Сангийн сайдын 2017 оны 234 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
САНГИЙН САЙДЫН
ТУШААЛ

2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр, Дугаар 234, Улаанбаатар хот


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.12 дах хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг.  “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Энэ тушаалаар батлагдсан журмыг хэрэгжүүлж, улирал тутам тайлагнаж ажиллахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /Ц.Ням-Осор/-т,журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн газар /П.Билгүүн/-д тус тус даалгасугай.

Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Сангийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 213 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

САЙД                                                             Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Ерөнхий гэрээ байгуулах журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан ерөнхий гэрээтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. Байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээг худалдан авахад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид “мэргэжлийн байгууллага” гэх) ерөнхий гэрээний нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийг сонгон Ерөнхий гэрээ байгуулах, захиалагч уг бараа, үйлчилгээг тус гэрээний дагуу худалдан авахад энэхүү журам болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.


ХОЁР. ЕРӨНХИЙ ГЭРЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

2.1. Ерөнхий гэрээг гурваас доошгүй нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй 3 хүртэл жилийн хугацаатайгаар байгуулна.

2.2. Ерөнхий гэрээг цахим хэлбэрээр дараах хоёр үе шаттайгаар зохион байгуулна:

2.2.1. Нэгдүгээр шат. Мэргэжлийн байгууллага захиалагчийн худалдан авах бараа, үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц байгуулах нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулж, ерөнхий гэрээ байгуулан, шалгарсан нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийг бараа, үйлчилгээний мэдээлэл бүхий цахим худалдан авах ажиллагааны системийн бүрэлдэхүүн хэсэг болох “цахим дэлгүүр” –т бүртгэх;

2.2.2. Хоёрдугаар шат. Хуульд заасан захиалагч цахим дэлгүүрт бүртгэгдсэн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн бараа, үйлчилгээнээс худалдан авахдаа “Шууд сонголт”, “Цахим үнэ хаялцуулах”, “Үнийн санал авах” аргуудын аль тохирохыг сонгон цахим дэлгүүрт бүртгэгдсэн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй тухайн бараа, үйлчилгээг худалдан авахаар хэлэлцэн, тохиролцож “Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ” байгуулах.

2.3. Ерөнхий гэрээний хүчинтэй хугацаанд түүний шалгуур, шаардлагыг хангасан аливаа нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн хувьд Ерөнхий гэрээ байгуулах эрх нээлттэй байна. Нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн тоог хязгаарлахгүй.

2.4. Захиалагч ерөнхий гэрээний дагуу бараа, үйлчилгээ худалдан авахдаа зөвхөн цахим дэлгүүрт бүртгэгдсэн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй энэ журам болон ерөнхий гэрээний нөхцөл, шаардлагын дагуу гэрээ байгуулж, худалдан авна.

2.5. Ерөнхий гэрээг Сангийн сайдын баталсан Ерөнхий гэрээний жишиг баримт бичигт тусгагдсан гэрээний нөхцөлөөр байгуулна.

2.6. Ерөнхий гэрээнд дараах зүйлийг тусгана:

2.6.1. Ерөнхий гэрээний дагуу худалдан авч болох барааны техникийн тодорхойлолт, үйлчилгээний ажлын даалгавар;

2.6.2.Ерөнхий гэрээний хүчинтэй хугацаанд худалдан авах боломжтой бараа, үйлчилгээний нийт тооцоолсон өртөг;

2.6.3. Ерөнхий гэрээний дагуу худалдан авах бараа, үйлчилгээний нэгж үнэ;

2.6.4. Ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацаа;

2.6.5. Ерөнхий гэрээний дагуу худалдан авах бараа, үйлчилгээний нэр, төрөл, багцлалт;

2.6.6. Ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацаанд цахим дэлгүүрт бүртгэгдсэн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчээс бараа, үйлчилгээг худалдан авах хоёрдугаар шатны шалгаруулалтын арга;

2.6.7. Ерөнхий гэрээ байгуулах болон Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ байгуулах эрхийг хэрхэн олгох тухай мэдээлэл;

2.6.8. Гэрээний ерөнхий нөхцөл;

2.6.9. Гэрээний тусгай нөхцөл болон Мэргэжлийн байгууллага, захиалагчийн бусад шаардлага;

2.6.10. Хэрэв тодорхой тохиолдолд ерөнхий гэрээний дагуу худалдан авах бараа, үйлчилгээний тоо хэмжээ болон хүргэх газар.

2.7. Ерөнхий гэрээнд тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааг банкны баталгааны хэлбэрээр шаардахгүй бөгөөд тендерт оролцогч уг баталгааг Ерөнхий гэрээний жишиг баримт бичигт заасанмэдэгдэл хэлбэрээр ирүүлнэ. Мэдэгдлийг ирүүлээгүй нь тендерт оролцогчийн тендерээс татгалзах, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг цуцлах үндэслэл болно.


ГУРАВ. ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ НЭГДҮГЭЭР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1. Ерөнхий гэрээ байгуулах тендер шалгаруулалтыг Мэргэжлийн байгууллага цахим хэлбэрээр, нээлттэйгээр Ерөнхий гэрээний жишиг баримт бичгийн дагуу зохион байгуулна.

3.2. Ерөнхий гэрээ байгуулах гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг болон бараа, үйлчилгээний техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, шалгуур үзүүлэлтүүдийг захиалагчийн ирүүлсэн ерөнхий гэрээний дагуу худалдан авах тухайн жилийн худалдан авалтын  төлөвлөгөөнд тусгагдсан бараа, үйлчилгээний тоо хэмжээ бүхий “худалдан авалтын захиалга”-ыг ерөнхий гэрээнд хамруулах бараа, үйлчилгээний судалгаанд үндэслэн боловсруулна.

3.3. Ерөнхий гэрээ байгуулах тендерийн урилгад хуульд заасан мэдээллээс гадна дараах нэмэлт мэдээллийг тусгана.

3.3.1. Ерөнхий гэрээний хоёрдугаар шатны шалгаруулалтын арга;

3.3.2. Ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацаа;

3.3.3. Ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацаанд тендер шалгаруулалтын шаардлагыг хангасан тохиолдолд шинээр нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй ерөнхий гэрээ байгуулах эрх нээлттэй байх тухай;

3.4. Тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийг үнэлэхдээ хуульд заасан хянан үзэх үе шатны үнэлгээг хийж, шаардлагад нийцсэн гэж үнэлэгдсэн бүх тендерийг дараах зарчмын дагуу үнэлнэ.

3.4.1. Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналыг тухайн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн судалгаанд үндэслэн Мэргэжлийн байгууллагын тогтоосонбосго нэгж үнийн дээд хязгаартай харьцуулан үнэлнэ.

3.4.2. Тендерийн баримт бичигт дотоодын давуу эрх тооцохоор заасан бол түүнийг үнэлгээнд харгалзана;

3.4.3. Тендерт оролцогчийн ирүүлсэн үнэ нь 3.4.1-д заасан үнэтэй тэнцүү буюу түүнээс бага үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгоно;

3.4.4. Хэрвээ тендерт оролцогчийн үнэ 3.4.1-д заасан үнээс их үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцээгүй гэж татгалзана.

3.5. Мэргэжлийн байгууллага шаардлагад нийцсэн оролцогчдод гэрээ байгуулах эрх олгох эсхүл татгалзсан тохиолдолд хуульд заасан шаардлагын дагуу мэдэгдлийг хүргүүлнэ.

3.6. Мэргэжлийн байгууллага тендер шалгаруулалтын үнэлгээний дүнг цахим худалдан авах ажиллагааны системд байршуулах бөгөөд дараах мэдээллүүд багтаана.

3.6.1. Ерөнхий гэрээний тендерт оролцогчийн нэр, ирүүлсэн үнийн санал;

3.6.2. Гэрээ байгуулах эрх олгогдсон тендерт оролцогчийн жагсаалт;

3.6.3. Гэрээ байгуулах эрх олгогдсон тендерт оролцогчийн ирүүлсэн тендер нь ерөнхий гэрээний дагуу худалдан авах барааны техникийн тодорхойлолт, үйлчилгээний ажлын даалгавартай нийцсэн эсэх талаарх дүгнэлт;

3.6.4. Татгалзсан болон шаардлага хангаагүй тендерт оролцогчийн жагсаалт, татгалзсан үндэслэл;

3.6.5. Тендерийн үнэлгээний хураангуй дүгнэлт.

3.7. Мэргэжлийн байгууллага шалгарсан нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчидтэй Ерөнхий гэрээ байгуулж, гэрээний хамрах хүрээгээр эсхүл бараа, үйлчилгээний төрлөөр ангилан, цахим дэлгүүрт гэрээ байгуулсан өдөрт багтаанбайршуулна.

3.8. Ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацаанд шинээр ерөнхий гэрээ байгуулах хүсэлтэй хуулийн этгээд Мэргэжлийн байгууллагад бичгээр хүсэлтээ ирүүлнэ.

3.9. Мэргэжлийн байгууллага ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацаанд уг журмын 3.8-д заасан хүсэлтийг харгалзан шаардлагатай гэж үзвэл ерөнхий гэрээ байгуулах тендер шалгаруулалтыг жилд 2 буюу түүнээс дээш удаа зохион байгуулж болно.

3.10. Мэргэжлийн байгууллага ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацаанд шинээр ерөнхий гэрээ байгуулах тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа анх зарласан тендерийн баримт бичгийн дагуу явуулах бөгөөд тендер шалгаруулалтын шаардлагыг нэмэгдүүлэх эсхүл багасгахыг хориглоно.

3.11. Ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацаанд гэрээ шинээр байгуулсан оролцогчийн гэрээний хугацаа нь тухайн ерөнхий гэрээний үлдсэн хугацаагаар байгуулагдах бөгөөд гэрээний эрх, үүрэг мөн адил байна.

3.12. Мэргэжлийн байгуулага энэ журмын 3.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээг хийж, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулан, шинэ нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийг цахим дэлгүүрт гэрээ байгуулсан өдөрт багтаан бүртгэнэ.

3.13. Ерөнхий гэрээ байгуулсан нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч нь чадварын шаардлагыг цаашид хангаж чадахгүй болсон бол энэ тухайгаа мэргэжлийн байгууллагад нэн даруй буюу өөрчлөлт гарснаас хойш 7 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.

3.14. Ерөнхий гэрээ байгуулахнэгж үнэ нь татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бүх зардлыг багтаасан байх бөгөөд цахим дэлгүүрт энэ журмын 3.7-д заасны дагуу байршуулахдаа “нэгж үнэ”, “тээвэрлэлтийн зардлыг хассан нэгж үнэ” гэсэн сонголттойгоор оруулна.

3.15. Журмын 3.14-т заасан үнийг шаардлагатай тохиолдолд хуульд заасан журмын дагуу тохируулна.


ДӨРӨВ. ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

4.1. Ерөнхий гэрээний дагуу хийгдэх худалдан авах гэрээ энэ журмын 2.2.2-д заасан аргуудын аль тохироход үндэслэн ерөнхий гэрээний нөхцөл шаардлагын дагуу хийгдэнэ.

4.2. Энэ журмын 5.1-д зааснаас бусад нөхцөлд мэргэжлийн байгууллага “Цахим үнэ хаялцуулах”, “Үнийн санал авах ажиллагаа”-г захиалагчаас ирүүлсэн бараа, үйлчилгээний тоо хэмжээ, хүргэх газар, гүйцэтгэлийн хуваарийг эцэслэн тогтоосон “захиалгын хуудас”-т үндэслэн зохион байгуулна.

4.3. Захиалагч цахим дэлгүүрээс худалдан авалт хийх бүрд захиалгын хуудсыг цахим системд ирүүлнэ.

4.4. Цахим системд ирүүлсэн захиалгын хуудсыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан мэргэжлийн байгууллага хоёрдугаар шатны шалгаруулалтыг зохион байгуулж, захиалагчийг ерөнхий гэрээний нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ байгуулах нөхцөлөөр хангана.

4.5. Хоёрдугаар шатны шалгаруулалтын үед захиалагч барааны техникийн тодорхойлолт, үйлчилгээний ажлын даалгаварт өөрчлөлт оруулахыг хориглоно.

4.6. Цахим үнэ хаялцуулах, Үнийн санал авах ажиллагаанд санал ирээгүй бол захиалагч шууд сонголтын аргыг ашиглан, гэрээ байгуулна.

4.7. Хоёрдугаар шатны шалгаруулалтын үр дүнд гэрээ байгуулсан нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч гэрээнд зааснаас өөр эсхүл чанарын болониж бүрдлийн доголдолтой бараа нийлүүлсэн, үйлчилгээ үзүүлсэн бол захиалагч энэ талаар мэргэжлийн байгууллага болон нийлүүлэгчид нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.

4.8. Мэдэгдэлд дурдсан хугацаанд нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч нь дутагдлыг залруулаагүй тохиолдолд захиалагч нь цахим дэлгүүрт бүртгэгдсэн бусад нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчээс тухайн барааг шууд сонголтын аргаар худалдан авна.

4.9. Хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцоогүй, эсхүл энэ журам болон гэрээнд заасан нөхцөлийн улмаас нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан ерөнхий гэрээг цуцлагдаж, цахим дэлгүүр дэх нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн тоо гурваас доош буурсан бол мэргэжлийн байгууллага тухайн ерөнхий гэрээний тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулж, ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацааны үлдсэн хугацаагаар шинэ нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулна.

4.10. Энэ журмын 4.9-д заасан нөхцөл нь цахим дэлгүүр дэх үлдсэн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хөндөхгүй.


ТАВ. ШУУД СОНГОЛТЫН АРГА

5.1. Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрийн санд бүртгэгдсэн бараа, үйлчилгээний тоо хэмжээ, хүргэх газар нь тодорхой нөхцөлд захиалагч шууд сонголтын аргыг хэрэглэнэ.

5.2. Захиалагч шууд сонголтын аргын дагуу бараа, үйлчилгээг худалдан авахдаа цахим дэлгүүрт бүртгэгдсэн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдээс хамгийн бага үнийн санал бүхий нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийгсонгон, худалдан авна.


ЗУРГАА. ЦАХИМ ҮНЭ ХАЯЛЦУУЛАХ АРГА

6.1. Худалдан авах бараа, үйлчилгээнийнэгж үнийг бууруулах зорилгоор цахим үнэ хаялцуулах аргыг хэрэглэнэ.

6.2. Цахим үнэ хаялцуулах ажиллагаанд оролцох урилгыг тухайн ерөнхий гэрээ байгуулсан нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчид цахим систем, бүртгэгдсэн цахим шуудангийн хаягаар хүргүүлж, тухайн өдрөөс хойш ажлын 3 хүртэл хоногийн дараа цахим үнэ хаялцуулах ажиллагааг 2 цаг хүртэл хугацаагаар зохион байгуулна.

6.3. Цахим үнэ хаялцуулах ажиллагаанд хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогчтой захиалагч гэрээ байгуулна.


ДОЛОО. ҮНИЙН САНАЛ АВАХ АРГА

7.1. Худалдан авах бараа, үйлчилгээний тухайлсан хүргэх газар, тоо хэмжээ, хамрах хүрээнд үндэслэн эцсийн үнэ авахад үнийн санал авах аргыг хэрэглэнэ.

7.2. Үнийн санал авах ажиллагаанд оролцох урилгыг тухайн ерөнхий гэрээ байгуулсан нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчид цахим систем, бүртгэгдсэн цахим шуудангийн хаягаар хүргүүлж, үнийн санал авах хугацааг тухайн өдрөөс хойш ажлын 5 хүртэл хоногоор тогтооно.

7.3. Үнийн санал авах ажиллагаанд үнэ, ажлын хуваарь, бараа нийлүүлэлтийн хуваарь, хүргэлтийн нөхцөл зэргийг харгалзан хамгийн бага үнийн санал ирүүлсэн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй захиалагч гэрээ байгуулна.


НАЙМ. МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

8.1. Мэргэжлийн байгууллага ерөнхий гэрээг байгуулах, хэрэгжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

8.1.1. Захиалагч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч нарт зориулан Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээр бараа, үйлчилгээ худалдан авах гарын авлагыг боловсруулах. Уг гарын авлагад худалдан авалтын захиалгын жишиг маягт, захиалгын хуудсын маягтыг хавсаргана;

8.1.2. Ерөнхий гэрээнд хамруулах бараа, үйлчилгээний судалгааг энэхүү журмын маягтад заасны дагуу жил бүрийн гуравдугаар улиралд багтаан хийх;

8.1.3. Тухайн бараа, үйлчилгээний зах зээлийн судалгаанд үндэслэн ерөнхий гэрээний тендер шалгаруулалтын үнэлгээнд харгалзах нэгж босго үнийн дээд хязгаарыг тогтоох;

8.1.4. Ерөнхий гэрээний дагуу худалдан авах бараа, үйлчилгээний стандартчилсан техникийн тодорхойлолт, ажлын даалгавар мөн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийг сонгох шалгуур үзүүлэлтийг 8.1.2 дахь заалтад заасан судалгаанд үндэслэн боловсруулах;

8.1.5. Ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацааг тогтоох;

8.1.6. Ерөнхий гэрээний журмыг боловсронгуй болгон сайжруулах санал боловсруулж, Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

8.1.7. Ерөнхий гэрээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах;

8.1.8. Ерөнхий гэрээний дагуу худалдан авалт хийх цахим дэлгүүрийг цахим худалдан авах ажиллагааны системд бий болгох, хэвийн ажиллах нөхцөлийг ханган системийг хөгжүүлэх;

8.1.9. Мэргэжлийн байгууллага ерөнхий гэрээ байгуулсан нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн бараа, үйлчилгээний жагсаалтыг цахим худалдан авах ажиллагааны системийн “Цахим дэлгүүр” хэсэгт байршуулах;

8.1.10. Ерөнхий гэрээ байгуулсан нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, захиалагч байгууллагаас бараа, үйлчилгээний чанарын шаардлага хангаагүй асуудлаар мэдээлэл ирүүлсэн тохиолдолд тухайн дутагдлыг засуулах, бусад холбогдох арга хэмжээ авах;

8.1.11. Захиалагч бүрийн худалдан авалтын захиалгын дүн нь ерөнхий гэрээний дагуу хийсэн худалдан авах гэрээний тоо хэмжээтэй тохирч байгаа эсэхэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;

8.1.12. Ерөнхий гэрээний хэрэгжилт болон үр дүнгийн тайланг энэ журмын 8.2 дахь хэсэгт заасан тайланг нэгтгэн улирал бүр Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, олон нийтэд цахим хэлбэрээр мэдээлэх;

8.1.13. Захиалагч болон тендерт оролцогчийг ерөнхий гэрээний худалдан авах ажиллагааны талаар мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдэнд сургалт зохион байгуулах.

8.2. Ерөнхий гэрээ байгуулахаар зохион байгуулсан худалдан авах ажиллагааны тайланг цахим худалдан авах ажиллагааны системд нийтэлнэ.Тус тайланд дараах мэдээллийг багтаана:

8.2.1. Ерөнхий гэрээний дагуу худалдан авах бараа, үйлчилгээний нийт өртөг болон тухайн жилд худалдан авах гэрээний нийт дүн;

8.2.2. Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн огноо, мэдэгдэлхүргүүлсэн аж ахуйн нэгжийн тоо;

8.2.3. Ерөнхий гэрээ байгуулсан нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн танилцуулга;

8.2.4. Гэрээ байгуулах эрх олгогдоогүй тендерт оролцогчийн шалгараагүй үндэслэл;

8.2.5. Бүх тендерээс татгалзсан үндэслэл.


ЕС. ЗАХИАЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

9.1. Захиалагч ерөнхий гэрээ байгуулах журмын дагуу дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1. Энэхүү журмын 8.1.2 дахь хэсэгт заасны дагуу мэргэжлийн байгууллагаас хийх судалгаанд хэрэгцээт бараа, үйлчилгээний тоо хэмжээг үндэслэлтэй тодорхойлж, техникийн тодорхойлолтын хамт мэргэжлийн байгууллагад жил бүрийн 6 дугаар сарын 1-ний дотор хүргүүлэх;

9.1.2. Тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн ерөнхий гэрээний дагуу худалдан авах бараа, үйлчилгээний худалдан авалтын захиалгыг бэлтгэж, мэргэжлийн байгууллагад улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор багтаан хүргүүлэх;

9.1.3. Захиалагч бараа, үйлчилгээг худалдан авахдаа зөвхөн цахим дэлгүүрт бүртгэгдсэн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй энэ журамд заасны дагуу худалдан авах гэрээ байгуулах;

9.1.4. Засгийн газрын баталсан Мэргэжлийн байгууллагын хэрэгжүүлэх худалдан авах жагсаалтад ерөнхий гэрээ байгуулахаар заасан бараа, үйлчилгээг тендер шалгаруулалтын бусад журмын дагуу худалдан авахгүй байх;

9.1.5. Худалдан авалтын захиалга хийх бараа, үйлчилгээний төсөвт өртөг батлагдсан эсэхийг шалгасан байх;

9.1.6. Захиалгын хуудаст заасан тоо хэмжээ нь шаардагдаж буй хэрэгцээг хангаж байгаа эсэхийг нягтлан, баталгаажуулсан байх;

9.1.7. Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ байгуулж, хүлээн авсан бараа, үйлчилгээг чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг шалган, ямар нэгэн доголдол гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэх, цахим дэлгүүртүнэлгээ өгөх, холбогдох төлбөрийг саадгүй гүйцэтгэх;

9.1.8. Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээний хэрэгжилт болон үр дүнг цахим худалдан авах ажиллагааны системд тухай бүр оруулах.

9.2. Захиалагч нь ерөнхий гэрээний дагуу худалдан авахаар цахим дэлгүүрт байршуулсан бараа, үйлчилгээг өөр эх сурвалжаас худалдан авахгүй байх.

9.3. Цахим дэлгүүрээс худалдан авалт хийхдээ энэ журмын 2.2.2 дахь заалтад заасан хоёрдугаар шатны шалгаруулалтын үр дүнд үндэслэн худалдан авах гэрээ байгуулна.

9.4. Худалдан авалтын захиалгыг цахим хэлбэрээр Цахим дэлгүүрийн зааврын дагуу хийнэ.


АРАВ. ЕРӨНХИЙ ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ, ЦУЦЛАХ ҮНДЭСЛЭЛ

10.1. Ерөнхий гэрээний хүчинтэй байх хугацаанд гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн бол ерөнхий гэрээний талууд харилцан зөвшөөрсний дагуу гэрээнд өөрчлөлт оруулж болно.  

10.2. Мэргэжлийн байгууллага нь Ерөнхий гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, хуульд заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нөхцөл үүссэн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн талаарх мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хүргүүлж, бүртгэлд хамруулна. Бүртгэлд хамрагдсан нь Ерөнхий гэрээ, Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээг цуцлах шууд үндэслэл болно.

10.3. Мэргэжлийн байгууллагын шийдвэрээр дараах тохиолдолд гэрээг цуцалж болно.

10.3.1. Хууль болон гэрээнд заасан гэрээ цуцлах нөхцөл үүссэн бол;

10.3.2. Нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч хоёроос дээш удаа гэрээний үүргээ биелүүлээгүй болон гаргасан алдаа дутагдал давтагдсан бол;

10.3.3. Захиалагч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн хооронд байгуулсан худалдан авах гэрээ цуцлагдсан бол;

10.3.4. Захиалагч нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй үгсэн хуйвалдсаныг эрх бүхий байгууллага тогтоосон бол.

10.4. Захиалагчийн шийдвэрээр дараах тохиолдолд худалдан авах гэрээг цуцалж болно:

10.4.1. Захиалагчаас заасан хугацаанд нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч дутагдлыг арилгаагүй бол;

10.4.2. Хууль болон гэрээнд заасан гэрээ цуцлах нөхцөл үүссэн бол;

10.5. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.


МАЯГТ

"ЕРӨНХИЙ ГЭРЭЭНД ХАМРУУЛАХ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУДАЛГАА"

Мэргэжлийн байгууллага нь ерөнхий гэрээнд хамруулах бараа, үйлчилгээг тодорхойлохдоо дараах судалгаануудыг хийж, түүний үр дүнд үндэслэн “Ерөнхий гэрээний журам”-ын 8.1.2 дахь заалтын дагуу саналаа нэгтгэн боловсруулж Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

1. Эрэлтийн судалгаа хийх

1.1. Нийт худалдан авалт буюу нийт эрэлт хэрэгцээг тодорхойлж, түүний ач холбогдлыг үнэлэх

1.2. Дээрх эрэлт хэрэгцээтэй уялдуулан нийлүүлэлтийн талаар судалгаа хийж, үүсэж болзошгүй хүндрэл, бэрхшээлийг тооцох

1.3. Ерөнхий гэрээнд хамруулах бараа, үйлчилгээний нэр, танилцуулга, техникийн тодорхойлолтыг гаргах

2. Оролцогч талуудын судалгаа

2.1. Захиалагч бүрийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох

2.2. Нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн чадавхийг тодорхойлох

3. Зах зээлийн судалгаа

3.1. Зах зээлийн бүтэц, өрсөлдөөний хэлбэр, хэмжээ, үнийн судалгаа

3.2. Хувилбарт барааны сонголтын талаар судалгаа хийх

4. Тухайн бараа, үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авахад үүсэх нөхцөлийг тодорхойлох “SWOT”шинжилгээ хийх

5. Ерөнхий гэрээтэй холбоотой эрсдлүүдийг тодорхойлох, эрсдлээс сэргийлэх төлөвлөгөө гаргах.