Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 05 сарын 07-ны өдөр, Улаанбаатар хот
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ
/ Шинэчилсэн найруулга /
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын түншлэлийг зохистойгоор хангах, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хэлбэрийг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд оршино.
2 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль тогтоомж
2.1. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төсвийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулах, батлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “хөгжлийн бодлого” гэж улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн түвшинд, урт, дунд, богино хугацаанд хөгжлийн тодорхой асуудлаар ахиц дэвшилд хүрэхээр дэвшүүлсэн хэмжигдэхүйц зорилго, зорилт, тэдгээрийн суурь түвшин, хүрэх үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэрээр баталгаажсан төсөв, хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийг тусгасан эрх бүхий этгээдээс баталсан баримт бичгийг;
4.1.2. “хөгжлийн төлөвлөлт” гэж хөгжлийн бодлогын хэмжигдэхүйц зорилго, зорилтуудыг үе шаттайгаар тодорхой хугацаанд хэрэгжүүлэхээр тодорхойлсон төлөвлөгөөг боловсруулах үйл ажиллагааг;
4.1.3. “хөгжлийн төлөвлөлтийн үе шат” гэж хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, нөөцийг тогтоох, үнэлэх, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, төлөвлөлтийг урт, дунд, богино хугацаанд улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн түвшинд төлөвлөх, түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах үйл ажиллагааг;
4.1.4. “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, дэлхий нийтийн хөгжлийн түгээмэл хандлагыг өөрийн орны онцлогт тохируулан тусгасан, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, хүний хөгжлийг хангах, эдийн засаг, нийгэм, засаглалын хөгжлийг ахисан түвшинд хүргэхэд чиглэсэн урт хугацааны зорилго, зорилт, хүрэх үр дүн, үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтийг тусгасан баримт бичгийг;
4.1.5. “Хөгжлийн зорилтот хөтөлбөр” гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан тодорхой зорилт, арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн онцлогт нийцсэн, нөөцөд суурилсан, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтийг тусгасан дунд хугацааны бодлогын баримт бичгийг;
4.1.6. “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт нийцүүлсэн улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн уялдааг хангасан зорилго, зорилт, хүрэх үр дүн, санхүүгийн эх үүсвэрийг нарийвчлан төлөвлөсөн үйл ажиллагаа, тоон болон чанарын шалгуур үзүүлэлт бүхий дунд хугацааны нэгдсэн төлөвлөлтийн баримт бичгийг;
4.1.7. “Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт суурилсан орон нутгийн онцлогийг тусгасан дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг;
4.1.8. “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилго, зорилтод нийцсэн, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийн баримт бичгийг;
4.1.9. “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр” гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийн баримт бичгийг;
4.1.10. “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн хавсралт баримт бичгийг;
4.1.11. “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө” гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан зорилго, зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тусгасан төсөл, арга хэмжээ бүхий төлөвлөлтийн баримт бичгийг;
4.1.12. “Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө” гэж Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилсан, тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тусгасан төсөл, арга хэмжээ бүхий төлөвлөлтийн баримт бичгийг;
4.1.13. “хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахдаа энэ хуульд заасан зарчмыг баримталсан байдал, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын чиг үүргээ хэрэгжүүлсэн болон хамтран ажилласан байдал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийсэн цогц үнэлгээг;
4.1.14. “бодлогын зорилго” гэж улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангасан, хүрч болохуйц эерэг өөрчлөлтийг;
4.1.15. “бодлогын зорилт” гэж бодлогын зорилгод нийцсэн, улс, салбар, салбар хооронд болон бүс орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангасан үйл ажиллагааны бүрдлийг;
4.1.16. “бодлогын үр нөлөө” гэж бодлогыг хэрэгжүүлснээр хүний хөгжил, нийгэм, байгаль орчин, эдийн засаг, засаглалын хүрээнд бий болох эерэг өөрчлөлтийг;
4.1.17. “бодлогын хувилбар” гэж нөхцөл байдлын дүн шинжилгээ болон нөлөөллийн урьдчилсан үнэлгээнд үндэслэн асуудлыг шийдвэрлэхээр санал болгосон бодлогын хоёроос дээш сонголтыг;
4.1.18. “суурь түвшин” гэж төслийг боловсруулах үеийн шалгуур үзүүлэлтийн тоон болон чанарын үзүүлэлтийг;
4.1.19. “үйл ажиллагаа” гэж бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн оновчтой, хэмжигдэхүйц, тодорхой хугацаанд хүрч болохуйц арга хэмжээг;
4.1.20. “шалгуур үзүүлэлт” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн үе шат бүрд бий болох өөрчлөлтийг хэмжихээр төсөлд заасан тоон болон чанарын үзүүлэлтийг;
4.1.21. “зорилтот түвшин” гэж бодлогыг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг төсөлд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн тоон болон чанарын үзүүлэлтийг;
4.1.22. “бодлогын уялдааны үнэлгээ” гэж зорилго, зорилт, үйл ажиллагаа бүхий бодлогын баримт бичиг нь бусад урт, дунд, богино хугацааны, салбар болон салбар хоорондын түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдах байдлын болон тэдгээрийн давхцал, хийдэл, зөрчлийн шинжилгээ, үнэлгээ, зөвлөмжийг;
4.1.23. “ерөнхий мэдээлэл” гэж бодлогыг оновчтой тодорхойлох зорилгоор төслийг боловсруулах үеийн хүн, нийгэм, байгаль орчин, эдийн засгийн хөгжлийн түвшин, засаглалын нөхцөл байдлыг тодорхойлсныг;
4.1.24. “нөхцөл байдлын дүн шинжилгээ” гэж асуудлын шалтгаан, үр нөлөөг тоон болон чанарын мэдээлэлд үндэслэн хамрах хүрээний хамт тодорхойлсон бодлогын хувилбар боловсруулахад ашиглах судалгааг;
4.1.25. “нөлөөллийн урьдчилсан үнэлгээ” гэж бодлогыг хэрэгжүүлснээрнийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны унаган төрх, тэнцвэрт байдал, түүнчлэн эрх зүйн орчин болон засаглалын тогтолцоонд үзүүлэх нөлөөллийн талаарх судалгааг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗАРЧИМ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО,
ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧГИЙН ТӨРӨЛ
5 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчим
5.1. Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд дараах зарчмыг баримтална:
5.1.1. үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;
5.1.2. дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх;
5.1.3. нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх;
5.1.4. тогтвортой, тасралтгүй, залгамж чанартай байх;
5.1.5. тэнцвэртэй байх;
5.1.6. нөөц, эх үүсвэрт үндэслэсэн байх;
5.1.7. ил тод, нээлттэй байх;
5.1.8. судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
5.1.9. зорилго, зорилт хэмжигдэхүйц байх;
5.1.10. шалгуур үзүүлэлт нь зорилготой нийцэж байх;
5.1.11. төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байх;
5.1.12. төлөвлөлтийн дээрээс доош, доороос дээш чиглэх тэнцвэрийг хангах;
5.1.13. бүх талын оролцоог хангасан байх;
5.1.14. төр-хувийн хэвшлийн түншлэлийг зохистойгоор хангах;
5.1.15. оролцогчдын хариуцлагын зарчим.
5.2. Энэ хуулийн 5.1-д заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зарчмыг доор дурдсан агуулгаар ойлгоно:
5.2.1. “үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх зарчим” гэж Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд, тэдгээрийг хэрэгжүүлж байгаа Засгийн газрын үйл ажиллагаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэхэд чиглэсэн байхыг;
5.2.2. “дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх зарчим” гэж олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийн дагуу дэлхий нийтийн хөгжлийн зорилго, чиг хандлагыг үндэсний онцлогт нийцүүлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт уялдуулан тусгахыг;
5.2.3. “нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэдээлэл, аргачлал нь нэгдмэл, уялдаатай байж, бодлогыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааны нэгдмэл байдлыг;
5.2.4. “тогтвортой, тасралтгүй, залгамж чанартай байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхдээ бодлогын тогтвортой байдлыг хадгалж, өмнө батлагдсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн үр дүн, үнэлгээнд үндэслэхийг;
5.2.5. “тэнцвэртэй байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилтууд, үйл ажиллагааг тодорхойлохдоо хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалсан байхыг;
5.2.6. “нөөц, эх үүсвэрт үндэслэсэн байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, батлах, төлөвлөх, хэрэгжүүлэхдээ байгалийн баялаг, түүхий эд, хөрөнгө санхүү, техник технологи, шинжлэх ухаан, инновац, ур чадвартай ажиллах хүчин болон шаардлагатай бусад нөөцийг урьдчилан тооцоолсон төсөв, төсөөллийн дагуу тодорхойлсон хязгаарлалтын хүрээнд тусгахыг;
5.2.7. “ил тод, нээлттэй байх зарчим” гэж хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууцын зэрэглэлтэй мэдээлэл агуулснаас бусад тохиолдолд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг олон нийтэд ил тод мэдээлэх, албан ёсоор хэвлэн нийтлэхийг;
5.2.8. “судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилт, хүрэх үр дүнг тодорхойлохдоо нөөцийн хязгаарлалт болон эрсдэлийг харгалзан үзэж, тогтоосон хугацаанд биелүүлэх боломжтой, бодит, хэмжигдэхүйц зорилго, зорилт дэвшүүлэхийг;
5.2.9. “зорилго, зорилт хэмжигдэхүйц байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилтын гүйцэтгэлийг бодлого, төлөвлөлтийн үйл явцад тодорхой тоон болон чанарын үзүүлэлт бүхий шалгуур үзүүлэлтийг ашиглан үнэлж, хэмжих боломжтой байхыг;
5.2.10. “шалгуур үзүүлэлт нь зорилготой нийцэж байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн гүйцэтгэлийг тоон болон чанарын үзүүлэлтээр хянах боломжтой байхыг;
5.2.11. “төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг хэрэгжүүлснээр бий болох үр дүнг тодорхойлж, түүнд чиглэсэн зорилго, зорилт, үйл ажиллагааг тодорхой зохион байгуулалт, дэс дарааллын дагуу төлөвлөхийг;
5.2.12. “төлөвлөлтийн дээрээс доош, доороос дээш чиглэх тэнцвэрийг хангах зарчим” гэж “дээрээс доош” төлөвлөх буюу нэгдсэн зорилго, зорилтыг дэвшүүлж салбар болон бүс нутгуудад хэрэгжүүлэх, “доороос дээш” төлөвлөх буюу төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийн саналыг нэгтгэн, нэгдмэл зорилго, зорилтыг тодорхойлж төлөвлөхийг;
5.2.13. “бүх талын оролцоог хангасан байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, иргэд, сонирхлын бүлгийн оролцоог ханган боловсруулсан байхыг;
5.2.14. “төр-хувийн хэвшлийн түншлэлийг зохистойгоор хангах зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн хуулийн этгээдийг зохистойгоор оролцуулахыг;
5.2.15. “оролцогчдын хариуцлагын зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчид нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаан дахь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг тус тус ойлгоно.
5.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн боловсруулна.
5.4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуулийн 5.3-т заасан баримт бичигт нийцсэн эсэхийг төрийн аудитын байгууллага хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргүүлнэ.
5.5. Энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь тогтвортой хэрэгжих бөгөөд шинээр байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газар тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.
6 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл
6.1. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь дэвшүүлсэн зорилго, зорилтоо хангахад чиглэгдсэн, харилцан уялдаа бүхий дараах төрөлтэй байна:
6.1.1. урт хугацааны;
6.1.2. дунд хугацааны;
6.1.3. богино хугацааны.
6.2. 30 хүртэл жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Алсын хараа” нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байна.
6.3. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь дунд болон богино хугацааны бодлого, төлөвлөлтийн үндэс байна.
6.4. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн болон хотын ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт үндэслэнэ.
6.5. Дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, зорилт, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа бүхий, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх дараах Хөгжлийн зорилтот хөтөлбөр байна:
6.5.1. хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр;
6.5.2. нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
6.5.3. эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
6.5.4. байгаль орчны зорилтот хөтөлбөр;
6.5.5. засаглалын зорилтот хөтөлбөр;
6.5.6. бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;
6.5.7. үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр.
6.6. Энэ хуулийн 6.5.3, 6.5.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төрөлд хамаарах баримт бичгийн төслийг Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагаас боловсруулах бол үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн боловсруулж, холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.7. Дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл байна.
6.7.1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь дараах шаардлагыг хангасан байна:
6.7.1. а.урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нөөцөд суурилан боловсруулсан, санхүүгийн эх үүсвэрийг нарийвчлан тусгасан үйл ажиллагаа, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх тухайн таван жилд хэрэгжүүлэх эрэмбэ дараалал бүхий арга хэмжээ байх;
6.7.1. б.хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн салбар болон салбар хоорондын уялдааг хангасан байх;
6.7.1. в.зорилт, арга хэмжээг салбар, бүс нутаг, байршил, санхүүжилтийн эх үүсвэр, жил бүрийн задаргаагаар боловсруулсан байх;
6.7.1. г.улсын хөрөнгө оруулалтын болон шаардлагатай бусад хөтөлбөрийг хавсаргах.
6.7.2. Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь дараах шаардлагыг хангасан байна:
6.7.2. а.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцсэн, түүнд тусгасан арга хэмжээг аймаг, нийслэл, хотын түвшинд хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;
6.7.2. б.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилт, арга хэмжээг орон нутгийн онцлогийг харгалзан нарийвчлан төлөвлөсөн, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх тухайн таван жилд хэрэгжүүлэх эрэмбэ дараалал бүхий арга хэмжээ байх;
6.7.2. в.аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөтөлбөрийг хавсаргах.
6.8. Богино хугацааны буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр байна:
6.8.1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна:
6.8.1. а.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилт, арга хэмжээг бүрэн тусгасан байх;
6.8.1. б.Хөгжлийн зорилтот хөтөлбөрт заасан төсөл, арга хэмжээтэй уялдсан байх;
6.8.1. в.хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн салбар болон салбар хоорондын уялдааг хангасан байх;
6.8.1. г.зорилт, арга хэмжээг салбар, бүс нутаг, байршил, санхүүжилтийн эх үүсвэр, жил бүрийн задаргаагаар боловсруулсан байх.
6.8.2. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна:
6.8.2. а.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг сонгон боловсруулсан байх;
6.8.2. б.Хөгжлийн зорилтот хөтөлбөрт заасан төсөл, арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;
6.8.2. в.тухайн орон нутгийн хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн улсын, бүсийн болон орон нутгийн хөгжлийн зорилтуудтай уялдсан байх;
6.8.2. г.зорилт, арга хэмжээг санхүүжилтийн эх үүсвэр, жил бүрийн задаргаагаар боловсруулсан байх;
6.8.2. д.бүс нутгийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлж, харилцан уялдаатай хөгжих боломжийг хангасан байх.
6.9. Богино хугацааны буюу нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улсын төсөв, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Орон нутгийн төсөв хамаарна.
6.10. Нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь дараах шаардлагыг хангасан байна:
6.10.1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан байх;
6.10.2. санхүүжилтийн баталгаат эх үүсвэртэй, хариуцах эзэнтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь батлагдсан тухайн жилд хэрэгжих төсөл, арга хэмжээний задаргаа байх;
6.10.3. улсын төсөв нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;
6.10.4. орон нутгийн төсөв нь Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ТОГТОЛЦОО,
ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ
7 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо
7.1. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо нь улсын түвшинд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, салбарын түвшинд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгжээс бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.2. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг улсын түвшинд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, салбарын түвшинд тухайн салбарын сайд, тухайн салбарын төрийн захиргааны байгууллагын дарга, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар удирдана.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.3. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний хөгжлийн хүрээлэн нь үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяанд ажиллана.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогч
8.1. Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд доор дурдсан оролцогч оролцоно:
8.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч;
8.1.2. Монгол Улсын Их Хурал;
8.1.3. Монгол Улсын Засгийн газар;
8.1.4. үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.1.5. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
8.1.6. төрийн захиргааны төв байгууллагууд;
8.1.7. Үндэсний статистикийн хороо;
8.1.8. төрийн аудитын байгууллага;
8.1.9. төв банк;
8.1.10. аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга;
8.1.11. аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;
8.1.12. Үндэсний хөгжлийн хүрээлэн, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага;
8.1.13. улс төрийн нам;
8.1.14. хувийн хэвшил.
8.2. Энэ хуулийн 8.1-д зааснаас бусад төрийн захиргааны байгууллага, шинжлэх ухааны төв байгууллага, төрийн өмчит хувьцаат компани, сан, Хөгжлийн банк, төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хуулийн этгээд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцоно.
9 дүгээр зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчийн эрх, үүрэг
9.1. Монгол Улсын Ерөнхийлөгч хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх замаар оролцоно.
9.2. Улсын Их Хурлын бүрэн эрх:
9.2.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг уялдуулан батлах;
9.2.2. энэ хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.10, 4.1.11-д заасан баримт бичгийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасныг тус тус баримтлан батлах;
9.2.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон энэ хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6-д заасан баримт бичигт нийцүүлэн батлах;
9.2.4. энэ хуулийн 6.6-д заасны дагуу хүргүүлсэн Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг хэлэлцэн батлах;
9.2.5. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах, түүнчлэн холбогдох судалгаа, шинжилгээ, явцын болон эцсийн үнэлгээг үндэслэн хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт чиглэл өгөх;
9.2.6. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, жил бүрийн төсвийг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн батлах;
9.2.7. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэж, шаардлагатай бол Засгийн газарт чиглэл өгөх, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг Ерөнхий сайдад хүргүүлэх;
9.2.8. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн гүйцэтгэлийн үр дүнгээс хамаарч Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргах;
9.2.9. Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуульд заасан зарчмыг баримтлаагүй, шаардлагыг хангаагүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэн батлахгүй байх.
9.3. Засгийн газрын бүрэн эрх:
9.3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу Улсын Их Хурлаас баталсан энэ хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.10, 4.1.11-д заасан баримт бичгийг хэрэгжүүлэх;
9.3.2. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулж хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
9.3.3. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг улсын түвшинд удирдан зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, гүйцэтгэлийг дүгнэх, тайлагнах үйл ажиллагааг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулах;
9.3.4. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг энэ хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах;
9.3.5. нийгэм, байгаль орчин, эдийн засаг, засаглалын тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэл, хөгжлийн нэгдсэн зорилт, үйл ажиллагааны эрэмбэ дарааллыг тодорхойлох;
9.3.6. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоо, нийцлийг хангаж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах;
9.3.7. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, хянан үзэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, гүйцэтгэлийг дүгнэх журмыг батлах;
9.3.8. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан боловсруулах журам, тайлангийн үлгэрчилсэн загвар батлах;
9.3.9. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн аливаа асуудлаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тодорхой үүрэг, чиглэл өгөх;
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.10. хуульд заасан бусад.
9.4. Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг:
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.4.1. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, салбар, салбар хоорондын болон бүс болон орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, нэгдсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах;
9.4.2. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу энэ хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.10, 4.1.11-д заасан баримт бичгийн төслийг энэ хуульд заасан зарчим, шаардлагыг баримтлан боловсруулж, Засгийн газарт танилцуулах;
9.4.3. макро эдийн засгийн бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг салбар хооронд шууд удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн төсөл Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэх асуудлаар зөвшөөрөл өгөх;
9.4.4. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлох;
9.4.5. хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шаардлагатай мэдээлэл, судалгаа, тодорхой салбарын хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт, төлөвлөгөөний төслийг төрийн бүх шатны байгууллага болон холбогдох бусад байгууллагаас гаргуулан авах;
9.4.6. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд шаардагдах журмын төслийг холбогдох яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагатай хамтран боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэх;
9.4.7. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад төрийн бүх шатны болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг хангаж, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэний оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлэх;
9.4.8. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах;
9.4.9. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн бүртгэл хөтлөх журам, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн сангийн журам батлах;
9.4.10. мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, ангилах, бүртгэл хөтлөх, мэдээллийн санг бүрдүүлэх, шинэчлэх, хянан үзэх, мэдээллийг эргэлтэд оруулах болон мэдээллийн сантай холбоотой бусад ажлыг эрхлэн гүйцэтгэх;
9.4.11. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар баримтлах чиглэлийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх;
9.4.12. Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судалгаа, боловсруулалтын ажилд шаардагдах хөрөнгө, тоног төхөөрөмж, санхүү, боловсон хүчний нөөцөөр хангах;
9.4.13. хуульд заасан бусад.
9.5. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:
9.5.1. улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлтийг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах;
9.5.2. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээр хангах;
9.5.3. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний төсөв, хөрөнгийн эх үүсвэрийг хянаж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрээр хангах.
9.6. Төрийн захиргааны төв байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:
9.6.1. энэ хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.10, 4.1.11-д заасан баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг дүгнэх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд оролцох;
9.6.2. энэ хуулийн 9.6.1-д заасан баримт бичигт тусгах саналаа үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, батлах, төлөвлөхөд шаардлагатай өөрийн эрхлэх асуудлын хүрээний тоо баримт, судалгаа, мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаанд шуурхай гарган хүргүүлэх;
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.6.3. өөрийн эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын санал, тооцооллыг нэгтгэн боловсруулж, үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг батлагдсаны дараа хэрэгжилтийг өөрийн салбарын хэмжээнд зохион байгуулах;
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.6.4. өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хууль тогтоомжид заасан хугацаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайлан, дүгнэлтийг Засгийн газар болон үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.6.5. хуульд заасан бусад.
9.7. Үндэсний статистикийн хорооны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:
9.7.1. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, бодлого төлөвлөх, гүйцэтгэлийг үнэлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд шаардагдах албан ёсны статистикийн мэдээллийг тухай бүрд нь боловсруулж үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон бусад төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.7.2. үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон бусад төрийн захиргааны байгууллагад хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад шаардлагатай шалгуур үзүүлэлт, түүний эх үүсвэр, тооцох аргачлалыг тодорхойлох, бий болгоход шаардлагатай арга зүй, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах;
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.8. Төрийн аудитын байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:
9.8.1. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт Төрийн аудитын тухай хуульд заасан аудит хийж Улсын Их Хуралд танилцуулах;
9.8.2. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт хийсэн аудитын зөвлөмж, дүгнэлтийг тайлангийн хамт үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.9. Төв банкны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:
9.9.1. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах;
9.9.2. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд холбогдох санал өгөх;
9.9.3. хуульд заасан бусад.
9.10. Аймаг, нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:
9.10.1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулж, үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.10.2.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулахад холбогдох саналаа үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.10.3.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хууль тогтоомжид заасан хугацаанд Засгийн газар болон үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус хүргүүлэх;
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.10.4.Засаг дарга сум, дүүргийн түвшинд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдааг хангах, үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
9.10.5.Засаг дарга энэ хуулийн 9.10.1, 9.10.2, 9.10.3, 9.10.4-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ энэ хуулийг дагаж мөрдөх.
9.11. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:
9.11.1. тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хөгжлийн зорилтот хөтөлбөртэй уялдсан эсэх талаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналыг харгалзан тухайн бодлогын баримт бичгийг хэлэлцэн, батлах, эсхүл буцаах.
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.12. Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх чиг үүрэг:
9.12.1. улсын хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн арга зүйг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай судалгаа, шинжилгээ хийх;
9.12.2. үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан болон нэмж тусгах төсөл, хөтөлбөрийн бодлогын судалгаа, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.12.3. эдийн засгийн хөгжлийн суурь дэвсгэр болох хүн ам, хөдөлмөрийн нөөц, эдийн засгийн эргэлтэд оруулах малын гаралтай түүхий эд, ус, газрын баялгийн нөөцийн судалгааг байршлаар нарийвчлан хийж, хүн ам, хөдөлмөрийн нөөцийн төсөөлөл, нөөцийг ашиглах оновчтой арга замыг тодорхойлох;
9.12.4. дэлхийн улс орнуудын туршлага, арга хөгжлийн чиг хандлагыг судалж өөрийн орны онцлогт тохирсон хөгжлийн загвар боловсруулах, нэвтрүүлэх;
9.12.5. салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шаардлагатай норм, норматив, стандартыг боловсруулж үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.12.6. олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, үндэсний хэмжээнд бодлого, төлөвлөлтийн хүний нөөцийг сургах, чадавхжуулах, дэвшилтэт техник, технологи, багаж хэрэгсэл ашиглах, судалгаа шинжилгээний хамтарсан арга хэмжээ зохион байгуулах;
9.12.7. үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, шинэчлэх үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.12.8. үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу ажиллах, үйл ажиллагааныхаа биелэлтийг тайлагнах.
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.13. Улсын Их Хурал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах үед улс төрийн нам төсөлд холбогдох саналаа төслийн анхны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Улсын Их Хуралд албан ёсоор хүргүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ
ҮЕ ШАТ, ЦАГЛАВАР, НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
10 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шат
10.1. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг дараах дарааллын дагуу боловсруулна:
10.1.1. улсын хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг тодорхойлсон нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх;
10.1.2. нөхцөл байдлын дүн шинжилгээгээр тогтоосон асуудлыг шийдвэрлэх хөгжлийн загвар, төсөөлөл, үр нөлөө, гарах үр дүн, нөөцийн судалгаа, санхүүгийн хэмжээ, эх үүсвэрийн тооцоолол хийж, бодлогын хувилбарыг боловсруулах;
10.1.3. бодлогын хувилбаруудад хүний хөгжлийн, эдийн засаг, нийгмийн хөгжлийн урьдчилсан үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээ, урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдах байдлын үнэлгээ, үр ашгийн урьдчилсан тооцоо хийх;
10.1.4. бодлогын хувилбарыг энэ хуулийн 10.1.3-т заасныг үндэслэн, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан сонгох;
10.1.5. бодлогын баримт бичгийн зорилго, зорилтыг эрэмбэ дараалал, үе шатаар тооцож тодорхойлох;
10.1.6. бодлогын баримт бичгийн зорилго, зорилт, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшинд үндэслэн үйл ажиллагаа, бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох.
11 дүгээр зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад тавих шаардлага
11.1. Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулахдаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.
11.2. Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөлд зорилго, зорилт, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хэрэгжүүлэх арга зам, үе шат, хүрэх үр дүн, бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгэм, байгаль орчинд бий болох үр нөлөө, эрсдэл, санхүүгийн эх үүсвэр, хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө, хариуцах байгууллагыг тусгана.
11.3. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулахдаа олон талын оролцоог хангасан байх ба эцэслэгдсэн төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ.
12 дугаар зүйл. Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн цаглавар
12.1. Засгийн газар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцыг таван жил тутам, гүйцэтгэлийн тайланг дуусгавар болох хугацаанаас хоёр жилийн өмнө Улсын Их Хуралд танилцуулна.
12.2. Улсын Их Хурал хэрэгжилтийн явцын үнэлгээнд үндэслэн Засгийн газарт Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэл өгч болно.
12.3. Засгийн газар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг нэг жилийн хугацаанд боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
12.4. Улсын Их Хурал өмнөх бодлогын баримт бичиг дуусгавар болохоос зургаан сарын өмнө урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг батална.
13 дугаар зүйл. Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн цаглавар
13.1. Засгийн газар Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайланг 5 жил тутам, гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичгийг дуусгавар болохоос 2 жилийн өмнө Улсын Их Хуралд танилцуулна.
13.2. Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн тооцоолол, эх үүсвэрийг тооцно.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.3. Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлан хэрэгжүүлнэ.
14 дүгээр зүйл. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн цаглавар
14.1. Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хугацаа дуусгавар болохоос нэг жилийн өмнө хэрэгжилтийн үнэлгээг Улсын Их Хуралд танилцуулна.
14.2. Улсын Их Хурал тус үнэлгээнд үндэслэн Засгийн газарт дараагийн таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулахтай холбогдсон чиглэл өгч болно.
14.3. Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Үндэсний хөгжлийн хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, бусад төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийг оролцуулан Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, Засгийн газарт танилцуулна.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.4. Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болохоос зургаан сарын өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
14.5. Улсын Их Хурал Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болох хугацаанаас гурван сарын өмнө батална.
15 дугаар зүйл. Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн цаглавар
15.1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд суурилсан Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн аймаг, нийслэл, хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан захиргааны байгууллагатай хамтран өмнөх төлөвлөгөөний баримт бичиг дуусгавар болохоос нэг жилийн өмнө боловсруулна.
15.2. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймаг, нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, хотыг хөгжлүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан үйлчлэх хугацаанаас зургаан сарын өмнө батална.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16 дугаар зүйл. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн цаглавар
16.1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
16.2. Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
16.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар батална.
17 дугаар зүйл. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн цаглавар
17.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хууль тогтоомжид заасан хугацаанд танилцуулна.
17.2. Аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг авч, Засаг даргыг томилогдсоны дараах нэг сарын дотор багтаан боловсруулна.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.3. Сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгжийн саналыг авч, Засаг даргыг томилогдсоны дараах нэг сарын дотор багтаан боловсруулна.
17.4. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг Засаг даргыг томилогдсоны дараах 45 хоногт багтаан батална.
17.5. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тухайн шатны Засаг дарга батлан хэрэгжүүлнэ.
18 дугаар зүйл. Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний цаглавар
18.1. Төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллага нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төсвийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн саналыг нэгтгэн боловсруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний дотор үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
18.2. Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь үндэсний хөгжлийн хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, бусад төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийг оролцуулан Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор боловсруулна.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.3. Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт болон дараа жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 5 дугаар сарын 25-нд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
18.4. Улсын Их Хурал Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг 7 дугаар сарын 01-ний дотор батална.
18.5. Хөгжлийн асуудал хариуцсан аймаг, нийслэлийн байгууллагууд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд суурилсан Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг 9 дүгээр сарын 01-ний дотор боловсруулна.
18.6. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор батална.
19 дүгээр зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах
19.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно:
19.1.1. хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудитын дүгнэлт, зөвлөмжөөр түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай нь нотлогдсон байх;
19.1.2. гадаад, дотоод орчны нөлөөлөл, хүчин зүйлээс шалтгаалан улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн байх;
19.1.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон байх.
19.2. Дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлнэ.
19.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн үр дүн нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.
19.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.
20 дугаар зүйл. Санхүүжилтийн эх үүсвэр
20.1. Дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт төсөв, санхүүгийн тооцоолол, эх үүсвэрийг нарийвчлан тусгасан байна.
20.2. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг хэрэгжүүлэх санхүүжилт нь дараах эх үүсвэртэй байна:
20.2.1. улсын болон орон нутгийн төсөв;
20.2.2. гадаадын зээл, тусламж;
20.2.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
20.2.4. Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас;
20.2.5. концессын гэрээ;
20.2.6. бусад эх үүсвэр.
ТАВДУГААР БҮЛЭГ. ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ
21 дүгээр зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
21.1. Засгийн газар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргана.
21.2. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааны зорилго нь баримт бичгийн төлөвлөлт, биелэлтэд чанарын үнэлгээ хийх, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шийдвэр нь үр дүнтэй байсан эсэхэд чанарын үнэлгээ хийх, үр нөлөөг үнэлэхэд оршино.
21.3. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд дараах үе шатаар цогц хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ:
21.3.1. мэдээллийг цуглуулах, ангилах, нэгтгэх;
21.3.2. зорилтын биелэлтийн дүнг үнэлэх;
21.3.3. биелэлтийн үр нөлөөг үнэлэх;
21.3.4. гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөллийг үнэлэх;
21.3.5. төлөвлөлт, хэрэгжилтийн харилцан хамаарлыг үнэлэх;
21.3.6. биелэлтийн түвшинг үнэлэх;
21.3.7. бодлогын баримт бичгийн төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах тодорхой санал боловсруулах.
21.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт гаргах журмыг Засгийн газар батална.
21.5. Салбарын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн салбарын хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зорилтын биелэлтийг жил бүр тогтоосон хугацаанд Засгийн газарт ирүүлнэ.
21.6. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зорилтуудын орон нутагт дахь хэрэгжилтийн явц, үр нөлөөний тайланг аймаг, нийслэлийн Засаг даргаас Засгийн газарт тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
21.7. Засгийн газар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт, түүний явцын талаар Улсын Их Хуралд тогтоосон хугацаанд танилцуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санд байршуулахаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ЗУРГАДУГААР БҮЛЭГ. ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН
МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦОО
22 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан
22.1. Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийг уялдуулан зохицуулах зорилгоор мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, эрхлэн хөтөлнө.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.2. Мэдээллийн нэгдсэн санд эрх бүхий байгууллагын баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, түүнтэй холбогдох тайлан, судалгаа, шинжилгээ, тооцоолол, дүгнэлт, зөвлөмжийг дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлнэ.
22.3. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэл нь холбогдох эрх зүйн акт, тайлан, дүгнэлт, судалгаа, шинжилгээ, баримтаар баталгаажсан байна.
22.4. Холбогдох байгууллага, албан тушаалтан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санд оруулах үнэн зөв мэдээллийг цаг хугацаанд нь үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.5. Мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх журмыг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталж, мэдээллийн сангийн ангилалт, бүрдүүлэлт, бүртгэл, хадгалалт, хамгаалалт, программчлал, хөгжлийн загвар боловсруулалт, шинэчлэлийг хариуцан зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг хэвлэн нийтлэх, сурталчлах
23.1. Батлагдсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хариуцан зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.2. Салбарын бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор төрийн захиргааны төв байгууллага өмнө хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж, хэвлэн нийтэлнэ.
23.3. Энэ хуулийн 23.2-т заасан хэвлэн нийтэлсэн мэдээллийн хувийг тухайн төрийн захиргааны төв байгууллага үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ДОЛДУГААР БҮЛЭГ. ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
24 дүгээр зүйл. Хориглох зүйл, хүлээлгэх хариуцлага
24.1. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хангахаар боловсруулж, баталсан дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө нийцүүлэн боловсруулаагүй улс төрийн нам, эвсэл сонгуульд оролцохыг хориглоно.
24.2. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглээгүй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал батлахыг хориглоно.
24.3. Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрөө боловсруулахдаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчим болон энэ хуулийн 6.5.1-д заасныг баримталсан байна.
24.4. Энэ хуулийн 4.1.6, 4.1.10-т заасан төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй нь Засгийн газрын гишүүнийг болон энэ хуулийн 4.1.7, 4.1.12-т заасан төлөвлөлтийн баримт бичигт туссан орон нутгийн үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг огцруулах үндэслэл болно.
24.5. Энэ хуулийг зөрчсөн төрийн албан хаагч, албан тушаалтан, хуулийн этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол тэдгээрт Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
25 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
25.1. Энэ хуулийг 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР