Аймгийн Засаг даргын 2017 оны А/612 тоот захирамж

 

СҮХБААТАР АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2017 оны 11 сарын 09-ний өдөр, дугаар А/612, Баруун-Урт


СҮХБААТАР АЙМГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ
НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн "а", 29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8.2.1 дэх заалт, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. "Сүхбаатар аймгийн Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс /Т.Мөнхтулга/-т, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга, агентлаг, төсөвт байгууллагын дарга, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарт тус тус даалгасугай. 

3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын "Агентлаг, албад, төсөвт байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам батлах тухай" 2014 оны 502 дугаар захирамж, "Сумдын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам батлах тухай" 2014 оны 501 дугаар захирамжуудыг хүчингүй болсонд тооцсугай. 

 

ЗАСАГ ДАРГА                                                                   З.ЭНХТӨР

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, хугацаатай тайлан мэдээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмаар бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, орон нутагт хэрэгжүүлэхээр гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээд сумын засаг дарга, засаг даргын тамгын газар, /цаашид "захиргааны байгууллага" гэх/-ийн үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх, шагнаж урамшуулах, хариуцлага тооцохтой холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь төрийн болон орон нутгийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.

1.3. Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан журам болон энэхүү журмын дагуу хэрэгжүүлнэ.


ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ

2.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд дараах зарчмыг баримтална:

2.1.1. Шударга, хараат бус байх;
2.1.2. Үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод, нотлогдохуйц байх;
2.1.3. Шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;
2.1.4. Хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тоггмол, тодорхой үе шаттай хийдэг байх;
2.1.5. Хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;
2.1.6. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх.


ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ

3.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:

3.1.1. Монгол Улсын хууль;
3.1.2. Улсын Их Хурлын тогтоол;
3.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;
3.1.4. Ерөнхийлөгчийн зарлиг;
3.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;
3.1.6. Засгийн газрын тогтоол;
3.1.7. Ерөнхий сайдын захирамж;
3.1.8. Засгийн газрын хуралдаэны тэмдэглэл;
3.1.9. Засгийн газрын албан даалгавар.

3.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:

3.2.1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;
3.2.2. Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт;
3.2.3. Аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;
3.2.4. Дэд хөтөлбөр;
3.2.5. Аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт;
3.2.6. Үндэсний хөтөлбөр;
3.2.7. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр.

3.3. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд:

3.3.1. Энэхүү журмын 3.1. 3.2-т заасан баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.3.2. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;
3.3.3. Аймгийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, албан даалгавар, батламжийн биелэлт;
3.3.4. Ил тод байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.3.5. Аймгийн Засаг даргаас Сумын Засаг дарга, агентлаг, төсөвт байгууллагын дарга нартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт;
3.3.6. Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
3.3.7. Хэрэглэгчийн үнэлгээний тайлан;
3.3.8. Дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан;
3.3.9. Цаг үеийн асуудлаар өгсөн үүргүүдийн биелэлт.


ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УДИРДЛАГА,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих, мэдээлэх үүргийг нутаг дэвсгэрийн хүрээнд бүх шатны Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгжид дарга /захирал/ тус тус хариуцна.

4.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс ерөнхий удирдамж, арга зүйгээр хангаж зохион байгуулах бөгөөд ажлын гүйцэтгэл, үр дүнтэй гаэар дээр нь танилцах, тайлан мэдээлэлд дүн шинжилгээ хийх хэлбэрээр үнэлгээг өгнө.

4.3. Захиргааны байгууллагын жилийн үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар томилон ажиллуулна.

4.4. Захиргааны байгууллагуудын жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэхдээ хооронд нь жишиж харьцуулах боломжоор хангах үүднээс ажлын хэсгийг нэг бүрэлдэхүүнээр зохион байгуулна.

4.5. Захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байна.

4.6. Төрийн албан хаагч хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитойгоор хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж /ажилтан/-д гаргаж өгөх үүрэгтэй.

4.7. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусган батлуулсан байна.

4.8. Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг аймгийн засаг даргын зөвлөлд жил бүрийн 02 дугаар сарын 10-ны дотор танилцуулж эцсийн дүнг гаргана.

4.9. Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн зорилтот түвшинг төлөвлөх, биелэлт, үр дүнг тооцох, тайлагнах үйл ажиллагааг сумын Засаг даргын орлогч хариуцна.


ТАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ

5.1. Байгууллагын дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны мэдээлэлтэй газар дээр нь танилцах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх.

5.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээлэл, баримт, материалыг холбогдох нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах.

5.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээр эөвлөмж өгөх, өгсөн зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах.

5.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад олж авсан баримт, мэдээллийн нууцыг чанд хадгалж зөвхөн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах.


ЗУРГАА. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ТӨРӨЛ

6.1. Захиргааны байгууллагууд жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар тодорхой үйл ажиллагааг тусгах бөгөөд төлөвлөгөөнд зорилго, зорилт, хамрагдах байгууллага, нэгж, хэрэгжүүлэх хугацаа, зардал, хамтран оролцох байгууллага зэргийг тусгана.

6.2. Захиргааны байгууллага нь үнэлгээний зорилгоос хамааруулан үр дунд суурилсан явцын болон эцсийн үнэлгээ хийх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөнд ямар төрлийн үнэлгээ хийх талаар нарийвчлан тусгана.

6.3. Төлөвлөгөөт бус хяналт-шинжилгээ, үнэлгээг иргэн, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийн дагуу болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.

6.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхдээ шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэхийн зэрэгцээ асууж танилцах, бодит ажлыг нүдээр үзэх, иргэдийн санал бодлыг сонсох, хяналтын болон асуулгын хуудас явуулах, саналын хайрцаг ажиллуулах зэрэг үнэлгээний түгээмэл аргуудыг хэрэглэнэ.


ДОЛОО. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ

7.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, байгууллагын чиг үүргийн узүүлэлтийн хэрэгжилтийн үнэлгээг гаргахдаа зорилт, арга хэмжээ, зүйл, заалт бүрийн хэрэгжилтийн арифметик дунджаар тооцно. Зорилт, арга хэмжээ, зүйл, заалтын гүйцэтгэлийн үр дүнг хүрэх түвшинд харьцуулж хувиар илэрхийлнэ.

7.2. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 6.2.1.1-6.2.1.5-д заасан аргачлалыг ашиглана.

7.3. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг дээрх журмын 6.3.1-6.3.5-д заасан аргачлалаар тооцно.

7.4. Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийг үнэлэхдээ хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээг тооцдог аргачлалыг баримтална.

7.5. Бодлогын зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хоёр удаагийн тайлангийн хугацаанд дараалан ахиц гараагүй бол удааширсан, гурван удаагийн тайлангийн хугацаанд мөн ахиц гараагүй бол тасарсанд тооцно.

7.6. Бодит шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй, цаг хугацааны хувьд ач холбогдолгуй болсон сүүлийн 3 жил тасарсан болон тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн заалтыг хүчингүй болгох, хяналтаас хасах тухай саналыг жилийн эцсийн тайлангийн хамт хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст хүргүүлнэ.

7.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тухайн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хугацааны эхний хагаст шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшний 30 хүртэл хувийг хангаагүй, жилийн эцсийн үнэлгээгээр санхүүгийн эх үүсвэргүй нь тогтоогдсон, үр дүнгүй, үнэлэх боломжгүй гэж үзсэн зорилт, арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг тухайн бодлогын баримт бичгийг баталсан эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлнэ.

7.8. Энэхүү журмын 3.1, 3.2, 3.3-т заасан бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн тайланг мөн журмын 2-5 дугаар хавсралтын дагуу гаргаж, журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлнэ.

7.9. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тухайн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон нийтлэг хэм, хэмжээ тогтоосон шийдвэрүүдийн холбогдох заалт бүрийг хяналтад авч, хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ.

7.10. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, аймгийн Засаг даргын Тамгын газарт журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд хүргүүлнэ.

7.11. Аймгийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, шийдвэрийн тухайн сум, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон ажил хэргийн шинж чанартай, нийтээр дагаж мөрдөх тогтоол шийдвэрийн заалт тус бүрийн хэрэгжилтийг нь үнэлж, нэгдсэн үнэлгээг өгнө.

7.12. Агентлаг, төсөвт байгууллагын даргаас аймгийн засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг тооцохдоо Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тоггоолоор батлагдсан журмын дагуу үнэлгээг өгнө.

7.13. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлын үнэлгээг энэхүү журмын 6 дугаар хавсралтын дагуу гаргаж, тогтоосон хугацаанд Аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

7.14. Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсаны дараа бүрэн эрхийн хугацаагаар тооцон тухайн сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн онцлогийг харгалзан боловсруулж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулна.

7.15. Агентлаг, төсөвт байгууллагын хувьд хөрөнгө оруулалт /500 мянган төгрөгнөөс дээш өртөгтэй/, шинэлэг бүтээлч ажлын үр дүнг тооцохдоо улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө, шинэлэг арга хэлбэрээр тухайн жил хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, төсөл хөтөлбөр өөрсдийн идэвх, санаачилгаар бий болгосон хөрөнгийн гүйцэтгэл, үр дүнгээр тооцно.

7.16. Сумдын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт /1 сая төгрөгнөөс дээш өртөгтэй/, шинэлэг бүтээлч ажлын гүйцэтгэл үр дүнг тооцохдоо улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажил, орон нутгийн хөгжлийн сангийн зөв зохистой зарцуулалт, төсөл хөтөлбөрийн шугамаар болон өөрсдийн хөөцөлдөлгөө, санаачилгаар бий болгосон хөрөнгийн гүйцэтгэлээр тооцно.

7.17. Цаг үеийн асуудлаар өгөгдсөн үүргийн биелэлтийг тооцохдоо тухайн жилд тусгайлан хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай, ажил, арга хэмжээний гүйцэтгэл үр дүнгээр тооцно.

7.18. Хэрэглэгчийн үнэпгээг төр засгийн болон орон нутгийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбогдуулж, аймгийн Засаг даргын тамгын газрын даргын баталсан ерөнхий удирдамжийн дагуу хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ.

7.19. Хүний нөөцийг чадавхжуулах, тоггвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийн үнэлгээг энэхүү журмын 5 дугаар хавсралтын дагуу гаргаж, журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд Аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

7.20. Дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байдал, Захиргааны байгууллага нь тусгай удирдамжийн дагуу ажлын хэсэг гарган өөрийн дотоод үйл ажиллагаандаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, ажлын хэсгийн удирдамж, тайланг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, үнэлгээний дүн, ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжийн хамт ирүүлнэ.

7.21. Тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Сумдын Засаг дарга, түүний Тамгын газар нь энэхүү журмын 2 дугаар хавсралтын дагүу, агентлаг, төсөвт байгууллагууд энэхүү журмын 3 дугаар хавсралтын дагуу гаргаж, тайланг жил бурийн 01 дугээр сарын 10-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэст хүргүүлнэ. 

7.22. Тайлан бүрийн гүйцэтгэлийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, захиргааны байгууллагын дарга, хянаж баталгаажуулсан байна.


НАЙМ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, УРАМШУУЛАХ

8.1. Ерөнхий үнэлгээгээр үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг:

90,0%-аас дээш "МАШ САЙН ХАНГАЛТТАЙ";
80,0%-89.0% хүртэл “ХАНГАЛТТАЙ САЙН";
60,0%-79.0% хүртэл "ХАНГАЛТТАЙ";
0.0%- 59.0% хүртэл “ХАНГАЛТГҮЙ гэж үзнэ.

8.2. Захиргааны байгууллагыг жилийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр нь шалгаруулан дараах байдлаар шагнаж, урамшуулна.

8.2.1. Сум:

1-р байр - "Аймгийн тэргүүний сум" өргөмжлөл, 5 сая төгрөг, сумын Засаг даргыг 1 сарын үндсэн цалингаар;
2-р байр - Өргөмжлөл, 3 сая төгрөг, сумын Засаг даргыг 1 сарын үндсэн цалингийн 75 хувиар;
3-р байр - Өргөмжлөл, 2 сая төгрөг, сумын Засаг даргыг 1 сарын үндсэн цалингийн 50 хувиар.

8.2.2. Агентлаг:

1-р байр - "Аймгийн тэргүүний байгууллага" өргөмжлөл, 3 сая төгрөг, даргыг 1 сарын үндсэн цалингаар;
2-р байр - өргөмжлөл, 2 сая төгрөг, даргыг 1 сарын үндсэн цалингийн 75 хувиар;
3-р байр - өргөмжлөл, 1 сая төгрөг, даргыг 1 сарын үндсэн цалингийн 50 хувиар тус тус шагнаж урамшуулна.

8.2.3. Төсөвт байгууллага:

1-р байр - Өргөмжлөл, 1 сая төгрөгөөр шагнаж, даргад 1 сарын үндсэн цалингаар.

8.2.4. Орон нутгийн өмчит байгууллага:

1-р байр - Өргөмжлөл, 1 сая төгрөгөөр шагнаж, даргад 1 сарын үндсэн цалинтай тэнцэхүйц хэмжээний урамшуулал тус тус олгоно.

8.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр байр эзэлж, шагнагдсан захиргааны байгууллага нь ажлын үр дүнг харгалзан албан хаагчдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу урамшуулж болно.

8.3. Тухайн жилийн үнэлгээний дүнгээр "Маш сайн хангалттай”, "Хангалттай сайн" үнэлэгдсэн сум, агентлаг, төсөвт байгуулага гараагүй тохиолдолд энэхүү журманд заагдсан урамшуулал, шагналыг олгохгүй байж болно.

8.4. Шагналд зарцуулах хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөц сан болон сум, агентлаг, төсөвт байгууллагын төсвөөс гаргана.

8.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг олон нийтэд ил тод мэдээлнэ.


ЕС. ХАРИУЦЛАГА

9.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан агентлаг, төсөвт байгууллагын дарга болон сумын Засаг даргын Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу албан тушаал бууруулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах.

9.2. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ:

9.2.1. тайлан ирүүлээгүй болон худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;
9.2.2. өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй;
9.2.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг Засаг даргын зөвлөл болон байгууллагын дарга /захирал/-ын хурлаар хэлэлцүүлээгүй.


---o0o---