Сангийн сайдын 2017 оны 363 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
САНГИЙН САЙДЫН
ТУШААЛ

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, Дугаар 363, Улаанбаатар хот


ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.6, 49.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг төсвийн захирагч нарт тус тус даалгасугай.

Гурав. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ын дагуу ерөнхийлөн захирагчдын тайланд үнэлгээ хийж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст даалгасугай.

Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2012 оны 264 дүгээр тушаалаар  батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаагтөлөвлөх, тайлагнах журам”-ыг хүчингүй болгосонд тооцсугай.



САЙД                                            Ч.ХҮРЭЛБААТАР

/СС-ын 2018 оны 281-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр тухайн жилд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах болон түүний хэрэгжилтэд үнэлгээ хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү журмыг хуулийн 4 дүгээр зүйлд заасан бүх захиалагч мөрдлөг болгон ажиллана.

1.3. Захиалагч хуулийн дагуу тухайн жилийн төсөвт батлагдсан бараа, ажил, үйлчилгээг төлөвлөх, тайлагнахдаа энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан маягтуудыг ашиглана.

1.4. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого хариуцсан нэгж нь Төсвийн ерөнхийлөн захирагчнарын ирүүлсэн худалдан авах ажиллагааны нэгдсэн тайлан, бусад мэдээлэлд үндэслэн тухайн оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан аргачлалын дагуу үнэлгээ хийнэ.

1.5. Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайланг дараах шатлалаар нэгтгэн,баталж холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлнэ.

1.5.1. Төсвийн шууд захирагч нь төсвийн төвлөрүүлэн захирагчид, төсвийн төвлөрүүлэн захирагч нь шууд захирагчийн төлөвлөгөө, тайланг нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагчид;

1.5.2. Төсвийн төвлөрүүлэн захирагчгүй бол төсвийн шууд захирагч нь төсвийн ерөнхийлөн захирагчид;

1.5.3. Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан аймаг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нь харъяалах салбарын сайдад;

1.5.4. Төсвийн ерөнхийлөн захирагч нь дээрх захирагчдын төлөвлөгөө, тайланг нэгтгэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4, 49.5 дах хэсэгт заасан хугацаанд багтаан ирүүлнэ./СС-ын 2018 оны 281-р тушаалаар нэмэлт орсныг тусгав/


ХОЁР. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ

2.1. Худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцүүлэн хуулийн 48 дугаар зүйл болон энэ журамд заасны дагуу захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулна.

2.2. Захиалагч тухайн жилийн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг энэхүү журмын нэгдүгээр хавсралтын Маягт 1-ийн дагуу боловсруулж, түүнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, хүчин чадал, багцлалт, төсөв, худалдан авах ажиллагаанд мөрдөх журам, хэрэгжүүлэх хугацаа, эрх шилжүүлсэн эсэх, ерөнхий гэрээний журам болон холбогдох тайлбар тодруулгыг тодорхой тусгасан байна.  

2.3. Худалдан авах ажилагааг төлөвлөхдөө хуулийн 8.6 дахь хэсгийн дагуу багцлах тохиолдолд хуулийн 101 зүйлд заасан дотоодын үйлдвэрээс авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багц болгоно.

2.4. Төсвийн захирагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний төслийн хууль тогтоомжид нийцэж буй эсэх, тухайн байгууллагын зорилтыг хангах, үр ашигтай, зөв төлөвлөгдсөн эсэхийг хянан, батална.

2.5. Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн харьяа төсөвт бүх байгууллага, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын тухайн онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг нэгтгэн журмын 2.4-т заасны дагуу баталж, тухайн онд хэрэгжүүлэхээр батлагдсан төсвийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ./2.4-2.5 дахь хэсгийг СС-ын 2018 оны 281-р тушаалаар өөрчлөн найруулсан./

2.6. Төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээд нь өөрийн харъяаны 50 буюу түүнээс дээш хувийн төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд /цаашид “захиалагч” гэх/-ийн тухайн онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг нэгтгэж журмын 2.4-т заасны дагуу баталж, төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдсан төсөв /зорилтот түвшин/-ийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.7. Төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээд нь энэ журмын 2.5, 2.6-д заасан төлөвлөгөөнд санхүүжилтийн эх үүсвэр баталсан тогтоол, шийдвэрийг хавсарган, дараах хугацааны дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ./2.6-2.7 дахь хэсгийг СС-ын 2018 оны 281-р тушаалаар нэмсэн/   

2.7.1. Дараа оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний төслийг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор;

2.7.2. Улсын болон орон нутгийн төсөв батлагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор;

2.7.3. Төлөөлөн удирдах зөвлөлөөр төсөв батлагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор; /СС-ын 2018 оны 281-р тушаалаар өөрчилсөн/  

2.8. Төсвийн ерөнхийлөн захирагч болон төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээд ньтухайн жилийн төсөвт нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногт багтаан төлөвлөгөөнд өөрчлөлтийг тусган, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.9. Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдсан даруйд худалдан авах ажиллагааны цахим систем(www.tender.gov.mn)-д оруулж, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, батлуулна.

2.10. Захиалагчийн боловсруулсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч энэхүү журмын 4 дүгээр бүлэгт заасан аргачлал, шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулна.

2.11. Захиалагч тухайн жилд батлагдсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг мөрдөж ажиллах бөгөөд төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авах ажиллагааны талаарх тайлбар, үндэслэлийг худалдан авах ажиллагааны тайланд тодорхой тусгана.

2.12. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого хариуцсан нэгж журмын 2.7-д заасан төлөвлөгөөг зохих журмын дагуу төлөвлөсөн эсэхийг хянаж, хууль журамд нийцсэн бол баталгаажуулна. Төлөвлөгөө нь хууль журамд нийцээгүй тохиолдолд үндэслэлийг дурдан буцаана.

2.13. Захиалагч хуулийн 46.3-т заасны дагуу эрх шилжүүлэх тохиолдолд төсөв батлагдсанаас хойш 60 хоногийн дотор,хэрэв тодотгол орсон бол түүнээс хойш 30 хоногийн дотор тус тус холбогдох албан тушаалтанд шилжүүлсэн байх.

2.14. Тухайн онд хэрэгжихээр батлагдсан төсөвт тодотгол, өөрчлөлт орсноос бусад тохиолдолд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй. /Энэ хэсгийг СС-ын 2018 оны 281-р тушаалаар нэмсэн/


ГУРАВ. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАГНАЛТ

3.1. Төсвийн ерөнхийлөн захирагч болон төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээд нь тухайн онд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг журамд заасан маягтуудын дагуу нэгтгэж бичгээр болон файлаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах хугацаанд ирүүлнэ. /Энэ хэсгийг СС-ын 2018 оны 281-р тушаалаар өөрчлөн найруулсан./

3.1.1. Хагас жилийн тайланг тухайн оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор;

3.1.2. Бүтэн жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор;

3.2. Эрх шилжүүлсэн төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг эрх шилжүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

3.3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Ерөнхий гэрээний худалдан авах ажиллагааны тайланг нэгтгэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ журмын хавсралтаар батлагдсан 2-9 дүгээр маягын дагуу гаргаж, хуулийн 49.5 дах хэсэгт заасан хугацаанд ирүүлнэ./Энэ хэсгийг СС-ын 2018 оны 281-р тушаалаар өөрчлөн найруулсан./

3.4. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь Ерөнхий гэрээний худалдан авах ажиллагааны тайланг нэгтгэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуулийн 49.5 дах хэсэгт заасан хугацаанд ирүүлнэ.

3.5. Худалдан авах ажиллагааны жилийн эцсийн тайланг дотоод аудит (дотоод аудитын нэгжгүй байгууллагын хувьд өөрийн байгууллагын дотоод аудитор)-аар хянуулж, холбогдох дүгнэлтийн хамт ирүүлнэ. /3.4-3.5 дахь хэсгийг СС-ын 2018 оны 281-р тушаалаар хүчингүй болгосон/


ДӨРӨВ. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ҮНЭЛГЭЭ ӨГӨХ

4.1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

4.2. Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг 2 дугаар хавсралтад заасан онооны журмаар үнэлж, төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрийн авсан нийт оноог гаргана.

4.3. Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг үнэлэхдээ  Маш сайн (90-100%), Сайн (80-89%), Хангалттай (60-79%), Хангалтгүй (40-59%) Муу (0-39%) гэсэн хувийн жингээр тооцож гаргана.

4.4. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны дүнг оноо, үнэлгээнийн тайлбарын хамт тусгана.

4.5. Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны тайланд үнэлгээ өгөх явцад илэрсэн зөрчил дутагдлыг Засгийн газар, Улсын Их Хуралд хүргүүлэх худалдан авах ажиллагааны улсын хэмжээний нэгдсэн тайланд тусгахын зэрэгцээ шаардлагатай бол хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.

4.6. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого хариуцсан нэгж төсвийн ерөнхийлөн захирагч нарын, Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн харьяа төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит газар тус бүрийн худалдан авах ажиллагааны тайланд үнэлгээ өгч, түүний мөрөөр дараа оны худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. /СС-ын 2018 оны 281-р тушаалаар өөрчлөлт орсон/.