Сангийн сайдын 2012 оны 276 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
САНГИЙН САЙДЫН
ТУШААЛ

2012 оны 12  сарын 21-ний өдөр, дугаар 276, Улаанбаатар хот


ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 11.1.2, 38.1.2, 38.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системд мөрдөх журам”-ыг 2 дугаар /2-р хавсралтыг СЯ-ны 2014-04-30-ны 95 тушаалаар хүчингүй болсон/ хавсралтаар тус тус шинэчлэн баталж 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр тогтоосугай.

Хоёр. Батлагдсан журмыг хэрэгжүүлэн ажиллахыг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т, хэрэгжилтэнд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Б.Батцэцэг/-т тус тус даалгасугай.

Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2011 оны 129 дүгээр тушаалыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

 

САЙД                                               Ч.УЛААН

Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Төсвийн байгууллагын бэлэн мөнгөөр орлого хүлээн авах, Төрийн  сангийн бүртгэлийн данснаас бэлэн мөнгөний зузаатгал авах, төлбөр тооцоо хийх, бэлэн мөнгө болон үнэт цаасны зарцуулалтад хяналт тавих, арилжааны банкны төлбөрийн картыг үйл ажиллагаандаа ашиглахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

ХОЁР. БЭЛЭН МӨНГӨНИЙ КАССЫН АЖИЛЛАГАА

 

2.1 Төсвийн байгууллага бүрт бэлэн мөнгөний гүйлгээг эрхлэх, үнэт цаасыг хадгалах мөнгөн касс ажиллах ба мөнгөн касс нь байгууллагын нэр бүхий тэмдэгтэй байна.

 

2.2 Төсвийн байгууллага нь арилжааны банкны төлбөрийн картын дансанд байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай бэлэн мөнгийг төрийн сангаас баталсан хязгаар/ЖМС/-ын дотор шилжүүлэн авч болох бөгөөд гадаад, дотоод албан томилолт, гадаад зочны зардал, тэтгэмж, урамшуулал, шагналыг батлагдсан төсвийн хүрээнд шилжүүлэн авч болно.

 

2.3 Журмын 2.2-д зааснаас бусад зардлаас зайлшгүй бэлнээр гүйлгээ хийлгэх шаардлагатай тохиолдолд албан хүсэлт, шаардлагатай хөрөнгийн баталсан төсөв, бэлнээр авах үндэслэлийг тодорхой тусгаж ирүүлнэ. Төрийн сан албан хүсэлтийг хянаж үзэн, шаардлагатай гэж үзвэл бэлнээр олгож болно.

 

2.4 Журмын 2.2, 2.3 дэх заалтууд нь төрийн нууцын зэрэглэлд багтах төсвийн байгууллагад хамаарахгүй.

 

2.5 Төсвийн байгууллага бэлэн мөнгөөр болон арилжааны банкны төлбөрийн картаар зарлага хийхдээ зарцуулалтын эрхийн хүрээнд зөвшөөрөгдсөн төсвийн хуваарийн дагуу гүйцэтгэх бөгөөд Төрийн сангаас тухайн байгууллагын дотоод үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн баталж өгсөн жижиг мөнгөн сангийн /цаашид “ЖМС” гэх/ хязгаарыг дагаж мөрдөнө.

 

2.6  Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг / түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй / ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана.

 

2.7  Мөнгөн кассын санхүүгийн баримт нь засваргүй, үнэн зөв хөтлөгдөж, баримтын бүрдлийг хангасан байх ба зарлагын төлбөр гүйцэтгэх эрхийг олгосон албан ёсны шийдвэрт үндэслэгдэн цохолт хийгдсэн байна.

 

ГУРАВ. БЭЛЭН МӨНГӨНИЙ КАССЫН ГҮЙЛГЭЭГ ГҮЙЦЭТГЭХ, ХӨТЛӨН ЯВУУЛАХ

 

3.1 Төсөвт байгууллага нь Төрийн сангийн бүртгэлийн данснаас байгууллагын төлбөрийн картын дансаар дамжуулан бэлэн мөнгийг байгууллагын касст хүлээн авч зориулалтын дагуу  зарцуулах үүргийг хүлээнэ.

 

3.2 Мөнгөн кассын гүйлгээг байгууллагын төсвийн эрх захирагчийн тушаал, шийдвэрээр томилогдсон мөнгөн кассын нярав хариуцан гүйцэтгэнэ.

 

3.3  Кассын нярав нь мөнгөн кассын ажиллагааны энэхүү журмыг мөрдөж ажиллах талаар болон эд хөрөнгийн хариуцлага хүлээх тухай баталгаа гаргаж өгнө.

 

3.4 Энэ зүйлийн 3.3 дахь заалт нь түр хугацаагаар томилогдсон няравт нэгэн адил хамаарна.Мөнгөн кассын нярав нь мөнгө хүлээн авагчийн албан ёсны баримт бичгийг шалгасны үндсэн дээр холбогдох мөнгийг олгоно.

 

3.5 Хэрэв төлөөний өөр хүнд мөнгө олгох бол хууль заасны дагуу төлөөлөх баримт бичиг, байгууллагын дарга, ерөнхий (ахлах) нягтлан бодогч нарын гарын үсэг бүхий зөвшөөрлийг үндэслэн олгоно.

 

3.6 Мөнгө хүлээн авагч нь гарын үсгээ зурж чадахгүй онцгой тохиолдолд түүний хүсэлтээр өөр хүнээр төлөөлүүлэн зуруулж энэ талаар тайлбар бичиж хавсаргана. Төлөөлж зурах хүн нь тухайн байгууллагын нягтлан бодогч, мөнгөн кассын нярав байж болохгүй.

 

3.7 Мөнгөн кассын няравт дараахь ажиллагааг хориглоно:

 

3.7.1 Өөрийн хариуцсан ажлыг байгууллагын удирдлагын шийдвэргүйгээр бусдад шилжүүлэн өгөх;

3.7.2 Төсвийн байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогч, мөнгөн кассын нярав зэрэг албан тушаалтнууд нь нэг гэр бүлийн гишүүн, хамаатан, садан байх;

3.7.3 Мөнгөн кассын тооцооны ажилтай шууд холбогдол бүхий ерөнхий болон тооцооны нягтлан бодогч зэрэг хүмүүсийг мөнгөн кассын няравын ажлыг давхар гүйцэтгүүлэх;

3.7.4 Мөнгөн кассаас хувийн хэрэгцээнд зориулан урьдчилгааны журмаар бэлэн мөнгө олгох;

3.7.5  Кассын бэлэн мөнгийг зориулалтын бус үйл ажиллагаанд зарцуулах;

3.7.6Бэлэн мөнгөний төлбөрийн картын дансаар энэ журмаар зөвшөөрснөөс бусад орлого, зарлагын гүйлгээ хийх;

3.7.7 Мөнгөн кассын няравын өрөөнд кассын шалгалт хийх эрх бүхий(зөвхөн албан үүргээ гүйцэтгэх үед орно) хүмүүсээс бусад хүн оруулах:

 

3.8. Мөнгөн кассын нярав нь анхан шатны орлого, зарлагын баримтыг үндэслэн мөнгөн кассын гүйлгээг хийнэ.

 

3.9. Мөнгөн кассаар дамжуулан хийгдэх гүйлгээ бүрт орлого, зарлагын баримтыг бичиж байна. Харин тусгай кассаар дамжин төвлөрсөн журмаар орох бараа, ажил үйлчилгээ болон үзвэр, үйлчилгээний орлого, цалин, тэтгэмж болон тусгай жагсаалтаар гаргах зарлага зэрэгт орлого, зарлагын төрөл тус бүрээр нэгдсэн нэг баримт бичнэ.

 

3.10.Төсвийн байгууллагын дарга кассаас гадуур бэлэн мөнгөний орлого цуглуулах тохиолдолд энэхүү эрх бүхий ажилтныг томилно.

 

3.11.Эрх бүхий ажилтан нь тусгай үйлчилгээний цэг буюу төвлөрсөн кассаар орох бэлэн мөнгөний орлогыг хураахдаа батлагдсан хүчин төгөлдөр маягт, тасалбар хэрэглэнэ.

 

3.12.Эрх бүхий ажилтан хураасан орлогоо өөрийн байгууллагын бүртгэлийн дансанд ажлын 1 хоногт багтаан тушааж сар бүрийн эцэст зарагдсан тасалбарын бүртгэл болон орлого цуглуулсан баримтын (зарагдсан тасалбараас өөрт үлдэх хувь) тооцоог гаргаж, тайланг тушаана.

 

3.13.Мөнгөн кассын няравын түр эзгүйд түүний ажлыг орлох хүнийг төсвийн байгууллагын дарга түр хугацаагаар томилон Төрийн сан болон арилжааны банкинд албан бичгээр мэдэгдэнэ.

 

3.14. Мөнгөн кассын няравын ажлыг хүлээлцүүлэхдээ байгууллагын удирдлагын шийдвэрээр тусгай комисс томилж, касст байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаасны үлдэгдлийг нэг бүрчлэн шалган тоолж, хүлээлцсэн тухай акт үйлдэнэ.

 

ДӨРӨВ. МӨНГӨН КАССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГАДААД ВАЛЮТААР ГҮЙЦЭТГЭХ

 

4.1.Мөнгөн кассын үйл ажиллагааг хуульд заасны дагуу үндэсний мөнгөн тэмдэгт болон гадаад валютаар хөтлөн явуулж болно.

 

4.2.Кассын болон нягтлан бодох бүртгэлд гадаад валютын бүртгэлийг Монголбанкнаас зарласан албан ханшаар бүртгэж, ханшийн өөрчлөлтийг зохих журмын дагуу бүртгэж байна.

 

4.3.Төсвийн байгууллага нь гадаад албан томилолтонд шаардлагатай валютыг худалдан авч, дараа тайлагнах журмаар зарцуулах бөгөөд валютын төрөл тус бүрээр кассын орлого, зарлагын бүртгэл хөтлөнө.

 

ТАВ. АРИЛЖААНЫ БАНКНЫ ТӨЛБӨРИЙН КАРТААР ХИЙХ ТӨЛБӨР ТООЦОО

 

5.1.Төсвийн байгууллага нь зөвхөн Төрийн сантай хамтран ажиллах гэрээ байгуулсан арилжааны банкинд төлбөрийн карттай байх бөгөөд дээрх банкинд карт эзэмших хүсэлтээ гаргана. Карт олгогдсон тохиолдолд тухайн байгууллага Төрийн санд банкны нэр, картын дугаарыг албан бичгээр мэдэгдэнэ.

 

5.2 Төсвийн байгууллага нь ажиллагсдын цалин, хөдөлмөрийн хөлс, тэтгэмж урамшуулал олгохдоо хүлээн авагчийн арилжааны банк дахь цалингийн болон төлбөрийн картын үйлчилгээг ашиглана. Харин төрийн нууцын зэрэглэлд хамаарах төсөвт байгууллага болон банкны ийм төрлийн үйлчилгээ авах боломжгүй алслагдсан зайд, хөдөө орон нутагт ажиллаж буй ажиллагсдын цалинг бэлнээр олгож болно.

 

5.3.Төсвийн байгууллага нь төлбөрийн картаар дамжуулан авсан жижиг мөнгөн сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг төлбөрийн картын дансны дэлгэрэнүй хуулгын хамт хянуулан дараагийн ЖМС авах эрхээ нээлгэнэ.

 

5.4.Төсвийн байгууллага жижиг мөнгөн сангийн зарцуулалтын тайлан, мэдээг үнэн зөв, тогтоогдсон цаг хугацаанд энэ журмын 5.3, 6.7  заасны дагуу тайлагнаагүй тохиолдолд Төрийн сан төсвийн байгууллагын жижиг мөнгөн сангийн зузаатгалыг хойшлуулах эрх эдэлнэ.

 

5.5.Төлбөрийн картын дансыг өөрийн орлогыг төвлөрүүлэх, дамжсан гүйлгээ хийх зэрэг төрийн сангаас санхүүжилт авахаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно.

 

ЗУРГАА. ТӨСВИЙН БАЙГУУЛАГЫН КАССАД БАЙРШИХ БЭЛЭН МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭ

 

6.1.Төсвийн байгууллагын кассанд хэрэгцээнээс илүү мөнгө хадгалах явдлаас зайлсхийх үүднээс жижиг мөнгөн сангийн хэмжээг нарийвчлан төлөвлөж байна.

 

6.2.Төсвийн байгууллагын жижиг мөнгөн сангийн хэмжээ(ЖМС) нь тухайн төсвийн байгууллагын жилийн батлагдсан төсвөөс (ЖБТ) хамааран дараах хэмжээтэй байна. Үүнд:

ЖБТ 0-100,000,000 хүртэлх төгрөг                         -ЖМС 0-500,000 төгрөг

ЖБТ 100,000,001-1,000,000,000 хүртэлх төгрөг -ЖМС 500,000-1,500 000 төгрөг

ЖБТ 1,000,000,000 төгрөгөөс дээш                    -ЖМС 1,500,000- 3,000 000 төгрөг

 

6.3.Төсвийн байгууллага нь бага хэмжээний үнийн дүнтэй бараа, ажил үйлчилгээний болон банкны харилцах дансгүй этгээдийн төлбөрийг бэлэн мөнгөөр гүйцэтгэх ба бараа, ажил үйлчилгээний төлбөрийн нийт дүн нь 300,000 (гурван зуун мянган) төгрөг, тээвэр шатахууны хэмжээ- 500,000(таван зуун мянган) төгрөгөөс хэтрэхгүй байна.

 

6.4.Төсвийн байгууллагын жижиг мөнгөн сангийн хэмжээг төсвийн жил эхэлмэгц эхний сард багтаан Төрийн сангийн газрын санхүүжилт тайлан бүртгэлийн хэлтэс, орон нутаг дахь төсвийн байгууллагыг тухайн орон нутгийн төрийн сангийн нэгж баталж эрхийг нээнэ.

 

6.5.Төрийн сан нь жижиг мөнгөн сангийн хязгаар тогтоосон хүсэлтийг хянан баталгаажуулна.

6.6.Төсвийн байгууллагын харилцагч Төрийн сангаас авах бэлэн мөнгөний зузаатгалын (БМЗ) хэмжээг дараахь байдлаар тооцоолно.

БМЗ=ЖМСХ-ЖМСҮ

Үүнд-ЖМСҮ тооцоолно. харилцагч Төрий

ЖМСХ- жижиг мөнгөн сангийн хязгаар

ЖМСҮ- жижиг мөнгөн сангийн үлдэгдэл

 

6.7.Жижиг мөнгөн сангийн хэлбэрээр авч зарцуулсан зардал нь тухайн сарын зарцуулалтын эрхээр батлагдсан төсөвт багтсан байна.

 

ДОЛОО. БЭЛЭН МӨНГӨ, ҮНЭТ ЦААС, ТӨЛБӨРИЙН КАРТЫН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ, БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТ

 

7.1.Мөнгөн кассын өрөө нь бусдаас тусгаарлагдсан цонх, хаалгыг төмөр сараалжаар бэхэлсэн байх бөгөөд мөнгө, үнэт цаасыг шатахгүй төмөрсейфэнд хадгална.

 

7.2.Мөнгөн кассын нярав бэлэн мөнгөний гүйлгээ тус бүрийг кассын дэвтэрт бүртгэж, өдөр бүр кассын тайлан гаргаж кассын дэвтрийн хуудас бүрийг дугаарлан дэвтрийн сүүлчийн хуудасны тоог бичиж дараагийн ажлын өдрийн 12 цагаас хэтрүүлэхгүйгээр нягтлан бодогчид шилжүүлэн өгч хянуулж байна.

 

7.3.Мөнгө, үнэт цаас бүхий кассын лацадсан сейфийг мөнгөн кассын нярав, манаач, сахиул нар тусгай журмаар заавал хүлээлцэж байна.

 

7.4.Нягтлан бодогч нь төсвийн гүйцэтгэлийн болон өглөг, авлагын сар бүрийн мэдээ, тайланг харилцагч Төрийн санд гарган ирүүлэхдээ МГТ1 маягтаар тухайн сарын эцсийн өдрөөр тасалбар болгон бэлэн мөнгөөр хийгдсэн зарлага, санхүүжилтийн тайланг төлбөрийн картын дансны хуулгын хамтаар хавсаргаж ирүүлнэ.

 

7.5.Төсөвт байгууллагын арилжааны банк дах төлбөрийн картын дансны орлого, зарлагын гүйлгээ, дансны хуулгатай тулгаж, түүнд тавих өдөр тутмын хяналтыг байгууллагын ерөнхий нягтлан бодогч болон санхүүгийн хэлтсийн дарга хариуцан гүйцэтгэнэ.

 

7.6.Төсөвт байгууллагын кассын нярав нь төлбөрийн картын нууц дугаарыг /пин код/ чандлан нууцалж, нууц дугаар олгосон банкны мэдэгдлийг бэлэн мөнгө хадгалах сейфэнд, төлбөрийн картын хамт хадгална.

 

НАЙМ. МӨНГӨН КАССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ

 

8.1.Төсвийн байгууллага нь мөнгөн касс, үнэт цаасны зарцуулалт, хадгалалтын ажиллагаанд хяналт, шалгалт явуулах, өмч хамгаалах байнгын зөвлөлийг байгууллагын даргын тушаал, шийдвэрээр байгуулж ажиллуулна.

 

8.2.Шалгалтаар зөрчил, дутагдал илэрвэл мөнгөн кассын нярав болон холбогдох албан тушаалтанд хуульд заасны дагуу хариуцлага тооцож, зөрчлийг барагдуулна.

 

8.3.Энэ журмын 2.6-д заасан үйл ажиллагаанд тухайн байгууллагын төсвийн эрх захирагч, нягтлан бодогч нар хяналт тавьж ажиллана.