Засгийн газрын 2019 оны 170 дугаар тогтоол
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, дугаар 170, Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрэм”-ийн хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрэм
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нягтлан бодох бүртгэлийн хяналтыг хэрэгжүүлэх, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.
1.2. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ.
1.3. Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болгоно.
1.4. Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална:
1.4.1. хууль дээдлэх;
1.4.2. ил тод, хараат бус байх;
1.4.3. хяналт шалгалтын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнах;
1.4.4. албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн төрийн болон албаны, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх;
1.4.5. албан ёсны шийдвэр гараагүй байхад аливаа асуудлын талаар байр сууриа илэрхийлэх, зөвшөөрөлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх.
ХОЁР. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ
2.1. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга нь нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагч байна.
2.2. Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.
2.3. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй, санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээ болон татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний бодлого, төсвийн бүртгэл, орлого, зарлагын гүйцэтгэлд хяналт тавих чиг үүрэг бүхий нэгжийн дарга, мэргэжилтэн, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга (цаашид “санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга” гэх) нарт улсын ахлах байцаагчийн эрх олгоно.
2.4. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарт улсын байцаагчийн эрх олгоно.
2.5. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай харьцдаг аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл болон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих нягтлан бодох бүртгэлийн хяналтыг улсын ахлах байцаагч хэрэгжүүлнэ.
2.6. Аймаг, нийслэл, дүүргийн улсын байцаагч нь тухайн орон нутаг дахь аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл болон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих нягтлан бодох бүртгэлийн хяналтыг хэрэгжүүлнэ.
2.7. Улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь шийтгэлийн хуудас, улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг хэрэглэнэ.
ГУРАВ. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
3.1. Нягтлан бодох бүртгэлийн хяналтыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
3.1.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт;
3.1.2. нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын хэрэгжилт;
3.1.3. аудитын олон улсын стандарт, түүнтэй нийцүүлэн гаргасан Монгол Улсын аудитын стандартын хэрэгжилт;
3.1.4. хөрөнгийн үнэлгээний олон улсын стандарт, түүнтэй нийцүүлэн гаргасан журам, зааврын хэрэгжилт;
3.1.5. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17.1.11-д заасан зөвшөөрөгдсөн програм хангамжийн шаардлагын хэрэгжилт;
3.1.6. улсын хэмжээнд нийтээр дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээ, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журам, зааврын хэрэгжилт;
3.1.7. санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, дүрэм, журам, зааварт нийцүүлэн аж ахуйн нэгж, байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт;
3.1.8. нягтлан бодох бүртгэлийн журнал болон анхан шатны бүртгэлийн маягтын хөтлөлт;
3.1.9. нягтлан бодох бүртгэлийн мэдээ, тайлан болон байгууллага хоорондын тооцоо нийлэлт, өр, авлагын баталгаажуулалтын байдал;
3.1.10. эд хөрөнгийн тооллого, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал;
3.1.11. аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хадгалж байгаа байдал;
3.1.12. аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө, өр төлбөрийн тооцоолол, бүртгэл.
ДӨРӨВ. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ, УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХОРИГЛОХ ЗҮЙЛ
4.1. Улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1. байгууллагын нэгжийн үйл ажиллагаатай танилцах;
4.1.2. холбогдох албан хаагчтай ярилцлага хийх;
4.1.3. бичмэл болон цахим баримт, мэдээлэл, материалыг гаргуулан авах, шаардлагатай бол тухайн байгууллагын байр, тоног төхөөрөмж, хэрэгслийг ашиглах;
4.1.4. санхүүгийн тайлан, баримтыг баталгаажуулахтай холбоотой баримт бичигтэй танилцах, холбогдох банк, санхүүгийн байгууллагад хүсэлт тавих;
4.1.5. өмнө хийсэн хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх;
4.1.6. хяналт шалгалтын явцад шаардлагатай гэж үзвэл эд хөрөнгийн тооллого хийлгэж, тооцоо бодуулах санал гаргах;
4.1.7. анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөхөд гарсан алдааг залруулах санал дүгнэлт гаргах;
4.1.8. шаардлагатай үед холбогдох байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр мэргэжлийн хүмүүсийг шалгалтад татан оролцуулах;
4.1.9. аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг шалгах, арга зүйн зөвлөгөө өгөх;
4.1.10. хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ албан шаардлага үйлдэж, дүгнэлт гаргах;
4.1.11. нягтлан бодох бүртгэлийн хууль болон холбогдох хууль тогтоомжийн талаар арга зүйн зөвлөгөө өгөх;
4.1.12. аж ахуйн нэгж, байгууллагад дансны тооллого хийх, нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд шалгалт хийх ажлыг зохион байгуулах, оролцох;
4.1.13. хууль тогтоомжид заасан бусад.
4.2. Улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь нягтлан бодох бүртгэлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ дараахь үүргийг гүйцэтгэнэ:
4.2.1. нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон аудитын олон улсын стандартыг дагаж мөрдөж байгаад хяналт тавих;
4.2.2. аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн зарчим, хэл, валют, анхан шатны баримтын бүрдүүлбэр, хөтлөлт, ашиглалт, баталгаажуулалтад хяналт тавих;
4.2.3. санхүүгийн тайлангийн тайлагналт, баталгаажуулалт, хадгалалтад хяналт тавих;
4.2.4. аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ерөнхий нягтлан бодогчийн үүргийн биелэлтэд хяналт тавих;
4.2.5. хяналт шалгалтын удирдамж, хяналт шалгалтын явцад бүрдүүлсэн баримт, тайлан, дүгнэлт зэрэг материалыг нэгтгэж, зохих журмын дагуу архивын нэгж үүсгэн байгууллагын архивд хүлээлгэн өгөх;
4.2.6. эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд шударгаар гүйцэтгэх, албан үүргээ гүйцэтгэхдээ хуулийн этгээд, хувь хүнтэй адил тэгш, боловсон харьцах.
4.3. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын улсын ахлах байцаагч энэ дүрмийн 4.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:
4.3.1. аудитын хуулийн этгээдийн нөхцөл, шаардлага, үйл ажиллагаанд хяналт тавих;
4.3.2. хөрөнгийн үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй нөхцөлд үнэлгээ хийсэн эсэхэд хяналт тавих;
4.3.3. татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэхэд хяналт тавих;
4.3.4. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Терроризмтой тэмцэх тухай хуульд болон бусад хууль тогтоомжид заасан хамаарал бүхий заалтын хэрэгжилтэд хяналт тавих.
4.4. Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
4.4.1. улсын байцаагчийн баримт бичгийн хэвлэмэл хуудас, маягтыг дураараа хэвлэн ашиглах, хүчингүй буюу хуурамч хуудас хэрэглэх;
4.4.2. улсын байцаагчийн тэмдгийг үрэгдүүлэх, бусдад шилжүүлэх;
4.4.3. гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичгийг засварлах, өөрчлөх;
4.4.4. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэх;
4.4.5. мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчих;
4.4.6. хамаарал бүхий болон ашиг сонирхлын зөрчилтэй байгууллагад хяналт шалгалт явуулах;
4.4.7. хяналт шалгалтын ажлын явцад олж мэдсэн нууцад хамаарах мэдээллийг өөр этгээдэд өгөх, хувийн зорилгоор ашиглах;
4.4.8. зөрчлийн хэрэгтэй холбоотой бичгээр болон амаар гаргасан гомдол, мэдээллийг бүртгэлд бүртгэлгүй орхих, эсхүл уг бүртгэлд бүртгэгдээгүй гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх;
4.4.9. хууль тогтоомжид заасан бусад.
ТАВ. УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ, УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ, СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
5.1. Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр 2 жилийн хугацаатай олгоно.
5.2. Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтны байцаагчийн эрхийг үндсэн ажлаа гүйцэтгэж байгаа тохиолдолд 2 жилийн хугацаагаар улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр сунгана.
5.3. Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг шинээр авах болон байцаагчийн эрхийг сунгуулах албан тушаалтан дараах бичиг баримтыг бүрдүүлж, санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад томилогдсон өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан, сунгахад хугацаа дуусгавар болгохоос ажлын 10 хоногийн өмнө ирүүлнэ:
5.3.1. албан хүсэлт;
5.3.2. төрийн албан хаагчийн анкет (зөвхөн шинээр авахад);
5.3.3. тухайн албан тушаалд томилогдсон тушаалын хуулбар;
5.3.4. мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээний хуулбар;
5.3.5. цээж зураг 3х4 хэмжээтэй 1 хувь.
5.4. Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтанд санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байцаагчийн үнэмлэх, шийтгэлийн хуудас, тэмдгийг олгоно.
5.5. Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтны байцаагчийн эрхийг дараах тохиолдолд улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр хүчингүй болгоно:
5.5.1. улсын байцаагчийн эрхийн хугацаа дуусгавар болсон;
5.5.2. өөр ажилд шилжсэн, ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан;
5.5.3. энэ дүрмийн 4.4-т заасан хориглох зүйлийг зөрчсөн.
5.6. Эрхийг нь нь хүчингүй болгосон улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг, шийтгэлийн хуудсыг тухайн шатны Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга тэмдэглэл хөтлөн хүлээн авч, санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 хоногт багтаан мэдэгдэнэ.
ЗУРГАА. УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ, УЛСЫН БАЙЦААГЧИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ХЯНАЛТ
6.1. Улсын ерөнхий байцаагч нь улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавина. Улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажлаа улсын ерөнхий байцаагчид тайлагнана.
6.2. Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, зөрчлийн хэргийн бүртгэлийн тайлан, дүн мэдээ, шийтгэлийн хуудасны тооцоо, тэмдгийн тооцоо зэргийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх хугацааг улсын ерөнхий байцаагчийн тушаалаар баталж мөрдүүлнэ.
6.3. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн хагас болон бүтэн жилийн тайланг нэгтгэн улсын ерөнхий байцаагчид танилцуулна.
6.4. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөрчлийн хэрэг бүртгэлийн нэгдсэн дүнг улсын ерөнхий байцаагчид танилцуулан, Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлж, олон нийтэд мэдээлнэ.
6.5. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг 2 жил тутамд хийнэ.
ДОЛОО. БУСАД
7.1. Нягтлан бодох бүртгэлийн хяналтаар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон хувь хүн, хуулийн этгээдэд улсын ахлах байцаагч, улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.2. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн хуудасны маягт хэвлүүлэх зардлыг Сангийн сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.