Сангийн сайдын 2017 оны 243 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
САНГИЙН САЙДЫН
ТУШААЛ

2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, дугаар 243, Улаанбаатар хот


ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг  үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Хоёр. Энэ тушаалын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Г.ТҮВДЭНДОРЖ/-т даалгасугай.

Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Сангийн сайдын 2016 оны 286 дугаар тушаал, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 331 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                                   

САЙД                                                Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан (цаашид “тайлан” гэх) цахим хэлбэрээр хүлээн авч, хянах, мэдээллийн сан бүрдүүлэх, уг сангийн мэдээллийг ашиглах, шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг бүртгэх, улсын хэмжээнд санхүүгийн тайланг хүлээн авсан дүнг нэгтгэх, холбогдох баримтыг архивт хүлээлгэн өгөх, мэдээлийн сангийн мэдээллийн хадгалалт хамгаалалтын найдвартай байдлыг хангах үйл ажиллагаанд энэ журмыг мөрдөнө.

1.2. Тайлангийн нэгтгэлд улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээдийг бүрэн хамруулна.

1.3. Тайланг “Санхүүгийн тайлангийн и-баланс” системээр хүлээн авч нэгтгэнэ.

1.4. “Санхүүгийн тайлангийн и-баланс” системд нэвтрэх нэр, нууц үгийг Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн харилцагч санхүүгийн байгууллага олгоно.

1.5. Харилцагч санхүүгийн байгууллага нь тайлангийн маягт, түүнийг нөхөх заавар, гарын авлагаар аж ахуйн нэгж, байгууллагыг хангаж ажиллана.


ХОЁР. САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТУШААХ

2.1. Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.

2.2. Энэ журмын 2.1-д заасны дагуу ирүүлсэн тайлангийн мэдээлэл энэ журмын 3.5-д заасан шаардлага хангасан үед тайланг хүлээн авсанд тооцох бөгөөд энэ өдрөөр тайлан тушаасан огноог тооцно.

2.3. “Санхүүгийн тайлангийн и-баланс” систем нь хуульд заасан тайлан хүлээн авах хугацааны эхний өдрөөс сүүлийн өдрийн 24:00 цаг хүртэл системд нэвтрэх эрхээ авсан аж ахуйн нэгж, байгууллагад нээлттэй байна.

2.4. Дүрмийн санд өөрчлөлт орсон, татан буугдаж байгаатай холбогдуулан завсрын санхүүгийн тайлан гаргаж буй аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн тайлангаа харилцагч санхүүгийн байгууллагад цаасан хэлбэрээр биечлэн тушаана.  

2.5. Нэгтгэсэн болон салбарын нэгдсэн тайлан бэлтгэдэг аж ахуйн нэгж байгууллагын хувьд жилийн санхүүгийн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.


ГУРАВ. ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВАХ

3.1. Харилцагч санхүүгийн байгууллага нь энэ журмын 2.1-д заасан хэлбэрээр ирүүлсэн тайланг ажлын 15 өдрийн дотор хянаж, хүлээн авна.

3.2. Харилцагч санхүүгийн байгууллага нь энэ журмын 2.4-д заасан хэлбэрээр ирүүлсэн тайланг ажлын 5 өдрийн дотор хянаж, тайлангийн хуудас бүр дээр гарын үсэг, тамга тэмдэг дарж хүлээн авна.

3.3. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай харьцдаг дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайланг цахим хэлбэрээр болон батлагдсан маягтын дагуу биечлэн тушаах ба Сангийн яамны тухай чиглэлийн асуудлыг хариуцаж буй газраар хянуулсаны үндсэн дээр хүлээн авна. Үүнд:

3.3.1. Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой;

3.3.2. Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан;

3.3.3. Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан;

3.3.4. Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан;

3.3.5. Сангийн яамнаас тусгайлан мэдээлсэн;

3.4. Тайланг дараах үзүүлэлтээр хянаж, хүлээн авна. Үүнд:

3.4.1. тоон үзүүлэлтүүд тооцооллын алдаатай эсэх;

3.4.2. тайлангийн үзүүлэлт хоорондын уялдааг хангаж буй эсэх;

3.4.3. өмнөх хугацааны тайлантай уялдаж буй эсэх;

3.4.4. тайланг мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсэн эсэх

3.5. Харилцагч санхүүгийн байгууллага энэ журмын 3.4-т заасан зөрчил илэрсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийг залруулах талаар анхааруулга хүргүүлж, алдаагүй, засваргүй тайланг хүлээн авна.

3.6. Ажлын ачааллыг харгалзан тайлан хүлээн авах үед нэг мэргэжилтэнд 2500 аж ахуйн нэгж ногдохоор тооцож, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийг түр ажиллуулж болох бөгөөд тайлангийн баталгаажуулалт, бусад хариуцлагыг үндсэн орон тооны бүртгэлийн мэргэжилтэн хариуцна.

3.7. Харилцагч санхүүгийн байгууллага аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн тухайн оны тайланг хатуу дискэнд 3 хувь хуулбарлан, дараа оны 2 дугаар улиралд багтаан архивт хүлээлгэн өгнө.


ДӨРӨВ. ТАЙЛАНД ЗАЛРУУЛГА ХИЙХ

4.1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан үндэслэлээр аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа залруулга хийлгэх бол залруулга хийлгэх хүсэлт, залруулга хийлгэх болсон шалтгаан, түүнийг тусгасан баримт, тайланг хэвлэмэл байдлаар харилцагч санхүүгийн байгууллагад биечлэн тушаана.

4.2. Харилцагч санхүүгийн байгууллагын бичиг хэргийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн албан тоот, энэ журмын 4.1-д заасан баримтыг үндэслэн харилцагч санхүүгийн байгууллага тайлангийн залруулгыг ажлын 5 өдөрт багтаан хийнэ.

4.3. Жилийн эцсийн санхүүгийн тайлангийн залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл, хагас жилийн санхүүгийн тайлангийн залруулгыг тухайн тайлант оныг дуустал харилцагч санхүүгийн байгууллага хийнэ.

4.4. Залруулсан санхүүгийн тайлангийн талаар жагсаалт үйлдэн энэ журмын 3.8-д заасан журмын дагуу хуулбарлан хэвлэмэл байдлаар ирүүлсэн санхүүгийн тайлангийн хамт архивлан хадгална.


ТАВ. НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВАХ

5.1. Нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэг бүхий бизнесийн нэгдлийн толгой компани нь нэгтгэсэн санхүүгийн тайлан гарган,хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.

5.2. Харилцагч санхүүгийн байгууллага нь энэ журмын 5.1-д заасан хэлбэрээр ирүүлсэн нэгтгэсэн санхүүгийн тайланг ажлын 15 өдрийн дотор хянаж, хүлээн авна.

5.3. Нэгтгэсэн санхүүгийн тайланг дараахь үзүүлэлтээр хянана. Үүнд:

5.3.1. тоон үзүүлэлтүүд тооцооллын алдаатай эсэх;

5.3.2. тайлангийн үзүүлэлт хоорондын уялдааг хангаж буй эсэх;

5.3.3. өмнөх хугацааны тайлантай уялдаж буй эсэх;

5.3.4. нэгтгэгдэж буй аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлантай уялдаж буй эсэх;

5.3.5. тайланг мэргэжлийн, эсхүлмэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсэн эсэх;

5.4. “Санхүүгийн тайлангийн и-баланс” систем нь нэгтгэсэн санхүүгийн тайлан хүлээн авах хуульд заасан хугацааны эхний өдрөөс сүүлийн өдрийн 24:00 цаг хүртэл нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагад нээлттэй байна.

5.5. Харилцагч санхүүгийн байгууллага энэ журмын 5.3-д заасан зөрчил илэрсэн тохиолдолд тухайн нэгдлийн толгой компанийн удирдлагад зөрчлийг залруулах талаар анхааруулга хүргүүлж, алдаагүй, засваргүй тайланг хүлээн авна.

5.6. Зөрчлийг арилгаж, шаардлага хангасан санхүүгийн тайланг хүлээн авсан өдрөөр нэгтгэсэн санхүүгийн тайланг тушаасан огноог тооцно.


ЗУРГАА. НЭГТГЭЛ ХИЙХ

6.1. Харилцагч санхүүгийн байгууллага нь жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийгэнэ журмын хавсралтад заасан үзүүлэлтээр гаргаж тайлангийн ирцийн мэдээний хамт 4 дүгээр сарын 20-ны дотор Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

6.2. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланг улсын хэмжээнд нэгтгэн, дүн шинжилгээний хамт дараа оны 2 дугаар улиралд нийтэд мэдээлнэ.


ДОЛОО. САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ

7.1. Санхүүгийн тайлангийн цахим сангийн мэдээллийг дараах этгээд И-баланс системд нэвтрэх эрх авч ашиглах боломжтой. Үүнд:

7.1.1. Төрийн байгууллага

7.1.2. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага

7.1.3. Хөрөнгийн бирж

7.2. Энэ журмын 7.1-д заасан байгууллага нэвтрэх авах тухай хүсэлтээ Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр үндэслэлийн хамт ирүүлнэ.

7.3. Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 7.2-т заасан хүсэлтийг хянаад ашиглах мэдээллийн цар хүрээнээс хамаарч санхүүгийн тайлангийн И-баланс системд нэвтрэх эрхийг эрхийн хязгаарлалттай олгож болно.

7.4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.2-т заасан аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн мэдээлэл нийтэд ил тод байна.

7.5. Энэ журмын 7.4-д зааснаас бусад аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн мэдээллийг дор заасан этгээд дараах тохиолдолд авах эрхтэй байна. Үүнд:

7.5.1. Зээл олгох, төлүүлэх болон барьцаалах хөрөнгийн талаар судалж буй банк санхүүгийн байгууллага, гэрээ хэлцэл хийхээр судалж буй харилцагч байгууллага тухайн аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлөөр;

7.5.2. Тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлага зөвшөөрсөн бусад тохиолдолд хүссэн этгээд;

7.6. Энэ журмын 7.5-д заасан этгээд санхүүгийн тайлангийн мэдээлэл авах хүсэлтээ харилцагч санхүүгийн байгууллагад албан бичгээр ирүүлэх бөгөөд энэ хүсэлтэд холбогдох үндэслэл, нотлох баримтыг хавсаргасан байна.

7.7. Харилцах санхүүгийн байгууллага нь энэ журмын 7.6-д заасан хүсэлтийг хянаад, цахим сангаас холбогдох мэдээллийг хуулбарлан өгөх бөгөөд ингэж хуулбарлахтай холбогдсон зардлыг хүсэлт гаргасан этгээд хариуцна.

7.8. Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан аж ахуйн нэгж, байгууллага нь жилийн эцсийн санхүүгийн тайлангаа И-баланс системд шивэх үедээ гэрээ байгуулсан аудитын байгууллагын нэрийг үнэн зөв оруулсан байна.


НАЙМ. БУСАД

8.1. Энэ журмыг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.