Сайдын 2017 оны А/189 тоот тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН
САЙДЫН ТУШААЛ

2017 оны 07 сарын 17-ны өдөр, дугаар А/189, Улаанбаатар хот


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.2 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: 

1. "Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал"-ыг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай. 

2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын үр нөлөөг дээшлүүлэхийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Н.Жавхлантөгс/-т даалгасугай. 

3. Энэхүү аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг холбогдох агентлаг, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай. 

4. "Аргачлал батлах тухай" Хууль зүйн сайдын 2014 оны А/01 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. 

 

САЙД                                                     С.БЯМБАЦОГТ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1. Зорилго

1.1. Энэхүү журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хөгжлийн бодлогын баримт бичиг (цаашид "бодлогын баримт бичиг" гэх) холбогдох эрх зүйн актын хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэхэд мөрдөнө.

1.2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага (цаашид "агентлаг, байгууллага" гэх) нь дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

1.2.1. Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох эрх зүйн актын хэрэгжилт, явц, тэдгээрийн дунд болон урт хугацааны зорилт нь төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр нөлөөг тооцох;

1.2.2. Хууль зүй, дотоод хэргийн бодлогын хэрэпжилт, явц, зорилт нь төлөвлесөн үр дүнд хүрсэн эсэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр нөлөөг тооцох;

1.2.3. Агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, төлөвлөлт, гүйцэтгэл, дунд болон урт хугацааны үр дүн, үр нөлөөг сайжруулах;

1.2.4. Агентлаг, байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан, дүгнэлтэд үндэслэн бодлогын хувилбар, санал зөвлөмжийг боловсруулж удирдлагад бодлогын дэмжлэг үзүүлэх.


ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ,
ХАМРАХ ХҮРЭЭ

2.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд дараах зарчмыг баримтална:

2.1.1. шударга, хараат бус байх;

2.1.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй, тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт нь ил тод байх;

2.1.3. хяналт-шинжилгээ, үнэлгээ нь шалгуур үзүүлэлт, тоо баримт, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;

2.1.4. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлсон, нотлогдохуйц байх;

2.1.5. хяналт-шинжилгээг тасралтгүй, үнэлгээг тогтмол, тодорхой үе шаттай хийдэг байх;

2.1.6. хяналт-шинжилгээ үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байх;

2.1.7. хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан хариуцдаг байх.

2.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээнд дараах бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа багтана:

2.2.1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрт дараах баримт бичиг хамаарна:

2.2.1.1. Монгол Улсын хууль;

2.2.1.2. Улсын Их Хурлын тогтоол;

2.2.1.3. Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол;

2.2.1.4. Ерөнхийлөгчийн зарлиг;

2.2.1.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр;

2.2.1.6. Засгийн газрын тогтоол;

2.2.1.7. Ерөнхий сайдын захирамж;

2.2.1.8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;

2.2.1.9. Засгийн газрын албан даалгавар.

2.2.2. Бодлогын баримт бичигт дараах баримт бичиг хамаарна:

2.2.2.1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030;

2.2.2.2. Төрөөс баримтлах бодлого;

2.2.2.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр;

2.2.2.4. Бүсчилсэн хөгжлийн бодлого;

2.2.2.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;

2.2.2.6. Үндэсний хөтөлбөр;

2.2.2.7. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

2.2.2.8. Аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт;

2.2.2.9. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр;

2.2.2.10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл;

2.2.2.11. дэд хөтөлбөр;

2.2.2.12. гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр.


ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УДИРДЛАГА,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага нь үйл ажиллагаа болон бодлогын зорилтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг бүхий нэгж, эсхүл ажилтантай байна.

3.2. Хууль зүй, дотоод хэргийн яам нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, агентлаг, байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх, хяналт тавих, мэдээлэх үүргийг хариуцна.

3.3. Энэхүү журмын 4.2-т заасан үүргийг агентлаг, байгууллагын дарга, (захирал) нар тус тус хариуцна.

3.4. Агентлаг, байгууллагын Захиргаа, хүний нөөц, дотоод ажил хариуцсан нэгж бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг нэгтгэх бөгөөд хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. Төрийн албан хаагч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, бодитой гаргаж өгөх үүрэгтэй.

3.5. Тухайн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж байгууллагын чиг үүрэг, бүтэц, орон тооны хязгаарт нийцсэн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц бүрэлдэхүүнтэй байна.

3.6. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчид тавих шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан хүнийг бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан тушаалд томилно:

3.6.1. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

3.6.2. хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх;

3.6.3. баримт бичигт дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай байх.


ДӨРӨВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТӨЛӨВЛӨЛТ,
ТАЙЛАН ХУГАЦАА

4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам" болон энэхүү журмын дагуу хийнэ.

4.1.1. Агентлаг, байгууллагын тухайн жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний тайлан нь дараах хавсралттай байна.

4.1.1.1. тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт;

4.1.1.2. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт;

4.1.1.3. байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан;

4.1.1.4. шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ;

4.1.1.5. байгууллагын шударга байдлын үнэлгээ;

4.1.1.6. хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт;

4.1.1.7. хэрэглэгчийн үнэлгээний тайлан.

4.1.2. Хяналт шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөнд тухайн ажил үүргийн шалгуур үзүүлэлт, хамрах хүрээ, хэрэгжүүлэх хугацаа, зардал зэргийг тодорхой заана.

4.1.3. Хөндлөнгийн үнэлгээг явцын болон эцсийн үнэлгээний аль ч шатанд хийж болох бөгөөд иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

4.1.4. Агентлаг, байгууллага нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.1-д заасны дагуу бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд Хөндлөнгийн үнэлгээ, байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусган батлуулсан байна.

4.2. Хугацаа.

4.2.1. Бодлогын баримт бичиг, хууль тоггоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт,байгууллагын үйл ажиллагааг тайлагнахдаа Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан хугацаанд мөн журмын 2-9 дүгээр хавсралтын дагуу ирүүлнэ.

4.2.2. Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар жил бүр Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнгийн үнэлгээг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөлд танилцуулна.

4.3. Хэрэглэгчийн үнэлгээ

4.3.1. Агентлаг, байгууллагаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээний талаар жилд нэг удаа хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх бөгөөд түүнийг хөндлөнгийн байгууллага гүйцэтгэнэ.

4.3.2. Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлыг тухайн агентлаг, байгууллага тухайн жилийн төсөвтөө тусгасан байна.

4.3.3. Хэрэглэгчийн үнэлгээг агентлаг, байгууллагын бодлогын хэрэгжилтийн үр нөлөө, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар тухайн байгууллагын үйлчлүүлэгч насанд хүрсэн иргэдийн 3-5 хүртэлх хувийг, эсхүл тухайн байгууллагаар үйлчлүүлэгч аж ахуйн нэгжийг хамруулан явуулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргана.

4.3.4. Хэрэглэгчийн үнэлгээг судалгаа, хяналт-шинжилгээ болон үнэлгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын дундаас ажлын туршлага, хүний нөөцийн хүчин чадал зэргийг харгалзан сонгоно. Хөндлөнгийн байгууллагыг сонгох ажиллагааг тухайн байгууллага зохион байгуулна.

4.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй.

4.4.1. Бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээний хэрэгжилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийн үнэлгээг Засгийн газрын 2017 оны 89 тогтоолоор батлагдсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 6.2-т заасны дагуу хийнэ.

4.4.2. Агентлаг, байгууллага нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийг мөн журмын 10 дугаар хавсралтын дагуу ирүүлнэ.


ТАВ. ЗАЙНЫ ХЯНАЛТ ТАВИХ ЦАХИМ САН

5.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, тайлан илгээх, хүлээн авах, мэдээллийн урсгалыг удирдах, хянах, хадгалах, ашиглах, түгээх, эрсдэлийг бүртгэх, үнэлэх, хянах, удирдах, арга хэмжээ төлөвлөх, биелэлтийг тооцоход Хууль зүй, дотоод хэргийн яамнн зайны хяналт тавих цахим сан (цаашид "цахим сан" гэх)-г ашиглана.

5.2. Хууль зүй, дотоод хэргийн яамны зайны хяналт тавих цахим санг ашиглах зааврыг Төрийн нарийн бичгийн дарга баталж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний яам, агентлаг, байгууллагыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллана.

5.3. Яам, агентлаг, байгууллагын удирдах албан тушаалтан болон хариуцсан албан хаагчид цахим санд өөрийн эрхээр нэвтэрч бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны тайлан, эрсдэлийн үнэлгээний тайлантай танилцаж болно.

5.4. Цахим санд мэдээлэл оруулж байгаа байгууллага, албан хаагч мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хариуцна.

5.5. Хууль зүй, дотоод хэргийн яам дор дурдсан асуудлыг хариуцна:

5.5.1. мэдээллийн сан, сүлжээний хэвийн, найдвартай ажиллагаа болон программ хангамж, системийн зохицуулалт, нэвтрэх эрх олгох асуудлыг зохицуулах;

5.5.2. цахим санд өөрт олгосон эрхийн дагуу бодлогын баримт бичгийн зорилт, арга хэмжээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн заалт нэг бүрийг хяналтад авах, эрсдэлийг бүртгэх, үнэлэх, удирдах, төлөвлөх, биелэлтийг тооцох асуудлыг хэрэгжүүлэх байгууллагатай холбогдон тайлагнах хугацааг зааж, холбогдох өөрчлөлтийг тухай бүр хийх;

5.5.3. цахим санд өөрт оногдсон эрхийн дагуу нэвтэрч, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт болон байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

5.5.4. цахим санд өөрт олгосон эрхийн дагуу эрсдэлийг бүртгэх, үнэлэх, удирдах үйл ажиллагааг хянах, үнэлгээ хийх;

5.5.5. цахим сангийн үйл ажиллагаатай холбоотой сургалт, зааварчилгаа, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулна.

5.6. Яам, агентлаг, байгууллага дараах асуудлыг хариуцна:

5.6.1. Яам, агентлаг, байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн болон тухайн асуудал хариуцсан ажилтан цахим санд нэвтэрч, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авах, эрсдэлийг бүртгэх, үнэлэх, удирдах, төлөвлөх, биелэлтийг тооцох асуудлуудын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан хугацаанд оруулах;

5.6.2. Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох дээд байгууллагаас өгсөн үнэлгээтэй тухай бүр танилцаж, өгсөн удирдамж, зааврыг мөрдөн ажиллах.


ЗУРГАА. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
ҮР ДҮНГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

6.1. Агентлаг, байгууллага нь хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд дурдсан зөвлөмж, дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.2. Агентлаг, байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;

6.3. Агентлаг, байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах;

6.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.


ДОЛОО. ХАРИУЦЛАГА

7.1. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан агентлаг, байгууллагын Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу албан тушаал бууруулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах.

7.2. Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ:

7.2.1. энэхүү журмын 3 дахь хэсэгт заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан;

7.2.2. өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй;

7.2.3. хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг агентлаг, байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй.

 

---o0o---