Сайдын 2017 оны А-159 тоот тушаал
МОНГОЛ УЛСЫН
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН
САЙДЫН ТУШААЛ
2017 оны 12 сарын 08-ны өдөр, дугаар А-159, Улаанбаатар хот
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал"-ыг нэгдүгээр, тайлагнах хугацааг хоёрдугаар, хяналт-шинжилгээ, үнэлгээний хүснэгтийн загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлэг, үржлийн газар, сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагууд болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийт албан хаагч, албан тушаалтнуудад үүрэг болгосугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Салбарын байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал батлах тухай" Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А-85 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.БАТЗОРИГ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал
НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫН ЗОРИЛГО
1.1. Энэхүү аргачлалын зорилго нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.
ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫН ЗОРИЛТ
2.1. Аргачлалын зорилт нь хяналт-шинжилгээ, үнэлгээний үе шат бүрт зөв төлөвлөлт, шаардлагын дагуу тайлан боловсруулах, хугацаанд нь хүргүүлэхэд нэгж хоорондын харилцааг зохицуулах, хяналт-шинжилгээ үнэлгээг бодитой хийхэд тавих шаардлага ба хугацаа тогтооход оршино.
ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ҮЕ ШАТ
3.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг дор дурдсан үе шатаар зохион байгуулна. Үүнд:
3.1.1. Бодлого төлөвлөлт;
3.1.2. Тайлагналт;
3.1.3. Тайлан нэгтгэл;
3.1.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ;
3.1.5. Үнэлгээний үр дүн, хэрэгжүүлэлт
3.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг үе шат тус бүрээр хийж, гүйцэтгэлийн алдаа аль үед гарсан, аль хүртэл үргэлжилсэн зэрэгт тодорхой дүн, шинжилгээ хийж тайланд тусган, дүгнэлт, зөвлөмж гаргана.
ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ
4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах дараах байгууллагууд хамаарагдана. Үүнд:
4.1.1. Яамны бүтцийн нэгжүүд;
4.1.2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг:
- Мал эмнэлэг, үржлийн газар /МЭҮГ/;
4.1.3. Сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллага:
- Малын удмын сангийн үндэсний төв /МУСҮТ/;
- Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/;
- Мал хамгаалах сан /МХС/;
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/;
- Аймаг, дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа /АДОБАЗ/;
- Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори /УМЭАЦТЛ/;
- Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа /ХАА “Халх гол” ҮБББЗ/
4.1.4. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /ХХААГ/
4.2. Гадаадын төсөл, хөтөлбөрийн нэгжүүд
4.3. Мал эмнэлэг, үржлийн газар болон сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагууд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нь өөрийн байгууллагын үйл ажиллагаа, зорилтын хэрэгжилтийн гүйцэтгэлд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
4.4. Яамны хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж нь жилд хоёроос доошгүй аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай газар дээр танилцаж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
ТАВ. ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН
БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ
5.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын байгууллага нь жилийн үйл ажиллагааны болон гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөг энэхүү тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан хүснэгтийн дагуу боловсруулах бөгөөд үр дүнг тооцох шалгуур үзүүлэлтийг 5.2-т заасан шаардлагад нийцүүлэн тогтооно.
5.2. Шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлага
5.2.1. Хэмжих гэж буй үр дүнг оновчтой илэрхийлж чадахуйц, нарийн хэмжиж болохуйц байх;
5.2.2. Бодитой, энгийн хялбар, харилцан хамааралтай, ач холбогдолтой, аль болох тоогоор илэрхийлэхүйц байх;
5.2.3. Урт хугацаанд хэрэглэгдэх, тогтмол байх;
5.2.4. Аль болох богино хугацаанд бодитой өөрчлөлтийг илэрхийлж чадахуйц байх.
5.3. Энэ аргачлалын 3.1.1-д заасан үе шатанд бодлого төлөвлөлт ба хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын уялдааг ханган ажиллаж, зорилго, зорилтын хүрэх түвшин, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтийг 5.2-т заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, тайланд дурдсан дүгнэлт, зөвлөмжийг тусган, холбогдох нэгжээс санал авч, шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт тусган батлуулна.
5.4. Төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилт, хүрэх үр дүнгийн цаг хугацааг тодорхой заана.
5.5. Бодлого төлөвлөхдөө хяналтын зардлыг тусгайлан тусгаж байна.
ЗУРГАА. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАГНАЛТ
6.1. Тайланд тавигдах шаардлага
6.1.1. Тайлангийн агуулгад тавих шаардлага
6.1.1.1. Зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтийг зөвхөн урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу боловсруулах;
6.1.1.2. Үйл ажиллагааг дараалуулан тоочих бус, үр дүнг тодорхой илэрхийлсэн байх;
6.1.1.3. Зорилт, үйл ажиллагааны хүрээнээс хальсан эсхүл адил төстэй үйл ажиллагааг дүйцүүлэн тусгахгүй;
6.1.1.4. Тайлант хугацааны үйл ажиллагааны биелэлтийг тусгасан байх, ирээдүйд болох таамаглалыг тайлагнахгүй;
6.1.1.5. Тайлангийн хүснэгтийн үзүүлэлт тус бүрийг бөглөсөн байх;
6.1.1.6. Бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд дангаар болон хамтран гүйцэтгэсэн ажлын зааг болон ялгааг тодорхой тусгах.
6.1.2. Хэл, найруулга зүй, бичвэрт тавих шаардлага
6.1.2.1. Хэл зүй, найруулга, өгүүлбэр зүйг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлсэн байх;
6.1.2.2. Логик дараалалтай, хоёрдмол утгагүй, товч, тодорхой, нотолгоотой (он сар, тушаалын эсвэл албан бичиг, гэрээний дугаар), ойлгоход энгийн байх;
6.1.2.3. Жинхэнэ нэрийн олон тоог давхцуулан хэрэглэхгүй, үйл үгийг идэвхтэй хэлбэрт бичнэ. Жишээлбэл, Аймгуудын Засаг дарга нарын хурал зохион байгуулагдав (буруу хувилбар). Аймгийн Засаг дарга нарын хурал зохион байгуулав (зөв хувилбар).
6.1.2.4. Тооны нэрийн дараах жинхэнэ нэрийг ганц тоон дээр хэрэглэх. Жишээлбэл, Таван үйлдвэрүүдийн төлөөлөгчид оролцов (буруу хувилбар). Таван үйлдвэрийн төлөөлөгч оролцов (зөв хувилбар).
6.1.2.5. Өгүүлбэрийг эзэн биегүй эсхүл бусдаар үйлдүүлэх хэвээр бичихгүй. “ХХХ” төсөл Засгийн хуралдаанаар хэлэлцэгдэж, дэмжигдэв (буруу хувилбар). Засгийн газрын хуралдаанаар ХХААХҮ-н сайдын оруулсан “ХХХ” төслийг хэлэлцэж, дэмжив (зөв хувилбар).
6.1.2.6. Гурваас дээш оронтой тоог сүүлийн оронгоос нь гурав гурван оронгоор зай авч бичнэ. Тухайлбал, 100 000 (нэг зуун мянга), 80 000 (наян мянга), 1 000 (нэг мянга) гэх мэт;
6.1.2.7. Хүснэгт, зураг, бүдүүвч, тахирмаг, статистик мэдээ, тооцоолол зэргийг ашиглаж болно;
6.1.2.8. Аливаа тайланг “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар” болон Хүнс, хөдөө аж ахуйн яамны албан хэрэг хөтлөлтийн журмыг баримтлан боловсруулна.
6.2. Энэхүү аргачлалын 5.1-д заасан шаардлага хангасан, тогтоосон хугацааны дотор ирүүлсэн тайланг шаардлага хангасан гэж үзнэ.
6.3. Тайлагналтын хугацаа, баталгаажуулалт, хариуцах нэгж
6.3.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллагууд энэ тушаалын хоёрдугаар хавсралтын 1 дүгээр хүснэгтэд заасан хугацаанд тайланг ирүүлнэ.
6.3.2. Тайланг батлагдсан хүснэгтийн дагуу тавьсан шаардлагад нийцүүлэн боловсруулж, гарын үсэг, тамгатай хэвлэмэл хувь болон цахим хэлбэрээр Захиргаа, удирдлага хариуцсан нэгжид ирүүлэн энэ тушаалын гуравдугаар хавсралтад заасан 2 дугаар хүснэгтийн дагуу хүлээлцэж, баталгаажуулна.
6.4. Бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн тайланг энэхүү аргачлалын 3.1-д заасан нэгж, байгууллага нь улирал бүр яамны дотоод сүлжээнд цахим хэлбэрээр оруулах бөгөөд явцын хяналтыг хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж хийнэ.
6.5. Шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулсан нэгж, байгууллага нь холбогдох тайлбар, мэдээллийг тайланд бүрэн хавсаргана.
6.6. Тайланд тусгасан мэдээллийн үнэн зөвийг ирүүлсэн байгууллага, албан тушаалтан хариуцна.
6.7. Зорилт, арга хэмжээний үр дүн, гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшингээр тайлагнана. Хэрэгжилт нь удаашралтай болон тасарсан тохиолдолд шалтгааныг тодорхой бичнэ.
6.8. Байгууллага, нэгж нь тодорхой албан хаагчид дор дурдсан үүргийг хариуцуулан, үр дүнгийн гэрээнд нь тусгана. Үүнд:
6.8.1. байгууллага, нэгжийн тайлан нэгтгэх;
6.8.2. холбогдох албан тушаалтнууд бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг тухай бүрт цахим хэлбэрээр дотоод сүлжээнд оруулж буй эсэхэд хяналт тавих, шаардах;
6.8.3. тайлангийн нэгтгэл болон хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай тайлбар, тодруулга, мэдээлэл, баримт материал гарган өгөх;
6.8.4. байгууллагын тайлангийн иж бүрдэл, үнэн зөв, бодитой байдлыг хариуцах;
6.8.5. Захиргаа, удирдлага хариуцсан нэгжийн албан тушаалтанд хүргүүлэх;
6.8.6. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг хангаж ажиллах.
6.9. Тайланг заавал ирүүлнэ.
ДОЛОО. ТАЙЛАН НЭГТГЭЛ
7.1. Захиргаа, удирдлага хариуцсан нэгж болон хариуцсан албан тушаалтан нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн болон байгууллагын үйл ажиллагааны тайлант хугацаанд тайланг нэгтгэн, энэ тушаалын хоёрдугаар хавсралтад заасан хугацаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж болон холбогдох албан тушаалтанд хүргүүлнэ.
7.2. Захиргаа, удирдлага хариуцсан нэгж 7.1-д заасан баримт бичигт тусгуулахаар санал ирүүлж, батлуулсан холбогдох нэгж ба харъяа байгууллагатай зөвшилцөж, хэрэгжилт ба тайлагналтыг хариуцуулан онооно.
7.3. Салбарын нэгтгэсэн тайлангийн боловсруулалтын шаардлага хангасан байдал, хугацаа баримтлалыг захиргаа, удирдлагын нэгж болон хариуцсан албан хаагч бүрэн хариуцна.
7.4. Захиргаа, удирдлагын нэгж болон холбогдох албан тушаалтанд ирүүлсэн тайлан энэхүү аргачлалын шаардлагад бүрэн нийцээгүй бол тухайн байгууллага, нэгж болон холбогдох албан тушаалтанд нэг удаа, тухайн өдөрт нь багтаан тайлангийн боловсруулалтыг сайжруулахаар буцаах арга хэмжээ авна.
7.5. Энэ аргачлалын 7.3-т заасан нэгж нь шаардлага хангахгүй, худал, зөрүүтэй мэдээлэл бүхий тайлан ирүүлсэн, эсвэл удаа дараа хугацаа хожимдуулсан бол Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан журмын 12.2-д заасны дагуу холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно.
НАЙМ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ
8.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг холбогдох хууль тогтоомж, шийдвэр дараах эрх зүйн актыг баримтлан хийнэ.
8.1.1. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”,
8.1.2. Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын зээл тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах” журам
8.1.3. энэхүү аргачлал
8.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхдээ бодлогын зорилтын хэрэгжилт, гарсан үр дүнг хянах, статистик мэдээлэл боловсруулах, холбогдох баримт бичгийг судлах, мэдээллийн олон эх сурвалж ашиглах, ажлын бодит гүйцэтгэлийг газар дээр нь шалгах, холбогдох хүмүүстэй ярилцлага хийх зэрэг түгээмэл аргуудыг ашиглана.
8.3. Энэ аргачлалын 8.1.1-д дурдсан журмын 6.2.1-д заасан Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйтэй уялдуулан дараах байдлаар үнэлнэ.
8.3.1. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг үнэлэх нь:
8.3.2. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл заалтын хэрэгжилтийг үнэлэх нь:
8.4. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон салбарын удирдлагын санаачилга, өгсөн чиглэлийн дагуу хөтөлбөр, төслийн үйл ажиллагааны явц, хэрэгжилтэд хэсэгчилсэн эсвэл бүхэлд нь урьдчилан төлөвлөөгүй хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж болно.
8.5. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, тэмдэглэлийн хамт холбогдох дээд байгууллагад албан бичиг болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
8.6. Энэхүү аргачлалын 8.5-д заасан тайланг хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж яамны цахим хуудас болон дотоод сүлжээнд байршуулж, цахим мэдээллийн сан бүрдүүлнэ.
8.7. Үр нөлөөний үнэлгээг мэргэшсэн үнэлгээний багтай хамтран гүйцэтгэж болох бөгөөд бүрэлдэхүүнийг яамны Төрийн нарийн бичгийн дарга томилох ба эрдэм шинжилгээ, сургалт, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.
8.8. Үнэлгээний баг үнэлгээ хийх аргачлал, удирдамжийг боловсруулан яамны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулах ба удирдамжид гүйцэтгэх ажлын төрөл, хэмжээ, гүйцэтгэлийн хугацаа, хүрэх үр дүн, үр нөлөө, шаардагдах санхүүжилтийг тодорхой тусгана.
8.9. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан хаагч нь үнэлгээний шударга, хараат бус байх зарчмын дагуу энэ аргачлалын 8.3.1 ба 8.3.2-т заасныг баримтлан ажиллана.
8.10. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үйл ажиллагааны тасалдал, доголдлын шалтгааныг илрүүлж засах, дараа оны төлөвлөлтийг сайжруулах, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах шийдвэр гаргахад үндэслэл болохуйц байдлаар боловсруулна.
8.11. Тайланг заасан хугацаанд ирүүлээгүй нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж болон албан тушаалтны хариуцлага тооцох үндэслэл болохгүй.
8.12. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж нь энэхүү аргачлалын 5.1 ба 6.2-т заасны дагуу боловсруулсан шаардлага хангасан тайланд үнэлгээ хийх ба тайлангийн нэгтгэл болон нэмэлт боловсруулалтын үйл ажиллагаанд оролцохгүй.
ЕС. ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
9.1. Тухайн жилийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноогоор үнэлэгдсэн Хүнс, хөдөө аж ахуйн гурван газарт батламж, мөнгөн урамшуулал олгож болно.
9.2. Аргачлалын 8.1-д заасан урамшуулалд шаардагдах хөрөнгийн хэмжээг жил бүр тогтоон, сайдын төсвийн багцад тусгаж батлуулна.
9.3. Байгууллага, нэгж нь хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнтэй холбогдуулан “Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө” батлан хэрэгжүүлж биелэлтийг тайлагнана.
9.4. Энэхүү аргачлалын 3.1 ба 3.2-т заасан байгууллага, нэгж нь нь хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дурдсан дүгнэлт, зөвлөмжийн дагуу алдаа дутагдлыг засах, тэргүүний арга туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн хүртээл болгох, сургалт зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
9.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн байгууллага, нэгжийн удирдлагад үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт өгч удирдлагад танилцуулна.
---о0о---