дараахь зүйлсийг харгалзана:

3.1.1. захиргааны ажил, үүрэг гүйцэтгэх албан хаагчийн орон тооны нормативыг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг хязгаар эсхүл орон нутгийн төрийн нийтийн албаны байгууллагын орон тоог тогтоосон эрх бүхий байгууллагаас хамгийн сүүлд гаргасан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шийдвэрийг үндэслэнэ;

3.1.2. тогтоосон орон тооны хязгаарыг нэмэгдүүлэх саналыг тухайн жилийн төсвийн бодлогод баримталж байгаа чиглэлийг үндэслэнэ;

3.1.3. үйлчилгээний ажил, үүрэг гүйцэтгэх нэг үйлчлэгчид ногдох талбайн хэмжээг дараахь байдлаар тооцож үйлчилгээний ажилтны орон тоог тооцно:

3.1.3.1. техник, хэрэгсэл ихтэй өрөөнд 395 метр квадрат талбайд нэг орон тоо байхаар;

3.1.3.2. техник, хэрэгсэл багатай өрөөнд 460 метр квадрат талбайд нэг орон тоо байхаар;

3.1.3.3. заал, танхим, коридор, шатны хэсэгт 700 метр квадрат талбайд нэг орон тоо байхаар;

3.1.3.4. цэвэрлэх үйлчилгээг 16 суултуурт 1 орон тоо байхаар.

3.1.4. албан байгууллагын талбайн хэмжээ нормд хүрэхгүй бол 2 буюу түүнээс дээш байгууллагын дунд 1 үйлчилгээний орон тоо байхаар зохицуулах буюу хавсран ажиллуулахаар тооцно;

3.1.5. аймгийн төвд албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан бүрд 1 жолоочийн орон тоо байхаар, суманд 1 жолоочийн орон тоо байхаар тус тус тооцно;

3.1.6. орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой цалин хөлсний зардлыг энэ аргачлалын 3.1.1-3.1.5-д заасан орон тооны жишигт үндэслэн Засгийн газраас хамгийн сүүлд баталсан төрийн албан хаагчийн цалин, нэмэгдлийн жишгээр тооцож гаргана;

3.1.7. улирлын үр дүнгийн урамшууллыг Засгийн газрын тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд заасны дагуу тооцно;

3.1.8. төрийн албан хаагчид олгох тэтгэмж, тусламжийг холбогдох эрх зүйн актад заасны дагуу тооцно.

3.2. Цалингаас тооцох нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн бусад актад заасан хувь хэмжээгээр тооцно.

3.3. Орон нутгийн төрийн нийтийн албаны байгууллагын байрлаж байгаа байрны түлш, халаалтын зардал, цэвэр болон бохир ус, цахилгаан эрчим хүч, байрны түрээсийн төлбөр зэрэг байр ашиглалтын зардлыг тухайн барилга байгууламжийн эзлэхүүн, өмнөх жилийн зардлын суурь түвшинг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөгдөж байгаа үнэ тарифын өөрчлөлттэй харьцуулан тооцно.

3.4. Энэ аргачлалын 2.4-т заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагааны урсгал зардлыг дараахь аргачлалаар тооцно:

3.4.1. бичиг хэргийн зүйлсийн хэрэгцээг тооцохдоо нэг албан хаагчид ногдох бичгийн цаас, хэвлэгчийн хор, бусад хэрэгслийн жилийн хэрэглээг А4 бичгийн цаасны хэмжээгээр илэрхийлэх бөгөөд дараахь нормтой байна:

ХҮСНЭГТ

Тайлбар: Хүснэгтийн “ТЗ-У” ангилалд Төрийн захиргааны 9-14 дүгээр шатлал болон Улс төр, Төрийн тусгай албан хаагчдыг, “ТЗ-Г” ангилалд Төрийн захиргааны 1-8 дугаар шатлалын албан хаагчдыг, “ТҮ” ангилалд Төрийн үйлчилгээний 4-12 дугаар зэрэглэлийн албан хаагчдыг хамруулна. Харин Төрийн үйлчилгээ 1-3 дугаар зэрэглэлд багтах албан хаагчдад бичиг, хэргийн зардлын норм тооцохгүй. “Бусад нийтлэг байгууллага” гэдэгт орон нутгийн төсвийн бусад байгууллага хамаарах бөгөөд үүнд нийслэл, дүүргийн төрийн байгууллагууд мөн хамаарна.

3.4.2. бичиг хэргийн жилийн  зардлыг тооцохдоо дараахь томьёог ашиглана:〖

TC〗_sta=[n∙ТЗУ+n∙ТЗГ+n∙ТҮ]∙[P_(t-1)∙(1+π_t)]

Энд,
TC_sta-Бичиг хэргийн зардлын нийт хэмжээ

ТЗУ, ТЗГ, ТҮ – Төрийн албан хаагчийн ангилал

n- төрийн албаны тухайн ангилалд хамаарах албан хаагчийн тоо

P- өмнөх жилээр тооцсон нэг боодол А4 цаасны зах зээлийн дундаж үнэ

π_t-тухайн жилийн тооцсон инфляц

3.4.3. бичиг хэргийн бусад хэрэгсэл гэдэгт  принтерийн хорны цэнэглэгч, архив, бичиг хэргийн ажилтанд шаардагдах зүйлс (албан бланк, албан томилолтын хуудас, бүртгэлийн дэвтэр), нягтлан бодогч болон няравт шаардагдах зүйлс (шаардах хуудас, бэлэн мөнгөний баримт, бүртгэлийн болон тооцооны дэвтэр)-ийг оруулан тооцно.

3.4.4. тээвэр шатахууны зардлын хэмжээг дараахь томьёогоор тооцно:

TFC=∑_(i=1)^n▒((A_i×E_i×12×C_i)⁄100×P_(i,t-1) (1+π_t )+S_i )  (〖DI〗_j×Z×0,5+〖BI〗_j×0,5)

Энд,

A_i-Өдөрт явах километрийн норм

E_i-Сард явах ажлын хоног

C_i-100 километрт зарцуулах шатахууны норм

P_(i,t-1)-(t-1) үеийн шатахууны үнэ

S_i-Автомашины тослох материалын зардал

〖DI〗_j-Сумаас (аймгаас) аймгийн төв (нийслэл) хүртэлх зайн индекс

Z-Аймгийн нутаг дэвсгэрийн шатахууны үнээс хамаарсан бүсийн нэмэгдлийн индекс

〖BI〗_j-Замын бартаанаас хамаарсан индекс

3.4.5. Тээвэр шатахууны зардлын чиглүүлэгчийг дараахь байдлаар тогтооно:

3.4.5.1. өдөрт явах километрийн норм нь албан тушаалын автомашинд 70 км, албан ажлын автомашинд 50 км, дуудлагын автомашинд 40 км байна;

3.4.5.2. автомашины сард явах ажлын хоног нь албан тушаалын автомашинд сарын бүх өдрүүд, албан ажлын автомашинд сарын ажлын өдрүүд байна;

3.4.5.3. 100 километрт зарцуулах шатахууны нормыг Дэд бүтцийн сайдын 2004 оны 19 дүгээр тушаалын 1-7 дугаар хавсралтад заасан нормын дагуу тооцно;

3.4.5.4. автомашины тослох материалыг жилд нэг удаа тооцох ба тухайн үеийн 1 литр тослох материалын зах зээлийн үнийг автомашины маркаас хамааруулж ялгаатай тогтооно;

3.4.5.5. тухайн үеийн шатахууны зах зээлийн дундаж үнийг төсвийн санал боловсруулах үеийн шатахууны хэрэглээний үнийн харгалзах бүлгийн индексийн цэвэр өсөлтөөр өсгөж тооцно.

3.4.6. дотоод албан томилолтын жилийн дундаж хүн өдөр нь дараахь нормтой байна:

ХҮСНЭГТ

Тайлбар: Хүснэгтийн “ТЗ-У” ангилалд Төрийн захиргааны 9-14 дүгээр шатлал болон Улс төр, Төрийн тусгай албан хаагчдыг, “ТЗ-Г” ангилалд Төрийн захиргааны 1-8 дугаар шатлалын албан хаагчдыг, “ТҮ” ангилалд Төрийн үйлчилгээний 4-12 дугаар зэрэглэлийн албан хаагчдыг хамруулна.

3.4.7. дотоод албан томилолтын жилийн зардлыг дараахь томьёогоор тооцно:

〖TC〗_tr=(P_d*ТЗУ+P_d*ТЗГ)*N1+(P_d*ТҮ+P_d*ТҮЖ)*N2
Энд,

TC_tr-жилийн нийт дотоод албан томилолтын зардал

P_d-ТЗУ,ТЗГ,ТҮ,ТҮЖ ангилалд харгалзах хүн өдрийн норм

N2-Сангийн сайдын тушаалаар баталсан дотоод албан томилолтын тариф

3.5. Энэ аргачлалын 2.4.4-2.4.6-д заасан зардлын хэмжээг өмнөх жилийн зардлын суурь түвшинг харгалзан бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтөөр индексжүүлнэ.

3.6. Энэ аргачлалын 2.5-д заасан бусад урсгал зардлын нийт хэмжээг тооцохдоо зардлын суурь түвшинтэй нь харьцуулах бөгөөд дараахь зүйлсийг харгалзана:

3.6.1. үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хийх урсгал засварын зардлыг үлдэгдэл өртгөөс дараахь хувь хэмжээгээр тооцож төлөвлөнө:

А. Барилга байгууламж
ХҮСНЭГТ

Б. Автомашин

ХҮСНЭГТ

3.6.2. эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтлэг үйлчилгээний 1 удаагийн үнэ тариф (хог хаягдал г.м.);

3.6.3. дээд шатны байгууллагаас тухайн төсвийн жилд хэрэгжүүлэхээр заасан нэг удаагийн арга хэмжээ;

3.6.4. Аймаг, сумын Засаг даргын нөөц хөрөнгийн хэмжээг тооцохдоо тухайн засаг захиргааны нэгжийн хүн амын тоог харгалзана.

3.7. Дээд шатны төсвийн захирагч нь хувьсах зардлыг тухайн орон нутгийн онцлогтой уялдуулан доод шатны төсөвт хуваарилна.

3.8. Хэрэв холбогдох салбарын хуулиар урсгал зардал тооцоход ашиглах тусгайлан тогтоосон хувь хэмжээ байгаа бол түүнийг баримтлан тооцно.

3.9. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индексийг Үндэсний статистикийн хорооноос аймаг тус бүрээр тооцон гаргасан мэдээллийг ашиглаж тооцно.


ДӨРӨВ. ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ ТООЦОХ

4.1. Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгийн зардлыг дараахь байдлаар хянаж суурь зарлагад тооцно:

4.1.1. өөрийн хэрэгцээнд албан конторын барилга худалдаж авах эсхүл шинээр барих бол өмнөх барилгын ашиглалтын хэрэгцээ хангахгүй болсныг нотолсон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байх;

4.1.2. шинээр барих барилгын экспертизээр баталгаажуулсан зураг төсөв, техникийн бусад зөвшөөрлийг авсан байх;

4.1.3. их засвар хийхээр бол холбогдох төсвийг зохих норм, норматив, дүрмийн дагуу бэлтгэсэн байх;

4.1.4. тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж худалдаж авахаар бол өмнө нь ашиглаж байсан хөрөнгө нь зохих элэгдлийн нормд заасны дагуу өртгөө бүрэн нөхсөн эсхүл зохих журмын дагуу хэрэглээнээс актлагдсан бол орон нутгийн өмчийн хөрөнгийн бүртгэлээс хасагдсаныг нотолсон байх;

4.1.5. албан ажлын хэрэгцээнд уналгын автомашин өөрийн хөрөнгөөр худалдаж авахаар бол холбогдох үнийн саналын судалгааг бэлтгэсэн байх. Тухайн онд худалдан авах автомашин нь 0-3 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн, тухайн онд Монгол Улсад импортоор орж ирсэн байх;

4.1.6. шинэ хөрөнгө оруулалттай холбоотойгоор нэмэгдэх орон тоо, урсгал зардлын хэмжээг тооцсон байх.


ТАВ. БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ
ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРДАЛ ТООЦОХ

5.1. Аймаг, нийслэлийн байгаль хамгаалах газрын үйл ажиллагааны урсгал зардлыг дараахь байдлаар тооцно:

5.1.1. орон нутгийн байгаль хамгаалах ажилтны цалин хөлс, нийгмийн баталгаа, болон байр ашиглалттай холбоотой зардлыг энэ аргачлалын 3.1.6-3.1.8, 3.2, 3.3-т тус тус заасны дагуу;

5.1.2. төрийн албан хаагчийн үйл ажиллагааны зардал болон бусад урсгал зардлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан орон нутгийн иргэдийн төлөөллийн болон засаг захиргааны нэгжийн удирдлагын байгууллагын хэрэгжүүлбэл зохих чиг үүргийг суурь түвшний төсөвтэй нь харьцуулж, дараахь зүйлсийг харгалзан тогтооно:

5.1.2.1. байгалийн бүсчлэлд хамрагдсан сумд;

5.1.2.2. байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн норматив;

5.1.2.3. улсын тусгай хамгаалалтад ороогүй объектыг орон нутгийн хамгаалалтад авч хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоох эсэх;

5.1.2.4. хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох эсэх;

5.1.2.5. байгаль орчны байцаагчийг нормын хувцас, ялгах тэмдэг, бие хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл, уналгаар хангах шаардлагатай эсэх;

5.1.2.6. харьяалах нутаг дэвсгэрийн байгалийн тогтоц, хэв шинж;

5.1.2.7. уул уурхайн олборлолт хийсний улмаас байгаль орчны үнэлгээ хийж байгалийг нөхөн сэргээх шаардлага гарсан эсэх;

5.1.2.8. байгалийн нөөцийг нөхөн сэргээх шаардлагатай эсэх.

5.2. Засгийн газраас тогтоосон байршил бүхий сум дундын ойн ангийн үйл ажиллагааны хувьсах шинжтэй урсгал зардлыг дараахь байдлаар тооцно:

5.2.1. цалин хөлс, нийгмийн баталгаа, болон байр ашиглалттай холбоотой зардлыг энэ аргачлалын 3.1-3.3-т заасны дагуу;

5.2.2. орон тооны дээд хязгаарыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан орон тооны жишиг, хязгаарын дагуу;

5.2.3. төрийн албан хаагчийн үйл ажиллагааны зардал болон бусад урсгал зардлыг холбогдох эрх зүйн актаар баталгаажсан чиг үүрэг, арга хэмжээг суурь түвшний төсөвтэй харьцуулж хянан тогтоохдоо дараахь зүйлсийг харгалзана:

5.2.3.1. Засгийн газраас тогтоосон ойн ангийн хариуцах талбайн норматив;

5.2.3.2. харьяалах нутаг дэвсгэрийн байгалийн тогтоц, хэв шинж;

5.2.3.3. байгаль хамгаалагчийг нормын хувцас, ялгах тэмдэг, бие хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл, уналгаар хангах шаардлагатай эсэх;

5.2.3.4. байгалийн нөөцийг нөхөн сэргээх шаардлагатай эсэх;

5.2.3.5. ой цэвэрлэх, нөхөн сэргээх шаардлагатай эсэх.

5.3. Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх зориулалтаар зарцуулах хөрөнгийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасан орлогын төрөл, хувь хэмжээгээр тооцно.


ЗУРГАА. НИЙГМИЙН ХАЛАМЖ, АСРАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ
ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРДАЛ ТООЦОХ

6.1. Орон нутгийн төсвөөс санхүүждэг төрөлжсөн асрамжийн төв, сум, дүүрэг, хороодын ахмадын төв, сум, хорооны нийгмийн ажилтны хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны урсгал зардлыг дараахь байдлаар тооцно:

6.1.1. байгууллагын цалин хөлс, нийгмийн баталгаа болон байр ашиглалттай холбоотой зардлыг энэ аргачлалын 3.1-3.2-т заасны дагуу;

6.1.2. сум, хорооны нийгмийн ажилтны орон тоог Засгийн газраас тогтоосон нийгмийн үйлчилгээний жишиг нормативт заасныг баримтлан;

6.1.3. бусад урсгал зардлыг Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Төсвийн тухай хуульд орон нутгийн иргэдийн төлөөллийн болон засаг захиргааны нэгжийн удирдлагын байгууллагын хэрэгжүүлбэл зохих чиг үүргийг суурь түвшний төсөвтэй нь харьцуулж дараахь зүйлсийг харгалзан хянан тогтооно:

6.1.3.1. нийгмийн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэний тоог ядуурлын түвшинтэй нь харьцуулан;

6.1.3.2. нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээний төрөлжилт, төвлөрөл (тодорхой бүс, орон нутагт нэг болон түүнээс дээш төрлийн хөнгөлөлт, үйлчилгээний хуваарилалт бусад бүс болон орон нутагтай харьцуулахад их байх гэх мэт);

6.1.3.3. төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр аймаг, нийслэлийн Ахмадын хороотой Засаг даргын байгуулсан гэрээнд заасан цалин хөлс, урамшуулал болон үр дүнгийн бусад үзүүлэлтүүд;

6.1.3.4. ахмадын төв, кабинет, сувиллын үйл ажиллагаа явуулж байгаа байр, конторын өмчлөлийн харьяалал;

6.1.3.5. хүчирхийлэлд өртсөн иргэд, хүнд нөхцөлд байгаа хүүхдийн тоо болон гал түймэр, байгалийн гамшгийн улмаас орон гэрээ алдсан иргэдэд нийгмийн үйлчилгээний төвөөр дамжуулж тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлага байгаа эсэх;

6.1.3.6. төрөлжсөн асрамжийн төв тухайн орон нутагт ажилладаг эсэх;

6.1.3.7. хоноглох байр ажиллуулдаг эсэх;

6.1.3.8. нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний зардлын хэмжээг энэхүү аргачлалын хавсралтад заасан жагсаалтад үндэслэх бөгөөд холбогдох хууль, эрх бүхий байгууллагаас хамгийн сүүлд тогтоосон тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээний нэр төрөл, хэмжээг баримтална.


ДОЛОО. СУУРЬ ЗАРДЛЫН ТООЦООЛЛЫГ НЭГТГЭХ, ТОХИРУУЛГА ХИЙХ

7.1. Орон нутгийн суурь зардлыг орон нутгийн засаг захиргааны нэгж бүрээр тооцож гаргасны дараа нийт зардлын дүнг нэгтгэж, шаардлагатай бол дараахь тохируулгын аль тохирохыг хийнэ:

7.1.1. цалин хөлсний нэмэгдлийг тухайн жилийн төсвийн бодлогод тусгагдсан хэмжээгээр тооцож индексжүүлэх;

7.1.2. орон тооны тохируулгыг тухайн жилийн төсвийн бодлого болон бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд үндэслэн нэмэгдүүлэх эсхүл бууруулах;

7.1.3. нэг удаагийн буцалтгүй тусламжийг тухайн жилийн нэгдсэн төсвийн бодлогод тусгасан шийдвэрийг үндэслэх.